Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Челленжер" сансрын хөлгийн сүйрэлУншсан37,000

1986 оны 1 дүгээр сарын 28-нд Челленжер хөлөг олон хүний анхаарлыг татах ёстой байсан бөгөөд учир нь тэнд жирийн дунд сургуулийн багш нисч сансраас хичээл заах ёстой байв.

Нийтлэлч "Чалчаа саарал" бичиж байна.

Америкчууд саран дээр хөл тавьж сансрын уралдаанд том ялалт хийсний дараа энэ амжилтад нь баярлаж бахархаж байсан ард түмний сэтгэл хөөрөл цагийн урсгалд аажмаар дарагдаж тэрхүү том ялалт нь чухам ямар үнээр, хэчнээн долларын зардлаар бий болсон тухай таагүй гэх үү, нөхцөл байдлыг эрүүлээр харах гэсэн оролдлого гарч эхэллээ. Сансарт зарцуулах хөрөнгө мөнгө ч багасах шинж тэмдэг бий болсон бөгөөд дахин нэг ялалтаар, дахин нэг “челленжээр”, илүү хямд төсвөөр америкчуудын анхаарлыг татаж, түүгээр дамжуулан урьдын их төсвөө хадгалах шинэ төсөл хэрэгтэй боллоо. НАСА ч үүнд бэлэн байсан нь сансрын олон дахин ашиглах Спэйс Шаттл төсөл байв.

1 дүгээр угсраа, хурдасгууруудыг буцаж бууж ирсний дараа дахин дахин ашиглах боломжтой, маш олон төрлийн зорилгоор ашиглаж болох, нэг дор долоо хүртэл хүн сансарт гаргаж, авчрах боломжтой төдийгүй ослын үед 10 хүн тойрог замаас авчрах, хиймэл дагуул гаргахаас гадна буцааж авчрах, сансарт засварлах гээд олон том давуу талуудтай байснаас хамгийн гол онцлог нь олон дахин ашигласнаас үүдэн гарах хэмнэлт байв. Америкчуудын хуучин хэрэглэж байсан, тэр үед ЗХУ-ын хэрэглэж байгаа пуужингуудыг нэг л удаа ашиглах ба сансарт нэг кг ачаа гаргахад 6-8 мянга орчим доллар шаардагддаг бол шинэ систем нь 1000-2000 доллар, хоёрдугаар үеийн шаттлууд бүр үүнээс ч бага байх болно гэж тооцоолж байлаа. (иймэрхүү тоо нь өөрөө байнгын маргаан дагуулж байдаг бөгөөд сансарт 1 кг ачаа гаргахад зарцуулах хөрөнгийн хэмжээг гаргах маш олон аргачлал байдаг юм гэнэ лээ.)

Хөлгийг дээш гаргах хоёр хурдасгуурыг ойролцоогоор 20 удаа ашиглана, 1 дүгээр угсраа бүхий үндсэн хөлөг нь бараг 100 удаа дахин ашиглах боломжтой... гэх зэрэг олон шалтгаанаар ийн тооцож байв.

Арын эгнээний зүүн талаас хоёр дахь, шар үстэй бүсгүй нь багш Шэрон Макалиф

1984-1986 онууд нь Спэйс Шатллын хувьд алтан он жилүүд байлаа. Хөлгийг олон удаа хөөргөж, зохих туршлага хуримтлуулсан, анхны хиймэл дагуулаа буцааж авчирсан, дөрвөн хөлгөөр хоёр жилд сансарт 23 хиймэл дагуул гаргаж, 140 тонн ачааг ойрын сансарт хүргэсэн, 1985 онд зарим нислэгийн хоорондох зай 15 хоног байсан гэх мэтийн амжилтаар дүүрэн.  Гэсэн хэдий ч ард олон, хэвлэл мэдээлэл энэ амжилтад амархан толгой эргэж, сансарт тавих анхаарал, сонирхол нь дахиад л бууж эхэлсэн байна.  

1986 оны 1 дүгээр сарын 28-нд Челленжер хөлөг олон хүний анхаарлыг татах ёстой байсан бөгөөд учир нь тэнд жирийн дунд сургуулийн багш нисч сансраас хичээл заах ёстой байв. Бүх л Америк даяар зарласан уралдаанд шалгарсан энэ багшийн нислэг (өөр бас 6 астронавтын хамт) НАСА-гийн хүссэнээр америкчуудын сонирхлыг айхтар их татаж чадсангүй. Челленжер хөлөг хөөрөх үеийг ихэнх том телевизийн сувгууд үзүүлсэн боловч газраас тасарч байгаа хэсгийг нь л харуулаад өөр мэдээнд шилжсэн байна. Гэсэн ч зарим жижиг суваг шууд нэвтрүүлгээ үргэлжлүүлсээр байлаа.

Хөлөг хөөрөх агшин

Хөлөг хөөрснөөс хойш 73 секундийн дараа, 14 000 метрийн өндөрт нэг хурдасгуур бэхэлгээнээс салж, савлаж улмаар үндсэн шатахууны савыг цөм цохисноос дэлбэрлээ. Хөлөг хөөрөхийг үзэж байгаа олон зуун хүмүүс болон шууд дамжуулалтыг дэлгэцээр харж байсан хүмүүс эхлээд юу болоод байгааг ойлгохгүй, гайхаж байгаад дараа нь засч болшгүй аймшигт сүйрэл болж байгааг ойлгон, уйлан тэврэлдэж буй зүрх шимшрэм видео бичлэг, зураг  их бий.

Долоон астронавт бүхий Челленжер нь дэлбэрэлтээр шидэгдэх үеэр астронавтууд бүгд амьд байсан бололтой. Дараа нь болсон мөрдөн байцаалтын явцад багийн зарим гишүүд агаар өгөх системийг ажиллуулах гэж оролдсон, хөлгийн цахилгаан хангамжийг зохицуулах зарим нэг товчийг дарж үзсэн байсан нь тогтоогдсон байна. Тэд усанд унан унатлаа чадах чинээгээрээ тэмцсээр байсан бөгөөд далайн усанд унах үедээ бяц үсэрсэн бөгөөд бараг 15 км-ийн өндрөөс унаж байхдаа тэрхүү хүмүүсийн дотор чухам юу бодогдож байсныг төсөөлшгүй. Учир нь Спейс Шаттл системд иймэрхүү үед ажиллах ямар нэг аврах системийн ойлголт байсангүй.

Челленжерийн сүйрэл нь Америкийн сансрын олон дахин ашиглах хөлгийн програмд маш том цохилт болсон ба зөвхөн 1985 онд гэхэд 15 удаа хөөрсөн, цаашдаа улам бүр нэмэгдэн нэг хөлөг жилд 24 удаа буюу нийт 100 гаруй нислэг үйлдэнэ гэж тооцоолж байсан нь талаар болж сансрын олон дахин ашиглах хөлгүүд бүтэн гурван жилийн турш газарт уягдан олон өөрчлөлт, шинэ стандартын шаардлага хангасны дараа нисэж эхлэхдээ урьдын тэр эрчимтэй, олон тооны нислэг хийх тухай бодох ч хэрэггүй болсон байна. Нислэгийн тоо цөөрөх  нь сансарт гаргах нэгж ачааны үнийг тэнгэрт хадааж,  эдийн засгийн үр ашгийн талаархи төсөөлөл нь бүр эсрэгээр эргэж асар их алдагдалтай зүйл болон хувирлаа. Хэдийгээр үлдсэн гурван хөлөг дээр Индевор нэмэгдэж дахин дөрвөн ширхэг олон дахин ашиглах хөлөгтэй болсон ч өмнөх алтан үе шиг олон дахин нисэхгүй нь тодорхой болжээ.

Челленжер хөлөгт юу тохиолдов?

Үндсэн шалтгаан нь хөлөг хөөрөх үед хатуу түлшт хурдасгуурын нэгэн жийрэг гэмтсэнээс болж бин битүү байдал алдагдан хурдасгуурын их бие цоорчээ. Улмаар цаашдаа энэ цоорхойгоос төөнөн гарах хэт халууны нөлөөгөөр хурдасгагчийг түлшний саванд бэхэлсэн бэхэлгээ нь гэмтэж барихгүй болон, хурдасгагч их биеэрээ савлах үедээ түлшний савыг цохиж цоолон дотор нь байсан шингэн устөрөгч дэлбэрсэн байна.

Өөр олон жижиг дутагдал, зохион бүтээлтийн алдаа байсныг илрүүлж хэрдээ л засаж залруулсан ба хурдасгуурын бэхэлгээг сайжруулж, жийргэвчийн тоог  нэмэх, аврах систем гэмээр зүйл нэмж. НАСА-гийн энэ аврах систем нь ердөө л нэг шүхэр төдий зүйл байсан ба Союз хөлгийн аврах системтэй зүйрлэх аргагүй бүдүүлэг эд байлаа. Угаасаа өөрөөр байх аргагүй ба уг хөлгийн онцлогоос шалтгаалан найдвартай ажиллагаатай аврах систем тавих боломжгүй байсан юм. Өөрөөр хэлбэл Спэйс Шаттл хөлөг маань угаасаа сансрын хөлгийн буруу, "мухар чиглэл" байжээ.

Ингээд гурван жил зогссоны дараа дахин хөөрч эхэлсэн олон дахин ашиглах хөлгийн нэг болох Колумбиа нь 2003 оны 2-р сарын 1-нд (яг битүүний өглөө байсан санагдана) эх дэлхийн агаар мандалд орж ирэхдээ сүйрэн, бас л долоон астронавтын амийг авч одсон билээ. Хэдэн жилийн дараа буюу 2011 онд энэ системийг дахиж ашиглахгүй болсноор америкчууд өөрийн астронавтуудыг сансарт гаргах хөлөггүй болж одоо хүртэл Союз хөлгөөр Олон улсын сансрын станцад очиж байна.

Сансар судлалд асар их амжилт гаргасан, нөр их туршлагатай америкчууд  (зөвхөн Curiosity, Хаббл, Кассини зэргийг л дурдахад хангалттай байх) Спэйс Шаттл системээс болж өөрийн астронавтуудыг сансарт гаргаж чадахгүй болсон нь гайхмаар гэхэд багадмаар, байж боломгүй мэт. НАСА-гийн хүлээж буй, хэзээ мөдгүй сансарт хүн гаргах ёстой хувийн компаниудын  бүтээж буй зөөгч пуужингууд л байдлыг  өөрчлөх бололтой. Тэдгээр хөлгүүд нь туршилтуудаа амжилттай даван аюул осолгүйгээр хүнийг сансарт гарган буцааж авчирдаг болж Челленжер, Колумбиа  хөлгүүдийн хувь заяа дахин бүү давтагдаасай.

P.S.

Энэ оны 4-р сард Илон Маскын Crew Dragon нь автомат аврах системийг турших явцад дэлбэрч сансарт хүн гаргах нь бас л цаг хугацааны хувьд нэлээд хойшлох шинжтэй  боллоо. (энэ оны сүүлээр анхны хүнтэй нислэг хийх байсан) Одоо бас нэг найдвар болох  Boeing компанийн  Starliner мөн л аврах системийн туршилт хийх ба энэ нь амжилттай болбол ирэх оны дундуур америкчууд өөрсдийн хөлгөөр астронавтаа сансарт гаргах нь ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]