Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Модуны хүү Гиюй шаньюйгийн бахархам түүхУншсан39,938

БУСАД ТҮМНИЙГ НОЁРХСОН НЬ

Агуу Лев Гумилевийн Монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байгаа.

Өмнөх нь: Л.Гумилев: Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон нь

Их Цагаан хэрмийг байгуулсан нь

Хүн гүрэн Цин улстай дайтсан нь

Модун шанью ба Хүн гүрэн үүссэн нь

ХҮН гүрэн, ХАН улсын хоорондын анхны дайн

Модун шаньюй Хан улсын хатан хааныг эхнэрээ болгохыг хүссэн түүх


БУСАД ТҮМНИЙГ НОЁРХСОН НЬ

 

БАРУУН ХИЛ

 

 

Модуны хүү Гиюй гэж байв, тэрээр эзэн ширээнд Лаошань-шанью нэрээр суужээ, их гүрэн, бас хэдэн түвэгтэй зорилт түүнд өвлөгдөв. Эдгээр зорилтыг нэн даруй шийдэх хэрэгтэй байлаа. Эхний бөгөөд гол зорилт нь баруун хилийг хамгаалах явдал байв. Юэчүүд нутаг газраасаа хөөгдсөн боловч Тэнгэр уулаас хойш, төрсөн тал нутагтаа яс тэсвэрлэн суусаар байв. Тэдний ялихгүй хэсэг нь үндсэн зоноосоо тасарч, бага юэчүүд гэдэг нэртэйгээр Нань-шаньд үлджээ, харин олонхи хэсэг нь эсэргүүцэн тэмцэлдсээр байв.

Сүүлдээ, юэчүүдийн захирагч Кидолу хүн-чүүдтэй хийсэн байлдаанд алагджээ. Түүний цогцсыг дайснууд нь олзлон авч, толгойгоор нь Лаошань шанью аяга хийжээ. Юэчүүд бүрэн сүйдсэн он цагийг яг тогтооход хэцүү, гэлээ ч энэ үйл явдал мэө 174-165 оны хооронд болсон бололтой. 165 онд Кидолугийн залгамжлагч үлдсэн хүмүүстэйгээ хамт Сыр-дарья мөрнийг гаталж (24, с.100), Аму-дарья мөрний эрэг дээр Македоны Александрын эзэнт улсын тасархай Грек-Бактрийн улсынхантай тулгарчээ. Ертөнцийг байлдан дагуулагчдын угсаа «грекийн хүнд зэвсэгт явган цэрэг номхотгох аргагүй пельтастууд» 150 жил тайван сайхан амьдарснаас болж байлдаанч чадвараа алджээ. Тиймээс ч тэдний байлдах ур чадварыг хятадууд их л доогуур үнэлсэн байдаг, тэдний номд «сул дорой бөгөөд тулалдаанаас айдаг ард түмэн» гэж тэднийг тодорхойлжээ.

Улаанаар тэмдэглэсэн нь юэчүүд

160 онд Бактрийн улсаас Согдууд юэчүүдийн дэмжлэгтэйгээр салав. 129 онд хүнчүүд Бактрийг өөрийг нь нэг их зовлонгүйгээр эзлэн авчээ, тэгээд ч Бактрийчүүд нэгэнтэй дайнд гашуунаар ялагдсан байсан болохоор хүн-чүүдтэй байлдах тухай бодсонгүй.

Юэчүүдийн орхисон нутаг дэвсгэр-Долоон усыг сакууд болон үлдэгдэл юэчүүдтэй холилдсон үсүнүүд эзлэн авав. Хүч чадал нь нэмэгдсэн үсүний эзэн «шанью-г бие барсны дараа» Хүн улс руу очихоо болих, өөрөөр хэлбэл, хэрэг дээрээ салан тусгаарлах бололцоотой боллоо гэж үзжээ. Үсүнчүүдэд тогтоосон захиргаагаа сэргээх гэж хүн-чүүд оролдсон авч бүтэхгүй л байв. Энэ үйл явдал хэзээ болсон бэ? Энэ үйл явдал үсүнчүүд хүн-чүүдтэй нийлж байгаад юэчүүдийг ялсны дараагаар, өөрөөр хэлбэл 165 оноос хойш болсон, тэгэхлээр, үсүнчүүд салан тусгаарлах гэсэн нь мэө II зууны тавиад оны үед барагцаалбал 158, 154 оны хооронд болсон байх, энэ үед хүн-чүүд Хятадад дайн хийж баруун талдаа байлдах хангалттай хүчгүй болчихоод байсан юм.

Үсүнчүүд хүн нар лугаа адил дотооддоо тийм их найртай байж чадаагүй. Үүнийг дор дурдсанаас харж болно. Үсүнчүүд 120 мянган өрхтэй, 630 мянган хүн амтай, өөрөөр хэлбэл нэг өрхөд таваас доошгүй хүн ногдож байв. Энэ бол ураг бус, харин ерийн л нэг хос гэр бүл юм. Эхнэр нь нөхрийнхөө өмч нь, түүнийг хэнд ч хамаагүй өгч болно, үсүний эзэн нэгэн хятад гүнжийг найздаа бэлэглэжээ, өөр нэг том ноёнтон эхнэрээ үеэл дүүдээ өгсөн гэх зэрэг. Үсүнчүүдэд хөрөнгийн ялгаа ихээхэн тодорсон байв, дөрвөн мянган адуутай баян хүний тухай сурвалж бичигт дурджээ.

Улаанаар тэмдэглэсэн нь үсүнчүүд

Үсүнчүүдийн улс төрийн тогтолцоо хүн-чүүдийнхээс хамаагүй хялбархан байв. Ард түмнээ гуньмо хэмээх хэргэмт толгойлно. Хятадын сурвалж бичигт хэлснээр бол үсүнчүүд ердөө л 16 түшмэлтэй, 188 800 цэрэгтэй. Харин энэ цэрэг бол аюумшигт хүч, тэгэхдээ тэр үед үсүнчүүд хүн-чүүдтэй найрсаг амьдарч байв. Баруун хөршүүдтэйгээ дайсагналцаж байсан учир өөр аргагүй байсан биз.

Баруун талаас Үсүнь руу Өлсгөлөнгийн тал нутаг дахь Кангюй-гийн эзэмшил хаяа нийлнэ. Энэ улс Үсүнээс хоёр дахин хүч султай бөгөөд хүн-чүүд юэчүүдийн хооронд завсрын хамгаалалт болдог байв. Кангюй дахь хүн-чүүдийн ноёрхол ёс төдий байсан бололтой, юу гэвэл, энэ ноёрхол Хүн нарын эзэнт улсын баруун хилийг хамгаалж дорно зүг рүү анхаарахад нь тусалж байв. Үсүнь болон Кангюйгаас өмнө тийш байсан Согд орон хүн-чүүдэд захирагддаггүй байсан ч гэсэн тархай бутархайгийн улмаас (энэ улс бие даасан 70 эзэмшилд хуваагддаг байв) аюул тарьж чадахгүй байв. Ийм болохоор Лаошань шанью юэчүүдийг бут цохисноор баруун талаа бүрэн хамгаалж «Баруун хязгаарын» вант улсад манлайллыг гартаа авав. (тэр үед хятадууд Синьзяныг Сию гэдэг байжээ).

 
ДОТООД БОДЛОГО

 

«Улс гүрнийг морин дэл дээр байгуулж болно, гүрнийг морин дэл дээрээс удирдаж болохгүй» гэж Чингис хааны үеийн улс төрийн энэрэнгүй зүтгэлтэн Елюй Чуцай хэлсэн гэдэг. Үүнийг Хүн гүрнийг үндэслэгч Модун шанью ойлгож байжээ.

Захиран жолоодох амьдралынхаа сүүл рүү тэрээр хятадын дүрвэгсдийг өргөн ашиглаж хятадын хаан ордонтой харьцах дипломат ажиллагаандаа хэрэглэдэг байв. Лаошань-шанью ч эцгийнхээ замаар явсан бөгөөд Хятадын элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хүчээр орж ирсэн тайган Юе-г өөрийнх нь талд оръё гэхэд нь дуртайяа хүлээн авч асрамжилжээ.

Юе нь хүн ам, мал сүрэг, эд хогшил тоолох, данс хөтлөхөд шанью-гийн ойр дотныхныг сургасан байна. Энэ арга хэмжээ хүн гүрний дотоод хэрэгт асар том эргэлт болжээ. Шанью болон түүний ойр дотныхонд (тэд бүгдээрээ түүний төрөл төрөгсөд байв) орж ирж буй татварыг шанью-гийн ургийнханд хуваана, энэ нь Модун өөрөө ч мөрөөдөж чадахааргүй тийм их бололцоог шанью-гийн гарт өгчээ. Түүний шууд үр дагавар болж шанью-гийн «Тэнгэр, газраас төрж, нар сарнаас тавигдсан хүн нарын аугаа их шанью» гэсэн хэргэм буй болжээ.

Засаглах эрх ингэж «бурхны ивээлээр» тодорхойлогдов, бусад нь эсэргүүцэх бус, захирагдах үүрэгтэй. Шаныо-гийн шинэ онцгой эрх хуучны дэг ёсонд үнэхээр харшилж байв, ард түмэн эсэргүүцэж, бослого хөдөлгөөн гарч болмоор ч харшилж байв, гэтэл ийм юм болсонгүй. Харин ч шанью-гийн эрх мэдэл хөдөлшгүй нэр хүндтэй байв. Хүн-чүүд хуучин цагийн эрх чөлөөгөө тавьж өгсөн нь дэмий хэрэг биш байж л дээ. Үүний төлөө тэд хүслээ хангасан хариу авсан байна. Олзноос орох орлого, эзлэгдсэн аймгуудаас авах татвар бүгдээрээ л шанью-гийн санд орчихдоггүй байв. Тэдгээрийн үлэмж хэсэг нь цэргүүдэд үлдэх бөгөөд хүнчүүдийн үй олон бүсгүйчүүд арьсан дээлээ торгон тэрлэгээр сольжээ. Хүн-чүүдийн хоол унданд айраг, бяслагны зэрэгцээ дарс, талх, хятад амттан нэмэгдэв. Хүн гүрэнд эд баялаг агуу их, тансаглал, бас түүнтэй хамт ёс суртахууны уналтын үе эхэлсэн гэж сурвалж бичигт дурджээ.

Шинэ эзэндээ чин зүрхнээсээ үнэнч, алсын хараатай Юе энэ өөрчлөлтөөс гарах аюулын тухай сануулан хэлж байжээ. Тэрээр Лаошань шаньюд: «Хүн-чүүд тоо толгойгоороо хятадын нэг мужийн хүн амтай ч дүйцэж чадахгүй, гэвч тэд нүүдэлчдийн онцгой сайн хувцас, хоолтой учир Хятадаас хамаардаггүй. Одоо шанью чи зан заншлыг өөрчилж, хятад юманд дурлах болов. Хэрэв Хятад улс эд юмсынхаа аравны нэгхэнийг л хэрэглэх (худалдаж авахад Л.Г.) юм бол хүн-чүүд толгой дараалан Хань угсааныхны ордны талд орох болно. Хятадаас торгон болон цаасан эдлэл авч өвстэй ургамал дундуур гүйж хувцсаа цоол, ингэснээрээ хятад хувцас чанараараа ноосон болон арьсан хувцсыг гүйцэхгүй гэдгийг харуул. Хятадаас идэх юм аваад түүнийг нь бүү хэрэглэ, ингэснээрээ та нар сүү, бяслагаа илүүд үзэж байна гэдгээ харуул» гэж захижээ.

Юе-гийн хөтөлбөр бүтэшгүй байв. Ёс суртахуун унасан шалтгаан нь ганц шанью биш байлаа, хүн-чүүд өөртөө харь бөгөөд асар том суперэтносын тогтолцоотой хүн ёсны шууд холбоонд орсонд их учир явдал оршин байв. Угсаа гарвалийн зангаргын шатанд гарсан, асар их материаллаг нөөц бүхий Хан захиргаат Хятад орон бага залуу, өсөж яваа хүнчүүдийн этност нэн их нөлөөтэй байлаа. «Эд юмсын хүч» хүн-чүүдийн хэрэгцээг нэмэгдүүлэх зам руу чангааж, ингэхлээр, аж байдлаа өөрчлөхөд түлхэж байв. тэгэхдээ ийм үйл явцын үр дагавар багагүй хугацаа, хоёр, гурван ч үе өнгөрөх хугацаа (50-70 жил) шаардах байв, харин одоохондоо бүх юм таатай мэт бөлгөө. Хүн-чүүдийн тэгтлээ их таашаадаг бүтээгдэхүүний ихэнх нь Хятадаас ирж байсан болохоор түүнийг улам их нэмэгдүүлэх эрмэлзэл төрөх нь зүй ёсны байлаа. Модун болон Лаошанийн үед хятад бүтээгдэхүүн хүн-чүүдэд шанью-д өргөсөн «бэлэг» маягаар бага хэмжээгээр ирж, түүнийг харьяатуудтайгаа хуваадаг байжээ. Ингэж хуваахыг болихын тулд шанью Хятадтай худалдаа арилжаа хийхээр шийдсэн боловч хятадын засгийн газрын эрс эсэргүүцэлтэй тулгарчээ.

Хан угсааныхны Ордон Хятадын дотоодод татвар оногдуулах систем тогтоож цэргийн болон түшмэдийн армийг тэжээхийн тулд хүн амаасаа аль болох их бүтээгдэхүүн татан авч байв. Гадаад худалдааг ордны гарт барих нь ч гарцаагүй байв, учир нь төр эндээс зохих орлого олж байжээ. Энэ системээс нэгд, Хятадын татвар төлөгч хүн ам, хоёрт, хэрэгцээнээсээ хамаагүй дутуу тариа, бүс даавуу авч байсан хүн-чүүд хохирч байв. Энэ хоёрын аль аль нь шууд арилжаа хийхийг сонирхож байлаа, хэрэв тэгвэл орлого нь харьяат албадуудтайгаа өрсөлдөхөд хүрсэн засгийн газрын сан хөрөнгөөс гарах байлаа. Энэ зөрчил дайнгүйгээр шийдэгдэж чадахгүй, тэгээд ч дайн ойртож иржээ.

 
ХЯТАДТАЙ ХИЙСЭН ДАЙН

 

Юэчүүдийг дуусгаж, ингэснээр гар хөлөө сулласан Лаошань шанью Хятад руу оров. 166 онд тэрээр 140 мянган морьт цэрэгтэйгээр Баруун хойд Хятад руу нэвтрэн орж «үй олон хүн ард, мал сүрэг, эд хогшил булаан авч», эзэн хааны зуны ордныг шатаажээ. Хүн-чүүдийн морин цэргүүд Чанань нийслэлээс дөчин мод газрын зайд өлбөлзөн давхилдаж байв. Эзэн хаан цэргийн дайчилгаа зарлаж, Сыма Цяны мэдээлж байгаагаар бол, мянган тэрэг, 100 мянган морин цэрэг, гурван туслах корпус цуглуулсан боловч цэрэг мордох гэж ядаж байх хооронд хүн-чүүд нэг ч хүний гарзгүйгээр бүх олзоо аван нутаг руугаа оджээ.

Түүнээс хойш хүн-чүүд бүтэн дөрвөн жилийн турш уулгалан довтолж хятадын хилийн мужуудыг хоосолж байв (ялангуяа Лаодун ихэд хохирчээ). Үндсэн цохилтыг баруунаас, хүн-чүүдийн саяхан эзлэн авсан газраас, хятад бус хүн амтай мужаар дамжин өгдөг байлаа. Байлдааны ажиллагаа мэө III зуунд л Хятадад эзлэгдсэн «икюй-гийн жүн-үүдийн орон Бэйдид (дорнод Ганьсу) өрнөж байв. Зөвхөн орон нутгийн хүн амын дэмжлэгтэйгээр л хүн-чүүд хятадын төв рүү цөмрөн орж байжээ гэсэн бодол төрдөг юм. Аян дайн өөрөө бага юманд хүргэж байсан боловч хятадын морин цэргийг баруун тийш нь татав, энэ үед Иныпаны хүн-чүүд дорнод хилийг бүхэлд нь талж орхив. Эцэст нь 162 онд эзэн хаан Вэньди найрамдлын гэрээ байгуулах саналыг Лаошань шанью-д тавьжээ; шанью хариуд нь нэгэн данху-г (бага шиг тушаалтан) илгээсэн нь чухамдаа үл тоосны илэрхийлэл байлаа.

Данху хятадын эзэн хаанд хоёр морь бэлгэнд аваачжээ. Чухам ямар морьд байсан тухайд хятадын сурвалжид дурдаагүй. Тэглээ ч Вэнь-ди гоморхохгүй байх нь зөв гэж үзэн бэлгийг хүлээн авч найрамддын гэрээ байгуулжээ. Хятадын хувьд энэ гэрээ хүнд бөгөөд гутамшигтай байв. Хятад улс Хүн гүрэн хоёр адил тэгш улсууд гэж хүлээн зөвшөөрөв, дээр нь Хятад өөрийнхөө хөрш улс хүйтэн уур амьсгалтайг «харгалзан» хойд зүгт Хүн нарын шанью-д жил бүр «тодорхой хэмжээний хар будаа, цагаан будаа, хоргой, бүс даавуу болон янз бүрийн эд юмс» илгээж байхаар болжээ. Энэ бол нуугдмал албан татвар байлаа.

Гэрээ ёсоор бол хуучин дүрвэгсдийг буцааж авахгүй, шинээр дүрвэгчдийг цаазална. Хүн гүрэн Хятадаас улс төрийн маргаангүй давуутайг гэрээ харуулсан боловч чөлөөт худалдааны тухайд тэнд нэг ч үг дурсаагүй байна.

Лаошань шанью хүү Гүнчиндээ Хятадтай худалдаа хийх асуудаыг шийдэлгуйгээр үлдээн 161 онд өөд болжээ. Гүнчин дөрвөн жил энхийг сахиад юунд ч хүрэхгүй болохоор нь 158 онд дайн эхлүүлсэн байна. Тус бүр 30 мянган (?!) цэрэгтэй хүн-чүүдийн хоёр отряд Хятад руу хойноос болон баруунаас нь нэвтрэн орж дээрэм тонуул хийгээд буцав. Хилийн галын дохиолол довтолгоо эхэлсэн тухай цаг алдалгүй мэдээлж чадсан боловч хятадын засгийн газар армиа хурдан дайчилж амжсангүй, хятадын цэрэг хил рүү дөхөж ирэхэд хүн-чүүд аль хэдийн тал нутаг руугаа алс хол буцчихсан байв. Дараагийн жилүүдэд хүн-чүүд ихээхэн амжилттай байлаа. 157 онд Вэнь-ди нас барав, 156 онд хаан ширээнд Зин-ди суув. Энэхэн хугацаанд бүлэглэлүүдийн хооронд ширүүн тэмцэл болжээ. Ялагдагсдыг сүйд хийх байсан болохоор бослого гарган хүн-чүүдээс тусламж гуйжээ. Гэвч шинэ засгийн газар дотоодын бэрхшээлийнхээ учрыг олж амжив. Хүн-чүүд дэмжээгүй учраас бослого 154 онд дарагджээ. Ингэснээр хүн-чүүд санасандаа хүрэв, юу гэвэл, 152 оны гэрээ ёсоор чөлөөт худалдааны хилийн зах нээгдэж, түүгээр ч барахгүй хятадын гүнжийг шанью-д ихээхэн инжтэйгээр илгээв, 152 он Хүн гүрний хүчирхийллийн ноён оргил нь боллоо.

 
ДОРНОД ХИЛ

 

Дорнод болон умар дорнодод хүн-чүүдийн шанью бүрэн эзэн нь болж байв. Дунху нар 209 онд бага зэрэг эсэргүүцээд дагаж оров, тэр цагаас эхлэн тухайн үедээ нэн хүчирхэг явсан дайчид шинэ эзний үнэнч харьяат болжээ. «Дунху» хэмээн нэр ч алга болов; тэдний удам ухуанчууд хэмээн нэрлэгдэх болов. Тэд өвөр манжуурын тал нутагт хятадтай хиллэн аж төрж байв. Ухуаньчуудаас хойш, Баруун Манжуур, Баргад тэдэнтэй ураг төрөл нэг сяньбичүүд Байгаль нуурын дорнод чанадад, Аргун мөрний эргээр Косоплети тоба нар аж төрмү. Тэд бүгд Монгол аймгууд байлаа.

Аймгуудын янз бүрийн нэрээс болж будлих хэрэггүй. Евразид бүхэл бүтэн ард түмэн нэрээ байнга сольж заримдаа захирагчийнхаа нэрээр, заримдаа суудаг газраараа, заримдаа хочоороо нэрлэгдэх нь олонтаа. Ухуаньчууд айл айлаар, өөрөөр хэлбэл өрх өрхөөрөө тусдаа амьдарна, гэвч аюулгүй байдлаа хангах зорилгоор 100-аас 1000 хүртэл гэрээр хүйн нэгдэлд нэгддэг байв. Тэднийг сонгогдсон омгийн тэргүүлэгчид нь удирдах бөгөөд ахлахын нэрээр хүй нэгдлийг нэрлэчихдэг байв. Ахлах болохын тулд «эр зоригтой, хүчтэй, ухаантай» байх ёстой. Энд хүн-чүүдээс арай өөр хөгжлийн зам ажиглагдаж байна. Эртний Монголчуудад ураг юмуу аймаг бус, харин ордууд бүрэлдэж байв. «Орд» гэдэг бол тодорхой зохион байгуулагдсан, тодорхой тоо бүхий хамтран амьдарч байгаа хүмүүсийн нэгдлийг заасан үг. Орд цус, шашин, хэл, зан суртахууны хамгийн олон янзын эд эсээс тогтож болно, энд хамгийн гол зүйл зохион байгуулалт билээ. Ордыг хан (сяньби үг) толгойлно, ханыг гол төлөв ордын бүрэн эрхт гишүүдийн нэгдсэн хурал болсон хурилдайгаар батлах юмуу сонгодог. Хүн-чүүд ургийн, язгууртны зарчимтай бол эртний Монголчуудад «ардчилсан» зарчим ноёрхож байв. Орд бол ургийн гүрэн лүгээ адилаар бат тогтвортой байж чадахгүй нь ойлгомжтой. Орд эрч хүчтэй удирдагчийн үед хурднаар цэцэглэн мандаж, авьяас чадваргүйнх нь үед доройтон мөхдөг байв. Гэвч хүмүүс шилж сонгох зарчмаа барьдгийн ачаар нөөц чадвар нь үлэмж илүү байдаг байв. Орд төрийн систем мөнийн хувьд нүүдэлчдийн улс төрийн зохион байгуулалтын хамгийн их амьдрах чадвартай хэлбэр юм. Гэвч мэө II зууны үед Монгол орд зөвхөн төлөвшиж эхэлж байв, харин хүн-чүүд эртний Монголчуудын тархай бутархай хүй нэгдлүүдийг ямар ч саадгүйгээр захиран жолоодож байлаа. Тэд Монголчуудаас арьсаар татвар авч, татвараас зайлсхийснээс нь авгай, хүүхдийг нь хүртэл булаан авдаг байжээ. Эртний Монголчуудын зан төрхийн тухай яриагаа дуусгахын тулд тэдний угсаатны гарал зүйн зарим онцдогийг дурдъя. Ухуань болон сяньби нар гэрийн зарц гэдгийг мэддэггүй байв. Сурвалж бичигт «ахлахаас авахуулаад жирийн малчин хүртэл бүгд мал сүргээ маллаж, өмч хөрөнгөндөө санаа тавьдаг байв» гэжээ; гэр бүлийн амьдралд ч зарчим барьдаг байв. Эмэгтэйчүүд нь өндөр хүндэтгэл хүлээнэ, түүнийг зодож болохгүй; охид хайр сэтгэлээрээ эр нөхөрт гарна, инжээ өөрөө эзэмшинэ; цэргийнхээс бусад бүх ажил хэргийг бүсгүйчүүд шийднэ. Хүнээр өргөл барьц хийдэггүйгээрээ шашин нь хүн-чүүдийнхээс ялгагдана. Хууль цааз нь бас зөөлөн, байлдааны үед буруудвал цаазална, харин хулгай хийх, хүн амины хэрэг гаргах үед малаар торгоод л болно. Хэрэгтнийг цөлөх нь олонтаа; цөлөгдөгчийг хэн ч хүлээж авах эрхгүй. Товчхон хэлбэл, энэрэнгүй атлаа дээд ёс суртахууныг доод хэмжээний эрмэлзэлтэй хосолсон дэврүүн чанараар тун сулхан амьдрал тэнд харагддаг юм. Ийм ард түмнийг хятадууд нэг их тоодоггүй байсан нь ойлгомжтой хэрэг.

Манжуур болон Амар мөрөн хавийн ойн аймгууд тэр үедээ хятадуудад мэдэгдээгүй байв, тэдний тухай ямар ч мэдээ үлдээгүй. Гүн их ой руу хүн-чүүдийн засаглал нэвтрээгүй байсан бололтой.

Л.Гумилевийн "Хүн гүрэн" номыг Интер номын дэлгүүрийн бүх салбараас худалдан авч болно.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 9 сар 25. 10:59
Монгол

Гумилевийн нэг том андуурал нь Хүннүчүүд бол Монголчуудын шууд өвөг дээдэс гэдгийг мэдээгүй явдал. Хүннүчүүд бол яах аргагүй Монголчуудын өвөг дээдэс мөн. Чингис хаан ч өөрөө хэлсэн байдаг

2018, 8 сар 28. 10:27
Зочин

bna

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]