БХЭШХ-ийн ЦТСТ-ийн дарга доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
Монголын эзэнт гүрэн 1250-иад онд зүүн талаараа Номхон далай, баруун талдаа Унгар, хойд талаараа Сибирь, өмнө зүгт Энэтхэг хүртэл цэцэглэж байв. Энэ үеийг "Монголын эзэнт гүрний алтан үе" гэж нэрлэж болно. Яг энэ үед Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой нэгэн сонин явдал гарсан юм.
Хижрийн 667-р он (1269) оны хавар Цагадайн улсын эзэмшил Талас голын хөндийд Зүчийн улсын хаан Мөнхтөмөр, Цагадайн улсын хаан Барак (Барак, Борок, Борак гэх мэтээр хольж бичдэг), Өгэдэйн удмын хан хөвгүүдийг толгойлон Хайду нар хуран цугларч хуралдай хийжээ. Энэ үйл явдал түүхэнд Талас-ын (өнөөгийн Киргиз, Казахстан улсын нутаг дэвсгэр дээр дамнан урсдаг мөрөн) хуралдай (Сурвалжид хуралдай, зөвлөгөөн, чуулган гэж янз бүрээр бичдэг) хэмээн алдаршжээ.
Уг хуралдай нь Монголын эзэнт гүрний үед анх удаагаа Зүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улсын (Өгэдэйн улс байсан эсэх дээр судлаачид санал зөрдөг. Ихэнх нь ийм улс байгаагүй. Хайдугийн улс байсан гэх зэргээр маргадаг) эзэд бие даан хуралдсан гэдгээрээ онцлог байжээ. Нөгөө талаар хэзээ ч эвлэрэхгүй мэт байсан Зүчи, Цагадай, Өгэдэйн удмууд анх удаа ашиг сонирхлынхоо төлөө нэгдэн хуралдсан нь сонирхолтой байсан юм. Бат хаан Мөнхийг Монголын эзэнт гүрний хаан ширээнд төрийн эргэлтээр суулгаад Цагадай болон, Өгэдэйн удмыхныг цаазлан хороож өш хонзонгоо авч байсан гашуун түүхтэй. Гэвч тэднийг энэ удаад эрх ашиг нь нэгтгэж нэгэн ширээний ард суулгаж чаджээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү