1872 оны арванхоёрдугаар сарын 4-ний үдээс хойш Азорын арлууд, Португалийн эргийн хооронд, Атлантын далайн өргөн уудам усан дээгүүр Нью-Йоркоос Гибралтар руу явж байсан Канадын «Деи Грациа» хөлгийн харуул тэнгэрийн хаяанд нэгэн жижиг хоёр шонт хөлөг хачин байдлаар ганхаж, салхинд дураараа хөвж яваа мэт харагдахыг анзаарчээ. Хөлөг ойртох тусам түүний далбаанууд хагас задгай, зарим нь урагдан унжиж, жолооны хүрд дээр хэн ч байхгүй нь илэрхий болсон бөгөөд хэдэн удаа дуудсан ч хариу ирээгүй тул «Деи Грациа»-гийн ахлах туслах Оливер Дево хоёр далайчны хамт завиар очиж хөлөг дээр гарсан юм.
Тэдний харсан зүйл дараагийн зуун тавин жилийн турш хүмүүсийн сэтгэлийг зовоож, хэдэн зуун ном, өгүүллэг, кино, онолыг төрүүлэх болно. Хөлөг хоосон байлаа. Хөлгийн ахмад, түүний эхнэр, хоёр настай охин, долоон далайчны хэн нь ч тэнд байгаагүй бөгөөд тэдний хувцас, гутал, гаанс, зургаан сарын хүнс, ундны ус, нэг ч торх нь хөндөгдөөгүй ачаа бүгд байрандаа байсан ч хүмүүс нь, хөлгийн ганц аврах завь, далайд чиг баримжаа тогтооход хэрэглэдэг хэдэн багажийн хамт алга болсон байв. Хөлгийн нэр нь «Мэри Селест» байлаа.
Азгүй хөлөг
Хожим дэлхийн хамгийн алдартай «хий үзэгдэлт хөлөг» болох энэ хөлөг 1861 онд Канадын Шинэ Шотланд мужийн Спенсер арал хэмээх жижиг тосгонд баригдаж, «Амазон» гэдэг нэрээр усанд буужээ. Тосгоны хэдэн айл нийлж барьсан энэ хөлгийн түүх эхнээсээ л азгүйгээр эхэлсэн бөгөөд түүний анхны ахмад Роберт Макклеллан хөлгийн анхны аялалын үеэр хүнд өвчнөөр өвдөж, эх орондоо буцаж ирээд удалгүй нас баржээ. Дараагийн хэдэн жилд хөлөг өөр хөлөгтэй мөргөлдөж, засварт орж, Атлантын далайг олон удаа гатлан Баруун Энэтхэг, Европын боомтуудын хооронд ачаа зөөж явсан юм.
Тэр үед Шинэ Шотландын эрэг дагуух жижиг тосгонууд Атлантын далайн худалдааны хөлгүүдийг барьдаг томоохон төв болж байсан бөгөөд ойн баялаг, усан онгоцны дархчуудын олон үеийн уламжлал, далайн худалдааны хурдацтай өсөлт эдгээр тосгоныг дэлхийн хэмжээний хөлөг үйлдвэрлэлийн нэг хэсэг болгожээ. «Амазон»-ыг тосгоны усан онгоцны мастер Жошуа Дьюис удирдан барьсан бөгөөд өнөөдөр Спенсер арлын эрэг дээр хөлгийн баригдсан газрыг тэмдэглэсэн жижиг дурсгал бий.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү