Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Төрбат: Манай номын санд 3000 гаруй ном байгааУншсан4,060

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл Төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор Ц.Төрбат"Тагтаа Паблишинг"-ийн "Би номын сантайгаа” буланд оролцож яриа өгснийг уншигчдадаа уламжилж байна.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, Төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор Ц.Төрбат "Тагтаа Паблишинг"-ийн "Би номын сантайгаа” буланд оролцож яриа өгснийг уншигчдадаа уламжилж байна.


Та номын сандаа хэдэн номтой вэ?

 

Манай номын санд одоо лавтай 3000 гаруй ном байгаа. Илүү ч байж магадгүй. Гэрт багтахгүй болохоор заримыг нь зусландаа хадгалж байна. Ихэнх нь миний археологийн судалгааны номууд. Гэхдээ миний эхнэрийн Монголын түүхийн судалгааны номууд ч цөөнгүй бий. Дээр нь оюутан байх үеэс хадгалагдаж үлдсэн өв гэхээр Монгол хэл, утга зохиол, аман зохиол, угсаатны зүйн номууд ч тодорхой зайг эзэлж байгаа. Ерөөсөө археологийн судалгаанд их нэмэртэй шинжлэх ухаанууд юм л даа. Тийм болохоор энэ номууд эргүүлж харахад мөлжүүртэй, шинэ санаа олох зэрэгт их тустай санагддаг. Танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн номуудад, ялангуяа нүүдэлчдийн соёлтой холбоотой өнгөт хэвлэл бүхий сайн каталогиудыг боломжийн хэрээр бас цуглуулдаг. Археологийн номын формат сүүлийн үед улам үнэтэй хэвлэл рүү яваад байна. Хүмүүс ч хуучин үе шиг гар зурагтай, даруухан нимгэн хэвлэлийг анхаарал хандуулж үзэх нь цөөрчээ. Хүрээлэн буй медиа орчин нь өнгөлөг, товчхон, мэдээллийн нягтшил ихтэй болчихоор аяндаа тийм болдог юм байна. Яг үнэндээ өндөр үнэтэй, овор хэмжээ ихтэй болохоор өнгөт каталогиудаас тэр бүр хүссэн бүгдээ авч амжихгүй юм. Мэргэжлийн археологийн хүрээндээ хэвлэмэл номын хувьд хамгийн баян биш ч гэсэн электрон номын хувьд би хамгийн баялаг цуглуулгатай хүн байх. Надад энэ насаа зөвхөн уншихад зориулаад ч барахгүй их ном бий. 1TB ном гэхээр баримжаалагдах байх. Тэр дундаа XVII зуунаас эхлээд маш олон ном бий.

Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Хуучин бол уран зохиолыг их уншдаг байсан. Одоо бол хуучны аялагчдын тэмдэглэл, түүхэн нийтлэлийн ном бас уншдаг болсон. Гэхдээ мэдээж мэргэжлийн ном өгүүлэл өдөр тутамд ажлын шаардлагаар хардаг.

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Өдөр тутам эх хэлнээс гадна ихэвчлэн орос хэлээр, заримдаа англи, франц хэлээр мэргэжлийн ном бүтээл эргүүлж хардаг. Судалгааны нэг номыг барьж аваад дуустал нь унших нь ховор. Хэрэгтэй зүйлээ сонгон унших нь хэв маяг болсон. Ерөнхийдөө хийж буй судалгаа маань унших номыг зааж өгдөг болоод удаж байна. Харин амралтын үеийн уншлага бол өөр хэрэг. Ихэвчлэн орос хэл дээрх уран зохиолын сайтуудаас хандлага мэдэрч өөрийн сонирхлоор сонгодог.

Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Өдөр бүр хэсэг хугацааг academia.edu дээрээс мэргэжлийн шинэхэн өгүүлэл гарчиглахад зарцуулдаг. Судлаач хүний заавал гүйцэтгэх үүрэгт ажил гэж ойлгодог. Үүний дээр бусад түгээлтийн системүүд, researchgate.net, elibrary.ru, cyberleninka.ru зэрэг сайтуудад бараг өдөр болгон ханддаг. Оросын leeet.net бол электрон номын үнэ төлбөргүй уурхай юм. Уран зохиол нийтлэлийн номын шинэ санааг авдаг сайн хэрэгсэл дээ.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоогоор ээлжийн амралттай, уран зохиол унших бололцоотой байгаа болохоор Орхан Памукийн “Цас”-ыг уншиж байна. Өнөөдрийн Монголын нийгэм нүүр болгонд нь уншигдах шиг, хэсэг уншаад жаахан юм бодож амсхиймээр юм шиг санагддаг юм билээ. Тийм болохоор удаан уншиж байгаа. Бас хажуугаар нь Жорж Сименоны мөрдөгч Мэгрегийн туужуудыг уншиж байгаа. Үүнийг бол харин шууруулчихдаг. Уншлага бол мэдлэг нэмэх, эргэцүүлэл өгөхөөс гадна бас стресс тайлах үйлдэлтэй санагддаг. Иймээс хүнд хөнгөнийг хослуулж, амралт болгож байна гэх үү дээ.

Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Номыг антиквариат буюу эртний ховор гэсэн утгаар цуглуулж үзсэнгүй. “Надад хэрэгтэй ном бол надад үнэ цэнэтэй ном” гэсэн зарчмаар ханддаг. Монголоор XX зууны эхэн үед явсан хуучны аялагчдаас Финнийн Й.Гранө гэж хүний 1909 оны нэг сайхан бүтээл бий. Баруун Монголын археологийн дурсгалуудыг нэлээд системтэй судалсан ажил байгаа юм. Энэ номыг олон жил хамтарч ажилласан нэг Герман профессор төрсөн өдрөөр минь бэлэглэсэн. Хүндэлж явдаг хүнээс авсан ховор ном учир эрхэмлэж хадгалдаг. Уншлага бол мэдлэг нэмэх, эргэцүүлэл өгөхөөс гадна бас стресс тайлах үйлдэлтэй санагддаг. Иймээс хүнд хөнгөнийг хослуулж, амралт болгож байна гэх үү дээ.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Миний номын багш Г.Мэнэсийн хэдэн ном бий. Монголын шилдэг судлаачдын нэг байсан хүн дээ. Багшийнхаа бүтээлийн эмхэтгэлийг гурван жилийн өмнө шавь нар нь нийлж хэвлэж гаргасан. Мөн Монголчуудын уламжлалт сарын нэрийн тухай нэгэн сэдэвт зохиолыг нь ч бид эрхэлж хэвлүүлсэн юм. Дээр нь миний бусад олон багшийн надад дурсгасан гарын үсэгтэй номууд цөөнгүй бий. Энд жишээлбэл, С.Дулам багшийн гарын үсэгтэй бүтээлийн эмхэтгэл нь байна. Харин энд саяхан Цагаан сараар очиж золгоход Л.Тэрбиш багшийн 2017 онд гаргасан гурван том ном сайхан ерөөлийн үг, гарын үсэгтэй байна. Тэнд Д.Цэвээндорж, З.Батсайхан гээд олон багш нарын бүтээл байна. Багш нарын минь ном бүтээл надад хамгийн нандин юм.

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Д.Болдбаатар гүүшийн орчуулгын бүтээл “Гурван улсын үлгэр” гурван боть номыг авсан. Хэдийгээр нэгдүгээр ботийн дөнгөж хагаст нь орчхоод яваа боловч анхны сэтгэгдлээ хуваалцвал “гайхалтай” гэж хэлнэ. Орчуулга ч гайхалтай, зохиолын агуулга бичлэг ч гайхалтай. Ийм том агуу бүтээлийг унших бололцоо олгосон орчуулагчид талархмаар. Хятадын энэ сонгодог бүтээл манай ахмад үеийн сэхээтнүүдийн заавал уншдаг ном байжээ. Энэ номыг сонгохдоо би ахмад үеэ мэдрэх нэг зорилготой байсан. Тэд маань ямар цонхоор, ямар нүдээр ертөнцийг харж байж вэ гэдэг асуулт намайг үргэлж догдлуулж байдаг. Ахмад гэдэг нь XIX-XX зууны зааг үеийг, их Нацагдорж, агуу Ринчин нараар төлөөлүүлж ойлгодог тэр үеийг хэлж байна. Яг энэ зорилгоор Субашидыг оюутан байхдаа анхаарч уншиж байсан. Хувьсгалын өмнөх манай уламжлалт соёл маань аман зохиол, Бурханы шашны уран зохиол, Монгол, хятадын сонгодог романууд дээр тогтож байсан юм болов уу гэж боддог.

Ном танд юу өгдөг вэ?

Ном бол зэвсэг юм. Номыг зөв ашиглах чадвар бол судлаач хүнийг тодорхойлдог гол хэмжүүр болов уу. Өвөг дээдсийн баатарлаг үед Монгол морьтон дайчны эрдмийг морь, нум сум хоёроо эзэмшсэнээр хэмждэг байсны адил өнөө цагийн судлаач хүнийг номоо эзэмшсэн, түүнийг оновчтой зөв хэрэглэх чадвараар нь хэмжинэ гэсэн санааг хэлэх гэсэн юм л даа. Далай шиг номыг бүгдийг нь уншиж барах аргагүй нь ойлгомжтой. Миний хувьд дан археологийн номон далайгаас гадна түүх, угсаатны гарал үүсэл, соёл, хэл шинжлэл, аман зохиол зэргийг өөрийн хэмжээнд бага зэрэг сонирхдог учир хэд хэдэн далай шиг ном мэдлэгийн өмнө байна гэсэн үг. Энэ бүгдийг уншиж барахгүй гэдгээ би сайн мэддэг. Тиймээс хэрэгтэй мэдлэг хаана байгааг, түүнийг зохистой газарт нь яаж ашиглах чадвар, өөрөөр хэлбэр зэвсгийн эрдэмтэй зүйрлэх тэр чадвар л судлаачдыг хооронд нь ялгаруулж байдаг байх.
    Номыг зөв ашиглах чадвар бол судлаач хүнийг тодорхойлдог гол хэмжүүр болов уу. Өвөг дээдсийн баатарлаг үед Монгол морьтон дайчны эрдмийг морь, нум сум хоёроо эзэмшсэнээр хэмждэг байсны адил өнөө цагийн судлаач хүнийг номоо эзэмшсэн, түүнийг оновчтой зөв хэрэглэх чадвараар нь хэмжинэ гэсэн санааг хэлэх гэсэн юм л даа.

Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

Уран зохиол нийтлэлийн номоос Жорж Оруэллийн “1984” зохиолыг би хамгийн олон удаа уншсан байх. Хэдийгээр уран зохиолын нарийн уран бүтэцгүй ч энэ зохиолоос гайхамшигтай зөн билиг, нийгмийн хурц шүүмжлэлийг олж хардаг.  Бидний амьдарч буй цаг үе хэдийгээр хүн төрөлхтний, тэр дундаа манай Монгол үндэстний магадгүй хамгийн гэрэл гэгээтэй, үсрэнгүй хөгжил дэвшлийн үе байж болох ч бурангуй ёс бидний дотор байгааг мартаж боломгүй юм шиг. Өнөөдрийн дэлхий ертөнц 1984 он руу явах нэг хувилбар бодитой байна уу гэж хардаг. Судалгааны зохиолын хувьд би ахмад археологич Ц.Доржсүрэнгийн “Умард Хүннү” бүтээлийг хамгийн олон удаа эргүүлсэн байх. Хэмжээний хувьд жижиг боловч нягт бичлэгтэй, малчин ардын хүү тусгай мэргэжилтэй судлаачийн зэрэгт хүрч Орос, Японы шилдэг сургуультай эрдэмтэдтэй өрсөлдөн бичсэн сайн бүтээл гэж боддог. Монгол хүн анх удаа Хүннүгийн соёлыг бие даан судалж бичсэн энэ ном олон олон археологичийн ширээний ном байдаг болов уу. Өнөөдрийн Монголын Хүннү судлалыг 1960 оны тэр номоор төсөөлж болохгүй хөгжсөн ч өндөр эшлэлтэй хэвээрээ байгаа бүтээл дээ.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасан хэвлэлээс ном гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Өөрийнхөө бичсэн, оролцож ажилласан номоо цаасан хэлбэрээр байгаасай гэж хүсдэг. Гэхдээ электрон хэвлэл бас олон давуу талтай байна аа. Хөдөө экспедицэд ажиллах, гадаадад томилолтоор явах үед чиний номын сан үргэлж хамт байна гээд төсөөл дөө. Энэ чинь гайхалтай биш гэж үү? 2001 онд би Швейцарт явж нэг жил мэргэжил дээшлүүлсэн юм. Тэнд өөрийнхөө байнга хэрэглэх хэдэн номоо авч явах гэж их түүртэж билээ. Одоо бол нэг том хард дискэнд хэдэн арван мянган ном багтаж байна. Хүсвэл цаасан дээр хэвлээд уншчихаж болно.

Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Нэг л номын эрх өгвөл ямар ч эргэлзээгүй электрон ном уншигчаа л авч явна. Нэг жижиг номоос хөнгөн мөртөө хэдэн мянган ном агуулдаг гээд магтвал их юм байна. Тэгээд нэг сайн цэнэглэчихсэн байхад бүтэн сар цэнэг нь дуусдаггүй, нүдний хараанд хоргүй, ер нь л сайхан эд шүү дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]