Богд хаант Монгол улсын Засгийн газрын тэргүүн түшмэл Удай вангийн тухай бид үнэндээ юу ч мэдэхгүй. Энэ утгаараа эл эх орончийн намтар цадигийн тухай судалгааны баримт сэлт ч өнөөдөр нэн ховор. Гэтэл энэ хүн үнэндээ Монгол төрийн нэрт зүтгэлтэн төдийгүй цэргийн гарамгай жанжин, түүхэн гавьяатай дипломатч нэгэн байжээ.
Дундад улсын Ерөнхийлөгч Сун Ятсений оронд Манжийн цэрэгт насаараа зүтгэсэн цэргийн жанжин Юань Ши Кай тодрон гарч ирмэгцээ өөрт нь таалагдаагүй хэн бүхнийг цааш нь харуулж, тэр ч бүү хэл Монголыг Хятадад нэгтгэхээр улайрч эхэлсэн байдаг. Эх нутагтаа хятад хүнийг оруулахгүй гэсэн Монгол ноёдыг хядаж, эсэргүүцсэн бүхнийг цус асгаруулан дарж байлаа. Энэ явдал 1912 оны зун гэхэд дээд цэгтээ хүрсэн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг баруун
Монголд Эрдэнэ бишрэлт, Догшин ноён хутагт, Түшээ гүн Жа лам 1910 онд гардан эхлүүлдэг шиг Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөөх томоохон зэвсэгт бослогыг өмнөд Монголын Жирмийн чуулганы Хорчин баруун гарын хошууны Засаг ноён Удай толгойлсон юм. Эх нутаг, гэр орон, мал хөрөнгөө сүйтгүүлсэн Монгол эрс чухам Удайгаар толгойлуулан Согоотын бэлд хуарагнаж байсан хойт Хятадын цэргийн гол хүч рүү үхлийн цохилт өгч чадсан юм. Энэ нь Өмнөд Монголын эх орончдын Хятадыг цочоосон томоохон ялалт байлаа. Удайн цэргийн хүчний эл амжилтад Хорчин зүүн гарын хошууны засаг ноён, дотны нөхөр Рашминжүүрийн гавьяаг дурьдахгүй байж болохгүй. Чухам энэ л хүн Удайн баруун гарыг өргөж явсан ачтан болой.
1911 оны зун Богд гэгээнд даншиг өргөх ноёдын их чуулган болоход Өмнөд Монголыг төлөөлж ирсэн гурван том ноёны нэг нь мөнөөх Удай байсан юм. Тэд уг чуулганаас тусгаар тогтнолын их тэмцлийг товлосон билээ. 1912 оны хавар цаг дор Удай ван Халх Монголын зүг морин улаач довтолгож, Богд гэгээнтнээс нааштай үг сонссон болохоор сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн нь их үйл хэргийг шулуутгажээ. Удай ван Ши Кайн хойт замын цэрэгт томоохон цохилт өгснөөр хойт Хятадын томоохон суурингуудыг эзэлжээ. Монголчуудын сүр хүчинд сүнс нь зайлсан Чин улсын албатууд өмнө зүгийг чиглэн хөвөрцгөөж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Жирмийн чуулганы тэргүүн жанжин Удай ийнхүү “Дорнод Монголын тусгаар тогтнолыг” тунхаглан зарласан юм. Түүнийг даган Хорчины хошууд, Зуу-Уд, Жарууд нутгийнхан нэгдэн босч Кайлу хотыг эзэлжээ. Удай ван цэрэг, албатууддаа хандаж “Хятад цэргийн хүүрээс зөвхөн зэр зэвсэгнээс бусдад нь бүү гар хүр. Дэв бузар халдана. Хятадын гүнд нэвтэрч байлдаж болохгүй. Бид эх нутгаа харамласан эр зоригоороо ялалт байгуулж явна. Нэгэнт чөлөөлсөн газар орон, эх нутгаа Хятадын довтолгооноос хамгаалж, Богд гэгээний авралд багтах нь нэн чухал амой” хэмээн өгүүлсэн нь түүхэнд үлджээ.
Удайн цэрэг нутагт нь орж суурьшсан хятад тариачдыг даруй зайлуулж эсэргүүцсэн нэгнийг нь өчиггүй устгаж байлаа. Тэмцлийн гал Өвөр Монгол даяар асч, Богд хаант Монгол улстайгаа нэгтгэх их эрмэлзлээр жигүүрлэсэн юм. Удай вангийн удирдсан зэвсэгт бослогын амжилтыг сонссон Хятад улсын тэргүүн Юань Ши Кай дэлбэртлээ уурлаж, зүүн хойд Хятадын гурван муж, Халуун голд хуарагнасан их цэргийн хүчийг нэгтгэж Монголчуудын мэдэлд орсон томоохон хотуудыг буцааж авахын тулд хайр найргүй тулалдсан хятад цэргүүд асар их хохирол амсаж, хүн хүчээ хядуулан ухарч эхэлжээ. Энэ мэдээг сонссон хөгшин генерал Ши Кай эгээтэй цус харвачихсангүй. Манжийн төрд зүтгэж, дайн тулаанд өндөр бэлтгэгдсэн тусгай хүчийг нэмж илгээснээр Монголчууд давуу хүчинд арга буюу түрэгдэж эхэлжээ. Жанжин Чжан Цзолин удирдсан хятадын хар цэргүүд Удайд сүрийг үзүүлж, дайралдсан Монгол хүн бүхнийг алж байлаа.
Кайлугийн тулалдаанд Засагт вангийн удирдсан Өмнөд Монголын 5000 шахам цэрэг Хятадын 15 мянга гаруй хар цэрэгтэй хорь гаруй хоног баатарлагаар тулалдаж, дайсанд үлэмж хохирол, сүйрэл үзүүлсэн юм. Зөвхөн ойрын туслахууд, хэд гурван цэргээс өөр юм үлдээгүй Удай Солоон ууланд орогнон, намрын хүйтэн салхийг үдэж, Хөлөн нуураар хөвөөлөн Бөөр /Буйр/ нуурын умард хэсгээр цөөн албатын хамт Монгол нутагтаа хөл тавьсан юм.
Түүний баруун гарын жанжин Рашминжүүр үзэмчин хошууны нутгаар ар Монголд нэвтэрч амжжээ. Гэсэн ч Өмнөд Монголын тэмцэл унтарсангүй. Гомбожав тайжийн удирдсан босогчид Кайлу хотыг дахин эзлэн авч, хятад жанжнуудыг хороож Удайн өшөөг авч байсан түүхтэй. Өвөр Монголын зэвсэгт хөдөлгөөний удирдагч Удай Богд хаант Монгол улсдаа хөл тавьсан нь чухамдаа Ар Монгол гэгч бүх Монгол туургатанг өөртөө нэгтгэсэн зүрхэн төв гэдгийг батлахад машид нөлөөлсөн гэдэг.
1912 оны өвлөөр шахуу Их Хүрээнд морилсон хөөрхий Удай ванг Богд хаан соёрхон хүлээн авч, эхнэр хүүхэд, албат иргэдийнх нь хамт тусгай газар олгон тохинуулахын зэрэгцээ Өмнөд Монголд нэрээ дуурсгасан зоригт эх орончийн алдрыг хүндэтгэн Богд хаант Монгол улсын Цэргийн яамны тэргүүн дэд сайдын албанд тохоон томилсон түүхтэй. Түүний баруун гар Рашминжүүр ч Гадаад хэргийн орлогч сайдын албанд тохоогджээ. 1911 оны 12-р сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа ганцхан улс хүлээн зөвшөөрсөн нь нөгөө муу баруун урдын Төвд үндэстэн байлаа. Хятадууд манжийн төрийг унагаж Гадаад Монголын төрийг засах явдлын яамыг татан буулгаж оронд нь “Монгол Төвдийн хороо”-г 1912 оны намар байгуулжээ. Эл байгууллага нь Бээжинд Монгол, Төвдийн ноёдыг урин залж, Манж, Хятад, Монгол, Хотон, Төвд тавуул нэгэн гэртээ эв найртай улс байгуулах утга бүхий аргадсан, сүрдүүлж, доромжилсон өнгө аяс цухуйлгах нь эрчимжжээ.
Энэ бүрийд Монголын хаан хариу өгөлгүй тусгаар тогтнолоо хадгалан үлдэхэд ихэд анхаарч, бусад Монголчууддаа тусгаар тогтнолын тунхаг илгээж байлаа. Энэ аюулаас сэргийлэх үүднээс хятадын удирдлага Өвөр Монголд 1912 оны сүүлээр их цэргээ оруулж, Монголын засгийн газар ч түгшиж эхэлсэн юм. Тиймээс ч Монгол ноёд “Барын зулзагыг бага дээр нь…” гэгчээр Өмнөд Монгол руу таван замаар нийт 10000 гаруй цэргийг Баргын Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Хорчины засаг ван, тэргүүн жанжин Удай нараар нь удирдуулан илгээсэн юм.
Егүзэр хийд, Дарьганга, Шар талын зүг ван Чимэдцэрэн, гүн Хайсан, Бавуужав, Тогтох тайж, Сөнөд, Хөх хот, Чуулалт хаалган, Долнуур, Батхаалганы зүг Насан-Арвижих, Сономдорж, Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн гээд л Монгол цэргийн өмнөд Монголын эх оронч ноёд тайж нар тус тус удирдан орсон гэнэ.
Эл үйл явдлын дараахан Дотоод явдлын яамны сайд Да лам Цэрэнчимэд Хөлөнбуйрт морилж, тэнд нүүн суурьшсан Засагт ван Удайн хошууны мянга гаруй албатад тариа тарьж, мал сүргээ адгуулах тусгай газар олгох асуудлыг шийдэж, хөлсийг нь Богд хаант Монгол улсын Сангийн яамнаас гаргаж байсан нь жанжин Удайн баатарлаг гавьяаг үнэлсэн хэрэг буй за. 1913 онд Шинэ Засгийн газар их гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго бүхий Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд их найдлага тавьж байлаа. Намнансүрэн сайн дипломатч гэлээ ч Англи, Франц, Япон, АНУ, Герман зэрэг орнууд нохой хуцахын чинээ тоосонгүй. Орос ах нар л сэтгэлийн дэм болгож гурван сая алтан рублийн зээл, 20 мянган винтов, зэвсэг техникээр тусалжээ.
Харин нэгдсэн Их Монгол улс байгуулах хүсэлтийг нь тэд хүлээж аваагүй юм. Учир нь оросууд 1904-1905 онд өөрсдийг нь Порт-Артурт ялсан Япончуудын эрх ашгийг Өвөр Монголд хөндөхөөс болгоомжилсон хэрэг. 1913 оны намар цаг дор болсон Монгол ноёдын Орост хийсэн айлчлал бол чухамдаа тусгаар Монгол Улсын анхны төрийн дээд хэмжээний айлчлал байлаа. Г.Чагдаржавын дараа Ерөнхий сайд болсон Т.Намнансүрэн Гадаад хэргийн сайд Ханд вангийн тэргүүлсэн айлчлалын бүрэлдэхүүнд Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны тэргүүн дэд сайд, Засагт ван Удай голлох үүрэгтэй оролцжээ.
1914 оны өвлөөс 1915 оны зуны тэргүүн сар хүртэлх хугацаанд Хиагтад гурван улсын хэлэлцээр болоход Оросын талаас Хүрээний консул Миллер, хурандаа Хитров, Хятадаас Манжуурын цэргийн дарга, генерал Би Гуй-фан, Мексик дэх Элчин сайд Ченлу, Монголын талыг Дотоод явдлын сайд Да лам Дашзэвэг, Гадаад явдлын яамны дэд сайд Цэрэндорж хутагт, зөвлөхөөр Засагт ван Удай, Манлай баатар Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ. Дэлхийн I дайн эхэлж, Орос гадаад бодлогодоо Монголын асуудлыг түр хойш тавьсныг хятадууд ашиглан Монголын төлөөлөгчдөд шахалт дарамт үзүүлж 1915 оны 6-р сарын 7-нд 22 зүйлт гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр дуусчээ.
Яагаад ч юм, тус гэрээг зүгээр л нэг хогийн тантан болсныг мэдэрсэн Богд хаант Монгол Улсыг байгуулагдахад манлайлан зүтгэсэн гурван хүний нэг, Дотоод яамны зөвлөх Б.Хайсан гүн, Гадаад хэргийн яамны тэргүүн дэд сайд, Монгол улсын Бодлогот баатар Цэнд гүн, Рашминжүүр, Цэргийн яамны тэргүүн дэд сайд, Засагт ван Удай нар хэлэлцсэн мэт төрийн том албан тушаалаасаа гэнэт татгалзан даруй унасан газар, угаасан усныхаа зүг мордсон нь өдгөө ч оньсого хэвээр үлджээ. Харамсалтай нь Монголоо гэсэн эх орончдыг Хятадын төр яаж тосч авсан нь ойлгомжтой.
Гэвч эх нутагтаа үхэх шиг эрхэм нэр төр хаана байх билээ. Алдарт Балингийн Цэрэндоржийн үйл ажиллагааны Монголчуудад үл үзэгдэх, далд талын явдалд холбогдох нэгэн баримтыг үзье. 1916 оны цагаан сарын шинийн 15-нд Гадаад Монголын Гадаад харилцааны сайд Цэрэндоржоос Чен Лу-д хэлснээр бол: “Сахалт лам Бөхбаян бол гадаад Монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн. Гүн Б.Хайсан, Засагт ван Удай зэрэг буруу хүмүүс Өвөр Монголоос Их Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Хандорж ван сэтгэл хөдөлж…Хэрэв Удай Хайсан хоёр Хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан” гэсэн нь цагаан цаасан дээр хар гэрч болон үлджээ.
Цагаан сарын шинэ дээр Чен Лу, Ши Яншань (Цэрэндорж) нар нууц уулзалтын өрөөнд заншлаараа дотноор уулзахад ярианд нэр дурдагдсан дөрвөн хүний хоёр нь болох Хандорж чин ван, сахал лам Бөхбаян нар учир битүүлгээр амь үрэгдэж, Удай ван, Хайсан гүн нар улигт гурван улсын гэрээний дагуу Хятадад тушаагдахаасаа өмнө сайн дураараа явж очсныг бид мэддэг сэн билүү.
Тэртээ зуугаад жилийн өмнө учир битүүлэг цадигтай, Манж Чин гүрний эзэн хааны зарлигаар өргөгдсөн Жирэмийн чуулганы засаг төрийн Жун ван, Богд хаант Монгол улсын тэргүүн сайд Удайтай холбоотой ийм нэгэн явдал болж өнгөрсөн юм.
Та и-мэйлээ бүртгүүлж, төлбөрөө төлөөд л сайтын бүх нийтлэлийг унших боломжтой.
Member discussion