1241 оны дөрөвдүгээр сарын 9-нд, Христийн шашинтнуудын Улаан өндөгний баярын дараах хоёр дахь долоо хоногт Силезийн Легница хотын хананы дээр харуулд гарсан хамгаалагчид аймшигт дүр зургийг харсан юм. Тэдний хотын ойролцоох талбайд хэдхэн цагийн өмнө тулалдаж байсан Монголын морьтнууд хотын хэрмийн дэргэд ирж, урт жадны үзүүрт хатгасан нэгэн толгойг өндөрт өргөн тойруулж, хотынхныг бууж өгөхийг шаардсан бөгөөд тэр толгой нь тэдний эзэн, Польшийн их гүн, Силезийн гүн, сүсэгт II Генрих байлаа.
Легницийн тулалдаан Европын дундад зууны түүхэнд Монголчуудын барууны их аян дайны хамгийн алдартай тулалдаануудын нэг болж үлдсэн бөгөөд Польшийн ард түмний түүхэн ой санамжид өнөөдрийг хүртэл баатарлаг эмгэнэлийн бэлгэдэл хэвээр байна. Гэвч Монголчуудын хувьд энэ тулалдаан бол илүү том төлөвлөгөөний нэгэн хэсэг, гол хүчний жигүүрийг хамгаалах, дайсны холбоотнуудыг хооронд нь нэгдэхээс өмнө тус тусад нь бутаргах зорилготой туслах ажиллагаа л байсан юм.
Барууны их аян
1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд хуралдсан их хуралдай Өгэдэй хааны зарлигаар баруун зүгт буюу Ижил мөрнөөс цааш орших нутгуудыг эзлэх их аян дайныг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэр аяны ерөнхий жанжнаар Чингис хааны ууган хүү Зүчийн хүү Бат томилогдсон бөгөөд түүний хамт Чингисийн олон ач, жич, тэр дундаа Өгэдэйн хүү Гүюг, Хадан, Цагаадайн хүү Байдар, ач Бүри, Толуйн хүү Мөнх, Батын ах Орд нар аянд мордсон бөгөөд аяны цэргийн бодит удирдагч нь Чингис хааны үеэс хойш олон аянд ялалт байгуулсан, хөгшин боловч ухаалаг жанжин Сүбээдэй байлаа.

1236 онд Ижил мөрний Болгарыг, 1237–1238 оны өвөл Рязань, Владимир, Суздаль зэрэг Оросын вант улсуудыг, 1239 онд Хар тэнгисийн хойд талын Кипчакуудыг бут цохисон Монголын арми 1240 оны арванхоёрдугаар сарын 6-нд Оросын хамгийн эртний, хамгийн том хотуудын нэг Киевийг эзлэн авчээ. Киевийн уналтын дараа баруун зүгт Польш, Унгарын хаант улсууд Монголчуудын дараагийн бай болох нь тодорхой болсон бөгөөд Кипчакийн хан Котян дөчин мянган өрхөө дагуулан Унгар руу зугтаж, Унгарын хаан IV Белагийн хамгаалалтад орсон нь Бат хааны хувьд Унгарыг довтлох шууд шалтгаан болжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү