1241 оны дөрөвдүгээр сарын 10-ны шөнө Унгарын зүүн хойд хязгаарт орших Мохигийн талд хэдэн арван мянган цэргийн майхан, тэргэнцэр бүхэлдээ нэг дор бөөгнөрөн буужээ. Хуарангийн эргэн тойронд тэргэнцрүүдийг гинжээр холбон хана босгосон байсан бөгөөд тэдний дунд Европын хамгийн хүчирхэг хаант улсуудын нэгийн эзэн IV Бела, түүний дүү Кальман, хоёр хамба лам, олон бишоп, Темплар одонгийн баатрууд, Унгарын шилдэг язгууртнууд нойрсож байв. Тэднээс хэдхэн километрийн цаана, Шайо голын нөгөө эрэгт Бат хаан, Сүбээдэй баатар нар цэргээ бэлтгэн, үүр цайхын өмнө довтлох цагаа хүлээж байсныг хуарангийнхны ихэнх нь тоосонгүй.
Маргааш үдэш гэхэд энэ их цэргийн ихэнх нь Пешт хот руу хөтлөх замын дагуу хоёр өдрийн газар үргэлжлэн хөглөрсөн цогцос болон хувирч, хаан өөрөө цөөн хэдэн бие хамгаалагчийн хамт амиа арай гэж аварч зугтахад хүрнэ.
Баруун зүгийн аян
Өгөөдэй хааны зарлигаар 1235 оны их хуралдайгаар шийдвэрлэсэн баруун зүгийн аян Чингис хааны ач нар Бат, Мөнх, Гүюг, Бүри, Хадан нарыг нэгэн дор цуглуулсан бөгөөд бодит удирдлагыг нь хөгширсөн ч ухаан, туршлагаараа хэнд ч дутахгүй Сүбээдэй баатар гартаа атгаж байлаа. Хэдэн жилийн дотор Ижил мөрний Болгар, кипчакуудын нутаг, Оросын вант улсууд нэг нэгээрээ эзлэгдэж, 1240 оны сүүлээр Киев унасны дараа Монгол цэргийн өмнө Европын төв хэсэг рүү хөтлөх зам нээгджээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү