8 минут унших

Буянто аварга ба Вандан заан

Сэцэн хан аймгийн Дорнод нутагт Аюур зайсангийнх гэж адуу мал олонтой, ардаг догшин ихтэй нэгэн айл байсан гэдэг. Нэг өдөр Аюур зайсан гэртээ суугаад чөдөр зангидаж байтал, явуулын бололтой нэг том хархүү иржээ. Монгол овогтны хаа ч байдаг ёсон заншлаар цай идээ өгч, энэхэн тэрхнийг ярьж байхын завсар хаа зорьж явааг нь асуувал Даншиг наадамд очих санаатай явна аа гэж ажиг ч үгүй хариулж гэнэ. Наадам олонтой, бөх элбэгтэй цаг болохоор Аюур зайсан ч нэг их санаанд орсонгүй. Тэр ирсэн хархүү, газар нутгийн байдал, зун зуншлага зэргийг ярьж сууснаа, зангидсан чөдрөөс нь нэг овоо сайн хар суран чөдрийг нь аваад үзэж сууж гэнэ. Аюур зайсан олон эмнэг адуутай тул ногт чөдөр тэсдэггүй тул тийм ч амар тасрахгүй чөдөр хэдтэй болох санаатай зориуд ноцолдож суугаа нь энэ бөгөөд тэр ирсэн хүний барьж үзэж байгаа хар суран чөдөр бол тусгайлан хийсэн хамгийн бэх бат мундаг чөдөр нь байсан болохоор, - За хө, ямар болж вэ дээ гэж бахархан, гайхуулсхийж асуужээ. - Яах вэ дээ гэж цаад хүн их л голонгуй маягтай дуугарчээ. - Иш хүү минь! Арай голж байгаа юм биш биз дээ? Эр хар сурыг дөрөв дарж сумласан, давхар суран алгатай, дөрвөн давхар хаатай ийм чөдөр ч ховор байдаг байлгүй! Үүгээр чөдөрлүүлсэн морь ч, төмөр хөлтэй л юм эс бол барагтай бол таслах нь ч гайгүй байлгүй. Элдүүр, идээ хоёр нь ч овоо л таарсан эр үхрийн зооны сур даа хө. Чи долоон хошуу наадамд очих гэж яваа хүүхэд байна. Бодвол барилдах л гэж яваа биз дээ, харсаар байтал. Ер нь наадхаа нэг татаад үз л дээ гэж Аюур зайсан яриад инээж гэнэ. - Татвал тасарчих байлгүй дээ гэж тэр залуу эр тоглосон шинжгүй хэлжээ. Тэгэхээр нь Аюур зайсан жаахан хоролхож, - Таст л даа хамаагүй. Дийлдэг л юм бол! Ер нь гайгүй л болов уу гэж санах юм. Гомдлын мөрт үзвэл нэг үз л дээ хүү минь! гэж Аюур хэлж дуустал тэр хүн чөдрийг урдаа хөндийхөн барьж нэг ч их хүч гаргалгүй татаад амархаан тасалчихжээ. Ер бусын энэ явдалд гайхахын ихээр гайхсан Аюур зайсан нүд нь их болж, - За хүү минь алдар хэн гэл ээ дээ? гэхэд цаад хүн, - Миний нэр Дугар гэжээ. - Аль нутаг вэ? гэвэл, - Сэцэн ханы Сан бэйсийн хошуу Хөгнө хавиар нутагтай, их шавийн галын голын отгийн хүн дээ! гэж гэнэ. Ийнхүү Дугарын нэр нутаг хошуунд тархаж эхэлжээ. Мөн тэрнээс хойхно, нэгэн зун болсон явдлыг дурдъя. Урьд Сан бэйсийн бөхчүүд тэр үеийн долоон хошуу даншигт бөөнөөрөө морин хөсгөөр аялан ирэх замдаа нэг нэг өдрөөр урьдчилан явж ус олж, аргал түлш түүдэг байжээ. Гэтэл нэг өдөр Дугар аваргын ээлж болж урьдчилан явж байтал худагт толгойгоороо унаж үхсэн үхрийг татан гаргахаар ноцолдон ядаж байсан баахан хүмүүстэй тохиолджээ. Тэгээд тэдгээр хүмүүсийн татан гаргаж чадаагүй байсан тэр үхрийг Дугар аварга ганцаараа чангаан худгийн хашаа модны хамтаар суга татан гаргасанд тэдгээр хүмүүсээс гайхалдан Дугар аваргын нэрийг асуусанд нэрээ нээцалж цугларан байсан хүмүүсийн тоогоор 21 муу гэдэг хэмээн хариулсан учраас 21 муугийн худаг гэж түүнээс хойш алдаршсан нэг худаг бий гэж одоо хүртэл малчид ярилцдаг билээ. Бадаргуулт төрийн 16˗р он буюу 1890 оны цагаан бар жилийн долоон хошуу даншиг наадамд Дугар аварга, түүний ах Гэлэгсэнгэ нар хоёул ирж барилджээ. Гэтэл дөрвийн давааны үеэр бөхчүүд ид ам угтуул авалцаж байхад Дугар аварга, онооны түшмэлээр уламжлан Богд болон амбан сайд нарт айлтгасан нь, «Миний төрсөн ах Гэлэгсэнгэ олон жил барилдсан бөгөөд улсын далай даян аварга мөн боловч, эдүгээ дархан аварга хараахан болоогүй билээ. Харин энэ жилийн наадамд барилдан түрүүлж, дархан аварга болох зорилготой анх нутгаас гарч ирсэн бөгөөтөл ид барилдаж явтлаа нуруугаар нь хатгах хууч хөдөлж барилдаж эс чадлаа. Иймд, нэгэн эхийн хэвлээс зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нь би мөний тул, ахынхаа зорьж ирсэн дархан аваргыг нь өөрийн биеэр барилдан авч өгөхийг хүснэм. Үүний тул нэгэн удаа ах Гэлэгсэнгийн өмнөөс, нэгэн удаад өөрийн өмнөөс, энэ наадамд оноо бүрд давхар барилдахыг тогтоон соёрхоно уу» гэжээ. Үүнд Богдоос баахан бодож, амбан сайдад уламжилсан бөгөөд амбан сайдын газраар бөөн яриа болсоор «Дугар нь өөрийнхөө болон ахынхаа өмнөөс, нэг даваанд хоёр хүнтэй барилдахыг зөвшөөрөв. Харин энэ учраа нарын аль нэгэнд нь унах аваас шийтгэх болно» гэсэн хариу иржээ. Ийнхүү Дугар аварга, даваа бүхэнд хоёр хүнтэй барилдаж эхэлжээ. Дугарын ах Гэлэгсэнгэ бол далай даян аварга учир үе бүрийн эхний гараанд гарах бөгөөд Дугарын гараатай зэрэгцэж таардаг тул гарах бүрийд нь хоёр бөх амдаад зогсож байх нь хөндлөнгөөс харахад сүрдмээр байсан гэдэг! Гэтэл Дугар аварга, учраа бүхнээ, хоёр хоёроор нь ялсаар яваад 10˗ын даваанд, Засагт хан аймгийн Лу жанжин гүний (одоогийн Увс аймгийн Туруун, Өндөрхангай сумдын нутаг) Ламзав аварга гэгчтэй нэлээд удаан ноцолджээ. Үүнд, сонирхогч хүмүүс машид сандран хүлээж, зарим нэг нь «энэ Дугар гэгч, Халхад өөрөөсөө өөр эр хүн үгүй юм шиг дэндүү онгирсон хүн. Унаасай билээ!» гэж, зарим хэсэг нь «Аварга маань яагаад ингэж удав. Арай унаж харлахгүй байгаа даа!» гэж түгшиж, их наадмын талбар тэр аяараа амьсгал даран хүлээжээ. Гэтэл Дугар аварга, Ламзавыг орхиж хэлсэн амандаа хүрэхэд, энэ их хүний агуу хүчин чадлыг бахархан гайхсан наадамчин олон, сая л нэг амьсгал аван шуугилдаж шагшин магталцаж баяр талархал болов. Ийнхүү Дугар аварга өөрийн 11, ахынхаа 7, бүгд 18 даваанд нэр төртэй ялсаар түрүүлж, ахдаа дархан аваргын цолыг авч өгсөн гэдэг!

Богдын даншигт анх удаа ирж барилдсаныхаа дараах хавар Буянтогтох Богдын хүрээ орж, бага сага хөлжиж, амь зуулгаа дээшлүүлэх санаатай ганц морио унан, алс дорно нутгаасаа өрнө зүг гарсан гэдэг. Хаврын тарчиг үе бөгөөд унааны ганц морь нь ихэд турж эцсэн тул ядарч туйлдсан мориныхоо аясыг дагуулан зам зуур саатан гэлдэрсээр их л олон хоног явж сая Богдын хүрээний барааг харах үес, туйлдаа хүрсэн муу морио зам гудас явган хөтлөн алхаж явжээ. Арай гэж явж байгаа муу морио чингэж хөтөлсөөр хөлийн модчины дэргэдүүр гарч Туул ба Улиастайн голыг гаталж, Наймаа хотын хойгуур зүтгүүлсээр хүрээний зүүн захад дөхөж явахад муу морь нь улам доройтон урагш гишгэхгүй шахам болсон тул Буянтогтох тэр морио сайн давхар суран ногтны дээр жолоог буулган давхарлаж бараг чирэн алдаад гэлдэрч явтал одоогийн хоршоодын холбоо байгаагийн тэр хүр өөд өгсөж ядаж явахад нь нэгэн сүрхий баян бололтой их ганган лам, өмнөөс нь ширүүхэн ирж явснаа мориныхоо амыг татан ажигласаар Буянтогтох руу ирж, -За Буянтогтох сайн байна уу? Чи чинь, яаж яваа нь энэ вэ? гэж их л танимгайрхан асуусанд Буянтогтох хариу мэнд мэдэх зуур урдаас нь ажиглавал сайхан тарган буурал морин дээр илбэнхэн хүрэм өмсөж. булган малгай духдуулсан нэгэн сүрхий лам ажээ. - Чи одоо энэ муу морио ингэж чирч гулдраад яах нь вэ дээ! Наадах чинь хүзүү нь тасрах нь байна! Нөгөө чиний их бяр чадал чинь яалаа даа? гэхэд нь Буянтогтох: - Бяр ч яах вэ, байна л даа. Харин морь л байхгүй болж байна гэж хариулжээ. Нөгөө лам нүдээрээ инээмсэглэн, - Тэгвэл чи үүнийгээ чирч явахаар үүрээд явахгүй юу? гэжээ. - Үүрсэн ч барах л байх л даа. Харин үүрвэл та юу өгөх хүн бэ дээ? гэвээс лам, - Би энэ морио л чамд өгчихнө, харин чи бүр Хүрээний дунд орно шүү! гэхэд нь Буянтогтох, - Тэр ч болно л доо. Харин та энэ морио, эмээл хазаартай нь өгөх юм байгаа биз дээ? гэжээ. Лам нэлээд бодох мэт болж, - Хэрэв чи морио үүрээд тувт явсаар манай хашааны үүдэнд хүрвэл би морио эмээл хазаартай нь өгч болно. Өгөлгүй ч яах вэ! гэж их л уриалгахан хэлсэнд Буянтогтох, - Танайх хаана байдаг, хэнийх гэдэг айл вэ дээ? гэсэнд лам, - Манайх Гандан дээр Өрлүүдийн аймгийн нүүрэнд байдаг Бүтэмжийнх гэгч айл даа гэж их бардам янзтай хариулжээ. "Аа энэ чинь Өрлүүдийн Бүтэмж гэлэн гэлцдэг айхтар баян лам маань биеэрээ мөн байх нь!" гэж бодоод Буянтогтох угаас нэлээд зальтай сэргэлэн хүн тул «ганцхан» олз олдог гогцоо маань энэ гэж сануут олон ч үг дуугарсангүй бүсээ тайлж, хормойгоо сайн шууж зангидаад, морио унагааж бүтэн бажгир дурдан бүсээрээ, мориныхоо дөрвөн хөлийг (хоньчилж) боогоод; - За би таны морийг авна аа! Одоо цулбуураа нааш нь өг! Хэрэв таныг давхиад явчихвал ядарсан явган хүн яаж гүйцэх вэ! гээд ламын морины цулбуурыг авч хөтлөн өөрийнхөө морийг өргөж, хөлийн нь дундуур цээжнийхээ талыг хийж эгэлдэргэлдэн үүрээд баруун тийш алхаж гарчээ. Богдын хүрээний дундуур орон, Батгүний урдуур, Сэлбийн улаан модон гүүрээр гарч энэ хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудад хүрээний олон хөгшин залуу эр эмгүй хошууран дагаж энэ ер бусын үзэгдлийг гайхан харж байсан гэдэг. Зарим нь, - Энэ айхтар хүн чинь хэн гэгч вэ? гэхэд - Яагаа вэ? Ноднин даншигт барилдаж байсан Буянтогтох гэгч бөх байна. - Арга байж уу! - Мөн ч сайхан тэнхээ байна! - Бие нь хүн хүнээс өөр, яасан ч эгэлгүй хүн бэ дээ?! - Хаа хүрэх юм бол, доо? гэх зэргээр ярилцан цам майдар үзэж байгаа мэт өдий төдийгөөрөө даган явцгаахад харин Буянтогтохд цулбуураар хөтлүүлэн яваа Бүтэмж гэлэн тэр хүмүүстэй учир явдлаа ярилцан, хэрхэн мөрийцсөнөө тайлбарлаж явсан гэдэг. Ийнхүү явсаар их ч ядарч, Гандангийн зүүн хүр өөд гарахад нь хөл нь нугарчих гээд маш зүдэрч чухам хорондоо л шүд зуун зүтгэсээр гарч очиход цээжнээс нь ц у с амтагдаж байсан гэж хожим нь өөрөө ярьж байжээ. - За манай хашаа энэ дээ! гэж Бүтэмж гэлэн сая нэг ам нээж дуугарахад нь үүрч ирсэн морио арай гэж буулгаж тавиад, бүсээ бушуухан тайлж авч бүслээд, Бүтэмжийн морийг авч дор нь мордоод эргэн явж одсон гэдэг. Ингэж Буянтогтох сайн морь, сайхан эмээлтэй болж байсан түүхтэй байжээ. Бас нэгэн удаа өөрийн нутгийнхаа нэгэн их баян айлд буугаад гэрийн эзний хамт гадаа юм яриад зогсож байтал ойр айлын нэгэн айхтар догшин бух ирж тэдний бухтай мөргөлджээ. Үүнд гэрийн эзэн их сандарч, - Бухыг минь гэмтээчих вий! Энэ хоёрыг чинь яаж салгадаг юм билээ дээ?! Буянтоо чи ч салгаж чадахгүй биз? гэхэд Буянтогтох, - Үзье байз! гээд тэр хоёр бух руу ойртон, дунд нь малгайгаа хаячихсанд, хоёр бух ч орилон, өөд өөдөөсөө ухасхийтэл Буянтогтох ч хажуугаас нь ухасхийн дайрч хоёр бухын нэг нэг эврээс нь ёзоордуулан барьж аваад хоёр тийш нь (гэдрэг нь) алдлан татжээ. Буянтогтох өөрийнхөө алдыг гүйцтэл хоёр тийш нь ухруулан татаж гүйцмэгц хоёр бух ч Буянтогтохын гарыг дийлэн өөд өөдөөсөө зүтгэн, хариугүй хүрдгийн даваан дээр дахиад л Буянтогтох нь дийлж хоёр тийш нь татан салгах бөгөөд энэ мэтээр удтал тэмцэлджээ. Хоёр бухыг бие биед нь хүргэлгүй нэлээд удтал ингэж хорьсны хойно Буянтогтох ч гар нь цуцаж ядраад тэр чигт нь тавиад орхичихжээ. Гэтэл тэр хоёр бух дороо хоёулаа Буянтогтохоос зугтааж, эврээ сэжилсээр хоёр тийш яваад өгсөн гэдэг. Холдохдоо тэр хоёр бух харин эргэн харж, муухай гэгч о р и л с о о р гүйгээд явчихыг хүмүүс харж их л инээлдэж байсан гэнэ. ВАНДАН ЗААН Вандан зааны тухай ард олны ярих нь аварга их тэнхээтэйгээс гадна эцэж цуцашгүй хөдөлмөрч хүн байсан бөгөөд цаг ямагт аян жин тээдэг байжээ. Вандан бол хойшоо Хиагт Алтанбулаг руу үхэр тэргээр жин тээж, урд зүг рүү тэмээгээр жин тээдэг байсан гэдэг. Тэгэхдээ тэмээн жинд, дандаа бусдын орсон бууруудыг цуглуулан авч явдаг байжээ. Орсон буур гэдэг бол эдлэх нь байтугай, хүн ойртохын аргагүй хүчтэй бөгөөд аймшигт амьтан мөн билээ. Гэтэл Вандан нь өөрийн бяр тэнхээ, арга самбаагаар орсон буурыг эз дийлдэг онцгой аргатай хүн байжээ. Энэ тухай нүдээрээ үзсэн хүний өгүүлэх нь: Одоогийн Өгий нуураар нутагтай Равданых гэдэг айлд нэгэн өвөл Вандан заан очжээ. Вандан заан 4-5 орсон буур авч явсан бөгөөд тэднийгээ Равданы гадаа хүлчихээд орж мэнд усаа мэдэлцэн, нэлээд ярьж сууснаа, - Танай буурыг авч жинд явна гэжээ. Үүнд Равдан, - Ээ дээ Вандан минь, манай буур гэдэг чинь хүнд эдлэгдэх нь байтугай хүн барьдаг, нэртэй зартай айхтар буур гэдгийг нь мэднэ шүү дээ гэсэнд Вандан мэдэлгүй яах вэ. Гэхдээ би арай бариулчихгүй байлгүй, та буураа аваад ир! гэжээ. Равдан нь цааш олон үг ч ярьсангүй, мордон давхиад тэмээгээ хурааж иржээ. Равданаас "Вандан чи улсын заан болохоос, буурын заан биш шүү!" гэж сануулсанд Вандан хайхарсангүй. "Энэ хэрийн буурыг зөндөө эдэлсэн" гээд суран ногт бариад очжээ. Равданы буур, тэмээнийхээ наад талд гарч шавж зогссоноо нэг хөрвөөж аваад, хүзүүгээ тавьж, Вандан руу хүрч иржээ. Цагаан хөөс сахруулж, хурц соёогоо хангинатал хавирсан буур, хүзүүгээ тавиад орж ирэхэд, хүн байтугай ямар ч атан тэмээ, азарга, морь айж хотолздог бөгөөд ухаан зулаггүй зугтдаг билээ. Харин Вандан нь буурыг хүрч ирмэгц нэг юм хэлж зандран, толгойг нь хажуу тийш нь болгожээ. Үүнд буур, Ванданг дал мөрөөрөө түрж газрын өөд жаахан гүйсэнд Вандан хүчийг нь дагуулж хэсэг түшиж гүйгээд, гарынхаа тохойгоор буурын эгэм рүү ёворч нэг юм хэлжээ. Үүнд буур нь бөгсөөрөө оцойн суусан байна. Тэгээд дахин Ванданг мөрлөж гүйсэнд Вандан дахин ёворч суулгаад, ийнхүү гурван удаа ёвроход тэр хүчинд нь гурван удаа бөгсөөрөө суусан буур дахин элдэв зан гаргасангүй, гарын аясаар захирагджээ. Ингээд Вандан ч, тэр хар буурыг бусад бууруудтай холбоод тууж одсон гэдэг. Харин энгийн тэмээнүүдийг хойно хойноос нь холбон хөтөлдөг бол энэ бууруудыг хүзүүгээр нь эгнүүлэн холбож, урдаа туусаар явсан гэдэг. Мөн Вандан нэг удаа үхэр тэргээр жин тээж яваад, Орхон Шаамарын тавилан дээр хөсөг тэргээ тавилангаар ус гатлуулж байжээ. Тавилангийн тавцан дээр ачаа, тэргийг, үхрээс тусад нь гаргадаг тул Вандан ачаатай тэргүүдийг ганцаараа, арлыг нь сугадан хавчуулан бариад чирч буулгаж байжээ. Гэтэл нэг ачаа тэргийг тийнхүү чирч араараа ухран эрэг дээр гартал, тавилангийн оосор тасран цааш хөвж, тэрэг нь тавилан дээрээс хараахан гарч амжаагүй тул усанд орох болсонд Вандан тэргээ угз татуут хажуу тийш дүүгүүрдэн эргүүлж өөрөө биеэрээ бүтэн эргэж ачаа тэргийг эрэг дээр ус руу арлыг нь харуулан бүрэн бүтэн тавьсан гэдэг.

Нэвтрэх

Та и-мэйлээ бүртгүүлж, төлбөрөө төлөөд л сайтын бүх нийтлэлийг унших боломжтой.

Member discussion