1 min read

ГОВИЙН ХАР ДЭЭЛТ

Урьд даншиг долоон хошуунд «Говийн хар дээлт» гэгч нэг бяртай хүн ирж гэдэг сураг гарчээ. Түүнийг сонсоод хангай нутгийн нэг их мэхтэй заан амлаж аваад хаяжээ. Наадмын дараахан нөгөө заан «хазаар сэлгэх» санаатай говь орж гэнэ. Явж байтал олон унага зэллэсэн ганц гэр дайралджээ. Уяан дээр сайхан цэнхэр морь толгой хаялан зогсоно гэнэ. Мориноос буугаад харвал нэлээд биерхүү бүсгүй хүн ганцаараа гүү сааж байв. Тэр эмэгтэй гүүг хонь мэт эдлэх аж. Зааны морь сульдаж явсан учир цэнхэр борыг эмээллэе гэж шийдээд, нууж авснаас хэлээд авсан нь дээр гэж бодоод мориныхоо эмээлийг авч цэнхэр борыг хазаарлаж байтал нөгөө эмэгтэй хоёр том хувинтай саам барьсаар ирэв. - За бүсгүй минь танай энэ цэнхэр морийг унаад явлаа. Оронд нь миний морийг аваарай! Наадах чинь ус муутай байгаа юм шүү гэж хэлтэл хүүхэн юу ч хэлэлгүй зааны мөрөн дээрээс шүүрэн авч гэнэ. Зааны уур бадарч эргэн бүсгүйг барьж авбал цаад хүүхэн нь яах ийхийн завдгүй хөл толгой хоёрыг нь тунтарч аваад өргөн гэртээ орж аргамжаар хоньчлон хүлээд, «Тийчгэнэвэл дээ чамайг хө!» гэж хэлээд хаяандаа хаячихаж гэнэ. Оройхон болж байтал морин төвөргөөн сонстож, удсан ч үгүй нэг том эр орж ирэв. - Хээр морьтой хэн ирээ вэ? - Хэн мэдэх вэ! Танихгүй хар юм ирээд цэнхрийг унаад явна гэж байхгүй юү! - Тэгээд тэр чинь хаана байна? - Хүлээд хаячихсан. Тэнд л хэвтэж байна гэж заав. - Задарсан эм бэ чи! Эр хүнийг хүлж хаядаг гэж хэлээд босон харайж зааны хүлгийг тайлахаар ирэхийг харваас «Говийн хар дээлт» байв... Дараа нь адуу усалж яваад «Чи эхнэрийнхээ гарыг дийлэх үү?» гэж хар дээлтээс асуувал: «Дийлэх нь ч дийлэлгүй яах вэ? Ер нь аюулын гар хатуутай шүү!» гэж хариулжээ.

ЗОДОГ ӨӨРЧИЛСӨН НЬ

Бух арслан гэж лут бөх байжээ. Түүний дүү, эмэгтэй хүн байсан гэдэг. Ахаасаа бяраар огт дутахгүй юм санж. Нэг жил ахын нь хавирга гэмтээд наадамд очих аргагүй болжээ. - Энэ жил наадамд очвол аварга болох юм сандаа гэж арслан дүүдээ гунигтайяа өгүүлэхэд: Та бид хоёрыг их адилхан гэж ярилцдаг. Би эр хүн болж очоод таны өмнөөс барилдъя гэв. Тэр ёсоор Бух арслан болж очсон хүүхэн барилдаж давсаар байтал нэг хашир өвгөн «Яасан амьсгаа давчтай юм бэ дээ!? Бүсгүй хүн биш байгаа?» гэжээ. Гэтэл бас нэг чавганц: «Дэвэхдээ дандаа өсгий дээрээ гишгээд байх юм. Бөх хүн чинь өлмий дээрээ гишгэж дэвдэг бололтой билээ. Аа жигтэй юм даа!» гэжээ. Ингээд, «Бух арсланг» дуудан ирүүлж шалгаваас эмэгтэй хүн байжээ. Түүнээс хойш Монгол бөхийн зодог урдуураа битүү байсныг задалж, элэг бүс хэмээх зүйл бий болсон гэж ярилцдаг билээ.

З.Сандагаа «Тэр бөхийн нэр хэн бэ» УБ., 1979 номоос

Нэвтрэх

Та и-мэйлээ бүртгүүлж, төлбөрөө төлөөд л сайтын бүх нийтлэлийг унших боломжтой.

Member discussion