Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Энэ удаа бид Монголын ард түмний дунд ам дамжин яригдаж үлдсэн хурдан морины домгуудаас хүргэж байна.
ОРСГОЙ ТӨГСИЙН ХАНДГАЙ БОР
Орсгой Төгсийн «Хандгай бор» гэж нэг сайн морь байсан юм. Төгс Хөвсгөл аймгийн Жаргал сумын нутагт буй доод Цэцүүхийн Пүнзэт гэж газар нутаглаж байжээ. Тэр ганц морьтой ядмаг хүн байж. Нэгэн бадарчин тэр хавьд явж байгаад цааш явах турьтай унаагүй болсон учир Төгсийг "Миний энэ гүүг аваад оронд нь нэг морь өг! Энэ гүү унагалж магад. Миний хүнээс дуулснаар бол, Тэрх цагаан нуурын дэргэд гүүг идшилж байтал нь уснаас нэгэн бор зүсмийн амьтан гарч ирж ноцолдлоо гэдэг юм. Тэр үнэн бол энэ гүүнээс усны хөх аргамаг гэгчийн унага гарах юм" гэж шалж байгаад Төгсийн ганц морийг нь аваад явж гэнэ. Орсгой Төгс ч яах вэ, гүүгээ унаад л, ан гөрөө хийгээд л хэдэн сар болтол гүү унагалах шинжтэй байж.
Төгс "Энэ гүүнээс юу гардаг бол. Гай тарих амьтан гарч болзошгүй, ямар ч байсан амлахаас нь өмнө л дуусгачихая" гээд сахиад байдаг байж гэнэ. Тэрчлэн хэдэн шөнө манаж хоноод нэг өглөө гэртээ ирж цайгаа уухаар суутал эхнэр нь цайныхаа дээж өргөхөөр гарснаа "Хүүе! Гараарай! Гүү тань унагалчихсан юм шиг байна" гэж. Төгс гүйн гартал нэгэн хөх саарал унага тэнцээд эхийгээ хөхөж байна гэнэ. Эзэн нь "Эхийнхээ цагаан сүүг амлаж байгаа нялх амьтныг яаж төхөөрөх вэ. Ямар ч байсан ажиглаж харж, адуулж маллаж байгаад юу болдгийг нь харая!" гэж шийджээ. Ингээд унагандаа юм мэдэгдсэнгүй. Даагандаа даан их юм мэдэгдсэнгүй. Үрээнд нь сургаж номхон болгож. Хязааландаа шархтай буга хөөхөд гүйцдэг болж, нутаг нугадаа хурдан гэж гайхагджээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү