Бэлтгэсэн Б.Нямдолгор
Грекийн философич Платон дээд зэргийн соёл иргэншил, технологийн өндөр хөгжилтэй ч үлгэр домгийн мэт Атлантис хотыг 12000 жилийн өмнө далайд живж алга болсон хэмээн бичсэн байдаг. Үүнийг домог гэж үзэн тоохгүй байх нэгэн байхад туршлагатай археологичид, сайн дурын алт эрдэнэс хайгчид Атлантис хотыг эрж олохоор өнөөг хүртэл урт хайгуулд бэдэрсээр ирсэн. Байсгээд л Атлантисыг оллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагддаг. Тэгвэл Британийн нэгэн компанийн мэдээлж байгаагаар Атлантисын алдагдсан хотыг Испаниас олсон аж.
Хиймэл дагуулын хайгуулаар мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн, “Алдагдсан, мартагдсан, нуугдсан ямар ч зүйлийг дээд зэргийн нарийвчлалтайгаар олно” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Merlin Burrows гэх компани Платоны дүрсэлсэнтэй таарч тохирч байгаа хотын үлдэгдлийг олж илрүүлсэн гэдгээ ийнхүү мэдээлсэн юм. Тус компанийн захирал Брус Блакбөрн 2018 оны 11-р сарын сүүлээр Yahoo News сайтад “Бидэнд та бүхэнд үзүүлэх олон тооны нотолгоо бий. Хүмүүсийг өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаад тун баяртай байна. Бидний хийсэн кино, цуглуулсан мэдээллийг үзээд юун баахан хог овоолчихоо вэ? гэж харах хүмүүс ч гарч ирнэ гэдгийг мэдэж байгаа” гэж ярилцлага өгч байсан юм.
Атлантисыг илрүүлэхийн тулд Merlin Burrows компани Landsat програм, Greek texts дижитал номын сангийн агаараас авсан зураг, хиймэл дагуулын өгөгдлийн санг ашигласан төдийгүй тухайн газарт нь очиж ажилласан байна. Тэдний тогтоосноор бол Испанийн Севильягийн ойролцоо, баруун өмнөд эрэг дээрх Докана дархан цаазат газрын дэргэд усны гүнд Атлантис хот оршиж байгаа гэнэ. Платоны харилцан яриандаа дүрсэлсэн бүхэнтэй таарч байгааг бид анзаарсан гэж тус компаниас мэдэгдсэн бөгөөд тэдний өгч буй мэдээллээр уг хот энд 10 мянган жил болж байгаа ажээ. Багийнхан Платоны бичсэнтэй төстэй аварга том сүм болон эртний цамхгийн суурины үлдэгдлийг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Мэдээж хэрэг тэдний энэ мэдэгдэлд шууд итгэхэд амаргүй.
Live Science вебсайтад антропологийн профессор Кен Федер “Археологичид энэ газар эртний Атлантисын соёл иргэншилд хамаарна гээд мэдэгдчихлээр баахан сурвалжлагчид судлаачдаас ярилцлага авах гээд шавчихдаг. Удалгүй өөр нэгэн нь Атлантисыг олчихлоо гэж мэдэгдэхэд өнөөх сурвалжлагчид уураа барьж дийлэхгүйд хүрдэг. Төдийгөөс өдийг хүртэл олон хүн энэ домогт хотыг Антарктик, Боливи, Турк, Герман, Мальта, Карибын тэнгис гээд л дэлхийн олон газраас олж илрүүлсэн гэж мэдэгдсээр ирсэн юм. Тэдний зөв бол үнэхээр археологич хүний хувьд гайхалтай байлгүй яах вэ?" гэж ярьжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү