Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжийн хааны зуслан ордонд зугаацсан тэмдэглэлУншсан10,914

анжийн хаан 50 мянган их цэрэг дайчлан, халхыг ч бас хөдөлгөн байж 1755 онд Зүүнгарын хаант улсын Даваач хааныг, 1756 онд, Ойрдын ван Амарсанааг, 1757 онд Хотгойдын ван Чингүнжавыг дарсны их баяр ёслол болгож монгол лам нартай, монгол уншлагатай энэ сүмийг байгуулж, цагаан зандангаар урласан 110 тонн хүнд, 28 м өндөр мянган мутарт, мянган мэлмийт Бодисад бурхан аравнайлан залсан түүхтэй.

Хятадын Хэбэй мужийн нутагт байх Чэндэ хотод хоёр хоног зочлох завшаан тохиосон юм. Чэндэ бол Бээжингээс зүүн хойшоо 300 шахам км-т оршдог, 300 мянган хүн амтай багашиг хот. Гэхдээ энэ бяцхан хотын алдар суу гурван зууны тэртээгээс хол ойрд түгэн тархсан түүхтэй. Учир нь манжийн Энх амгалан хаан 1703 онд умрын цэцэгт сэрүүн тал нутгийнхаа захад нь боловч зусч байхсан гэхдээ зарлиг буулган, энд зуны зуслан ордон байгуулсан гэдэг. Чэндэ хот бол үнэхээр бур бур салхитай, бургисан сайхан хуртай, өвөлгүй зун, хаваргүй намраараа байдаг үлгэрийн сайхан Бумбын орон мэт зөөлөн сэрүүн цаг агаартай, эрт цагаас янагш Монголын хэшигтэн, харчин аймгийнхан, манж аймгуудтай холилдон суусаар ирсэн нутаг авай.

Чэндэ хот нь Хятадад төдийгүй олон улсад алдаршсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын үнэт өв”-д бүртгэгдсэн түүх соёлын дурсгалт газруудаараа онцгой ажээ. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд эндэхийн аялал жуулчлалын салбар түргэн хурдтай хөгжиж, жилд хүлээн авдаг дотоод, гадаадын аялагч жуулчдын тоо улам бүр өсөн нэмэгдсээр байгаа гэнэ. Ойрын жилүүдэд Бээжингээс Чэндэ рүү хурдан галт тэрэг явдаг болсноор машинаар 4 цаг давхиж байгаа энэ замыг ердөө 47 минутад туулна гэж байна. Тэр үед Чэндэг зорих хүмүүс усны урсгал мэт болох биз ээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Манж Чин улсын үеийн хаадын зуслан ордон хэмээх энэ хотыг Энх амгалан хаан 1703 онд анх шавыг нь тавьж, түүнээс хойших хэдэн хаадын үеийг дамжин 89 жилийн туршид барьж байгуулсаар 1792 онд сая дуусчээ. Энэ урт он жилүүдийн туршид байгуулагдсан олон арван барилга байгууламж, орд харш, сүм хийд, цэцэрлэг хүрээлэнг нэгбүрчлэн тоочин өгүүлэх гэвэл бүхэл бүтэн боть ном болох нь гарцаагүй. Харин энэ удаад бид богинохон хугацаанд үзэж сонирхсон цөөн хэдэн газрынхаа талаар уншигч танаа товчлон дурдаж сонирхуулсугай. Сонсох хүнд сонин, үзэх хүнд хүслэн болтугай.

 

Хааны ордон хот нь эргэн тойрондоо арван км ханан хэрмээр хүрээлэгдсэн нь мөнөөх Түмэн газрын Цагаан хэрэмтэй нь эндүүрмээр адилхан харагдана. Уулсын оройгоор хэжин дамнан сүндэрлэсэн энэ арван км хана хэрмээр хүрээлэгдсэн ордон хот тухайн цагтаа эгэл жирийн ард түмэнд хориотой, хаалттай орчин байжээ. Харин БНХАУ байгуулагдсанаас хойш эндэхийн бүх барилга байгууламжийг улсын хамгаалалтад авч үзэсгэлэн, музей болгосноор эгэл жирийн хүмүүс чөлөөтэй орж, хаад дээдэс хэрхэн аж төрж байсныг нүдээр үзэх боломжтой болсон байна. Хааны ордон хот нь дотроо өмнөд, хойд гэсэн хоёр дүүрэгт хуваагдах ба өмнөд дүүрэг нь хаант төрийн албан яамд байгууллагууд байрлан төрийн хэргийг шийтгэн явуулдаг, эзэн хааны ажлын албан байрууд, төрийн ёслолын өргөөнүүд, түшмэд ноёдын өрөө тасалгаа, цуглан жасаалдаг өргөө танхимууд байх ажээ.

Хойд дүүрэг нь мөн гурван хэсгээс бүрдэнэ. Тэдгээрийг уул, тал, нуурын орчин бүхий байгалийн үзэсгэлэнт сайхнаар тохижуулан засчээ. Битүү нарс, майлс, улиас, агч модоор хучигдсан номин ногоон уулсын үзэмж төгс төгөлдөр агаад зуны халуунд сэвшээ салхи сэнгэнэсэн сэрүүн тунгалаг, намрын налгарт алтан шаргал, ал улаан навчсаар хучигдан өнгө засч үзэмж зүсээ солих нь ёстой л хаан эзэн байтугай харц ард хоргодон татагдмаар үзэсгэлэнт дүр төрхийг бий болгодог байна. Уулын хормой бэлд агч багашиг тал газарт эсгий гэрүүд бүхий хүрээ хот байгуулж, их асар цогцлоон босгосон байх агаад хаан бээр харьяат албат түшмэд ноёдын хамт үе үе энд морилон саатаж, Монгол, манж үндэстний дуу хуур сонсч, бүжиг хатираа үзэн, бөх барилдуулж, сур харвуулан баясдаг байжээ. Өнөөдөр энд өвөр Монгол маягийн гэр хүрээ өнөөгийн хүмүүст өнийн түүхийг улбаалан хүргэх мэт дүнхийнэ.

Түүнээс урдуурхан уудам зайд нуур цөөрөм байгуулан Хятадын өмнөд нутгийн өнгө аясыг санагдуулам донж янзаар засч тохижуулсан байх тул хаад хатад үүгээр сатааран зугаацахдаа эгээ л Хөх мөрнөөс өмнөш аялан явж, эртний их нийслэл торгон хот хэмээгдсэн Ханжоу, дорно зүгийн Венеци гэгдсэн усан дээрх хот Сужоу, алдарт Сиху хэмээх Баруун нуурын хосгүй үзэмжид умбах мэт болдог байсан гэнэм. Чухам ийм л орчинд хаан бээр зун намрын зургаан сардаа тухайн үеийн Бэйпин(өнөөгийн Бээжин хот) их нийслэлийн бүгчим халуунаас дайжин, умрын хээр тал, аглаг сэлүүн уулсын хяр энгэр, хөндий нугаар амсхийн алхалж, ав гөрөө эргүүлсэн шигээ жаргадаг байжээ.

Энд Түмэн модот цэцэрлэг, Алтан уулын ордон асар, Униар будант, хур бороот тагт, Сарыг тольдож, мөрний урсгалыг анирлах тавцан, Номин тал дахь малчны хот, Нуурын думдахь ногоон арал, Халуун голын эхэн булаг гээд нэр нь хүртэл сонсголонтой үзэмж төгс бүрдсэн аялал зугаацлын газрууд бий. Манайхан Жэхэ гэдэг нэрээр нь мэддэг Халуун гол хэмээх эртний алдартай халуун аршаан яг энд бий. 1945 онд Монголын арми япончуудыг хөөн тулалдсаар энд хүрээд буцсан гэдэг билээ. Өнөөдөр хятад нөхөд эл бүгдийг тэртээх он жилүүдэд байсан янзаар нь хадгалан хамгаалж, сэргээн тордож, есөн хэлийн олон хөлийн зочин гийчинд үзүүлж, бахдан гайхуулж байдаг болжээ.

Байгальд хор хөнөөлгүй гэгддэг цахилгаан цэнэгт тэргэнд суугаад бид бас хаадын зугаацлын жимээр уул өөд өгсөн гарч, цэнхэр униар суунаглан цэлсхийсэн хаврын ойн агаараар цээж тавираан амьсгалж, алсын барааг ширтэхүйд давхар давхар уулс номин өнгөөр нүд баясган сэтгэл сэргээж, үүнийг ч ажиж, түүнийг ч шагшин явлаа. Чингэсээр хоёр морьтой хүн зэрэгцэн явж болохуйц хэрмийн дээр хүрч, урьд цагт хаад ноёд алсын барааг тольдон саатдаг байсан тавцан дээр гарч амсхийх зуур дөрвөн зүг найман зовхист хараа бэлчээн алсыг бараалцгаав.

Чэндэ бол үнэхээр байгалийн үзэсгэлэнт сайхан, түүх соёлын өв дурсгал хослон цогцолсон ховорхон сайхан газар ажээ. Тэртээ алсад хадат толгойн оройд зориуд зоож босгосон юм шиг аварга том босоо хадыг “Эрхий хуруу” гэдэг гэнэ. Холоос ийм харагдаж байгаа юм чинь дэргэд нь очвол арав хорин давхар байшингийн чинээтэй баймаар тэр том хад уначихалгүй мянга мянган жилийн туршид ийн сүндэрлэсээр байдаг нь гайхалтай. “Чэндэгийн үзэсгэлэнт газруудыг тойрон үзсэн хүн 99 насална, “Эрхий хуруу”-г олж харсан хүн 130 насална” гэж нутгийнхан бэлгэшээн хэлэлцдэг аж.

Эндээс хойд зүгийг бараалахад тэртээ баруун хойноос зүүн хойшоо хүртэл үргэлжилсэн уулсын бэл хөндийгөөр эртний сүм хийд, орд харш эгнэн харагдана. Хөтөч бүсгүй бидэнд тайлбарлан өгүүлснээр бол энд “Найман их сүм хийд” байдаг гэнэ. Тэдгээр нь бүгд тодорхой үүх түүх, намтар цадиг хүүрнэдэг авай. Чанх хойд этгээдэд улаан, цагаан хослуулан өглөөний наранд нүд гялбаан сүндэрлэх томоохон цогцолбор бол Түвдийн Лхаст байдаг Далай ламын Будала ордонг дуурайлган байгуулсан Бага Будала ордон аж.

Найман их сүмийн нэг нь Түвдийн нийслэл Лхасад байдаг Ламын шашны тэргүүн Далай ламын Будала ордны багасгасан хувилбар нь болой. Энэ ордонг 1771 онд барьж байгуулсан байна. Түвдийн бурхны шашны тэргүүн Далай лам, Банчин богд тэргүүт шашны удирдагч дээдэс лам нар Манжийн эзэн хаанд бараалхан ирэхдээ морилон саатдаг байжээ.

Хоёр дахин багасгасан ордон нь ийм байгаа юм чинь Лхаса дахь жинхэнэ Будала ордон ямар агуу том болох нь ойлгомжтой. Энэ ордныг Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 60 нас сүүдэр, хатан эхийн 80 нас сүүдэр зэрэгцсэн 1771 оныг угтан 1767 онд хаант төрөөс зарлиг гаргаж байгуулсан түүхтэй. Тэр жил бас нэг түүхэн үйл явдал давхацсан нь алс өрнө зүгт нүүж одсон баруун Монголчууд 150 шахам жилийн дараа эргэж ирсэн Их нүүдэл байжээ. Энэ түүхэн үйл явдлыг манжийн хаант төрөөс онцгойлон тэмдэглэж гэрэлт хөшөө босгосон байна.

Будала ордны их хаалгын хоёр талд эл түүхийг өгүүлсэн бичээст гурван хөшөө бий. Нэгд нь энэ ордонг байгуулсан учир шалтгаан, холбогдох үйл явдлыг, баруунтайхад нь Торгуудын их нүүдэл Ижил мөрнөөс Алтайд буцаж ирсэн их хэрэг явдлын тухай, зүүнтэйхэд нь Их нүүдлийг удирдан залж ирсэн ноёд түшмэдэд цол хэргэм, бэлэг сэлт, эд хөрөнгө шагнан, газар нутаг заан суулгасан тухай сийлэн бичсэн байдаг.

Монголчууд Жэхэ гэдэг нэрээр нь сайн мэдэх энэ газрын нэрийг Монголчилвол Халуун гол гэсэн утгатай. 1945 оны чөлөөлөх дайны үеэр Монгол-Зөвлөлтийн цэрэг үүгээр дайрч өнгөрсөн түүхтэй.

Түүнээс урдуурхан уудам зайд нуур цөөрөм байгуулан Хятадын өмнөд нутгийн өнгө аясыг санагдуулам донж янзаар засаж тохижуулсан байх тул хаан, хатад үүгээр сатааран зугаацахдаа эгээ л Хөх мөрнөөс өмнөш аялан явж, эртний их нийслэл Торгон замын эх хэмээгдсэн Ханжоу, дорно зүгийн Венеци гэгдсэн усан дээрх хот Сужоу, алдарт Сиху хэмээх Баруун нуурын хосгүй үзэмжид умбан орох мэт болдог байсан гэнэм.

Манж, Монгол, хятад, түвд дөрвөн хэл бичгээр бичсэн гэрэлт хөшөө Чэндэд олон бий. Тэдгээрийн нэгэнд “Гэвч Монголын олон ван, гүн ноёд надад насан хутаг оршоож, өлзий буян хуруулахыг хүсч сүм байгуулсугай хэмээн машид ятгах тул тэдний сүсэг бишрэлийг мөхөс би хүндэтгэн энэхүү сүмийг байгуулвай” хэмээн бичсэн байх нь өнөө бидний цаг үед “цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр бичсэн” гэдэг шиг л өнгөрсөн түүхийн хөдөлшгүй гэрч, сайн мууг тунгаан сургамж авууштай билээ. Үүнд итгэхгүй гээд яанам.

Хятад газарт аварга том мэлхий суурьтай, олон хэлний бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд маш их. Бээжин дэх Юань гүрний Төрийн хөвгүүдийн сургууль, түүний дэргэдэх Күнзийн сүмийн хашаан дотор лав ийм бичээст гурван хөшөө бий. Тэдгээрт бас л манж нар Баруун Монголын бослого, тэмцлийг дарсны “гавьяа”-г мөнхжүүлэн үлдээсэн байдаг.

Монголчууд “Эвтэй дөрвөн амьтан” хэмээх үлгэрийг Монгол ардын үлгэр гэж боддог. Тэгвэл бас ч тийм биш бололтой. Лав манж, түвд үндэстнүүдийн дунд ч дэлгэрсэн болох нь энэ хүрэл хөшөөнөөс илхэн. Үүх түүхийг нь яривал лав манай нийслэлийн Цагаан давааны урдтай байх заантай хөшөөнөөс хавьгүй урт настай буй заа.

Эндэхийн олон сүм хийдэд хэдэн мянган том, жижиг бурхад залаастай байдаг. Тийм ч учраас нэгэн сүмийнх нь Монгол лам “Энд Монголоос залсан хэдэн мянган бурхан тахил бий. Жижиг ч бий, метр гаруй өндөр нь ч бий” гэж ярьсан юм. Тэндэхийн Мянган бурхант суварга гэдэгт Монголоос жилийн жилд зөөн анжийн хаанд цутгасан 1004 том, жижиг бурхдыг залсан байжээ. Монголыг дараад олзолж авчирсан их алтан бурхныг манжийн хаан энд залаад “Би Монголын их шүтээнийг авчирлаа. Одоо Монголчууд дахиж босохгүй!” гэж хэлсэн гэдэг.

Зарим сүмийн дээврийг Монгол, Түвдээс цутгасан алтаар дээвэрлэсэн байсан гэдэг. 1570-аад оны үест Түмэдийн Алтан хаан Түвдийн шашинд дагаар орж тэргүүн ламд нь “Далай” хэмээх цол хайрлан их хэмжээний өргөл барьц өргөн шагнаснаас хойш нийт Монгол даяар Түвдийн шашин түгэн дэлгэрч, Монголчууд хамаг алт, мөнгөө Түвд рүү зөөн цутгах болсноос үүдэн “Халхын буян дундрахгүй” гэсэн хэлц үг Түвдэд гарсан гэдэг. Ингээд бодохоор Монголчууд өмнөх үеийн агуу их өвөг дээдсийн, дэлхийн талыг хураан байж олж авчирсан хамаг алт эрдэнэсийг Түвд, Манж хоёрт цутгаад дуусгаж дээ гэж халаглан бодоход хүрнэм.

Манжийн хааны номын сан. Өндөр нарс, хуш моддын сүүдэрт орших номын өргөөнөө хаад дээдэс сэрүүн лавринд залрах мэт таашаал эдлэн номын ертөнцөд умбадаг байсан буй заа. Энд эртний ховор нандин судар, шасдир өнөө ч олноороо хадгалагдаж байдаг.

Монголчууд бидний өвөг дээдэс баатарлаг, баялаг түүхийг бүтээсэн билээ. Харин өнөөгийн бидэн үүгээр дэндүү их хөөрөлхөж, чээж дэлдэн цовхчих хэрэггүй юм. Мэддэг, судалдаг, бахархдаг байх хэрэгтэй. Нэгэн цагт нийт Азийг донсолгож явсан агуу их манж үндэстэн өнөөдөр алга. “Би бол манж цустай хүн!” гэж хэлэх хөтөч бүсгүй ч, тэр их үндэстний намтар цадигийн тухай өнгөрснийг эргэцүүлэн зогссон миний сэтгэлийн гунигийг үргээж чадаагүй ээ. Учир нь хожмын нэгэн цагт “Би Монгол удмын хүн!” гэсэн хий үг агаарт замхарч байх вий! хэмээн сэтгэл эмзэглэсээр байсан юм аа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 17. 20:17
Зочин

лалрын халхууд ахан дүүсээ алчаад өөрсдөө манжийн нутагт жаргаж суух гэж

2018, 12 сар 12. 21:05
АриЗочин

Естой vнэхжжр сайхан бичжээ , баярлалаа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]