Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуайн хүү, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой ярилцлаа. Аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа энэ эрхэм олон олон уран бүтээлчийн ирээдүйн зам мөрийг гэрэлтүүлсэн нэгэн. Тэрбээр 2009 онд Морин хуур симфони найрал хөгжмийн концерт, Ятга симфони найрал хөгжмийн концерт, төгөлдөр хуурын Сонат зэрэг бүтээлээрээ Монгол улсын Төрийн дээд шагнал Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ.

-Таны аав, танай гэр бүлийнхэн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулсаар ч байгаа. Хоёул яриагаа таны аав болон өвөөгийн тухай түүх, дурсамжаас эхэлье.
-Манай гэр бүл гурван үеэрээ урлагийн замналаар явсан. Өвөг эцэг “гайхамшигт” Гончиг уртын дууч, ерөөлч, магтаалч хүн байсан. Гайхамшигт хэмээн нэрлэсний учрыг хүмүүс гайхамшигтай сайхан дуулдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл “Гайхамшигт” хэмээх Буддын шашны найман тахилын дууг их сайхан дуулсан учраас нутгийн зон олон ийн нэрийдэх болсон байна. Уртын дууг жирийн, суман, айзам гэж гурван янз ангилдаг. Өвөө маань айзам уртын дууг сайхан дуулдгаараа нутаг орондоо байтугай Сайн ноён хан аймагтаа алдартай дуучин байлаа. Аав маань нялх багаасаа өвөөг дагаж найр наадам, урлагийн орчинд өссөн болохоор тэр бүгд сэтгэл зүрхэнд нь хоногшин үлдэж, ирээдүйн хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлсэн гэж би хувьдаа боддог. Тухайн үед найрын дуу өөрийн гэсэн дэг жаягтай, хүндэтгэлтэй байлаа. Одоогийнх шиг замбараагүй биш. Айзам уртын дуугаар найраа эхлүүлж, яваандаа задгайрах, найр өндөрлөх гээд хөгжмийн хэлээр бол хэлбэрт орсон байж гэж дүгнэдэг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү