Апачийн дайн
Хоёрдугаар хэсэг: Геронимо
Геронимо Чирикахуа Апачи омгийн Бедонкэхэ бүлгийн домч байснаас ахлагч байгаагүй юм. Гэсэн ч тэрээр өмнөх ахлагч Кочайсын нэгэн адилаар ард иргэдээ эрх чөлөөтэй амьдрах хувь тавилантай гэдэгт итгэж явдаг байсан болохоор эцэстээ омгийнхоо ахлагч нь болж чадсан байдаг. Кочайсын хамгийн чин сүжигт дайчдын нэг байсан Геронимо Баскомын хэрэг явдлын дараа Кочайсыг хүн олзлоход туслаж, Апачийн даваан дээр болсон тулаанд түүнтэй мөр зэрэгцэн байлдаж явлаа. Мангас Колорадос Геронимогийн ахлагч байсан ба Геронимо Мангасын эцсийн мөчид дэргэд нь байсан юм. Шинэ Мексикийн Гила гол дээр мэндэлсэн Геронимод “эвшээдэг хүн” гэсэн утгатай Гояакла хэмээх нэрийг хайрлажээ. Нас биенд хүрч дайны гайхалтай удирдагч болсон Геронимог агуу удирдагч Кочайсын дэргэд дүрсгүй золиг байсан гэлцдэг юм. Геронимо бага залуу насандаа Мексикчүүдийн явуулсан хомроглон устгах ажиллагаанд эхнэр хүүхдүүдээ, хайрт ээжийнхээ хамт алдсан юм. Элэг эмтэрч, зүрх зүсэм энэ эмгэнэлт явдлаас хойш Геронимо Мексикчүүдийг үхэн үхтлээ үзэн адсаар байсан гэдэг. Хайртай хүмүүсээ харгис хэрцгийгээр алдсан түүнд амьдралын зорилго үгүй мэт бодогдох болжээ. Нэгэн үдэш Геронимо Бови уулын оргил дээр зогсож байхдаа чихэнд нь Уссэн “Дайн тулаан, буу шийдмийн аль нь ч амийг чинь авч эс чадна. Сумыг чинь би татна” хэмээн шивнэхийг мэдэрчээ. Геронимо нэг насаараа Уссэний үгэнд итгэж амьдарсан ба гэр бүлийнхэнийхээ өшөөг авахаар Мексикчүүдтэй тулалдах зөвшөөрөл хүссэн өргөдлийг ахлагч Кочайс, ахлагч Мангас нарт бичиж байж. Геронимо үхэх сэхэхийг үл хайрхан тулалдааныг удирдана гэдгээ ч хэлж байлаа. Тулалдааны үеэр Апачи омгийн эрчүүд нум сумаа тавьж хөнөөлдөн байлдаж байхад Геронимо Мексикийн дайчдын суманд өртөхгүйн тулд хөрөөний ир маягаар гүйсээр дайснууддаа хүрч тэднийг хутгалан хөнөөж, яаж ашиглахыг нь мэдэхгүй болохоороо винтов буунуудыг нь өөрийнхөө омогт авч иржээ. Мексикийн цэргүүд түүнийг дуудан “Геронимо” хэмээн хашгирч байлаа. Энэхүү нэрийн гарал өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр. Геронимог ерөнхийд нь амаргүй, төвөгтэй хүн байсан гэж тодорхойлж болно. Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан олон Америкчууд түүнийг “миний мэдэх хамгийн өөдгүй Индиан” гэж тодорхойлсон байдаг. Түргэн ууртай, яаруу адгуу зантай гэхдээ тун азтай. Зальтай, харгис хэрцгий, зөн совин сайтай, хурц ухаантай, хоёрдмол зан чанартай, заримдаа бага зэрэг номхон талдаа. Түүний зөрчилдөөнтэй боловч үр дүнтэй зан чанарууд Геронимог Апачийн дайнуудад оролцсон хамгийн шилдэг дайчдын нэг болгосон билээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү