Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар
Энэ өдрүүдэд Тайванийн Үндэсний “Хааны ордон” музейд Монголын түүх, соёлын холбогдолтой үзэсгэлэн гарч байгаа билээ. “Гүнжийн гайхамшигт цуглуулгууд” нэртэй энэ үзэсгэлэнд Хубилай хааны жич охин Сэнгэ Раги гүнжийн хувийн цуглуулгын үнэт өв дурсгалуудыг дэлгэн үзүүлж байгаа юм. Энэ тухай би өмнө нь бичиж уншигчдад хүргэсэн учраас дахин нуршихаа азнасу.
Энэ удаад мөхөс миний өгүүлэх гэсэн зүйл бол Чингис хааны хөрөг болой. Тийм ээ, энэ үзэсгэлэнд Монгол үндэстний дундаас төрөн гарсан агуу их хүн Тэмүүжин Чингис хааны эш хөргийг дэлгэн үзүүлж байгаа нь далдын далд архивын хадгаламжид байдаг эл хөргийг 4-5 жилийн хугацаанд нэг удаа ил гарган үзүүлдэг тэр завшаант цаг таарсан хэрэг. Аргагүй ээ, 740 шахам жилийн тэртээд зурсан хөрөг учраас ингэж онцгойлон анхаарч хадгалахгүй бол болохгүй нь ойлгомжтой.
За, тэгээд их хааныхаа эш хөргийг хэдэнтээ нүдээр үзэж, сүслэн мөргөж, сэтгэл итгэлээ шившин хүргэх ховорхон завшаан тохиож буйд баярлан мөхөс бичгийн хүмүн би бээр сэтгэл дотроо тэр бүхнээ шивнэн шившив. Чингэж их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсохуй удам хойчис нь болсон бидэн юу эсийг бодож, юу эсийг тунгаах билээ. Найман зууны тэртээх их өвөг дээдэс, Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголоон гэх сэтгэлээр нэгэн насны үйлийг бүтээн, өөрийгөө шатааж, өрөөлийг гийгүүлсээр дууссаны гүн учир шалтгааныг эртний мэргэдийн хэлсэнчлэн бийр бэхсээс бус, биет хөрөг дүрээс нь олж харахыг хичээн, олны гайхахыг эс ажран зогслоо.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү