Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хөгшин өвгөн авч байна, хаяхгүй бол чи шившиг болно шүү"Уншсан66,606

Дэрэнбор /Самданжигмэд/ маань ирээдүйн улсын арслан П.Дагвасүрэнг тавын даваанд амалж барилдаад, өвдөг шороодсон ба "Өвгөжөөр чи бид байтугай өнөөгийн сайчуул бэргэх болсон залуус аа.

XX зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, дархан аварга, төрийн наадамдаа 10 түрүүлсэн Хорлоогийн Баянмөнхийн улсын начин цолны болзол хэрхэн хангасан тухай түүхийг өгүүлье. 1963 оны Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд залуу бөх Х.Баянмөнхийг улсын арслан Гялдангийн Цоодол гуай амлаж авч хүчийг үзэн барилдсан байдаг.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Улсын арслан Гялдангийн Цоодолын дурсамж (Бөх сонин, Ш.Мягмар). 1963 он санагдана. Дөрөв давчихаад зэрэгцэн суусан Дэрэнбороо (Улсын арслан С.Самданжигмэд) ямар санаатайг мэдэх зорилгоор "Хоёр хөгшин ч нэг шөвгөрөх бололцоо байна шүү" гэтэл "Аан" гээд том харж байна.

С.Самданжигмэд арслан "Ээ тэр дэмий, хоёулаа ирээдүйтэй залуусаас амлая" гэхээр нь би "Баянмөнх, Дагвасүрэн нар үеийнхнээсээ ялгарч харагдах юм, болох уу" гэлээ.

Дэрэнбор ч "Яг зөв" гээд алгаа хавсарч байна. Сэтгэлд нь нийцсэний шинж. Хэн нь хэнийг гэдгээ тохирсонгүй. Тэртээ тэргүй үлдсэнийг нь би амлах юм чинь. Ингээд тавын даваа эхэлж, учраа бөхөө ч амаллаа. Х.Баянмөнх надаас ихэд цэнэсэн байдалтай. Би ч бас, эв таарвал хаяж барахгүй ч хоёр сайн цочооно гэсэн бодолтой. Хөлсөө урсган хөлөө туйвартал үзээд хөдөлгөсөнгүй, ингээд би унасан юм. Дэрэнбор /Самданжигмэд/ маань ирээдүйн улсын арслан П.Дагвасүрэнг тавын даваанд амалж барилдаад, өвдөг шороодсон ба "Өвгөжөөр чи бид байтугай өнөөгийн сайчуул бэргэх болсон залуус аа. Хэн хэн нь бидний цолыг хэзээ мөдгүй хүртэх дамжиггүй..." гээд тухлан суух нь тун ч сэтгэл ханаж олзуурхсаных.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн дурсамж. (Зиндаа сэтгүүл 2018 он)

...Баруун талын таван номер дээр зогсдог их дээгүүр хүн намайг авчихсан байдаг юм. Тэгээд гайхаад зодог шуудаг өмсөөд майхнаасаа гартал салхи сэнгэнээд, тавын даваа эхэлж байна гээд л сүртэй зарлав. “За нөхөр минь, чамайг хөгшин арслан авсан даа хө. Өөдтэйхөн барилдвал ч начин цол ч өвөрт ороод ирлээ дээ хө” гэж байна нөгөө засуул чинь. “Өө юу ярьж  байгаа юм бол оо? Ямар гээч юмтай таарав аа энэ чинь, ямар юмаа яриад байгаа хүн бэ? Түрүүнээс хойш учрыг нь олохгүй” гээд байж байсан чинь “Цоодол арслан гэж дуулсан уу” гэж байна. “Үгүй, би сургийг нь дуулсан. Тийм хүн байдгийг үзээ ч үгүй” гэсэн чинь, “Хөгшин 47 настай өвгөн авч байна шдээ. Чи хаяхгүй бол шившиг болно шүү” гэж байна нөгөөдөх чинь. Би бодож байна аа. “Ганц ч барилдаж үзээгүй Цоодол арсланг, улсын арсланг уу? Үгүй ээ, энэ чинь яаж болох юм. Айж байна гэж.

Үгүй ер нь Цэрэн, Дамдиндорж хоёр нь авчихсан бол бас яахав, жил тойрон ноцолдчихсон юм чинь гээд  тиймэрхүү юм бодогдож байгаа юм. Хөгжим нижигнээд л цол дууддаг, нэлээн удна л даа. Тэгсэн чинь засуул “За харж байна уу, тэр өндөр цагаан хүнийг” гэж байна. Өө зүгээр нэг их том өндөр цагаан хүн дэвж байна. Их дээгүүр гардаг бололтой юм. Гэтэл аваргуудын дараа ам авдаг арслан байхгүй юу. Тэгээд л харсан чинь ер нь бармааргүй л хүн харагдаж байна аа.

Өнөө засуул “За чи унавал шившиг болно шүү” гээд дахиад хэлж байна. “Наад хүн чинь чамайг начин болгоё гэж авч байгаа хүн шүү дээ. Нутаг орных нь өчнөөн начин болох хүн байгаа. Тэгэхэд чамайг алс холын сайн бөх болох ирээдүйтэй хүүхэд байна гээд начин болгох гэж сайхан санаагаар авч байгаа хүн. Гэхдээ чамд бууж өгөхгүй шүү” гэж хэлсэн. Бүр улам айгаад. Нээрээ ч 47-той гэхээр чинь хөгшин хүн шиг санагдаж байгаа юм. Намайг амлаж авсан бөх гараад ирсэн чинь нэлээд өндөр биетэй юм. Мэх сайн мэдэж байгаа юм, нөгөө засуул маань. “Баруун гарынх нь элэг бүсэнд хүрвэл ташаагаараа нааж тонгордог хүн байхгүй юу наад хүн чинь. Чамайг зүгээр тонгороод ташаан дээрээ наагаад л аваад л явна, барилдаж ерөөсөө болохгүй” гэж байна шүү. Өө ёстой зугтааж өглөө, тойроод...

 Засуул л юу гэж байна, тэрийг хийгээд байлаа. Тэгсэн чинь далбааны тэнд барьц өгөхөөр далбаанд нь гар хүрчихгүй юу. Зүрх үхэх гэж байна аа, ямар мангар биетэй амьтан бэ гэж бодогдоод л. Дайраад л барьж авах гээд байна, намайг. Тэгж байтал би хөл рүү нь ороод явчихлаа даа. Баруун хөл рүү нь ороод цаашаа дартал бөгсөөрөө дараад суучихлаа. Хөөх начин болчихдог юм. Ингэж начин болчихдог юм байх даа гээд бодогдож байна аа. Сүүлд нь Цоодол гуайтай уулзаж байхад намайг начин болгох гэж л амлаж авч байсан юм билээ...

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 24. 21:46
Saikhan Lkha

Goe

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]