Дөлгөөн уулын ар өвөрт Сэнгэ зааных өгсөж уруудаж өвөлжиж зусдаг байжээ. Нэг жил холын хошуунаас нэг гөрөөчин дөлгөөн уулнаа ирж ан авлаж яваад төөрсөн гэнэ. Гөрөөчин замаа олж ядахдаа бусдаас тусламж горилон хашхирч гууглажээ. Түүний дууг Сэнгэ заан сонсоод тус хүргэхээр ганц муу цагаан шараа (үхэр) унаад очжээ. Гөрөөч эр Сэнгэ зааныг хараад «Ийм том хүн ч гэж хаа байх вэ? Ийм том үхэр ч гэж хаанаас байх вэ. Энэ лав Дөлгөөн уулын эзэн ирж байхаас зайлахгүй гээд зугтаасан гэнэ. Биеийн нь томыг хэлбэл ийм буюу. Унааны ганц шар нь насны туйлд хүрч намагт шигдэн гарч чадалгүй үхжээ. Үхсэн шараа авахаар хүнээс тэрэг гуйн очоод намгаас суга татан гаргаж тэргэн дээрээ өргөж тавьсан гэнэ. Сэнгэ зааны бяр чадлыг биширч байсан нутгийнхаа хүмүүст эхнэр нь «Манай Сэнгэ харьж яваа юм байх даа. Сая муу шараа ергөхдөө нүүр нь чинэрч улайсан харагдлаа» гэж хэлж байсан гэдэг. Тэнхээг нь хэлбэл ийм буюу. Сэнгэ зааны нутагт Баянмөнх гэж эр чадалтай адуучин байжээ. Баянмөнх нэг удаа адуугаа манаад уургаа дэрлэн хэвтэж байтал нэг хүн гэнэт уургыг нь шувт татан авахад нь сэрээд уургынхаа үзүүрээс бариад авчээ. Тэгтэл нөгөө хүн угз татсанд уурга нь дундуураа тас үсэрчээ. Баянмөнх «миний гараас уурга угз татан авахыг бодоход Сэнгэ заан л байлгүй» гээд хойноос нь нэхэн хөөлгүй хоцорч байжээ. Сэнгэ зааны ид залуу үед манай хошууны ганц бөх гэж магтан ширүүн ч хардаггүй байсан хошуу ноён, Сэнгэ зааныг өвгөрсөн хойно нь «Өргөөнийхөө урдуур морьтойгоо явлаа» гэж хилэгнэн цогчин дуганы чулуун шалан дээр хэвтүүлж луучин гутлаараа тархи толгойгүй өшиглөж гарчээ. Сэнгэ заан хэдий өвгөрсөн ч гэлээ ноёныг лавтай дийлэх байсан боловч цааз хуулийг нь дийлэхгүйгээ мэдэж хүлцэнгүй хэвтэж байжээ. Ингэж шийтгүүлсэн Сэнгэ заан «Энэ зэргийн ноён миний толгойг цөмлөж чадахгүй» гэж хэлж байсан гэдэг домог бий. Тайлбар: Түшээт хан аймгийн Далай гүний хошуу (Одоогийн Өвөрхангай аймгийн Баян˗Өндөр, Бүрд зэрэг сум) даяар алдаршсан бөхийн домог арвин бөгөөд энэ нутгаас олон сайн бөх төрөн алдар нэрээ дуурьсгаж явсан түүхтэй. Энэ нутгаас Их Монгол Шаравжамц, Хас, Гэлэгсэнгэ заан зэрэг олон сайн бөхчүүд төржээ. Хас заан том жижиг олон наадамд хэд хэдэн удаа барилдан 18 удаа шөвөгт үлдэж байсан гэлцэнэ. Нутгийн хөгшчүүл ярихдаа Хас зааны «хэвтээ налуу» гэж тэр үеийн бөхчүүдийн айдаг нэг сонин мэх байсан гэлцэнэ. Учрыг магадалбал Хас заан учраа бөхдөө өргүүлэн унахдаа боосон гэзэгнийхээ үзүүрийг газар хүрэхээс өмнөхөн гэнэт эргэж өрсөлдөгчийнхөө дээр гардаг байсан ажээ. Хас зааны «хэвтээ налуу» гэдэг энэ мэх үнэхээр байдаг ахул үндэсний бөхийн уламжлал дээр хөгжиж буй бөхийн чөлөөт барилдааны мэхийг улам баяжуулахын үүднээс сурвалжлан мэдэх нь зүйтэй. Ж.Дамдин гуайн «Монгол бөх» номд Гэлэгсэнгэ зааны тухай «Бөхийн оноонд нэр нь тодорхой гарч ирсэн үе нь төр гэрэлтийн 15 дугаар он буюу 1835 оны хөхөгчин хонин жилийн даншиг билээ» гээд үүнээс хойш 1851 он хүртэл буюу 16 жил даншиг наадамд барилдсан давааг тодорхойлжээ. Үүнээс үзэхэд Халхын алдарт заан Гэлэгсэнгэ 1835 оны даншиг наадамд 8, 1837 оныход 9 давсан байх бөгөөд бусад наадамд ямагт 4˗өөс дээш давж байжээ (Ж. Дамдин «Монгол бөх» 132 дугаар тал). Алдарт энэ бөхийн жинхэнэ нэр нь Гэлэгсэнгэ боловч нутгийнхандаа Сэнгэ заан гэж алдаршжээ. Дашрамд хэлэхэд Ж. Дамдин гуайн номын 121—122 дугаар талд төр гэрэлтийн оны үед барилдаж байсан Түшээт хан аймгийн ЭФҮ вангийн хошуу (Одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сум)˗ны Баянмөнх аваргын тухай мэдээ буй нь энэ домогт гарч буй Баянмөнх байж магад.
Та и-мэйлээ бүртгүүлж, төлбөрөө төлөөд л сайтын бүх нийтлэлийг унших боломжтой.
Member discussion