Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (1-р хэсэг): Нацистын пуужингийн төлөө
Сансрын аялал урт удаан хугацааны туршид мөрөөдөл төдий зүйл байв. Гэвч түүнийг бодит байдал болгохын төлөө хоёр эрдэмтэн оюун ухаанаа хурцалж, түүхэн өрсөлдөөнд татагдан орсон юм. Дэлхийн 2-р дайны төгсгөл үед Америк, Зөвлөлт улсууд Германы пуужингийн технологийг олзлохын төлөө өрсөлдөв. Цаг үеэс хол түрүүлсэн пуужингийн суутан Вернер Вон Браун сансарт тэмүүлэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд Америкт дагаар оржээ. Фон Брауны өнгөрсөн түүхэнд пуужингийн үйлдвэрт хоригдлуудыг ажилуулж байсан зэрэг хар толбо цөөнгүй. Тэгвэл түүний үл мэдэх өөр нэгэн суутан, засан хүмүүжүүлэхийн хоригдол асан Сергей Королев Зөвлөлтийн пуужингийн технологийн гол хүн болсон тул түүний тухай бүхий л мэдээллийг нууцалсан юм. Дайны дараа Европ тив төмөр ханаар тусгаарлагдаж, социалист зүүн, капиталист баруун хэсэгт хуваагджээ. Мөн Зөвлөлт, Америк хоёр их гүрэн цэргийн технологийн өрсөлдөөнд нэгэн зэрэг орсноор Хүйтэн дайн эхлэв. Тэдний аль аль нь эсрэг талаас ирэх цөмийн довтолгооны аюул заналаас болгоомжилж байсан юм.
Хиймэл дагуулын өрсөлдөөн
1952 онд Америк улс хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй зэвсэг болох устөрөгчийн бөмбөгийг бүтээжээ. Зөвлөлт ч мөчөөгөө өгсөнгүй, дараа жилийн 8-р сарын 12-нд мөн адил анхны туршилт хийснээр цөмийн зэвсгээр давуу байдал олохыг эрмэлзсэн өрсөлдөөн эхлэв. Энэ үед пуужингийн технологи хөгжүүлэлтийн багийн ахлагч Королевт таван тонн жинтэй шинэ цөмийн зэвсэг хөөргөх чадалтай пуужин бүтээх үүрэг өгөгдсөн байна. Зөвлөлтчүүд цөмийн зэвсгийг анх нисэх онгоцоор тээвэрлэхээр төлөвлөж байсан ч онгоцны хурд харьцангуй удаан учир довтолгоонд амархан өртөх эрсдэлтэй хэмээн пуужинг сонгожээ. Хэрэв 8000 км зайг туулах чадал бүхий пуужин бүтээвэл цөмийн зэвсгийг Америкт хүргэж, эх орноо хамгаалах боломж бүрдэнэ. Королев цэргийн эрх мэдэлтнүүдийн хүслийг биелүүлэх замаар олон жилийн мөрөөдөл болсон сансрын аялалд дөхөж очно гэж найдаж байв. Сансрын аялалд хүрэхийн тулд эхлээд хиймэл дагуул хөөргөж, дараа нь сансарт хүн нисгэх ёстой. Королев энэ бүхнийг сайн мэдэж байсан ч нөгөө талд хүчтэй өрсөлдөгч байгааг ч бас мартаагүй байв. Харин бодит байдалд тэр өрсөлдөгч нь томоохон саадтай учирч, тулгамдаж байв.
Америкийн Хуурай замын цэргийн хүчинд ойрын зайн бага оврынхоос илүү хүчтэй пуужин бүтээхийг хориглосон хязгаарлалт тавигдаж, түүнд харъяалагдах фон Брауны төлөвлөгөө хийсэн одоход ойрхон байв. Төсөв, санхүүжилт ч танагдаж, сансрын технологийн хөгжүүлэлт хоёрдугаарт тавигдах болсон байна. Мөн сайн мэргэжилтнүүдээ цалин хангамж өндөртэй хувийн компаниудад алдаж эхлэв. Энэ бүхэн илүү том пуужин бүтээж, хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөг нь үгүй хийхэд хүргэнэ. Үнэндээ сансрын технологийн ач холбогдлыг фон Браун, Диснейн суваг хоёроос өөр хэн ч ойлгохгүй байв. Харин энэ үед фон Брауны үл мэдэх өрсөлдөгч Королев шинэ пуужин бүтээх ажилдаа шамдан орж байв. Тухайн үеийнхээс тав дахин илүү жинтэй ачааг 15 дахин хол зайд хүргэхийн тулд хоёр дахин өндөр хурд, 20 дахин их хэмжээний энерги шаардагдана. Королев шинэ пуужин шинжлэх ухааныг дэвшилд хүргэнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрч байв. Гэхдээ түүнийг бүтээхэд хэцүү.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү