Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бидний зорилго

Эх түүхээ сурталчлах, хамгаалах, дотоодын бөгөөд дэлхийн түүх, шинжлэх ухааны сонирхолтой өгүүлэл, нийтлэлүүдийг уншигчдадаа, залуу үедээ хүргэх зорилгоор бид www.tolgoilogch.mn вэбсайтыг ажиллуулж байна.

Толгойлогч.мн вэбсайт нээгдэх болсон шалтгаан, нөхцөл

Монголчууд бидний амьдран буй, оршиж байгаа тал нутагт найман зууны тэртээ өвөг дээдэс маань Их Монгол Улсаа байгуулж, бөөрөнхий цагаан гэрээсээ дэлхийн ирээдүйг зурж, бодлогыг нь тодорхойлж байлаа. Түүнээс өмнөх мянган жилийн тэртээ ч Азийн цээжинд төрт улсаа байгуулж, тал нутгаас үсэрсэн хүннүчүүд хүн төрөлхтөний түүхийн бас нэгэн арвин үүц болж ирсэн Ромын эзэнт гүрнийг чичрүүлж, хувь тавиланг нь зааж өгсөн тухай түүхийг бид бахархан ярих дуртай. Мянганы суут хүнээр монгол хүн, эзэн Чингис маань тодорсон нь ч бидний бахархлыг төрүүлдэг.

Нөгөөтэйгүүр дэлхийн ямар ч үндэстэнд байдаггүй бидний ийм бахархам түүхийг өөрийн болгож өмчлөх санаархалтай улс орнууд ч цөөнгүй байгаа тухай бид бичиж ярьсаар, эгдүүцсээр ирсэн.

Тэгэх мөртөө шинэ мянганы мэдээллийн зах хязгааргүй урсгалд хөл алдан хөвж яваа монголчуудын байгуулсан хэдэн зуун мэдээллийн вэбсайтууд дундаас эх түүхээ хамгаалах, сурталчлах байтугай Монголын бөгөөд дэлхийн түүхийн тухай өгүүллүүдийг нэг дороос унших зориулалттай нь нэг ч алга байлаа. Зөвхөн түүхч, судлаач, эх түүхээ сонирхон бичигчдийн цахим блог, хаа нэгтээ сайтуудаар алдаг оногхон нийтлэгдэх түүх, шинжлэх ухааны контентуудаас л бид энэ хэрэгцээгээ хангаж байв.

Яг ийм нөхцөл байдал дундаас түүх сонирхогч залуус бид “Толгойлогч” төслийг зориглон хэрэгжүүлж эхэлсэн юм.

Төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сарын 06-нд www.tolgoilogch.mn вэбсайтаа нээж уншигч олондоо хүргэсэн билээ.