Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын эзэнт гүрний засаг захиргааУншсан10,917

Төв Ази, Өмнөд Оросын түрэгүүд болон аланчууд монголчуудын ивээл соёрхлын дор тал нутгийн үндэстэн, угсаатнуудын ахан дүүгийн барилдлагаанд нэгдэн орж байв.

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байгаа.

Чойнзонгийн Баатар орчуулж, 2015 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Г.Вернадскийн "Монголын эзэнт гүрэн" хэмээх номын хэсгээс хүргэж байна. Г.Вернадский нь Евразийн үзлийг үндэслэгчдийн нэг, нэрт түүхч, соёл судлаач бөгөөд дэлхийн түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Монголын түүхийг сонирхон, тусгайлан судалж эерэг, зөв байр сууринаас хандсан олон бүтээл туурвисан юм.

“Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номд Их Монгол Улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм. Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.


Монголын эзэнт гүрний засаг захиргаа

 

Монголчуудын их хаан бол төр дангаараа баригч эрх бүхий хаан мөн  агаад түүний эрх мэдэл дор хаяад л онолын хувьд хэмжээлшгүй байсан юм. “Татааруудын хаан үнэхээр гайхам их эрх дархтай бөлгөө” гэж Иоанн де Плано Карпини бичсэн байдаг. Гэгээн Квентиний намтарт Симоны тухай Полышийн лам Бенедиктийн бичсэн хэсэгт Гүюгийг их хаан болно уу хэмээн хуралдайд оролцогчид хүсэхэд: “Намайг та нарыг захирч байгаасай гэж үнэхээр хүсэж байгаа бол Монгол хүн болгон зарлиг болсон бүхнийг минь биелүүлэхэд бэлэн, дуудсан цагт ирж, тушаасан газар руу минь явж, нэрлэсэн хүнийг минь үхүүлэхэд бэлэн байх ёстой” хэмээн тэрээр хэлсэн бөгөөд цаадуул нь зөвшөөрсөн хариулт өгчээ. Рашид ад-Диний цохон тэмдэглэсэнчлэн “Чингис хаан бол од гаригийн ордны бурхан, газар дэлхий, цаг хугацааны хаан байсан бөгөөд бүх Монгол овог, аймгууд түүний зарц, боол болсон ажгуу”.

Арай хожуу үеийн Монголчуудын шастир болох «Алтан товч» сударт их хааны эрх мэдлийг илэрхийлсэн өөр нэг сонирхолтой томьёолол байдаг байна. Тэнд Чингис хааныг таван өнгийг захирсан бурхан гэжээ. Хятадууд эрт дээр үеэс ертөнцийн зүг чигийг өнгөөр илэрхийлж, хар өнгөөр-хойд зүг, улаанаар-өмнө, хөхөөр-дорно, цагаанаар-өрнө зүгийг тэмдэглэх ба төв нутаг орноо шар өнгөтэй хэмээдэг байв. Таван өнгө бүгдээрээ нийлээд нийт дэлхий ертөнц болно. Шар өнгө нь алтны өнгө учраас зүрчид нар өөрийн төр улсыг Жин (буюу Цин) гэсэн нь Алтан улс гэсэн үг юм. Таван өнгийн тухай хятад үзэл баримтлалыг Монголчуудаас эхлэн Евразийн олон нүүдэлчин ард түмэн авчээ. Шар өнгө эзэн хааны өнгө болж, Их хааны ордонд Алтан ордон (буюу Өргөө)- Orda Aurea бий болсон байна. Ийм өнгийн асарт Гүюг хааныг сэнтийд нь өргөмжилжээ. Мөн ийм шалтгаанаар Монголын их хааны гэр бүлийнхэн буюу Чингис хааны угсаа залгамжлагчдыг Алтан ургийнхан хэмээх болсон байдаг.

Их хааны албат харьяат нар, Монголчууд ч бай, байлдан эзлэгдсэн ард түмнүүд ч бай, цөм хааны төрд захирагдаж их хааны зарлиг тушаалыг даган биелүүлэх ёстой байв. Тэгэхдээ захирагдан дагах хэр хэмжээнд дор хаяад сэтгэл зүйн зааг ялгаа байсан. Монголчууд бол эрх баригч үндэстэн, их хааны ард түмэн нь түүнд захирагддаг боловч сонгомол ард олон байжээ. Язгуурын Монголчуудын удирдагчид л Чингис хааныг сэнтийд нь өргөмжлөн залсан учир байлдан дагуулалтын үр шим тэдэнд ногддог, цэргийн ноёд жанжнууд болон засаг захиргааны сайд түшмэд тэдний дотроос сонгогдож томилогддог байв. Шинээр сонгогдсон Гүюг хаанд үг дуугүй даган захирагдахаа илэрхийлсэн Монгол сурвалжит язгууртнууд түүнээс «өгөөмөр арвин хайр хишиг, шударга ёстны цэнгэл таашаал хайр хүндэтгэлийг өөр өөрсдийн цол хэргэм, зэрэг зиндаанд тохируулан хүсэж 6айжээ. Төв Ази, Өмнөд Оросын түрэгүүд болон аланчууд Монголчуудын ивээл соёрхлын дор тал нутгийн үндэстэн, угсаатнуудын ахан дүүгийн барилдлагаанд нэгдэн орж байв.

Монголчуудад эзлэгдсэн суурин ард олон улс төрийн эрэмбэ дарааллын хамгийн дор, ёроолд нь оршиж байлаа. Энэхүү эрэмбэ дараалал, зэрэг зиндааны хамгийн дээд талд Чингис хааны отог овог, ялангуяа түүний удам угсаа буюу алтан ургийнхан байсан ажээ.

Ирээдүйн Их хаан, хангуудыг энэ овгийн эрчүүдээс сонгоно. Анхандаа нийт Монгол үндэстэн тэр чигээрээ овог, аймгийн удирдагчаараа дамжуулан их хаанаа сонгодог байсан бол сүүлдээ энэ нь зөвхөн хааны удам угсааныхнаас бүрддэг хуралдайн дархан эрх болсон байна. Их хаан бүрийг сонгосныхоо дараа алтан ургийнхан цөм өорийн нэр нөлөө, хүч хөрөнгөөр түүний бодлогыг дэмжих ёстой байв. Хэрэв хэн нэг нь уян зөөлөн байр суурь баримтлаагүй юм уу, Их засаг хуулийн заалтыг зөрчих аваас их хаанаас сануулга авна.

Зөрүүд ааш авир нь дахин илэрвэл шоронд хоригдох юм уу, бүр цаазаар авахуулж ч болзошгүй. Тэгэхдээ нийт ургийнхан цугларч хэлэлцэн шийдвэрлэх ёстой байлаа.

Алтан ургийнхны эд баялаг, эрх мэдлийн гол үндзс суурь нь өвөг дээдэс Чингис хаанаасаа тэдний хүлээж авсан хувь эзэмшил байсан юм. Эдгээр хувь эзэмшлийн хуулийн үндэслэл, эрхзүйн мөн чанар нь маргаантай асуудал. В.Владимирцов эдгээр хувь эзэмшлийг цөмийг нь улс хэмээн нэрлэсэн байдаг ч хоорондоо ялгаатай хоёр хэв маягийн улс байдаг билээ. Олон ноёд, жанжинд тодорхой тооны айл өрхийг хишиг болгон хүртээж байсан агаад эдгээр айл өрхүүд харьяат ноёноо тэжээж хангадаг. Мөн ноён нь тэдний дотроос цэрэг дайчлан гаргуулах эрхтэй байв. Чингис хааны хөвгүүд цөм ийм эзэмшил хүртсэнээс гадна дээр нь нэмэлт болгож тодорхой тооны байнгын зуут, мянгаттай байсан байдаг.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 14. 8:41
Зочин

Сайн Сайхан ном бна

2019, 3 сар 20. 22:13
Монгол

Чингис хааныг бурхан гэж хэлсэн нь туйлын бүдүүлэг алдаа болж засаг захиргааны зөв ойлголтоос төөрүүлчихлээ. Чингис хаан өөрийг нь бурхан гэснийг сонсвол ихэд ичих байсан нь үнэн. МНТ болон бусад эх сурвалжуудаас монголчуудын үзэл санааны тухай бодит үнэнийг харж болно. Мөн монгол ахуй соёлыг ойлгодоггүй харь хүний нүдээр мэт хөөргөн бичжээ. Туйлын даруу хаан маань эгэл үнэн чанараараа агуу үйлсийг бүтээж чадсан бөлгөө.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]