1918 оны дөрөвдүгээр сарын 21-ний өглөө Францын хойд хэсэгт, Сомм голын хөндийд Морланкурын нурууны дээгүүр улаан өнгөтэй, гурван давхар далавчтай нэгэн онгоц Канадын залуу нисгэгчийн жижиг онгоцыг мөшгөн газрын гадаргуугаас хэдхэн арван метрийн өндөрт нисч явлаа. Араас нь өөр нэгэн Британийн онгоц тэр улаан онгоцыг мөшгөж, доороос нь Австралийн цэргүүдийн пулемётууд гал нээж байв. Хэдхэн агшины дараа улаан онгоц гэнэт хазайж, Австралийн цэргүүдийн шуудууны ойролцоох манжингийн талбайд хүчтэй буужээ.
Цэргүүд онгоц руу гүйж очиход нисгэгчийн суудалд хорин таван настай залуу эр цээжиндээ ганц сум хүртэн, үхэж буй байдалтай сууж байсан бөгөөд тэдний нэг нь түүнийг «капутт» гэж шивнэхийг сонссон гэдэг. Хэдэн минутын дараа тэр амьсгалаа хураажээ. Цэргүүд нисгэгчийн халааснаас олсон бичиг баримтыг харахад тэдний урд хэвтэж байсан хүн бол Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн алдартай нисгэгч, наян дайсны онгоц сөнөөсөн, бүх фронтод «Улаан барон» хэмээн алдаршсан Манфред фон Рихтгофен байлаа.
Морин цэргийн офицер
Манфред Альбрехт фон Рихтгофен 1892 оны тавдугаар сарын 2-нд Пруссын Силези мужийн Бреслау хотын ойролцоо, хуучин язгууртны гэр бүлд мэндэлжээ. Түүний овгийн өмнөх «фрайхерр» хэмээх цол нь англиар «барон» гэж орчуулагддаг байсан тул хожим түүнийг «Улаан барон» гэж нэрлэх болсон юм. Хүүхэд байхаасаа агнуурт дуртай, морь унах, буудах, ой хээрээр тэнэх дуртай байсан тэр хүүг эцэг нь арван нэгэн настайд нь цэргийн кадетын сургуульд өгч, тэндээс тэр 1911 онд Пруссын уланы морин цэргийн дэглэмд офицероор томилогдсон байна.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Рихтгофен Оросын хилд, дараа нь Баруун фронтод морин тагнуулын офицероор алба хаасан боловч хэдхэн сарын дотор шуудуу, өргөст тор, пулемётын ертөнцөд морин цэрэг утгаа алдсаныг ойлгосон юм. Түүний дэглэм шуудуунд бууж, явган цэрэг болон хувирсан бөгөөд залуу барон хангамжийн албанд томилогдсондоо маш их гомдож, командлагчдаа бяслаг, өндөг цуглуулах гэж дайнд ирээгүй гэсэн утгатай захидал бичиж, агаарын цэргийн хүчинд шилжүүлэхийг хүсчээ.
Тэнгэр дэх шинэ дайн
Рихтгофены агаарт гарсан үе бол агаарын дайн дөнгөж бий болж буй цаг байлаа. Дайны эхэнд онгоцыг зөвхөн тагнуулд ашигладаг байсан бөгөөд дайсны нисгэгчид бие биенийхээ хажуугаар өнгөрөхдөө заримдаа гар даллан мэндэлдэг ч байсан гэдэг. Удалгүй нисгэгчид гар буу, винтов, тэр ч байтугай тоосго авч нисэх болсон бол 1915 онд Голландын онгоц зохион бүтээгч Антони Фоккер пулемётын галыг сэнсний эргэлттэй тохируулах төхөөрөмж бүтээснээр нисгэгч онгоцоо зорилтот бай руу чиглүүлэн шууд буудах боломжтой болжээ. Энэ шинэ бүтээл бүхий Германы «Фоккер» онгоцууд хэдэн сарын турш тэнгэрт ноёрхож, Британичууд тэр үеийг «Фоккерын ташуур» гэж нэрлэх болсон юм. Ийнхүү сөнөөгч онгоц, сөнөөгч нисгэгч гэдэг шинэ ойлголт төрсөн бөгөөд хэдэн жилийн дотор нисгэгчид бүх улсын сонины нүүрийг чимэх баатрууд болжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү