1260 оны есдүгээр сарын 3-ны үүрээр, лалын хуанлийн Рамадан сарын хорин тавны өдөр Палестины хойд хэсгийн Изреелийн хөндийд, Гилбоа уулын бэл дэх нэгэн булгийн дэргэд хоёр цэрэг бие биенийхээ эсрэг жагсчээ. Нэг тал нь Хүлэгү хааны жанжин, найман аймгийн Хитбуха ноёны удирдсан Монгол цэрэг, нөгөө тал нь саяхан Египетэд засгийн эрхийг гартаа авсан мамлюк султан Кутузын цэрэг байлаа. Энэ булгийг нутгийн араб иргэд «Айн Жалут» буюу «Голиатын булаг» гэж нэрлэдэг байсан бөгөөд домогт өгүүлснээр Библийн залуу Давид аварга Голиатыг яг энэ хавьд ялсан гэдэг.
Тэр өдрийн үд гэхэд Монгол цэрэг бут цохигдож, Хитбуха ноён олзлогдон цаазлагдсан бөгөөд Хятадаас Ойрх Дорнод хүртэл зогсолтгүй давшиж ирсэн Монголын эзэнт гүрний баруун өмнөд жигүүрийн давшилт эцэслэн зогссон юм. Айн Жалутын тулалдааныг түүхчид олон зууны турш «Монголчуудын анхны ялагдал» гэж нэрлэж ирсэн нь үнэн биш ч энэ тулалдаан Ойрх Дорнодын, тэр ч байтугай Исламын ертөнцийн цаашдын хувь заяаг тодорхойлсон шийдвэрлэх мөч болсон нь үнэн юм.
Хүлэгүгийн аян
1251 онд Их Монгол Улсын хаан ширээнд суусан Мөнх хаан эзэнт гүрнийг дахин тэлэх их төлөвлөгөө боловсруулж, нэг дүү Хубилайг өмнөд Сүн улсын эсрэг, нөгөө дүү Хүлэгүг баруун зүгт, Перс, Ойрх Дорнод руу илгээжээ. Хүлэгүгийн даалгавар бол Персийн уулсад бэхлэлтүүдээ барьж, олон зууны турш хаад, жанждыг хорлон хөнөөж байсан исмаилит «ассасинуудын» нууц улсыг устгах, дараа нь Багдад дахь Аббасидын халифатыг Монголын эрх мэдэлд оруулах явдал байлаа.
Хүлэгү 1256 онд ассасинуудын гол бэхлэлт Аламут болон бусад цайзуудыг бууж өгүүлж, 1258 оны хоёрдугаар сард таван зуун жилийн турш лалын ертөнцийн шашны төв байсан Багдадыг эзэлж, сүүлчийн халиф Аль-Мустасимыг цаазалсан юм. Энэ үйл явдлын тухай манай сайтын «Монголчууд Багдадыг эзэлж халифатыг мөхөөсөн нь» нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн бий. Багдадын уналт лалын ертөнцийг гүнзгий цочроосон бөгөөд олон хүн үүнийг дэлхийн төгсгөлийн шинж тэмдэг гэж ойлгож байв.

1259 оны сүүлээр Хүлэгү Сири рүү давшиж, 1260 оны нэгдүгээр сард бүслэлтийн хэдэн өдрийн дараа Халеб хотыг эзэлсэн бөгөөд тэр хотын хүчтэй цайз хэдэн долоо хоногийн турш эсэргүүцсэн ч эцэстээ бууж өгчээ. Энэ мэдээ Сирийн бусад хотуудад хүрмэгц Дамаск хотын захирагч, Аюубидын султан ан-Насир Юсуф цэргээ орхин зугтаж, хотын язгууртнууд Монголчуудад тулалдалгүйгээр бууж өгсөн юм. 1260 оны гуравдугаар сард Хитбуха ноён Дамаск хотод ялалтын жагсаалтайгаар орж ирсэн бөгөөд зарим сурвалжид өгүүлснээр түүнийг Армени Киликийн хаан Хэтум, загалмайтны Антиохын хунтайж Боэмунд нар дагалдаж байсан гэдэг ч энэ мэдээг сүүлийн үеийн түүхчид бүрэн баталдаггүй.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү