Эхлээд нэг онигоо сонирхуулья. Мэргэн буудагч явган цэрэгтэй таарч тамхиа татан маргаж сууна сууна гэнэ.
Явган цэрэг "Та нар муусайн мэргэн буудагч нар ч олигтой амьтад биш дээ. Дайсан ч бай, манайх ч бай ялгаагүй. Та нарыг харахаар нэг л дургүй хүрээд байдаг юм. Та нарт явган цэргүүд ямар их дургүй гээч. Мөн ч дургүй дээ.
Мэргэн буудагч "Явган цэрэг та нар ер нь хэнд дуртай гэж? Артиллерчид үү, нисгэгчид үү, танкчид уу. Бүгдэд нь л дургүй гэдэг".
Явган цэрэг "Яалаа гэж. Сувилагч, гал тогооныхонд бид нар дуртай."
Үнэхээр мэргэн буудагч нарыг дайсан нь үзэн яддаг төдийгүй бас өөрийн талынхан нь ч тэднээс жийрхдэг гэдэг. Дайн тулаан, жижиг мөргөлдөөний үеэр эсрэг талынхаа цэрэг офицерыг олзлох үед мэргэн буудагч, галдан шатаагч (огнемёт-чин), партизаныг амьдаар нь баривчилдаггүй “бичигдээгүй дайны цагийн хуулиар” аль болох чимээгүйхэн цааш нь харуулчихдаг тохиолдол их. Яагаад мэргэн буудагчдад ингэж ханддаг юм бол?
Хамгийн энгийн тайлбар нь мэргэн буудагчийг олзолж аваад дараа нь оргох, янз бүрийн солилцоогоор солиход дахиад л хорт муухай хэргээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой учраас тэгж чимээгүйхэн тэнгэр харуулчихдаг гэнэ. Гэхдээ учир мэддэг хүмүүс мэргэн буудагчдыг үзэн ядах үзэл нь тэдний байлдах арга барил, сэтгэл зүйн байдлаас болдог гэж тайлбарлана.
ПСО-1-ээр шагайж байгаа харлаа, хацар мөрлөгчид, магазинд өөрийн гараар хошуу толгойг нь зассан 7.62х54R, салхины хүчийг тооцлоо, амьсгаа гаргалаа, амьсгаа авлаа, амьсгалаа зөөлөн түгжлээ, гохоо зугуухан дарлаа. Яагаад СВД үүрсэн хүнийг (СВД нь цэвэр мэргэн буудагчийн буу биш боловч мэргэн буудагч гэхээр хамгийн түрүүнд ийм буу үүрсэн хүн санаанд буудаг болов уу) ингэж ад үзээд байгаа юм? Адилхан л шагайж, адилхан л буудаж байдаг хүмүүс. Зарим нэг нь ганцхан пуужин, том калибрын их бууны сумаар хэдэн арваар нь хөнөөж байхад мэргэн буудагчид харин ч цөөхөн боловч “хэрэгтэй” хүнийг цааш харуулж утга учиргүй цус урсахаас нэлээд сэргийлдэг хүмүүс хэмээн снайперуудыг хамгаалах үзэл ч бас бий.
Зөвлөлт Финийн дайны үеэр финийн мэргэн буудагчид олон зуугаараа дайран орж ирж байгаа цэргүүдийг зогсоохын тулд дандаа гэдсэнд нь буудаж байсан гэдэг. Өөр газраа буудуулсан хүн зүгээр л шууд унана. Зарим нэг нь хажуудах хүн нь буудуулаад үхчихлээ гэдгийг анзаарах ч үгүй. Харин гэдсэндээ шарх авсан хүн маш их өвдөж, шаналах бөгөөд тэдний амь тэмцэн орилох дууг тэсэн сонсоход хэцүү, тэр дуу нь цэргүүдийн сэтгэлзүйд маш нөлөөлдөг байжээ. Цэрэг нөхөр нь ингэж тарчилж байгааг харсан хүн дараагийн дайралтад арай л өөр сэтгэл санаатайгаар орж таараа.
Чечений дайны үеэр чеченьчүүдийн талд балти гаралтай олон эмэгтэй мэргэн буудагчид ажиллаж байв. Тэдгээр эмэгтэйчүүд дотроос орос цэргүүдийг буудахдаа зөвхөн ичимдэг рүү нь буудаж эр ч биш, эм ч биш болгодог хүн цөөнгүй байсан гэдэг. Ийм шарх авсан нөхрөө харсан цэргүүд яаж уурлаж бачимдаж, айж, үзэн ядаж байсан нь тодорхой. Оросын цэргүүд ийм мэргэн буудагчдыг барьж авсан бол “дайны цагийн хуулиар” шууд л өндрөөс шидчихдэг байсан тухай янз бүрийн яриа ч бас бий.
Жирийн цэргүүд нь мэргэн буудагч нарыг хулчгар, адгийн аргаар байлддаг, бусад цэргүүд дайсны сумны өөдөөс сөрөн тулалддаг байхад мэргэн буудагчид нь ард талаас, нуувчнаас, дур хүслээрээ байлддаг, ер нь өөдөөс харж инээгээд, цааш харах хооронд нуруу руу хутга шаадаг адгийн хүмүүстэй адил гэж үздэг болохоор хүний өөрийн ялгаагүй дургүй байдаг гэнэ. Дэлхийн 2-р дайны дараа Зөвлөлтийн мэргэн буудагч эмэгтэйчүүдийг эхнэр болгох эр олддоггүй байсан гэдэг. Хүний өөрийнгүй ийм хандлагатай болохоор мэргэн буудагчид ч бас янз бүрийн арга хэмжээ авна. Баригдсан бол сайндаа шууд буудуулах, эсвэл удаанаар тарчилж, үхэхийн муугаар үхэх аюултай учир мэргэн буудагчид дайсныхаа гарт орохгүй байхыг хэн хүнээс илүү хичээх нь ойлгомжтой. Дайсны гарт орлоо гэхэд мэргэн буудагч гэдгээ мэдэгдүүлэхгүй байхын тулд мэргэн буудагчийн буу, дуран хэрэгслээ хурдан хаях хэрэгтэй болно. Дэлхийн 2-р дайны төгсгөл үеэр Германы мэргэн буудагч нарыг тусгай таних тэмдэггүй байхыг зөвшөөрсөн байдаг ба тэд баригдах болохоороо өөрийнхөө бууны дуран харааг бушуухан салгаж хаян жирийн цэрэг мэт болдог байж. Харин Зөвлөлтийн мэргэн буудагч нар Мосины винтовоос дуран хараагаа салгах нь амаргүй зүйл байсан учир баригдах болохоороо шууд л буугаа хаях хэрэгтэй болно. Орчин тойрныг нь нэгжиж үзээд дуран хараатай буу олдвол өнөө цэрэг тэгээд л өнгөрөх нь тэр.
Мэргэн буудагч хэмээх энхийн цагт онцгой сайхан нэр хүндтэй тусгай дайчид нар маань дайны үед ийм хэцүү хүмүүс болж хувирдаг байх нь. Тэд дайны дараа, эсвэл амь үрэгдсэний дараа л эдлэх ёстой нэр хүндээ олдог билээ.
Доорхи зургуудад Крис Кайл, Василий Зайцев, Хяюхя Симо нар.
Нийтлэлч Чалчаа саарал