Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богдын талаар муу үг амнаасаа унагадаг нэг ч монгол хүн байдаггүй байвУншсан20,485

Богд Жавзандамба хутагт 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашны төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ.

Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан,

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн


Асар их үнээр олдсон Монголын тусгаар тогтнол ба Богд эзэн хаан

 

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Энэ бол тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг олон жилийн турш хүсэж байсан Монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн түүхэн үйл явдал байв. Өчүүхэн судлаачийн бодлоор энэ үндэсний хувьсгал нь Монголчуудын сүүлийн 300 жилд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал лавтайяа мөн. Саяхан олимпийн аваргатай болоод Монголчууд омогшин олноороо баярласан нь чухамдаа 100 жилийн тэртээ тусгаар тогтнолоо олоод баярлаж байсан үеийг чухам ийм л сэтгэлийн баясал эдэлж байсан болов уу хэмээн санагдуулж байв.

Тэрхүү түүхэн үйл явдлыг санаачлагчдын нэг, оройлон зохион байгуулсан,

удирдагч нь VIII Богд Жавзандамба хутагт байлаа.

1911 оны үндэсний хувьсгалын талаарх гадаад, дотоодын олон эрдэмтдийн бүтээлийн ололтонд түшиглэн 2007 оноос эхлэн Монголчууд бид жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг үндэсний тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж байхаар боллоо. 2008 оны 12 дугаар сарын 29-ны өдөр үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарав. 2010 оны зун эл ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын хороог Шадар сайд М.Энхболдоор толгойлуулан байгуулав. Оройтсон ч гэсэн яахав. Үндэс угсаагаа, түүх соёл, уламжлалаа бид умартсаар байх аваас Монгол үндэстний ирээдүй улам бүдгэрч мэдэхийг бид сэхээрч буй бол сайнсан.

1911 оны үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл

 

Монголд өөрийн амьдралын 50 шахам жилийг өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч Яков Шишмарев бүр 1885 онд Монголчуудын талаар бичихдээ: “Халхчууд Монголын олон овгуудын дотор өөрийгөө тэргүүлэх зэрэгт тавьдаг бөгөөд тэд 1691 онд Манжийн эрхшээлд орсон юм. Хэрэв Монголчуудыг нэгтгэх ямар нэгэн нөхцөл байдал бий болбол Халхчууд түүнийг тэргүүлэх нь гарцаагүй. Үүнд олон учир буй боловч хамгийн гол нь Халхад бүх Монголчууд, халимагуудын шүтэн бишрэгч Авид Жавзандамбын хойд дүр хүрэлцэн ирж сууж буй явдал” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулж, өөрөөр хэлбэл Монгол бус түвд хүн Хутагтаар Монголд суулгаж, түүнд ямар нэгэн эрх мэдэл Манжийн хаанаас олгохгүй байсан хэдий ч Хутагтын нэр хүнд Монголд үнэхээр их агуу байжээ. 1893 оны зун болсон Долоон хошуу даншиг наадамын дараа Монголын ноёд үлдэж, VIII Богд гэгээний хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсөж буйгаас болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан байдаг.

Монгол дахь Манжийн эрх баригчид, хятад түшмэлүүд өөрсдийн эрх мэдэлд бүхнийг захируулахыг хүчээр хичээж, ноёдын засаг захиргаа, нөлөө бүхий лам, эрхтэн дархтануудыг өөртөө татахыг оролдож байв. 1895 онд Богд гэгээн өөрийн итгэлт хүн болох Бадамдоржийг, 1900 онд Бадамдорж, Цэрэн Осор хоёрыг тус тус Орос улс руу мөнгө зээлэх нэрийн дор нууцаар илгээж, хэрэв Монголчууд үндэсний тэмцэл өрнүүлбэл оросууд тусалж чадах эсэхийг тандан мэдэв.

Богд Жавзандамба хутагт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ: “эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай, элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас Монгол тоотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй… Үүнийг танай олон ноён түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноор нэн даруй над илтгэ” хэмээжээ.

1911 оны 7 дугаар сард Хүрээнд болсон ноёдын нууц зөвөлгөөн Богд гэгээний “цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор Богд ууланд болж, тус зөвөлгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлуудыг төлөвлөв. Орос явах элчинд чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилсон бол энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноён бол Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр онцгой үүрэг гүйцэтгэж байв.

1911 оны 10 дугаар сарын 21-нд Хүрээнд ирсэн Добданов В.Котвичид бичсэн захидалдаа Монголын улс төрийн байдлын тухай бичиж, “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна” хэмээжээ.

Түр засгийн газраас Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан нь

Орос улсаас тусламж гуйхаар явсан төлөөлөгчид ажлаа амжилттай гүйцэтгэн Хүрээнээ эгж ирсний дараа албан ёсоор түр засгийн газарыг “Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” хэмээн нэрлэж, 1911 оны 11 дүгээр сарын 30-нд ил гарч, түүний даргаар Түшээ гүн Чагдаржав Богд гэгээний зарлигаар томилогдов.
Манжийн дэглэм эцэс болж, Монголчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр засгийн газраас Их Хүрээнд 1911 оны 12 дугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд–соёмбо үсэгтэй далбаа намируулжээ.
Мөн өдөр Хүрээнд сууж байсан Манж амбан Сандог “Монгол хязгаараас хөөн гаргах бичгийг хүргэж өгсөн” байна. Ийнхүү хөөгдсөн Манжийн сүүлчийн амбан сайд түшмэдийн хамтаар Хүрээн дэхь Оросын консулын газар түр хорогдорж байгаад 1911 оны 12 дугаар сарын 4-нд Хүрээнээс гарч, Хиагт хүртэл өртөөгөөр өнөөх Атаман Семеновын казак цэргүүдээр харгалзуулан хүргүүлж, улмаар цааш хил нэвтэрчээ.

1911 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДӨР МОНГОЛЧУУД ТУСГААР ТОГТНОЛ, ТӨР УЛСАА АЛБАН ЁСООР ТУНХАГЛАН ЗАРЛАВ
VIII Богд Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор Монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр түүний оргил болж, 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнол, төр улсаа албан ёсоор тунхаглан зарлав.

1911 оны 12 дугаар сарын 29–ны өдөр ямар өдөр байв.
Монголын арван тавдугаар жараны цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний өдөр бөгөөд төрийн их ёслолыг гүйцэтгэх маш сайн өдөр хэмээн сонгон үзэж тодруулсан, хишиг Баасан гариг, усан тахиа өдөр байв.

Хугацаа:Энэ өдрийн морин цагийн эхний хувьд буюу 11 цаг 40 минутад өлзий учрал бүрдсэний тул энэ цагт Богдыг Монгол Улсын эзэн хаанд залах төрийн их ёслол гүйцэтгэхээр олон Монголчуудад мэдэгдэн эхлүүлж орой нар шингэхийн өмнө буюу 5 цагийн орчим өндөрлөсөн байна.

Хаана: Уг үйл явдалд өөрийн биеэр оролцсон Г.Навааннамжил авгайн өгүүлснээр: “Богдын орд хашааны дотор бий Дэчин галбын дуган гэдэг алтан дээвэртэй сүмийн зүүн тал, мөн Доржвавааран гэдэг дуганы баруун талын хэсэг сул газрын шар хашааг хойш тэлж ихтгэн, тэрхүү зайд, Монголын төрийн орд гэдэг шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, сүлбэмэл очир есөн эрдэнэ, долоон тахил гэх мэтээр гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай том эсгий гэрийг байгуулав” гэжээ. Төрийн шар ордон нь эдүгээгийн Урлан бүтээх төвийн орчим байрлаж байсан байх бөгөөд Богд хаан Туулын хөвөөнд буй өвлийн хоёр давхар ордоноос хатаны хамт Төрийн ордон руу ирсэн байна.

Төрийн их ёслолын үйл ажиллагаа:

Энэ үйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж үлдээсэн, маш сонирхолтой бүтээл бол Г.Навааннамжил авгайн Өвгөн бичээчийн өгүүлэл болой. Тэрээр бичихдээ: “Их Хүрээний төвийн шар ордоны ...өмнө олон хүн хуралдаж, үнэхээр нүд алдам байв. Отго жинс хүрэм эрээн дээлтэй ноёд, түшмэд, хутагт хувилгаад, лам нар жагсан хүлээж байна. Богдыг Дээд сүмийн хажуугаар явж, Төрийн ордоны өмнө орших хаалганд тулж ирэхэд гурвантаа их буу бууджээ.
Богд, Цагаан дарын хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад сөгдөн, нам гүм. Богд хатны хамт, шар өнгөтэй алтан туг бүхий дөрвөн дугуйтай гоё орос тэргэнд сууж, хиа лам найман хүн тэргийг дамнан хөтөлж явна. Өмнө нь донир, сойвон, бараа бологч зэрэг том лам нар жагсан явах ба улаан хуйтай сэлэм зүүсэн хоёр гурван хар ноён зам удирдана. Олон шадар цэрэг замын хоёр талаар буу зэвсэгтэй, ёслолын хувцастай жагсан явна. Богд, хатны хамт шар ордны дунд хаалгаар явж, орд гэртээ ормогц тэдгээр ноёд, лам нар цөмөөр дагалдаж ороод шадар ихээхэн ноёд, лам нар нь бүгд орд гэрт орж очсон” хэмээжээ.

Богдын тугдам гэдэг гэрийн үүднээс эхлэн төрийн ордны хоймор байгаа дөрвөн арсланы дүрсийг сийлж түшүүлсэн элдэв алтан хээт хааны ёслолын өндөр тавцан бүхий олон давхар магнаг олбог түшлэг хүртэл ба мөн Очирдара гэдэг гэр дуганд замнаж оруулах, хүн явж багтах нарийхан банзан шалтай, шар торго дэвссэн зам “гардан”-ыг бэлтгэжээ.

Богд, эх дагина хоёр хар үнэг гэдэг үнэт үстэй малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хүрэм өмсөж, явганаар шадар ноёд, сойвон, донир нарыг дагалдуулан хойноо шар торгон ба алтан саа луу хээт шүхэр хоёр тогосны өдөн шүхэр нэг, ийм гурван шүхрийг бариулж, өмнө нь донир ба улаан хуйт сэлэм зүүсэн хар ноён хоёр хүн удирдан, мөнөөхөн бэлтгэсэн шар торгон зам дээгүүр алгуурхнаар алхуулан явахад нь шадар ноёд дөрвөн хүн Богд, эх дагинын хоёр талаас нь түшиж хүндэтгэн явжээ.
Богд, эх дагинын хамт Очирдара гэдэг дуганд ороод хойш явж төрийн ордонд орж очив. Төрийн ордонд бараалхан орох эрх бүхий ихээхэн хутагт хувилгаад, хан, ван, бээл бээс гүн засаг тайж нар цөм дагалдан орцгоожээ.

Богд Жавзандамба хутагт ламыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөн, эрдэнийн ширээнд залж суулгаад хатан Дондогдуламыг улсын эхэд өргөмжилж, хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл ба Монголын газраас гарсан ёсны юм есөн цагаан билгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган мулцагт нижгээд цагаан морь, булган мулцагт наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөхдөө төрийн ордоноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн ажээ.

Төрийн ордноос бэйс Пунцагцэрэн гарч ирэн, Богд эзэн хааны хишиг тараах зарлиг буув гэж өндөр дуугаар зарлажээ. Мөнөө түшмэл, бичээч зэрэг хар лам хүмүүс цөм чимээ аниргүй болон сөгдөнө. Бээс Пунцагцэрэн тэрхүү хишиг тараах зарлигийг уншжээ. Тэрээр: Богдыг Монгол Улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн хаан, Цагаан дарыг улсын эх гэж өргөмжилж, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн хэмээн нэрийдсэн Монголын цагаагчин гахай жил, европын 1911 оны Олнаа өргөгдсөний тэргүүн он болгон тогтоож, Их Хүрээг улсын төв Нийслэл Хүрээ болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулав хэмээжээ. Энэ бол Монголчуудын хувьд хамгийн ухаалаг шийдвэр байлаа. Монголчуудын шүтээн болж байсан Богдыгоо Эзэн хааны суудалд Түүхэн эгзэгтэй мөчид өргөмжилсөн нь олон талын ач холбогдолтой болсоныг түүх илтгэн харуулдаг билээ.
Мэдээж Богдын гэгээний Монголын үндэсний хувьсгалыг оройлон удирдсан үүрэг роль гарцаагүй нөлөөлсөн хэрэг боловч алтан ургийн ноёдууд тэвчээртэй ухаалаг алхамыг хүлцэн зөвшөөрч, Монголынхоо төр улс, тусгаар тогтнолоо авч гарах алхамыг шийдвэртэй хийж чадсан юм. Үүний үр дүнд Монгол овогтон бултаараа хожсон бөгөөд Монголын гал голомт өнөө хэр бадрахын эх учиг энд бас буй билээ. Монголын дөрвөн ханы нэг эзэн хаан суувал нэг нэгийгээ Бээжинд ховлосоор хаан суудлаа алдаж, төр улсаа мөхөөх мадагтай хэмээн оросууд бичиж байсаныг бодвол ухаалаг, тэвчээртэй алхам хийж чадсан хэрэг билээ.

Ийнхүү Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөн буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын засгийн газрыг 5 яамтай байгуулж, тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Цэрэнчимэдийг Дотоод яамны тэргүүн сайдаар, чин ван Ханддоржыг Гадаад яамны тэргүүн сайдаар, гүн Намсрайг Шүүх таслах яамны тэргүүн сайдаар, бэйс Гомбосүрэнг Цэргийн яамны тэргүүн сайдаар, түшээ гүн Чагдаржавыг Сангийн яамны тэргүүн сайдаар тус тус тохоон тавьж, 70 -80 настан бүрд 3 лан, 80-90 настан бүрд 6 лан, 90-100 настан бүрд 9 лангийн хишиг хүртээжээ. Монгол Улсын анхны таван яамыг Дотоод яам ахалж байсан тул эхэнд орууллаа. Энэхүү Дотоод яам нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үүргийг гүйцэтгэж байсан гэхэд болох юм.
Хишиг түгээсний дараа ёслолд оролцогсод цайлж идээ түгээн, хундага өргөж, ерөөл айлтгасан байдаг. Мөн эл өдрийн яг нэг цаг мөчид Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө гээд Монголын өнцөг булан бүрт Хүрээ рүү харж, нэгэн хүн мэт сөгдөн мөргөж, зул, хүж асаан баярлаж байсан олон Монголчуудыг харсан гадаадынхан Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж очтон байсаныг хараагүй хэмээн бичсэн нь бий билээ.

VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ 1911 ОНЫ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ БОЛОХ НЬ

VIII Богд Жавзандамба 1869 онд Түвдэд Далай ламын санхүүч чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн гэpт төpсөн байна.
Таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдод багаас нь төвд, Монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорнодахины ёс заншилыг түүнд сургасан байна.
Тэрбээр Монгол хүүхдүүдтэй тоглож, яг л Монгол хүүхэд шиг Монгол нутагт идээшин дасаж өсчээ. Богд хүүхэд ахуйдаа Монгол айлд хонож өнжин хүүхдүүдтэй нь тоглох дуртай байсан гэдэг. Түүний багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд хадгалагдсаар буй. Тэрбээр Зоогийн аймгийн Мөрлэгцэгтэй үерхэж, түүний ядуу амьдралд тус дэм үзүүлж байжээ. Мөрлэгцэг ээжтэйгээ хоёул аж төрдөг ядмаг амьдралтай байсан тул тэдний гэрийг өвөл давхарлуулан дулаан болгож, Ганданд байшин бариулж өгч байсан гэдэг. Хэдийгээр эрийн цээнд хүрсэн ч гэсэн Богд тэр залуу найзыгаа өөд нь татахыг бодож, бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсан боловч тэр нь тусыг усаар хариулах гээч болж байсан гэдэг билээ.

Богд гэгээн Монголчуудын шашны тэргүүний хувьд хэнээс ч хараат бус амьдрал анхнаасаа л зохиож, бие даан шийдвэр гаргах чадвар төгс болсон байна. Тиймээс залуу насандаа орос, хятад болон гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ европ, америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикл хүртэл хэд хэдийг авч Монголын талд хурдлуулж байсан ажээ. Магадгүй зарим талаар үрэлгэн загнаж байсан ч мэдэх энэ үйлдлийг нь болон элдэв бус хүмүүст уруу татагдахвий хэмээн багш нар нь түүнийг Монгол эхнэртэй болгов. Бурханы ёсонд дээд зиндаанд хүрсэн хүн гэрлэж болохыг зөвшөөрсөн байдаг билээ. Энэ л хүрээнд Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай эхлээд нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр гэрлэж, Цагаан дара, эх дагина хэмээн өргөмжлүүлсэн байна.

Гадаадын эрдэмтдийн бичснээр Богд гэгээн Дондогдуламтай суугаад үрэлгэн зангаа орхиж, бүхий л талаараа Монгол дахь шашны хөгжил хийгээд Монголчуудын сайн сайханы төлөө илүү зориг сэтгэл жигдэрсэн хэмээн үзсэн буй. 1911 онд Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөгдөхөд түүний хатан Дондогдуламыг Улсын эх дагина хэмээн өргөмжилж төрийн тамга бариулж байв. Тэд өөрийн хүүхэдгүй байсан гэдэг. Харин Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсаны дотор Монгол улсын алдартай хөгжмийн зохиолч Мөрдорж, Монгол Улсын Ерөнхий сайд байсан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар орж байв. Монголд өөрийн хүүхдийг үрчлэн авах явдал цөөнгүй байсан хэмээн ярих хүн ч бий. Эл асуудлыг цаашид судлууштай гэж боддог юм.

Тэрээр Монголд шарын шашиныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан хийгээд Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан билээ. Тэрбээр зөвхөн гавжийн дамжаа барихын тулд тус бүр долоон зуугаад хуудас бүхий таван дэвтэр номыг өөрөөр хэлбэл 3500 хуудас номыг цээжилж байсан гээд бодохоор Богд гэгээн номтой мэргэн багш нарын дунд өсч, номыг ихээр сурсан нь гарцаагүй нэгэн болой. Бас Богд гэгээн Монгол, түвд, манж, хятад, уйгар таван хэлний толь бичгүүдийг сонирхож, Зарлиг лүндэн буулган “Хааны бичсэн, нэмж тогтоосон манж үгний толь бичиг” 40 дэвтэрийг хөрвүүлүүлж байжээ. Богдын номын санд дорнодахины хийгээд дэлхийн олон улс орны ном зохиол байж, хэдэн арван үхэр тэргээр зөөгөөд ч барагдахгүй шахам байсаныг үзсэн хүмүүс дурссан нь буй. Богдын номын сан Монгол улсын үндэсний номын сангийн эх суурь болсон билээ.

Богд Жибзундамба хутагт Монголчуудын дунд шашны талааp үлэмж нэp хүндтэй, Монгол хэл, бичиг сайн мэддэг байсан тул үндэсний тусгааp тогтнолын төлөө хөдөлгөөний тэмцэгч түшээ гүн Чагдаржав, Сайн ноён Намнансүрэн, Чин ван Ханддоpж, Да лам Цэpэнчимэд, гүн Хайсан наpын зэpэг хүмүүс түүнийг нягт хүpээлсэн байдаг.

Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, тэрээр Монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв.

Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Жавзандамба болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн Монголчууд үзэж байв. Богд Жавзандамба Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж Алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэлүүд нөлөө үзүүлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.

1919 оны сүүлчээр хятадын харгис хүчинд түр алдагдсан Монголын тусгааp тогтнолыг сэpгээх зорилгоор 1920 онд Оpос болон бусад их гүpнүүдэд хандан тусламж эpэхэд Богд хаан ихээхэн дэмжлэг өгч байв. Тиймээс Богд хаан Барон Унгерны зүгээс илэрхийлсэн туслах санааг дуртай хүлээн авсан хэрэг. Үүний үр дүнд Барон Унгерн Нийслэл Хүрээг хятадуудаас чөлөөлж, 1921 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд нь дахин залсан билээ.
Богд хаан Зөвлөлт Орос улсаас тусламж эрсэн МАН-ын бичигт тамга дарж өгсөн билээ. Ингэхдээ тэрбээр Америк, Японоос ч тусламж эрсэн өөр бичгүүдэд тамга дарсан байсан юм. Богд хаан Монголын үндэсний бие даасан байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд гадны ямар ч хүчнээс тусламж авахад бэлэн байснаа ийнхүү харуулжээ. Богд Жибзундамба хутагт хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт Монголчуудыг хамpуулахыг зоpьж байв. Иймээс Богд хааны зарлигаар Дотоод, гадаад олон Монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалсан билээ. Өвөр Монголын 49 хошууны 38 нь Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг.

А.Кайзерлинг: Богд эзэн хаан Штраусын вальсын аянд ард түмнээ адислангаа миний ноёныг шалж, мат тавив

Оросын түшмэл, гүн Альфред Кайзерлинг (1861-1939) өөрийн дурсамжиндаа: Хүрээнд зочилж, Богд Жавзандамба хутагт лугаа шатар нүүсэн тухай өгүүлээд Хутагтын талаар маш сонирхолтой зүйлс бичсэн байдаг. Тэрбээр бичихдээ: “Хүрээ бол Дорнодахин дахь бурханы шашины Амьд бурхан–Хутагтын өргөө оршин буй газар. Нас бие гүйцэнгүүт тэрбээр Бээжингийн ордонд очиж, Эзэн хаанд хүндлэл үзүүлж, тэндэхийн буддын сүмд адислагдах учиртай байв. Учир нь Бээжингийн засгийн газар нас бие гүйцсэн, бие даасан хутагтын нөлөөнөөс айж байсан тул гол төлөв Бээжингээс Хүрээ рүү буцах замдаа адис авсан хутагтууд гэнэт нас барж, түүний орыг хувилгаан дүрд нь шилжүүлдэг байв. Гэтэл энэ хутагт нь нас бие гүйцмэгц Бээжин явах ёстой байтал Бээжингийн болон эргэн тойроныхоо шахалтанд үл автан элдэв шалтаг тоочин аялалыг хойшлуулсаар байжээ. Хүрээнд тэрбээр аюул багатай байсанаас гадна энд Бээжин түүнийг шууд хорлохоос болгоомжилж байв. Тэрбээр Орост тааламжтай хандаж байсаны зэрэгцээ хэрэв Бээжинтэй харьцаа муудах аваас Орос улс түүнд тусална гэсэн найдлага тээж байв” хэмээн тэмдэглэжээ.

Тэрбээр “Хутагт ариун олбогноос бүтсэн сэнтийдээ заларч, намайг эсрэг талдаа буй буйданд суулгав. Биднийг алтан царан дээр тавьсан хятад цайгаар дайлав. Энэ үеэр би хутагтад зориулан авчирсан бэлгээ задалж, түүнд гардуулахыг хүсэв. Хутагтад телефон утас онцгой таалагдсанаас гадна бас хөгжимт хайрцаг илүү таалагдав. Утасыг шууд ажиллуулж үзсэнээс гадна хөгжимт хайрцагийг асаахад хутагт ихээр хөгжив. Хутагт нэгэн богино аяыг сонсоод “морь цогиж байгаа юм шиг” хэмээн дуу алдан инээж байв. Тэрбээр өөрийн шавьдаа эл дууг Монгол хэл рүү хөрвүүлэхийг тушааж, тэр дор нь дууны агуулгыг эх хэлээрээ сонсоод сэтгэл хангалуун байв” гэжээ.

Гүн Альфред Кайзерлинг маргааш нь Хутагтын хүлээн авалтад орж, түүнтэй ажил хэрэг ярилцан шатар нүүсэн тухай өгүүлэхдээ: “Энэ үеэр Хутагтад мөргөлчид нэгэн нэгийнхээ араас мөлхөн ирж адис авч, Хутагт гартаа барьж байсан шатрын бодоор хүртэл адислаж байв. Энэ үед тэрбээр өчигдрийн сонссон хөгжмийн аяаа аялаж байсан нь миний гайхалыг төрүүлж байв. Ийнхүү Штраусын вальсын аянд ард түмнээ адислангаа миний ноёныг шалаж, мат тавив. Би хутагтай уулзсан уулзалтандаа сэтгэл ханан, хүлээн авалтад талархлаа илэрхийлээд гэрийн зүг явав” хэмээн бичжээ. Эл гүнгийн дурдатгал нь Богд Жавзандамба хутагтыг хэр зэрэг бие даасан, эрх чөлөөтэй, алсын хараатай болохыг харуулахын зэрэгцээ түүнд Оростой ойртох санаа бодол нилээд эртнээс суусаныг илтгэн харуулжээ хэмээн үзэж болохоор байна. Тэрбээр шатар тоглодог байсан нь түүний оюун санааны хөгжилд ч зохих хувь нэмэр үзүүлж байсан буй за. “Зуун лангийн жороо луус” шүлгэнд Богд эзэн хааны захиалгар Оросын Петербург дэх Марины театрын хийлчин А.Кадлиц аялгуу зохиосон нь тухайн үеийн Монгол Улсын төрийн дуулал болсон байдаг.
Богд эзэн хаан лугаа уулзсан Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец түүнийг “Эзэн хаан” хэмээн дуудаж, бүхий л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг нь нэг бус удаа тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, 1912 онд Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулахад Богд хаан Засгийн газрын гишүүддээ Орос улстай найрамдал тогтоох учиртай талаар бүр тодорхой үүрэг өгч, уг гэрээнд гарын үсэг зурахыг зарлигдсан байдаг. Богд хаан Орос улсын эзэн хаан, Япон Улсын эзэн хаанд өөрийн нэрээр захидал хүргүүлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх хийгээд Өвөр Монголчуудын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байлаа. Шашны тэргүүн, төр улсын эзэн хаан гээд бодвол эгэл хүний амьдралаас арай өөр ордоны тодорхой ёс дэглэмтэй орчинд өсч торнисон Богд гэгээнтэн бүхий л Монголчуудын хүндлэлийн хүлээж байсан бөгөөд түүнтэй уулзах нь бүү хэл дүрийг нь харахад ч сүлд хийморь сэргээнэ хэмээн Монголчууд сүслэн дээдэлж байсан юм. Богды ордоны дэг ёс дэглэм маш нарийн зохион байгуулалттай байжээ. Богд гэгээнтэнд айлтгах, уулзан нарийн дэг жаяг олон жилийн турш мөрдөгдөж, Богдын ордонд суух ноёд, сайд нарын суудал тодорхой дараалалтай, төрийн түшмэд болон дээд лам нарын өмсөх хувцас хүртэл өөр хоорондоо ялгаатай зэргэ зиндааг илтгэн харуулсан хэлбэр дүрс агуулгатай байхаар хуульчлагдсан байв. Богдын ордоны гадаа нь хүртэл “буруу үг хэлэв” гэгдэн албан тушаалаасаа огцорсон түшмэл хүртэл буй. Богдын ордоны саальчин Монгол эмэгтэйчүүд өглөө бүр хилэн малгай өмсөж, гар болон биеэ арц хүжээр ариулсаны дараа үнээгээ саадаг байсан гэдэг.

Богд гэгээн бурханы номонд төгс гэгээрсэн ухаантан байсан бөгөөд хол ойрын ирээдүйг зүүдээрээ зөгнөн илэрхийлсэн нь нэг бус билээ. Тухайлбал, Богдын нярав байсан Дамдингийн бусдаас нууцлан хүзүүндээ зүүж байсан Хайстай лавирангийн авдарны түлхүүрийг булаан авч, уг авдарыг нээн, Богдын нууц лүндэнг авсан байдаг. Гэвч Монголчуудын холын ирээдүйг тольдон буулгасан Богдын лүндэнг Монголчууд архив, хувь хувьдаа нуун хадгалсаар өнөө цагтай золгуулж чаджээ. Богдын лүндэнд Монголчуудын өгсөх, буурах, учрах саад бэрхшээл онцгой тохиолдол бүрийг нарийн буулгасан нь алдаж зөрсөн нь үгүй гэдэг.

1920-иод оны эхэн болоход Монголд Улаан оросын нөлөө хэдийн туссан байсан ч Богд хаанд Монгол төрийн бүх сайд, ноёд, тэр бүү хэл Ардын намын дарга цэрэг нар хүртэл бараалхан мөргөж, адис аван зам мөрөө тэгшлүүлдэг байжээ. Эдүгээ бид л цадигаа алдаж, эрхэмлэн дээдлэх учиртай зүйлсээ уландаа гишгэх болов. Богд эзэн хааны хувийн амьдралын талаар “архи уудаг”, “авгай эргүүлдэг” гэх зэрэг сөрөг мэдээлэл тархааж, олон хүмүүсийн тархинд суулгасан нь шулуухан хэлбэл нийгэм цаг үеийн үзэл суртал байсан бөгөөд иймэрхүү мэдээллийг нягтлан хөөж үзвэл ихэнхдээ л Богдтой уулзаж учирч байгаагүй хүмүүсийн бичсэн зүйлст дурьдагдсан баримт баталгаагүй зүйлс байдаг. Богд гэгээнийг амьд сэрүүн байхад түүний талаар муу үг амнаасаа унагасан нэгээхэн бээр ч Монгол хүний тухай би болж уншаагүйгээ энд дахин давтан хэлмээр байна.

Дүгнэлт болгох нь
1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол Монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.
Ийнхүү олон Монголчуудын сэтгэлд нийцсэн амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлагчдын нэг, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт бээр мөн юм. Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын ноёдын нөхцөл байдал хийгээд Бурханы шашины тэргүүн VIII Богд Жавзандамбын нэр хүнд, бие даасан байдал, нөлөөлөл зэргийг Манжийн хаанаас хараат оршиж байсан Монголын ноёдын байдал лугаа харьцуулж үзвэл үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачилж, түүнийг удирдах, зохион байгуулах боломж, бололцоо Богд гэгээнд л илүүтэй байсан нь тодорхой харагдана. Богд Жавзандамба хутагт ч тэрхүү боломжийг сайтар, алсын хараатай ашиглаж чадсаны дүнд Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оройд нь ямагт байж чадсан удирдагч нь болсон юм.

1912 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлон тэмдэглээд “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн буй. Энэ нь чухамдаа үнэнийг илэрхийлсэн хэрэг юм.

Хэрэв 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт нь Монгол үндэстний шашны дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашны төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ. Тэр бол Монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн билээ. Монголчуудын өгсөн дээшлэх, ураадан доошлохын учиг чухамдаа л үндэсний түүхэнд нь бий билээ. Үүнийг Монгол хүн бүр мэдэрч, ойлгосон тэр мөч Монгол үндэстэний хувьд нар гийсэн дэвшил авчирах учиртай хэмээн санаж, жил бүрийн эл өдрийг эзэн Чингис хааны байгуулсан Монгол улсын төр ХХ зууны эхээр сэргэн мандсан, Монголчуудын тусгаар тогтнолын өдөр хэмээн сануулах үүднээс молхи судлаач үүнийг чадан ядан тэрлэлээ. Монгол хүмүн таны мэргэн оюун толилох буй за.

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 5. 22:45
Зочин ш.дуламжав

Үнэхээр биширлээ

2020, 4 сар 19. 10:46
Зочин

Богдын гавъяаг үгүйсгэж болохгүй, өөрийн хэмжээнд монголын төлөө зүтгэж Манжаас тусгаарласан. Гэхдээ Батсайхан хэт туйлширч нэг талыг барьсан байна. Өөрөөр хэлбэл ардчилалынхаа талаас улс төржих маягаар гэх үү дээ бичиж.

2017, 11 сар 22. 8:57
Зочин

5н юантай ямар холбоотой байсан юм бэ

2017, 11 сар 16. 21:22
Зочин

Bogd haan bol onoogiin mongol ulsiin ehleliig tavisan hun. Bogd haan 1911 onii 1921 onii huvisgaliig ali aliniig ni udirdan zohion baiguulsan aguu hun mon. Tiimch uchraas 21 onii huvisgal yalsnii daraa Bogd haaniig dahin haan shireend zalj baisan yum. Harin tuuniig bie barsnaas hoish choibalsan tsedenbal metiin urvagchid mongoliin golomtiig samrah shahsandaa. Yalanguya tsedenbal zovloltod dagaar oroh huseltiig hed heden udaa gargasan baidag yum shuu.

2019, 8 сар 11. 8:33
Зочин

Цэдэнбал дарга хэзээ ч ЗХУ д дагаар орох хүсэлт тавьж байгаагүй. Харин эсрэг байр суурьтай байсан.

2017, 1 сар 18. 19:32
Бэхээ ах.

Одоо бичих зүйл маань түрүүчийхээ дээр нь гарчих бололтой. Ойлгоно биз дээ. Мөн гэрээгээр Хятад нь Монголд цэрэг суулгахгүй хэмээн тохиролцсон ажээ. Ийм үед Богд хаанд автономитоо сайн дураар цуцалж Хятад цэргээр хойд хилээ халхалахаас өөр ямар ч арга үлдээгүй байсан бололтой. Хятад цэрэг бол ямартай ч гэсэн хойд хилийн бүрэн бүтэн байдлыг хангана. Хятадын харилцан байлдагч талууд тун түргэн Бээжинг өгөлцөж авалцаж байсан тул хятад цэргээс хожим салахад харьцангуй хялбар гэж тооцсон байх. Аятад эв эеээ олох нь маш хол гэж харагдаж байжээ. Үнэдээ 1949 оны 10 сар хүртэл хоорондоо үзэлцсэн. Хэдий тэр үеийн ноцтой байдлаас гарах энэ аргыг хүлээж авах нийгмийн ухамсар бэлэн бус байсан учраас, тэгээд ч үүнийгээ олонд зарлаж болохгүй нууц байсан зэрэг нь Богд хааныг шийдвэр гаргахад нь нэмэлт хүндрэл учруулж, бас түүнээс гадна хааныг үнэлэх түүхэн үнэлэмжинд ихээхэн сөрөг нөлөөлж болзошгүй байсан ч гэсэн Богд хаан зориг гаргаж, автономитоо цуцлахыг зөвшөөрсөн байдгийг зохих ёсоор үнэлүүштэй. Хааны алсын хараа алдаагүй билээ. Ердөө жил ч бололгүй улаантанд ялагдсан цагаантан Барон Унгерн Монголд дайнгүйгээр нэвтэрч гаминг хөөн Богд хааныг хаан ширээнд нь буцаан залсан байдаг. Тэд бас Богдын бичигтэйгээр нэг ёсондоо түүний урилгаар орж ирсэн улаантандаа дарагдан үүрд арилсан билээ. Энэ бүх улс төрийн уян хатан маневрын үр дүнд Монголчууд 1946 онд эзэн гүрэн гэгдэх Хятадаар тусгаар тогтнолоо хүлээлгэн зөвшөөрүүлж чадсан билээ. Богдоос хойш 1946 он хүртэл болж өнгөрсөн улс төрийн эмгэнэлт драм өөр сэдэвт хамаарах тул энд ярихаас үнэндээ түвэгшээв.

2018, 6 сар 17. 0:29
Зочин

1910 онд Манж нар халхад цэрэг оруулах гэж байхад Орос улс болиулсан,тэгээгүй байсан бол богд хаант монгол улс гэж бай ч үгүй.Харин 1912 онд Коростовецийн санаачилгаар монголтой гэрээ байгуулж автономитийг хүлээн зөвшөөрснөөр монгол хамгаалалттай болсон.Энэ гэрээ байгаагүй бол Орос улс халхыг хамгаалахгүй байсан.Монгол улс өөрийгөө хамгаалах ямар ч чадал байгаагүй.Орос улс суларсныг далимдуулаад Хятад 1919 онд монголд цэргээ оруулж хагас тусгаар тогтносон байдлыг устгаж дотоод муж аа болгосон,дараа нь мэдээж хүн амыг устгаж газар чөлөөлөх геноцид явуулах байсан,үүний нь Унгерн 1921 онд монголд дарангуйлан суусан 15000 цэргийг засаг захиргаатай нь хамт хөөж буцаад тусгаар болгосон,бас хятадын бүрэлдэхүүнд.ЗХУ-ыг довтолсноор манайд зөвлөлтийн нөлөөг авчирсан.Улаан арми ирээд халхыг хамгаалалтандаа авсан.Үүнд Шумяцкийн гавьяа их бий.Унгерн ЗХУ-ыг дайраагүй байсан бол зөвлөлтийн нөлөө хэзээ ч монголд орж ирэхгүй байсан,оронд нь хятадын нөлөө орж ирэх байсан.Унгерн дахиж хятадын дайралтыг няцаах чадал байгаагүй.Зөвлөлтийн тушаалаар МАХН 20000 лам нраыг буудаж монголчуудыг мухар сүсэгээс аварсан,дээр нь зөвлөлтийг эсэргүүцэж байсан улс төрийн ойрын хараатай тэнэгүүдийг хамт буудсан,дээр нь урвах хандлагатай ноёдыг.Чойбалсан Сталины тушаалуудыг үг дуугүй биелүүлж байсан болохоор тэрээр талархаж хариуд нь монгол орныг 1946 онд Хятадаар хүлээн зөвшөөрүүлж чадсан.Цаашдаа Цэдэнбал тусгаар байдлыг ЗХУ-ын тусламжтайгаар бэхжүүлсэн-хүн амыг өсгөж,НҮБ-д гишүүнээр элссэн,зөндөө барилга үйлдвэр баригдсан,олон хүн өвчнөөс салж боловсрол олсон.Ингэхлээр манай орон дан Орос улсын тусламжтайгаар л тусгаар болсон өөрсдийн хүчээр тусгаар болоогүй юм шүү.Өвөрмонгол зөндөө зүтгэсэн юу ч болоогүй,гамингуудыг бослогыг маш харгислан дарсан.Оросын төрийн зүтгэлтнүүдээс-Коростовец,Унгерн,Шумяцкий ба Сталин нар монголчуудыг аварсан.

2018, 10 сар 10. 1:22
Зочин

Ээ бурхан мин чи юу бичвээ

2017, 1 сар 18. 18:50
Бэхээ ах.

Бэхээ ах. Энэхүү түүхийг уншаад 8-р Богдыг улам хүндлэн бишрэх болов. Тэгээд нэгэн эрхэмтэй марган мэтгэлцэхээр шийдэв. Өөрийн нэрийг үе хөлтөн шавьжаар төлөөлүүлсэн тул чухам хэнийг нь үл мэднэ. Гэхдээ хэл нь жаахан шулга бололтой. Шулга хүмүүс ихэвчилэн ярихдаа аялагатай ярих боловч бичихдээ зүгээр байдаг билээ. Гэтэл энэ эрхэм маань ярихдаа ч шулга ажээ. Гайхмаар феномен. Аалз гээд биччихгүй аалж гэсэн байхаа ч яахав дээ. За энэ яахав. Хэргийн гол нь манай үе хөлт аалж ийн бичсэн коммент социализмын үед 70 жилийн турш Богдыг сохор түвд / монголчуудын үндэсний үзэлд гал асаах гэсэндээ түвд гэхдээ заавал сохор гэсэн байгаа юм./ , урвагч шарвагч гээд эсэн бусаар нь хэлдэг байсан үеийг сануулчихлаа. Түүнийг буруутгадаг гол нүгэл нь Монголыг гаминд найр тавьсан, Барон Унгерний цагаантнуудыг оруулж ирсэн явдал бололтой байдаг. 1919-1921 оны Богд хааны төр улсаа бүрэн бүтэн авч үлдэхийн тулд сийлсэн нарийн ухааныг хожмын бид ухаж ойлгохын аргагүй билээ. Би аалж тандтэр үеийн нөхцөл байдлыг тойм төдий сануулъя. 1919 он. Орост иргэний дайн ид өрнөж, улаантнууд Сибирьт Колчакийн цагаан цэрэгтэй нилээд ургаштай үзэлцэж,и уг дайн юу юугүй халин орж ирэхээр заналхийлж эхлээд байв.Яг үнэндээ цагааны дээрэмчид, улааны гуйлгачид монгол нутагт байлдсаар орж ирвэл ёстой дайны хөлд үрэгдэнэ гэгч болох байв. Монголыг засгийн назарт улаан, цагаан хоёртой зэрэг байлдах ямар ч өоломжгүй басан нь ойлгомжтой. Тэр үед хятад мөн л дотроо нэг ёсондоо бараг иргэний дайтай байлаа. Манжийн хааны дараа хятадын эзэн байх вэ гэдгийгээ шийдэцгээхээр хэдэн цэрэг цуглуулж чадах бүхэн цуглуулсан цургуу дээрэм тонуулаар тэжээн үзэлцэж байлаа. Яг үнэндээ хэн нь ялах нь огт тодорхойгүй, ойлгомжтой болоогүй байлаа. Ийм үед Монголыг дайны хөлөөс аврах арга замыг Хиагтын гэрээнээс олсон бололтой. Уг гэрээнд Монгол дахь Хятадын эзэн эрхийг 3 тал хүлээн зөвшөөрсөн байдаг.Харин гэрээ ёсоор хятад нь Монголыг автономит эрхтэйг хүлээн зөвшөөрсөн. байдаг. / Үргэлжлэнэ./

2019, 11 сар 22. 11:48
Amin erden

Unheer goe sedevtei unshigchdiin setgeld hursen tuuh baina dahin goe tuuh bichhiig husen yrooy

2017, 1 сар 1. 14:25
аалж

1911 онд манж гүрэн унах үед өвөр ар монгол 2 нэгдмэл мөн эрх чөлөөтэй болсон харин энэ түвд лам 1915 оны хягтын гэрээгээр өвөр ар монголыг тэр чигт нь хятадад өгсөн байдаг. 1921 оны ардын хувьсгал гарч ар монгол хятадаас салсан байдаг шүү. манжийн төрт засаг нурж унах үед бүх монголчууд автоматаар эрх чөлөөтэй болсон. энэ лам тэр эрх чөлөөг нь өгсөн юм биш эрх чөлөөг нь эргүүлээд шинээр босож ирсэн хятадад өгчихсөн юм.

2017, 11 сар 16. 21:23
Зочин

Chi orosiin buunii nohoi bna

2016, 9 сар 12. 20:55
Зочин

энэ Түвд монголын төлөө юу хийсэн юм вэ хэдий Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн ч бүх дэвшилтэ т бүхнийг үгүй хийж манжаас илүү түвдийн нөлөөнд эх орон хамаг монголын өөдрөг бүхнийг урвагч шарвагч ноёдоор төлөөлүүлж хүссэн бүхний орогнох орон болгосонын монголын ард түмэн дотроосоо босож энэ цаг үед хэлмэгдэл төөрөгдөл дундуур боссон болохоос манай улс шарын шашины хамгийн буурай номлолоор монгол түмнийг түүхэн бүхнийн үлгэр домогоор төөрөлдүүлж түүхийг заавал лам богдоор хувилгаадаар бусдын хараат болгож харагдуулдаг шүү

2017, 11 сар 16. 21:24
Зочин

Chi bol mongoliin tuuhiig gutaah zorilgotoi orosiin buunii nohoi bna

2016, 9 сар 12. 18:43
зочин

Энэ түвд хүн ямар ч монгол хүнээс илүүтэй монгол заншил сурч монгол бичгээ хүндэлдэг байсан юм. Харин монгол цустай ч оросын төлөө зүтгэж монголыг халх, дүрвэдээр нь хагаралдуулах эхийг тавьж эх орочдыг хэлмэгдүүлэгч Цэдэнбал дэргэд нь харь цустай оросын бууны нохой байсан юм шүү

2016, 9 сар 12. 13:52
zochin

humuus mini urid umnuhuu suhuj unshij baimaaraa

2016, 9 сар 12. 10:26
Зочин

tembuu

2016, 9 сар 6. 16:02
alimaa

avtonimet dgdeg chn buren tusgaar totnol hytaduud ooriinhoo neg hesgiig gej uzseer bisan tegeed ch tseregee oruulahad gejhii ymarch shaardlaga taviagui harin jinhen tusgaar titnol bol ardiin huvisgaliin on jilud bisan 61 ond tusgaar togtnoloo jinhen delhii dahind tunhaglaj batalgaajuulsan hytat oorsdoo bas hezee ch zovsoordoggui bisan amerik angli tom gurnuuiig huleen zovshooruulj chadsan yumaa ene 2iin hoorond asar ih ylgaa bii tiim uchiraas onoodoriig hurtel margaash ireeduid monhiin orshin togtono ter avtonimet tor chn bisan bol mongol gedeg uls ali hediin tovd shig bolson bih bisandaa buu mart ene ih auguu on jilee uguisgevel bid mohno uuniig an asar ih husej bigaag anhaar

2016, 9 сар 6. 11:52
Зочин

tembuu tuvd mongoliig oros hujaa 2t ogch bida nar onoodor 3 huvaagdchaad baina. ***** tembuunuudee. ta nar tembuundee soliorchij ene muug orgomjilj baigaa humuus yavch eruul bish mongol bish. mongold mongol huniig l manduuly

2018, 6 сар 17. 0:40
Зочин

Битгий хуц тэнэг минь ,1911 онд маш олон монгол ноёд манжаас айгаад дээр нь хятадаас айгаад тусгаар тогтнол оо зарлахаас түдгэлзээд эргэлзээд байхад Богд ер буссын зориг гаргаж бусдыг зоригжуулж тусгаар тогтнол оо зарласан,тэгээгүй байсан бол урвах дуртай аймхай алтан ургийн ноёд шууд хятад шургаж ороод манай орон гэж байх ч үгүй байсан.Богд хаан эхнээс дуустал монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан ,үүний төлөө чөтгөртэй ч нөхцөх бэлэн байсан.Түвд хүн нь ямар хамаатай ий,урвагч монгол ноёны хажууд жинхэнэ монгол оо гэсэн хүн байсан,үүнд Богдын түүхэн гавьяа оршино

2017, 11 сар 16. 21:25
Зочин

Chi bol mongoliin tuuhiig gutaah zorilgotoi orosiin buunii nohoi bna

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]