"Ирония судьбы, или с легким паром!" буюу "Хувь заяаны эргүүлэг" кино 1975.12.31 өдөр анх нээлтээ хийж дэлгэцнээ цацагдаж байжээ. Үүнээс хойш 30 гаруй жилийн турш шинэ жилийн өдрөөр үзэгчдийн хүртээ болсоор ирсэн. Кино нээлтээ хийсэн даруйдаа л 100 сая үзэгчдийн хүртээл болж, 1977 онд “Зөвлөлтийн дэлгэц” сэтгүүлийн санал асуулгаар "хамгийн шилдэг" киногоор шалгарсан байна. Энэ киног 1969 онд бичигдсэн “Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян” нэртэй Эмиль Брагинский болон Эльдар Рязанов нарын жүжгийн зохиолоор хийжээ. Энэхүү зохиол дэлгэцийн бүтээл болохоосоо өмнө хэд хэдэн удаа театрт амжилттай тавигдаж байсан аж. “Хувь заяаны эргүүлэг” нь Зөвлөлтийн үеийн домог болсон кинонуудыг нэг бөгөөд одоо ч гэсэн ард түмний дунд шинэ жилийн үдэш үзэх дуртай кино хэвээр байна. Надягийн дүрд тоглосон Барбара Брыльска Польш жүжигчин учир өөр жүжигчин орос хэлээр дуу оруулсан ажээ. Харин Надягийн дуулдаг "Мне нравится, что вы больны не мной" зэрэг гайхалтай дуунуудыг бидний сайн мэдэх алдарт Алла Пугачёва дуулжээ. 2007 онд уг киноны 2-р ангийг бүтээсэн. Тус киноны Надягийн дүрээр олонд танигдсан Польшийн театр, кино жүжигчин Барбара Брыльскагийн талаар хүргэж байна. Тэрээр 1977 онд ЗХУ-ын Төрийн шагналт жүжигчин болсон. Барбара 1941 оны 6-р сарын 5-нд Лодз хотын ойролцоо Скотники хотод төрсөн. Түүнийг гэрийнхэн нь Бассей гэж дууддаг байв. Түүний ээж нь оёдолчин, аав нь слесарь байсан бөгөөд дайны дараа төрсөн охидууд болох Барбара, Жадвигу нарыг хүндхэн нөхцөлд өсгөсөн. Гэсэн хэдий ч Барбара охин жүжиглэх чадвараа харуулсан тул эцэг эх нь урлагийн лицей сургуульд сургахын тулд чадах бүхнээ хийсэн. Ийнхүү 15 настайдаа тэрбээр анх "Галоши счастья" кинонд Камогийн дүрд тогложээ. Үүний дараа тэрээр театрын дугуйланд орж, Лодзын театрын дээд сургуульд сурч, 1967 онд Варшавын кино урлагийн сургуулийг төгссөн. Жүжигчнийг сонирхолтой, олон төрлийн кино хүлээж байв. XXI зууны эхэн үед жүжигчний бүтээлч намтарт шинэ үе эхэлсэн нь тайзан дээр гарах алтан мөч байлаа. Кино Тэрбээр өсвөр насандаа Польшийн " Галоши счастья" инээдмийн цуврал кинонд тоглосон. Хэсэг хугацааны дараа "Йокмок" жүжиг, " Их будний день" инээдмийн жүжиг, "Бумеранг" хэмээх мелодрамд тоглосноор түүний жүжигчний карьер эхэлжээ. 1966 онд олны анхаарлыг ихээхэн татсан нь "Фараон" хэмээх түүхэн киноны Финикийн шашны лам Рамсесийн татвар эм болох Кама хэмээх дүр байлаа. Тэрээр Европын орнуудад үзүүлсэн " Ставка больше, чем жизнь" хэмээх алдарт Польшийн цуврал кинонд тоглосон. Дараа нь Барбарад гадаад кинонд тоглох санал нэлээд иржээ. Тэрээр Герман-Зөвлөлтийн хамтарсан "Бүргэдийн мөр", Болгарын "Үхэх-сүүлчийн арга зам", Зөвлөлтийн дэлхийн 2-р дайны талаар өгүүлэх "Чөлөөлөлт" –д тоглосон. 1968 онд эх орондоо ихээхэн алдартай болж, Польшийн захирагчийн тухай Ежи Хоффманы “Пан Володыевский” адал явдалт киноны дүрийг бүтээв. Барбарагийн хувьд хамгийн том амжилт нь 1976 онд Шинэ оны эхний өдөр гарсан "Хувь заяаны эргүүлэг” кино байлаа. Найруулагч Эльдар Рязанов нь түүнийг Надягийн дүрээр сонгож тэрээр Андрей Мягков, Юрий Яковлев нартай хатран тоглосон. Надя Шевеловагийн дүрд Людмила Гурченко зэрэг хэд хэдэн жүжигчин шалгаруулалтанд оруулж байжээ. Найруулагчид өөр жүжигчин ч санал болгож байсан гэнэ. Гэвч Рязанов “Хайрын анатом” хэмээх Польшийн киноны гол дүрийг бүтээсэн Барбара Брыльскаг харж, түүн рүү утасджээ. Барбара зохиолыг нь уншаад Москвад нисч ирсэн байна. Энэхүү дүрээрээ ЗХУ-ийн Төрийн шагнал хүртжээ. Хувийн амьдрал Барбара Брылска гурван удаа гэрлэсэн боловч бүгд салалтаар дуусчээ. Жүжигчин эмэгтэйн анхны нөхөр нь Польшийн математикч Ян Боровец байв. Түүнтэй танилцах үед Барбара 17 настай байлаа. Хуримын дараахан Ян эхнэрээсээ жүжигчний амьдралаа золиослохыг шаардсан ч Барбара нууцаар суралцсаар байлаа... Египетийн тухай “Фараон” киноны зураг авалтын үеэр жүжигчин киноны хамтрагч Ежи Зельниктай үерхэж эхэлсэн бөгөөд удалгүй нөхрөөсөө салж, шинэ амьдралаа зохиосон нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэрээр "Цагаан чоно" киноны үеэр Югославын жүжигчин Слободан Дмитриевичид дурлажээ. Хожим жүжигчин "энэ үеийн мэдрэмжийг хамгийн хүчтэй хайр гэж нэрлэх болно" хэмээсэн юм. Гэсэн хэдий ч язгууртны гэр бүлийнхний эсэргүүцлээс болж амрагтайгаа гэрлэж чадсангүй. Харин эмэгтэйчүүдийн эмч Людвиг Космаль Барбарагийн гуравдахь нөхөр, хоёр хүүхдийн эцэг болсон бөгөөд 1973 онд тэд охин, 9 жилийн дараа хүүтэй болов. Гэр бүл аз жаргалтай байсан хэдий ч 18 жил амьдарсаны эцэст Барбара гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэнээр тэдний харилцаа төгсгөл болов. Салалтын дараа түүнд хэмжээлшгүй их уй гуниг тохиолдсон нь хориодхон настай охиноо алдсан явдал байлаа... 2008 онд тэрээр нэгдүгээр суваг телевизийн "Хоёр од-2" нэвтрүүлгийн шүүгчдийн гишүүн, 2009 оноос Украйны ТРК телевизийн "Ардын од" телевизийн шоуны шүүгчдийн гишүүнээр ажилласан билээ. Эх сурвалж: Зааг.мн
Та и-мэйлээ бүртгүүлж, төлбөрөө төлөөд л сайтын бүх нийтлэлийг унших боломжтой.
Member discussion