Нийтлэлч Авиан Баатархуягийн "Цогт Чандманийн эрэлд" нэртэй онц сонирхолтой ном хэвлэгдээд удаагүй ч бестселлер болж амжжээ. Зохиолч, нийтлэлч Б.Номинчимэд номыг уншаад төрсөн сэтгэгдлээ өөрийн сошиал хуудастаа ийн үлдээжээ.
"Цогт Чандманийн эрэлд хатсаар сая дуусгалаа. Удсаны учир нь аялал удаан байх тусмаа амттай байдагт юм. Монгол Улс Манжаас тусгаарлахад Ойрдоос Богд хаанд ирсэн Ертөнцийг эрхшээгч шидэт чулууны сураг нэг сонсогдоод, эрхгүй тэр мөрөөр хөтлөгдөн, нэг мэдэхэд эртний домогт Кайлас ууланд алхаж, дахиад нэг алхахад нэн эртний соёлын голомт Иран, бас Армянд Галын сүмийн тахилга сонирхож, дахиад нэг алхвал Халимаг түмний баатарлаг атлаа эмгэнэлт туульс түүхийн тоосонд дунд хутгалдан орчихно. Түүхэн судалгаа, аман түүхийн баялаг мэдээлэл, үйл явдлыг адал явдалт зохиол шиг сүлжсэн нь гайхалтай. Ялангуяа халимагуудынхаа түүхийн талаар үзэгдэж сонсогдоогүй олныг үзэж сэтгэл шимшрэв.
Аялал үнэн юм шиг худал, худал юм шиг үнэн эртний Цогт чандманийн домог түүхээс эхлээд өнөөгийн үнэн юм шиг худлын, худал юм шиг үнэний орон болсон Хойд Солонгост өндөрлөж байна. Бас их зальтай. Гэхдээ номын сүүлчийн хуудсыг хаахад энэ аялал, эрэл цааш эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх нь дээ гэж эрхгүй шүүрс алдуулж байна. Юун Оссендовский... Аян замын тэмдэглэлийн ийм дагнасан, бас томоохон хэмжээний атлаа адтай ном манай сэтгүүлзүйн түүхэнд өмнө гарч байсан эсэхийг мэдэхгүй юм. Үгүй л болов уу. Зүгээр нэг аян замын тэмдэглэл төдий биш байна. Чадварлаг бичлэг, гярхай ажиглалт, танин мэдэхүйн хур харамгүй асгарсан энэ аялал цаг хугацааны ч, газар нутгийн ч хил хязгааргүй" хэмээн Б.Номинчимэд өгүүлжээ.
А.Баатархуяг Интерном дэлгүүрийн ярилцлагад уригдахдаа номынхоо тухай хэрхэн тайлбарласныг сонирхоё.
Тэрээр "Энэ ном үүргэвч үүрээд эргэл мөргөл, судалгааны чиглэлээр явсан аяллаас бүтсэн. Эртний галын сүм үзэхээр Азербайжанд очсон. Монголын бөөгийн шашны гал тахих ёс цаггуураа ямар утга учиртайг харах зорилгоор явсан. Казакстаны хойд хэсэг Астанагаар, Шинжаан, Халимагаар урт удаан зам туулсан. Хэдийгээр нээлттэй боловч Москвагаар дамжаад очиход 6-7 мянган километр зам туулж Халимагт очдог. Түүнчлэн, хамгийн сүүлд Умард Солонгост зорчсон тэмдэглэлүүд номд багтсан. Энэ тэмдэглэлүүд шинжлэх ухаанаар баталж болдоггүй хэр нь ард түмнүүдийн дунд мөнхөд байдаг Цогт чандманийн домогтой холбогдоно. Чандмань хэмээх чулууг эзэмшсэн хүн дэлхий ертөнцийг эрхшээдэг тухай эртний Энэтхэгийн хиндү шашны домогт ч гардаг, Брахма бурхны оройн чимэг, малгай дээр байсан ч гэж ярьдаг.
Европт энэ чулууг философийн чулуу гэж нэрлээд сэргэн мандалтын эхэн үед маш их алдаршиж байсан. Нийлэгжүүлж гаргаж авна, бүх зүйлийг алт болгодог чулуу юм гээд л эрж хайсаар урт удаан хугацааг нгөрөөсөн байна. Харин Монголд энэ чулууг хүслийг хангагч чандмань эрдэнэ гэж нэрлээд тэр нь Богд хаантай ч холбогдоод явдаг түүх бий. Зөвхөн домоглоод ч байгаа юм биш, XX зууны эхэн үеийн олон аялагчид Монголд ирж хүслийг хангагч чандмань эрдэнэ гэгчийг эрж хайж, түүнийгээ бичиж байсан. Энэ нь цаагуураа Шамбалын орон гэдэг ойлголттой ч холбогдох юм.
Шамбалын орон бол эртний хиндуизмийн онолоор умард зүгт байдаг газар орон бөгөөд энэ орны хаалганд мөнхийн бичээсүүд, чандмань чулуу байдаг гэж гардаг. Үүгээр хөөвөл Буддын шашин дэлгэрсэн хамгийн умард зүгийн орон бол Монгол. Үүнтэй холбогдох домгууд ч Монголд их байна. Хэдэн зуун жил дарлагдаад, бөөс хуурсандаа баригдсан муу л гээд байдаг хэр нь, Монголоос илүү хүн амтай, хүч чадалтай, Уйгар, Манж, Төвөд нар тусгаар тогтнож чадаагүй байхад яахаараа ийм цөөхөн Монголчууд тусгаар тогтночихдог юм. Яагаад хамгийн амжилттай нь эд нар байгаад байдаг юм гээд, үүний цаана нөгөө чандмань эрдэнэ чинь Монголчуудад байсан юм биш үү гэсэн таамаглал гаргаж бичих нть элбэг. Прагматик хүнд газар орноор аялсан тэмдэглэл, жаахан өөр юм сонирхдог хүнд бол домог түүхийг зэрэгцүүлээд уншчих ном болсон. Ер нь сүүлийн үед дэлхий дахинд номыг ингэж бичдэг хандлагатай болоод байна. Шинжлэх ухаанаас жаахан хальж бичихээр л хүмүүсийн сонирхлыг татдаг бололтой" хэмээн өгүүлжээ.
Тэр бүр хүмүүсийн хөл тавьдаггүй улс орон болох Төвөд, Хойд Солонгос, Азербайжан, Халимаг, Шинжаан Уйгар, Казахстанаар замнасан аяллын сонин хачин, нууцлаг бүхэн Монголын түүхтэй холбогдох нь тун сонирхолтой. А.Баатархуягийн "Цогт Чандманийн эрэлд" хэмээх онц сонирхолтой энэ номыг "амтархан" уншихыг хүсвэл бүх номын дэлгүүрүүдээр, түүнчлэн онлайн хүргэлтийн номын дэлгүүрүүдээр захиалан аваарай. Орон нутаг руу ч илгээх боломжтой аж.
Хатан баатар ховдыг чөлөөлхөд манж амбан болон хэдэн түшмэлүүд олдохгүй байж гэнэ.хайсаар байгаад хэрэмийн буланд нүхэн гэрт байхад нь олж гэнэ. тэд нүхэн гэрээ морин толгойн чинээ сүүдэргүй хөх гэрэл цацаруулсан молор эрдэнээр гэрэлтүүлэн байж байсан гэнэ. Баатар ван түүнийг нь нэгэн нуурын ёроолд живүүлэн орхисон. хожим нь хувьсгалын дараа шумбагчын хувцастай оросууд тэр нуурлуу ороод байсан гэдэг
chandman erdene gej ulgert l gardag ymaa.
Тэнэг минь 9 эрднийн нэг усыг чандмань эрдэнэ гэдгийн