Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Угсраа мэхт, Улаан хүзүү хэмээх Х.Дэлэг арсланУншсан3,894

Хүрэлийн Дэлэг 1903 онд Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн.

Хүрэлийн Дэлэг 1903 онд Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн. Олны дунд улаан хүзүү (Гандангийн ч гэдэг) хэмээн алдаршсан цуутай бөх билээ.

Х.Дэлэг арслан бага насаа өөрийн эцэг эхийн хамт мал маллаж, хар бор ажил хийж өнгөрүүлээд 20-иод наснаасаа ойр хавийн хошуу, сум, аймгийн наадамд барилдаж түрүүг нь авдаг болжээ. Ингээд 1930 оны үед нийслэл хотод ирж Ганданд шавилан сууж. Тэр үеийн Бөмбөгөр ногоон театр, 10-ын клуб гэдэг газарт “шийтэй бөх” гэж олны анхаарлыг татсан сонин барилдаан зохиодог байжээ. Энэ барилдаанд Л.Чимэд (Мөнгөнморьтын), Маамын Лхагва (урт гарт), Намжилваанчиг (Гандангийн бүрхэг) зэрэг бөхчүүд оролцон барилдаж олныг зугаацуулах ажээ. Тэр барилдаанд Х.Дэлэг барилдаж байнга түрүүлдэг болсон учир Гандангийн улаан хүзүүт хэмээн олны танил болжээ.

Х.Дэлэг 1933 онд улсын баяр наадамд барилдаж өндөр амжилт үзүүлэн 880 бөхөөс шөвгийн дөрөвт үлдэж, Сэлэнгийн “Боохой” хэмээх Д.Данзанд тахимаа өгсөн гэдэг. Энэ наадамд сүүлийн гурван жилд тасархай дээгүүр барилдаж байгаа М.Лхагва ес даван түрүүлж улсын арслан цол авч, "боохой" Д.Данзан үзүүрлэсэн ч амжилтыг нь харгалзан улсын арслан цол мөн олгожээ.

Дараа жил нь буюу 1934 оны улс хувьсгалын 13 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх зодоглосноос Х.Дэлэгмөн л шөвгийн дөрөвт үлдээд байв. Ингээд шөвгийн дөрөвт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат довцог хэмээх Пүрэвжавтай таарчээ. "Довцог" Пүрэвжав баруун хөлд нь орж, хөлийг нь элгэн дээрээ гартал өргөж түрж хөөхөд Х.Дэлэг бүх барьцаа гэнэт тавиад авахуулсан хөлөө нэг сайн тийрсэнд гутлын түрийний боолт (хүлэг) нь тас үсрэн Пүрэвжав гутлыг нь тэврээд гэдрэг унасан гэдэг. Улмаар үзүүр түрүүнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Л.Чимэд заантай барилдаж, дархан мэхээрээ давж улсын арслан цол хүртсэн байна. Ийнхүү Гандангийн улаан хүзүү Дэлэг улсын арслан Дэлэг болсон юм.

1935 онд ардын хувьсгалын ба улаан цэргийн 14 жилийн ойгоор Архангай аймгийн наадамд 6 давж шөвгөрсөн тул “Хуурнин шуугигч хурц шаламгай” чимэг олгожээ. 1936 онд улсын баяр наадамд барилдсан 1024 бөхөөс дөрөвт үлдэж Дорнодын Балсан арсланд унасан, 1937 онд Завхан аймагт улсын 16 жилийн ойн баяр наадамд 6 давсан (Дорлиг заанд унасан) тул “Олон түмнийг баясгагч, онц үнэн хүчит” чимэг хүртжээ.

1945 онд ардын хувьсгалын 24 жилийн ойгоор гурвын даваанд Шарбаатарт, 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойн их баяр наадамд дөрвийн даваанд цэргийн залуу бөх Раднаад, 1951 онд ардын хувьсгалын 30 жилийн ойн их баяр наадмаар 3 давж, дөрвийн даваанд хамгаалах хорооны Жамьяншарав гэдэг хүнд унасан. Ингэж барилдахдаа тэрээр 49 настай байжээ. 1955 онд ардын хувьсгалын 34 жилийн ойгоор 52 настай ирж барилдахад нь сугалааны жил таарч нэгийн даваанд унаад, “Би олон жил барилдсан, Монгол бөхийн уламжлалт ёс заншлыг орхигдуулсан ийм наадмыг үзээгүй” гэж гомдонгуй ярьж байжээ. Уг нь уламжлал ёсоороо ам авч барилдсан бол хөгшин арслан гурвын даваатай л зогсох байсан болов уу.

Хожим Х.Дэлэг арслан "Миний үеийн бөхчүүдээс Намжилваанчиг заан ойгүй их бяртай байлаа. Би түрүүлэх жилээ 96 кг жинтэй байлаа. Бидний хэдэн бөхчүүд Туулын захад амарч, наадмын сорилго хийж, бидэнтэй Намжилваанчиг заан (Гандангийн бүрхэг) хамт байсан юм. Бид Намжилваанчигийн бярыг их сорьдог байсан. Нэг өдөр гурил элддэг хавтгай модон дээр нэг шуудай хаяад, Дэлэг чи үүн дээр суугаач гэлээ. Би ч дээр нь завилаад суучихлаа. Намжилваанчиг газар завилан суугаад солгой гараа ташаандаа авч зөв гараараа миний дороос чүү гээд өргөөд толгой дээрээ гаргаад ирж билээ. Нас гүйцсэн бүдүүн ирэгний нойтон ширийг атгуулахад арьстай, шөрмөстэй нь тас мушгичихна. Гандангийн цартай боовыг хоёр хуруугаараа л өргөөд өгөхөд нь би хоёр гардан тосоход өцөс гэдэг байсан" хэмээн дурсаж байв.

Харин түүний тухай бөхчүүд, үе тэнгийнхэн нь дурсахдаа "Х.Дэлэг арслан өндөрдүү биетэй, цээж бөгс нь тэнцүүхэн, хүзүү, сээр сайн, туранхайвтар, гар урттай. Голдуу ааруул ээзгий идэж, ааш зан сайтай, дөлгөөн, ямагт тайван байхыг эрхэмлэнэ. Хараалыг цээрлэнэ. Ажилд няхуур, эхэлсэн ажлыг заавал дуусгуулдаг байсан. Их уран. Дарх сайн хийнэ. Гутал, зодог шуудгаа өөрөө уллаж ширдэг. Угалзтай гөлөм их хийдэг байсан. Хамгийн сүүлд улсын арслан Ж.Чойжилсүрэнд цэнхэр зодог, шуудаг хийж өгсөн билээ. Сайн барилдахын нэг үндэс нь биед таарсан хувцас, хэрэглэл гэж үргэлж ярина. Өөрийнх нь дуртай тоглоом нь шагай харвах, шагалцаж тоглох байсан" хэмээжээ.

1977 онд Октябрийн хувьсгалын 60 жилийн ойгоор өвгөн бөхчүүд уригдан ирж, баяр үзээд барилдацгаасны дараа 74 настай Х.Дэлэг арслан "Бөх хүн ухаантай, зоримог, даацтай мэх хийж л хүнийг хаяна. Зогсож байгаа хүнийг унагана гэж байхгүй шүү дээ. Тиймээс хөдөлгөж, мэхээ давхар хийх хэрэгтэй. Одоо ч өөрөө ч зовж, өрөөлийг ч зовоогоод үзэгчдийг их чилээх болжээ. Ер нь хоёр талын барилдаан, хав сэрвүү барьцнаас ямар ч мэхийг чөлөөтэй хийж сурвал ашигтай даа. Бас өөрөө унаж байж сайн бөх болно. Унасан мэхээ сайн тооцож барилддаг байвал тун сайн. Энэ нь биеэ бариад зуураад бай гэсэн үг биш шүү дээ" хэмээн залуусыг сургамжилж байв.

Х.Дэлэг арслан солгой, зөвгүй тонгорох, хутгах, дэгээдэх, зайдах ба угтуулж цохих, бусгах, гуд татах, дугтрах, харваж дайрах, халж суйлах мэхийг гойд гарамгай хийлэг байв. Эдгээр мэхүүдийг тасралтгүй хийж өрсөлдөгч бөхөө хаядаг, барилдааныг хурдан шуурхай дуусгадаг, мэхийн олон хувилбартай байсан тухай нь олон дурсамж байдаг.

Хавар хоршоонд мал тушааж байхад нь арваад хүн "Дэлэг чи үнэхээр тэнхээтэй юм бол энэ босгоод тавьчихсан шуудайтай гурил дээр тэр шуудайтай гурилыг шүдээрээ зуугаад тавьчих. Тэгвэл бид чамд хүн бүр нэг төлөг өгнө. Хэрэв чадахгүй бол чи бидэнд 20 төлөг өг" гэжээ. Дэлэг арваад метр газраас хоёр шуудай гурилыг шүдээрээ зууж, тэвдсэн шинжгүй босоод шуудайтай гурил дээр тавьсан гэдэг.

Улсын арслан Ш.Ванчинхүү гуай дурдатгалдаа "Сэрвүү барилдаж байгаа бөхчүүдийн хийдэг мэхийн нэг бол дугтрах юм. Энэ мэхийг хийдэг бөх учраа бөхийнхөө мөрнөөс хоёр гараараа барьж хүчтэй дугтарч ухарна. Энэ нь бяртай хүний хийдэг мэх бөгөөд улсын арслан X.Дэлэг тун ч даацтай хийдгээрээ олонд алдартай, түүний дугтралтад баргийн суурьтай бөх тогтдоггүй байсан билээ. Үнэхээр бяр тэнхээтэй. Үхрийн чөмгийг тас мушгиад л сорчихдог эр байсан юм" гэсэн байдаг.

"Улаан хүзүү Дэлэг чинь угсраа олон мэхтэй тул угсраа гэж бас нэрлэж байсан юм. Дэлэг өрөөд удаан зогсохгүй, өрөхийн хамт аль ч талынхаа хөлөөр хамаагүй цохих, бас хоёр тахимных нь аль нэгэнд эгэм тахимаа заавал хийнэ. Гартаа хүчтэй учир баруун гараараа зүүн мөр рүү нь алгадаад, зүүн гараар баруун хөлний гадна талаас огцом зөрүүлж алгадаад үсэргэнэ. Мөн ч элдэвтэй хүн байсан шүү" хэмээн улсын арслан X.Өлзийсайхан гуай дурсан ярьсан байдаг. Ийм нэгэн бөх Архангай аймгийн Өлзийт суманд амьдарч байгаад 76 настайдаа 1979 онд насан өөд болсон юм.

Дашрамд энэхүү нийтлэлийг Улсын манлай засуул Хадын Пүрэв гуайн дурсамжаас сэдэвлэсэн бөгөөд Х.Пүрэв гуай улаан хүзүү Х.Дэлэг арслангийн дүү Хадын хүүхэд юм. Хадын Пүрэв гуайн төрсөн дүү Хадын Пүрэвбадам нь сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумьяабазар, улсын начин Д.Сэржбүдээ нарын ээж билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]