Камерун бол Африк тивийн 54 улсын нэг юм. Төв Африкт байдаг ч хүмүүс газрын зураг хараад баруун Африкийн улс гэж ихэвчлэн боддог. Энэ бол олон үндэстэн ястнаас бүрдэх улс. Баруун болон хойд талаараа Нигери, зүүн талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, зүүн хойд талаараа Чад, өмнөд талаараа Габон, Экваторын Гвиней, Бүгд Найрамдах Конго улстай хиллэдэг.
Камерунд франц, англи зэрэг 230 орчим хэлээр ярьдаг
Камеруны албан ёсны хэл нь Франц, Англи. Учир нь Камерун нэгэн цагт Франц, Их Британийн колони орон байв. Үүний хажуугаар уугуул овог аймгууд нь 230 орчим өөр хэл аялгаар ярилцдаг.
Камерунд Африк тивийн далайд цутгадаг гурван хүрхрээний нэг нь байдаг.
Лобе хүрхрээ гэж нэрлэдэг Chute de La Lobe нь далайн эргийн Криби хотын ойролцоо оршдог бөгөөд тийм ч өндрөөс унахгүй боловч далайд цутгадаг Африк тивийн хуруу дарам цөөн хүрхрээний нэг гэдгээрээ алдартай аж. Хүрхрээ нутгийн оршин суугчдын хувьд маш их ач холбогдолтой бөгөөд жуулчдын сонирхлыг татахуйц алдартай газар юм.
Камерун бол дэлхийн хамгийн чийглэг орны нэг юм.
Энд жил бүр хур тунадас их унадаг. Ингэснээр дэлхийн хамгийн чийглэг газруудын тоонд орно. Тухайлбал дэлхий дээрх хамгийн чийглэг газрын зургаад бичигддэг Дебундча хэмээх газар Камерунд байдаг. Тус бүс нутагт 10,299 мм хур тунадас ордог.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсан Африкийн анхны улс
Камеруны шигшээ багийг няцашгүй арслангууд гэдэг. Тэд хөлбөмбөгийн спортод цахиур хагалсан Африкийн хамгийн агуу багуудын нэг юм. Тэд 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч сенсаци тарьж байсан түүхтэй. Камерунчуудын ихэнх иргэдийн шүтэн биширдэг хүн нь хөлбөмбөгийн шигшээ багийнх нь од Роже Милла.
Үндэсний нэгдэл
Камеруныг анх Камерун гэж нэрлэдэг байсан бөгөөд Дэлхийн 1-р дайны өмнө Германы колони байсан. Герман унасны дараа Их Британи, Франц гүрнүүд Германы эзэмшилд байсан Камеруныг хуваан авсан байна. Гэхдээ камерунчууд 1960 оны 1-р сарын 1-нд тусгаар тогтнолоо олж авсан юм. Английн эзэмшлийн Камерун, Францын эзэмшлийн Камерунтай нэгдэж Камеруны Нэгдсэн Бүгд Найрамдах Улс болжээ. Энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэж үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болох "Дахин нэгдсэний хөшөө"-г босгожээ.
Төв Африкийн өндөрлөгт оршдог
Энэ улсын нутагт орших улсынхаа нэрээр нэрлэгдсэн Камерун хэмээх уул эх газрын гүнээс тэнгисийн булан хүртэл 23 км үргэлжилдэг. Энэ уулсын нэгэнд Африкийн хамгийн том галт уул бий. Хамгийн сүүлд 2012 онд энэ галт дэлбэрсэн, тиймээс одоог хүртэл идэвхтэй галт уулын нэгд тооцогдсоор байна.
Хамгийн удаан засагласан удирдагчдын нэг
Пол Бия хэмээх эрхэм 1982 оны 11-р сард Камеруны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд түүнээс хойш одоог хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар ард түмэн нь түүнийг Ерөнхийлөгчөөр дахин сонгосон бөгөөд тэрээр дахин долоон жил ажиллах юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг долоон жил болгон өөрчилсөн бөгөөд энэ улстөрч сонгууль болгонд ялалт байгуулдаг гэнэ.
Олон ховор ургамал, амьтантай
Дэлхийн хамгийн ховор том биетэй сармагчин болох Cross-River горилла энэ улсын цөөн хэдэн ойд амьдардаг. Энэ сармагчин 20-р зууны эхэн үе хүртэл шинжлэх ухаанд мэдэгдээгүй байв. Үүнээс гадна та Камерунд аялж очвол халуун орны Африкт байдаг бүх л төрлийн ургамал, амьтныг үзэх боломжтой. Тус улсад 409 зүйлийн хөхтөн амьтан, 165 зүйлийн шувуу амьдардаг.
Халуун рашаан ихтэй
Мөхсөн болон идэвхтэй галт уулсын нөлөөллөөс үүдэлтэй олон тооны халуун рашаан энэ улсад байдаг. Халуун рашаанууд нь Камерун уул, Нгаундере, Маунду нуур, Маненгумба зэрэг газруудад бий.
Waza National Park
Нутгийн иргэд төдийгүй жуулчдын дунд алдартай үндэсний хүрээлэн. Энэ улсад ирсэн жуулчид тус хүрээлэнгээр заавал ордог. Тус үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй төрлийн хөхтөн амьтад байдаг бөгөөд ирвэс, арслан, заан, бартай таарахаас эхлүүлээд 379 зүйлийн шувуудын өлгий нутгаар зочлох боломж гардаг.