
...Манай улсын Дотоодыг хамгаалах газар өөрийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа хятадууд ялангуяа, ардын төр засгаас авч явуулсан арга хэмжээнд дургүйцдэг нөлөө бүхий данжаад нараар дамжуулан гадаадын тагнуулын байгууллагууд ажлаа идэвхтэй явуулж байгааг олж мэдээд олон жилийн турш эсэргүүцэн тагнах ажлыг зохиож байжээ. Энэ ажлын явцад уурын тэрэгний гараашийн дарга байсан хятад Ли Хай-Пин, Кузима гэж алдаршсан япон доктор Эр Дао болон 1922-1923 оноос эхлэн 1929 он хүртэл манай улсын эсрэг тагнуулын хэрэг үйлдсэн Жанчхүү хотын уурын тэрэгний хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Лю Сяо-Жу худалдааны ажлаар Улаанбаатарт ирээд тагнуулын сэжиг илрүүлсэн учир тус тус хөөн явуулсан байна.
Хятад жолооч нараар тагнуулын мэдээ дамжиж байгааг нотлохын тулд ДХГ-аас Бээжинд байсан Ванчинбогдод бичсэн захидлаа тэдэнд өгч явуулахад хүлээж авсан тухай хариу авсан явдал чухал арга хэмжээ болжээ. Түүнчлэн Хятадын байгууллагуудаас гадагш явуулсан буюу тэдэнд ирсэн бичиг баримт зохих хэмжээний дүгнэлт гаргах боломж бүрдүүлсний дээр 1935 оны 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод тагнуулчин холбоочноор ирээд «Мэ-Чен» гэдэг хятад зурагчны газар хоргодож байсан хятад Го Гуй-Сыныг баривчлан нэгжихэд гадаадад явуулахаар бэлтгэсэн хүүхдийн резинэн тоглоом дотроос тагнуулын чанартай мэдээ олджээ.
Ийнхүү мэдээ, бусад баримтаас үзвэл БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр олон жилийн турш маш нууц байдалд ажиллаж буй Японы тагнуулчид байгаа нь илэрхий болов. 1901 оны орчим Хиагт хотод Хятадын цахилгаан мэдээний газар байгуулагджээ. Түүний Дарга Японд сургууль төгссөн япон, хятад, англи хэл мэддэг Чин, түшмэл Чен Хой-Зен нар байв. Тэд Чит, Удинск хотод сууж байсан япончуудтай нууц холбоотой байжээ. Түшмэл Чен Хой-Зен нь Орос, Японы байлдааны дараа тэндхийн эмийн санд ажиллаж байсан эмч Лин Тин-Линд Троицкосавск хотод байрладаг морин цэргийн ангийн байдлыг тодруулах, гадаад Монголд хаант засгийн нөлөө нэвтэрч байгаа тухай мэдээ цуглуулах үүрэг өгч байв. Тагнуулын чанартай мэдээнүүдийг цахилгаанаар Хятадын Тин-ий эзэнт улсын колонийн хэрэг эрхлэх газарт явуулж байжээ. 1920 онд Хятадын генерал Сюй Шү-Жан Монголд тогтоосон ноёрхлоо бататгахын тулд тус улсад ажиллаж байсан олон мянган хятад худалдаачны эрх ашгийг хамгаалах нэрээр «Худалдааны байгууллага буюу худалдаачдыг хамгаалах байгууллага»-ыг Хүрэээнд байгуулсан бөгөөд энэ байгууллага хэрэг дээрээ тагнуулын ажлыг явуулах зорилготой байжээ. 1924 онд хятадын цэргийн төлөөлөгч генерал Ван И-Шаны удирдлага туслалцаатайгаар Улаанбаатарт машины гарааш, буудал байгуулж, Хятадын үндэсний чөлөөлөх армид зэвсэг хэрэгсэл зөөвөрлөж байв. Энэ ажлын далимд Монгол-Зөвлөлтийн улс төрийн харилцааг тагнах ажлыг явуулж байж магадгүй гэсэн таамаглал байдаг.
Хятадын үндэсний чөлөөлөх армийн командлагч Фэн Юй-Сяний төлөөлөгчөөр Улаанбаатарт Чен Ю-Хуан гэгч ажиллаж байв.1927 онд түүний оронд Фэн Юй-Сяний штабын даргын тушаалтай байсан Чин хэмээх хүн иржээ. Чиний гэрээр Сун Сян-Лин, Ли Хай-Пин ба тэр үеийн цэргийн яамны бэлтгэлийн газрын механик байсан. Вай Хай-Лин нар үргэлж ирж очдог байжээ. Үүнээс үзвэл Чин зөвхөн зэвсэг ачуулахаас гадна өргөн хүрээтэй асуудал сонирхож байжээ. 1925-1926 онд хятад Ли Хай-Пин Улаанбаатарт Японы тагнуулын бүлгийг япон Кузимагийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна. Хүний эмч Кузима 1922-23 оноос 1930-31 он хүртэл БНМАУ-д Японы тагнуулаар ажиллаж байсан бөгөөд Хятадын пүүсүүдтэй холбоотой байв. Манайд тагнуул хийж байсан хятад Ли Хай-Пин 1929 онд, япон Кузима 1930 оны эхээр хөөгдөн явсан тухай дээр дурдсан. Ли Хай-Панийг Хятадад буцсаны дараа тагнуулын ажиллагааг ерөнхийд нь Сун Сян-Лин хариуцаж, түүний орлогчоор тагнуулын ажпыг санхүүжүүлж байсан Жан Ю-Мин, Лин Тин-Лин «эмч» ажиллаж байжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү