
XX зууны соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч хатагин Цэндийн Дамдинсүрэн хууч яриаг ихэд сонирхож "ойрмог шиг болсон явдалд оролцсон буюу үзсэн хүмүүсийн дурсамж яриаг ардууд хууч хөөрөх гэдэг бөгөөд үүнд бид анхаарлаа хандуулж сурвалжлах, цуглуулах, бичиж авах, тэмдэглэх хэрэгтэй байна" хэмээн онцолж энэ чиглэлд шижир алтнаас үнэтэй олон ардын яриаг сурвалжлан тэмдэглэж үлдээсний нэгээхэн хэсэн нь "Өвгөн Жамбалын яриа" билээ. "Өвгөн Жамбалын яриа"-нд түүхийн гэрч болох олон мэдээ байх бөгөөд үүний нэг болох "Богд гаминд баригдсан тухай" түүхийг уншигчдадаа хүргэе.
1920 онд өвлиин тэргүүн сарын шинэдээр Барон Унгерн, Их хүрээнд ойртож ирсэн юм. Энэ үед гамин цэрэг чангарч хүрээний хүмүүсийн морьд уналга, эмэээл хазаар зэргийг хураан авч байв. Нэг өдөр үдээс хойш цахар Самбуу, Го Си-Лин, шанзав Дашдорж нар нэлээд хятад цэрэг дагуулж Туулын Доод сүм дээр Богдын ордонд очоод: “Хунхууз горигүй болов. Бид таныг хамгаална" гээд Богдыг бараа бологчид ба цэргийн нь хамт Эрдэнэ вангийн хоёр давхар байшинд аваачаад Богдыг таван хүнтэй үлдээж шадар цэргий нь өөр газар тууж очоод морь, буу ээвсгийг хурааж авав. Тэгэхэд би хуучин ёнзон ламын шарилын газрын нярав байв. Хуучин ёнзон Балданчоймбол бол наймдугаар Богдын багын ёнзон багш байсан юм. Далан настай үхсэн юм гэнэ. Түүний биеийг хатааж, Богдын өргөмжлөлөөр Чойжин ламын зүүн талд тусгай сүмд хадгалж байсан юм. Энэ газар бол Далай ламын сангийн мэдэлд байсан юм. Богдын хамт, ёнзонгийн шарилын сүмийн сойвон Жанцан, Номчийн аймгийн Мэгз сойвон, Голын сүмийн тахилч Жамц, хоол ундыг хийх Баатар зам, түүний зарц сангай лам Дэмбэрэл баригдсан юм. Сүүлийн хоёр нь гамингийн тогооны байшинд хоол унд хийж байсан.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү