Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөмийн бөмбөгдөлтөд хоёр удаа өртсөн хүнУншсан4,837

1945 оны 8-р сарын 6 ны өдөр Мицубиши компанийн ажилтан Цутому Ямагути хэмээх инженер Хиросима дахь томилолтоо дуусган, сүүлчийн өдрийн ажлаа хүлээлцэн өгч байлаа.

History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1945 оны 8-р сарын 6-ны өдөр Мицубиши компанийн ажилтан Цутому Ямагути хэмээх инженер Хиросима дахь томилолтоо дуусган, сүүлчийн өдрийн ажлаа хүлээлцэн өгч байлаа. Бушуухан ажлаа өгчихөөд ард хоцорсон гэр орон дахь эхнэр хүүхдэдээ өгөх бэлэг авах гэж яарсаар. Энэ үед тэнгэрт онгоцны дуу сонсогдоход Ямагути гаран хартал ганцхан B-29 нисч явна.

“Ашгүй тагнуулын онгоц бололтой, бөмбөгдөх байсан бол юу гэж ганцаараа нисэв” гэсэн юм бодохтой зэрэгцэн уг онгоцноос нэгэн том бөмбөг унаж эхэлсээр газраас 500 гаруй метрийн өндөрт гэнэт тэсрэн хэдэн зуун нар гэнэт гарах шиг хурц гэрэл гаргалаа. Ямагути зөнгөөрөө хажууд байсан шуудуу руу унаж байхдаа дээгүүр нь асар хүчтэй дэлбэрэлтийн долгион өнгөрөхийг мэдэрсэн байна.

Ухаан ороод хартал хот байсан газар нь таг харанхуйлж, хэсэгхэн газар асар том түймэр асан, тоос шороо босон байлаа. Түлэгдэж гэмтсэн Ямагути арай гэж босон салгалж явсаар өөртэй нь цуг ажиллаж байсан хоёр хүнтэй тааран бөмбөгдөлтөөс хоргодох байр руу зүглэж явах үедээ хотод юу болоод өнгөрснийг сайн ойлгохгүй л байлаа. Энд тэндгүй шатаж хайлан үхсэн хүн, хөл гарын тасархай, шархандаа орилж чарлан галзуурсан гэмээр хүмүүс.

Бөмбөгдөлтөөс хоргодох байранд ч ялгаагүй үй түмэн үхсэн, шархтсан, хэзээ мөдгүй үхэх нь ойлгомжтой болсон амьд үхдлүүд дүүрэн. Энэ аймшгийн байранд өглөө болгож хуучин вокзал байсан газар руу явахдаа дахиж эхнэр хүүхдээ харах болов уу гэсэн юм л бодож байж. Аз болж галт тэрэг явж байлаа.

Галт тэргэнд ороход мөн л орилж чарласан, шархандаа ухаан мэдрэл нь муудсан гэмээр хүмүүс. Зарим нэг нь алга болсон хүнээ хайн, нэрийг нь дуудан хаашаа хамаагүй хашхиран байх нь түүнд бүр ч хэцүү байв. Тэр өдөр Хиросима хотын 80 000 гаран хүн амь үрэгдсэнийг тухайн үед тэрээр мэдсэнгүй.

Зорьж зүтгэсэн нутагтаа ирэн галт тэрэгнээс буухад угтаж авч байгаа хүмүүсийн гайхаж айж байгаа нь илт. Хүн болгон л юу болсныг, яагаад Хиросимагаас ирж байгаа галт тэргэн дэх бүх хүмүүс ингэж түлэгдэж харласан, арьс нь унжиж хачин болсныг асууна.

Бараг битүү түлэгдсэн учраас хамаг биеэ боож багласан Ямагутиг гэртээ ирэхэд нь эхнэр хараад бараг ухаан алдсан бол ээж нь хүүгээ таньсангүй. Ямагути төрсөн нутаг болох Нагасаки хотдоо ирсэн байлаа.

Ямагути хэдэн өдөр асруулан байсаар 9-ний өглөө ажилдаа очихоор шийдлээ. Япон хүний хувьд ажил гэдэг бол ариун үүрэг. Арай чүү гэж явсаар ажил дээрээ ирэхэд бас л хүн болгон юу болсон яасныг асуун, ам уралдуулна. Тэрээр Хиросима дээр америкчууд ганцхан бөмбөг хаяж, хот тэр чигээрээ шатан сүйрсэн тухай хэлэхэд хүмүүс итгэсэнгүй. Дарга нь бүр “Бүхэл бүтэн хот, манай Нагасаки шиг хотыг ганцхан бөмбөг газартай тэгшилж чадна гэж байж боломгүй” гэж хэлж байх тэр үед цонхны цаана маш хурц гэрэл гарлаа. Ямагути өөрийн мэдэлгүй доош хэвтсэний хүчинд дэлбэрэлтийн долгионд өртсөнгүй. Угаасаа ажлын байр нь хотын төвөөс зайдуу, уулархаг газарт байсны хүчинд бага гэмтжээ.

Ямагути гэр рүүгээ хэзээ ч гүйж байгаагүйгээрээ гүйлээ. Гурав хоногийн өмнө түлэгдсэн бие нь дахиад л шатаж түлэгдсэнийг ч мэдсэнгүй. Гэртээ очиход гэрийнхэн нь бүгд амьд мэнд боловч орон гэр нь бүрмөсөн байхгүй болсон байв. Гэхдээ түүний хувьд гэрийнхнийгээ амьд мэнд байгааг харах шиг сайхан зүйл тэр үед байсангүй.

Дараагийн хэдэн жил Ямагути байнга эмчлүүлж, эмчийн хяналтад байсны хүчинд үс нь халцарч унан, ихэнх шүдээ алдсан боловч цацрагийн өвчнийг дийлж чадсан төдийгүй дахин хоёр ч охинтой болсон ба Мицубишидээ ажилласаар 2010 оны 1-р сарын 4 нд, 93 насандаа нас барсан байна.

Тэрээр 2006 онд Нью-Йоркт болсон цөмийн зэвсгийн эсрэг НҮБ-ын хуралдаанд уригдаж очихдоо “Би хоёр ч цөмийн дайралтыг давж гарч амьд үлдсэн хүн. Миний үүрэг бол энэ тухай хүмүүст хэлэх явдал билээ” гэсээр өөрийнхөө тухай ярьсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]