Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

2021 онд илэрсэн сонирхол татам археологийн арван олдворУншсан7,155

Төслийн удирдагч Захи Хавасс “Би энэ хотыг Алтан хот гэж нэрлэнэ. Учир нь энэ бол он тооллоор III Аменхотепын (МЭӨ 1390-1352 он) үетэй холбогдох бөгөөд эртний Египтийн алтан үед тооцогддог” хэмээжээ.

Египетийн “Алтан хот”

Луксор, Эгипет

Олон мянган жилийн турш элсэн дор нуугдсан энэхүү хот нь эртний Египетийн хамгийн том суурингуудын нэг гэж тооцогддог бөгөөд археологичдод олдолгүй хэдэн мянганыг дамжсан юм. Энэ газар археологичдод азаар шахуу олдсон бөгөөд тэд анх Луксор дахь Нил мөрний баруун эрэг дагуу Фараон Тутанхамуны (МЭӨ 1336-1327 он) шарил хадгалах сүмийг хайж байжээ. Гэвч археологичид оронд нь маш сайн хадгалагдан үлдсэн суурин газрын туурийг олсон бөгөөд үүнд байшин, гудамж болон хана (зарим нь гурван метр гаруй өндөртэй) байв. Эртний бичээст тухайн хотын нэрийг “Үзэсгэлэнт Атен” гэж нэрлэдэг байсан ба хамгийн анх Тутанхамуны өвөг болох III Аменхотепын үед сүндэрлэн бий болжээ. Төслийн удирдагч Захи Хавасс “Би энэ хотыг Алтан хот гэж нэрлэнэ. Учир нь энэ бол он тооллоор III Аменхотепын (МЭӨ 1390-1352 он) үетэй холбогдох бөгөөд эртний Египтийн алтан үед тооцогддог” хэмээжээ.

Атен эртний Египетийн үйлдвэрлэлийн болон удирдлагын гол суурин байсан бөгөөд тухайн хот урт хугацаанд элэгдэл багатай хадгалагдсан байсан. Үүнээс улбаалж эрдэмтэд 3000 жилийн өмнөх амьдралын хэв маяг руу өнгийж харах боломжтой болсон аж. Хэдий Атен хотын ердөө гуравны нэг нь ил гарсан байгаа ч археологичид шохойн чулуу, шаазан эдлэл, хүүхдийн тоглоом зэрэг өдөр тутмын эд хэрэглэлийг агуулж буй байшингуудыг нээн илрүүлжээ. Мөн түүнчлэн талхны мухлаг, гал тогоо зэрэг өөр бусад хоол хүнстэй холбоотой зүйлсийг илрүүлсэн бөгөөд сонирхолтой нь тэнд мах бэлтгэгчийн бэлдсэн 10 кг шахуу хатаасан мах байжээ. Эрдэмтэд тухайн хотын мөхөх болсон шалтгааныг төдийлөн тайлж амжаагүй байгаа ч III Аменхотепын хүү Ахенатен (МЭӨ 1349-1336 он) эртний Египетийн нийслэлийг 400 км-ийн цаана нүүлгэсэнтэй холбоотой байж болох талаар таамаглал дэвшүүлж байгаа юм.

 

Дэлхий хамгийн эртний чулуун урлаг - Түвд, Куэсан халуун рашаан

Дэлхийн хамгийн эртний чулуун урлагийг 226,000-169,000 жилийн өмнө Төвдөд амьдарч байсан хоёр хүүхэд бүтээсэн байх боломжтой байна. Бүтээгчид нь уг чулуун дээр гарын болон хөлийн хээг давхардуулан үлдээсэн бөгөөд тэд магадгүй Неандертали эсвэл Денисовын хүмүүс байх гэж таамаглаж байна. Анх уг чулуу нь халуун рашааны хажууд үүсч бий болдог бөгөөд зөөлөн, ямар нэгэн дүрс үлдээх боломжтой байдаг. Харин рашаан урсгалаа өөрчилсний дараагаас хатуу болдог аж. Гуанжоугийн их сургуулийн геологич, байгаль орчны археологич Давид Жан хэлэхдээ “Нутгийн хүмүүс тэднийг Буддатай холбодог, гэхдээ тэд гарын хэвүүдийг хэтэрхий жижиг байгаад нь гайхдаг” гэжээ.

Жан болон түүний хамтрагчид гадарга дээр хэзээ ул мөр үлдсэн болохыг тогтоохын тулд трөвертин гэх мэт кальцийн карбонатын ордууд дахь уран, торийн ул мөрийн хэмжээг судалдаг аргыг ашигласан. Уран нь тодорхой хурдтайгаар тори болж задардаг тул судлаачид хоёр элементийн харьцаагаар чулууны насыг тодорхойлох боломжтой болсон аж. Зарим нь үүнийг урлаг биш зүгээр л хүүхдийн тоглож гаргасан хэв гэх байх. Тэгвэл юуг нь тоглоом наадгай юуг нь урлаг гэх вэ ? гэж Жан асуулт тавин, “Бид үүнийг хоёулаа л зөв гэж бодож байна” гэжээ.

 

Эртний арьсан эдлэл - Конртбандьерсийн агуй, Марокко

Мароккогийн Атлантын далайн эргийн ойролцоох Конртбандьерсийн агуйгаас Макс Планк хүрээлэнгийн археологич Эмили Халлет 12 мянга гаруй ясны олдворуудыг судалж байхад зарим нь гөлгөр, цэвэрхэн яг л хүний гар хүрсэн нь илт байсныг тогтоожээ. Тэрээр бусад судлаач нартай зөвлөлдөн, олдсон хэсгүүдийн 62 нь ясан багаж хэрэгсэл байсан бөгөөд 120,000-90,000 жилийн настай гэж тодорхойлсон аж. Ингээд үүнийг үслэг эдлэл болон арьсан эдлэлд бэлтгэхэд хэрэглэдэг олон тооны амьтны хавиргаар хийсэн багаж байв. Эмили Халлет хэлэхдээ “Нэгэнт амьтны арьсыг боловсруулахад маш олон шат дамжлагыг давдаг. Эдгээр ясан багажууд нь арьсыг цоолж гэмтээхгүйгээр амьтнаас арьсыг нь салгах багажууд юм” гэжээ.

 

Анхны Америкчууд - Цагаан элс, Нью Мексико

Сүүлийн хориод жил археологичид хамгийн анх америк тивд хүн хөлд тавьж байсан газруудыг олж илрүүлжээ. Тэдгээр нь ойролцоогоор 16,000 жилийн настай байсан бөгөөд зарим эрдэмтэд тэдгээрээс ч илүү эртний олдворуудыг олсон ч баталгаатай эсэх тал дээр эргэлзээтэй байдаг байна. Ваит Сандс Америкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байх хүний хөлийн хэв нь радиокарбон шинжилгээгээр хүмүүс Хойд Америкт анх 23,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолж байна.

Тэдгээр хэвүүд нь ширгэж буй нуурын шавартай газар олон зуун хүн гишгэлж хатсан мөр бөгөөд Корнеллийн их сургуулийн археологич Томми Урбан тэдгээр хэвүүдийг шинжлээд олон тооны залуу хүмүүс, өсвөр насныхан, хүүхдүүдийнх гэж тодорхойлсон байдаг.

 

Хамгийн эртний амьтны дүрстэй урлаг - Саудын Арабын хойд хэсэг

 Тэмээ, зэрлэг илжиг дүрсэлсэн 12 самбар дэлхийн хамгийн эртний амьтны холбогдолтой дүрслэл болж байна. Судлаачид багажны тэмдэг, элэгдэлд дүн шинжилгээ хийх, түүнчлэн радио нүүрстөрөгчийн он цагийн тогтоох зэрэг арга техникийг ашигласнаар тэмээний дурсгалт газар гэгддэг газрын хэвийг МЭӨ VI мянганы дунд үе, 5000 жилийн өмнө гэж тогтоожээ. Неолитийн үед (ойролцоогоор МЭӨ 8000-3000 он) Умард Араб нь одоогийнхоос хамаагүй чийглэг байсан бөгөөд нүүдэлчид хонь, үхэр, ямаа маллаж зэрлэг ан амьтдыг чөлөөтэй агнадаг байв. Амьтад нь малчдыг оршин тогтноход чухал үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд яагаад энэ газарт олон тооны амьтны сийлбэр, хэвүүд байгааг үүнээс тайлбарлаж болно.

Макс Планкийн нэрэмжит Хүний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнгийн археологич Мария Гуагин энэ газрыг олон зуун жил, магадгүй хэдэн мянган жилийн турш ашиглаж байсан нь тодорхой бөгөөд сийлбэрүүд бүдгэрч эхлэхэд үе үе шинэ сийлбэрүүдийг нэмж эсвэл хуучин сийлбэрүүдийг дахин сийлсэн гэж тайлбарлажээ. Мөн тэрээр “Энэ газарт ойр ойрхон хүмүүс эргэж ирдэг байсан эсэх нь сонирхол татаж байна. Гэвч зөвхөн онцгой тохиолдолд л шинээр сийлбэр хийдэг байсан” гэжээ.

 

 Хүрлийн үеийн газрын зураг - Леухан, Франц

Борнмутын их сургуулийн археологич Клемент Николасаар ахлуулсан судлаачдын баг Францын үндэсний археологийн музейд хадгалагдаж байсан хагарч бутарсан хавтангийн гэрэл зургуудыг анх хараад ихэд сонирхжээ. Учир нь уг хавтан нь учир битүүлэг сүлжээгээр холбогдсон хээн сийлбэртэй байсан тул энэ нь ямар нэг газрын зураг байж магадгүй гэж тэд таамагласан аж. Уг хавтанг 1900 онд Британи дахь хүрлийн үеийн нэгэн булшнаас гаргаж авсан бөгөөд энэ нь МЭӨ 1900-1640 он хүртэл хамаарах чулуун булшны хананы нэг болж байж. Нэг тонн жинтэй уг олдворыг Николас болон түүний хамтран ажиллагсад тухайлбал Баруун Британийн их сургууль, Францын Урьдчилан сэргийлэх археологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Иван Пейллер нар нарийвчлан судлах зорилгоор авч, зуу гаруй жил хадгалагдаж байсан юм.

Археологичид хавтангийн зүүн зах дахь гурвалжин хөндий нь тухайн хавтанг илрүүлсэн газрын ойролцоох Одет голын хөндийн хэлбэртэй төстэй болохыг олж мэдсэн. Энэ хөндий дэх дөрвөлжин хээ нь ландшафтын тод томруун боржин чулуун массыг төлөөлж байгаа мэт харагдаж байсан аж. Үүний нэгэн адил хавтан дээрх шугамууд тухайн газрын гол мөрний сүлжээтэй нягт таарч байсан. Николасын багийнхан уг хавтан ойролцоогоор 19 х 13 миль хэмжээтэй газар нутгийн зураг бөгөөд бүтээгдсэн үе нь ойролцоогоор МЭӨ 2150-1600 он гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Николас хэлэхдээ “Энэ нь Европ тив дэх бидний олсон хамгийн эртний газрын зураг мөн” гэжээ. Хавтангийн голд байрлах хээ нь хашааг тэмдэглэж байж болох бөгөөд судлаачид үүнийг хүрэл зэвсгийн үеийн жижиг хаант улсыг дүрсэлж байгаа талаар санал дэвшүүлсэн байдаг.

 

 Ховор хилийн тэмдэглэгээ - Ром, Итали

Эртний Ромын ариун дагшин газрын хилийг зааглаж байсан ховор чулууг хотын бохирын системийг шинэчилж байгаа ажилчид олжээ. Зургаан фут өндөр шохойн чулууны блок нь бараг 2000 жилийн настай бөгөөд энэ төрлийн 10 олдвор байдгийн нэг юм. Ямар нэгэн ариун бүс, эсвэл хүн амьтан орохыг хориглох зорилгоор бүтээсэн чулуу нь хамгийн эртний хилийн тэмдэглэгээнд тооцогдож байна. Энэ чулуугаар хашсан газар нутагт хэнийг ч оршуулж болохгүй, хилээр орох хориотой гэх мэт утга агуулна. Мөн шашны үйл ажиллагааг иргэний болон цэргийн амьдралаас тусгаарладаг байсан болов уу хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

 

Викингчүүд Атлантын далайг гатлах үед -Канад, Ньюфаундленд

1960-аад онд Ньюфаундлендын хойд үзүүрт байрлах Л’Ансеаусын нугад байрлах сууринг анх малтахад түүний барилгуудын хэв маягаас харахад тэдгээрийг Гренландаас X, XI зуунд ирсэн викингүүд барьсан нь тодорхой байв. Гэвч тэд яг хэзээ аяллаа хийж, Атлантын далайг гаталсан европчууд болсон нь маргаантай асуудал байв. Харин одоо Гронингенийн их сургуулийн Маргот Куитемс тэргүүтэй судлаачдын баг викингүүд хэзээ тэнд байсныг нарийн тодорхойлохын тулд уг сууринтай холбоотой модны насыг тогтоох шинэ аргыг ашигласан байна. Судалгааны үр дүнгээр моднууд МЭ 1021 онд тайрсан модноос гаралтай болохыг тогтоосон байна.

 

Загалмайтнуудын булш - Сидон, Ливан

 Загалмайтны дайны үеэр Христийн шашинтнуудын мэдэлд байсан Сидоныг хамгаалж байгаад амь үрэгдсэн дор хаяж 25 цэргийн шарилыг агуулсан, бөөнөөр булсан газар тус хотын Сент Луис шилтгээний ойролцоо малтлага хийх явцад олдсон байна. Археологичид франц хэлээр ярьдаг загалмайтнуудын өмсдөг хэв маягтай бүс, мөн 1245-1250 оны хооронд байсан зоос олжээ. Эдгээр эд зүйлс нь тэднийг 1253 онд Мамлюкийн султант улсын дайралтын үеэр алагдсан байж болзошгүй гэж дүгнэхэд хүргэсэн аж. Бөөнөөр булшлагдсан загалмайтнуудыг археологичид өмнө нь ердөө нэг л удаа ийн илрүүлж байжээ.

 

Боолын сэтэр - Чарлстон, Өмнөд Каролина

Бас нэгэн сонирхолтой олдвор. Чарлстоны коллежийн оюутны хотхоны 19-р зуунд хамаарах галт тогоонд боолчлогдсон хүний зүүж байсан сэтэр олджээ. 18-р зууны сүүл үеэс 1865 он хүртэл хэвлэгдсэн ийм сэтэр нь регистрийн дугаартай байх бөгөөд мужаан, дархан, загасчин, гэрийн үйлчлэгч зэрэг мэргэжлээрээ боолчлогдсон хүмүүсийг тодорхойлдог байж. Уг зураг жишээ нь 1853 оных бөгөөд “зарц” гэсэн бичигтэй. Оюутны хотхонд зарцлагдаж байсан боолын зүүх сэтэр хэмээн эрдэмтэд тодорхойлжээ.

Эх сурвалж : archaeology.org

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]