Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Төв аймгийн гурван чононы амнаас гарлаа, одоо л начин болно оо"Уншсан39,934

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий "Хаях би яараагүй байхад" номын хэсгээс түүх соинрхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий "Хаях би яараагүй байхад" номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.


Эхний хэсэг: Ж.Мөнхбат аварга: "За Цэрэн минь энэ жилийн наадам чинийх шүү"

Ж. М: Дараа нь Тангад гуай Сосорбарамын тухай хэлэв ээ. "Энэ мөн сайхан хүү дээ. Хүүхдийн сэвлэг шиг хонгор шаргал үстэй юм. Тосон шаргал өнгөтэй юм. Үсээ хусуулаад барилдвал нэг түрүүлж магадгүй дээ. Тэгэхгүй бол сайндаа л дөрөвт нэг үлдэх байх. Түүнээс цааш барахгүй дээ, аав ээж нь тохь тухтай хүмүүс баймаар юм. Арван зургаатайгаас нь эхлээд эр эмийн явдалд оруулж дээ. Тэгээд гуяныхаа унаган махыг гээчихсэн юм билээ. Гуя нь доошоо харсан лонх шиг болчихсон юм даа" гэв. Ингэж би бөхийн бие галбир, ер нь ямар бөх цөөхөн жил, ямар бөх олон жил барилддагийг тэр өвгөнөөс ойлгож мэдсэн юм.

С.Т: - Сосорбарам арсланг үсээ хусуулаад барилдвал сайн барилдах юм байна гэж Та өөрт нь хэлээгүй юу?

Ж.М: Юу гэж. Энэ бол нүгэлтэй нууц. Хэлчих юм бол цаадах чинь намайг «алчихна» шүү дээ. Одоо нуугаад ч яах билээ. Бид хоёулаа хөгширлөө. Сооёо, Лувсанчимид гуай (Сосорбарам арслангийн аав) нартай би ах дүү шиг л байдаг. Бөх бол бөх шүү дээ. Лувсанчимид гуай хоёр хүүтэй, нэг нь сайн бөх, нөгөө нь сайн уяач. Лувсанчимид гуай нэг удаа их тэнхээ орсон гэж ярьдаг юм. Өөрөө барилдаж. яваагүй юм гэнэ лээ. Чононд хавх тавьж, хавханд нь чоно орчихсон байж байна гэнэ. Цохиод алчихъя гэж бодоод дөхөж явтал энгэр өөд нь гэнэт үсрээд мөрөн дээрээс нь (цагаан дээлтэй явжээ) зуучихсан нүд нь эргэлдэж байв гэнэ. Сандрахдаа гараараа толгой руу нь цохьжээ. Чоно ч унав гэнэ. Ингэж чононы ухархайг нь цөм цохиж алаад нэг удаа их “тэнхээ орж”, “Хүн айхаараа хүчтэй болдог юм билээ” гэж ярьж байсан сан.

Сосорбарам арслан Мөөеө аваргын тухай дараах зүйлийг өгүүлсэн юм. "1960 онд техникумуудын үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан болоход би анх удаа Ж.Мөнхбатыг үзсэн. Тэр намайг хаяад түрүүлсэн. Би ХААДС-ийн хоёрдугаар дамжааны оюутан, Мөнхбат горзойсон биетэй, буржгар үстэй, гэдгэр толгойтой хүүхэд байв. 1961 онд МБАТ-ий спартакиад болоход би «Хөдөлмөр» нийгэмлэгээс, Ж.Мөнхбат «Соёл» нийгэмлэгээс орж барилдсан. Ж.Мөнхбат түрүүллээ. Гэтэл түүнийг түрүүлээгүй болгов. Гэхдээ Ж.Мөнхбат алтан медаль авсан. Ингээд хоёр хүн түрүүлсэн юм даг. Чухам юунаас болсныг би мэдэхгүй. Ж.Мөнхбат шууд улсын заан цол хүртсэн.

Мөөеө аварга нэмж доорхи зүйлийг хэлэв. “МБАТ-ий анхдугаар спартакиадад түрүүлсэн бөхөд улсын арслан цол өгөв” гээд төвийн хэвлэлүүдээр зарласан юм. Би түрүүлж, Эрдэнэ-Очир начин хоёрт, Чойжилсүрэн заан гуравт орсон. Гэтэл намайг түрүүлсэнд тооцсонгүй. Зааны болзлыг гурван удаа бататгасан гээд Чойжилсүрэнд улсын арслан цол өгөв. Тэгсэн чинь Чойжилсүрэн гуай түрүүлсэн болж хувирдаг байгаа.

С.Т:  1961 оны МБАТ-ий анхдугаар спартакиадад түрүүлсэн бөхөд «Улсын арслан» цол өгнө гэж өмнө нь зарласан юм гэнэ лээ. Гэтэл Та түрүүлсэн мөртлөө «Заан» цол хүртсэн байх юм.

Ж.М:—Тэр үнэн л дээ. 1961 оны анхдугаар спартакиадад 27 бөх барилдах байв. Гэтэл 1960 оны УАШТ-д ганц ч уналгүй түрүүлсэн Ө.Эрдэнэ-Очир начин урилгаар орж бүгд 28 бөх барилдлаа. Барилдааны төгсгөлд Чойжилсүрэн заан, Эрдэнэ-Очир начин бид гурав ижилхэн 25 даваатай ч би энэ хоёрыгоо хоёуланг нь унагасан юм. Энэ спартакиадад түрүүлсэн бөхөд «Улсын арслан» цол өгнө гээд «Үнэн», «Залуучуудын үнэн», «Хөдөлмөр» сонинуудаар өмнө нь зөндөө шуугисан юмдаг. Би түрүүлсэн. Тэгтэл «амтай, аатай хүн» гэж хэлээд надад «Арслан» цол өгсөнгүй.

С.Т:- Та тийм амтай, аатай байсан хэрэг үү?

Ж.М:- (толгойгоо илж инээмсэглээд) “Тийм нь ч тийм байсан. Чи дээлээ яагаад их шуудаг юм, яасан их бөхийж явдаг юм, энэ чинь ямар учиртай юм бэ?” гэж тэр үеийн нэг лут дарга асуухлаар нь “Цээж нь Энхтайвны гүүрэн дээгүүр давж байхад бөгс нь үлдээд байгаа юм” гэж гайхуулж байсан юм л даа. Энэ үгнээс л болсон хэрэг.

ТОДРУУЛГА: Улсын баяр наадмын өмнөх өдрүүдэд МБАТ-ий анхдугаар спартакиадад аймаг, хотын нийгэмлэг, зөвлөлөөс шалгарсан 28 бөхийн тойргийн барилдаанд онцгой сайн барилдсан зарим бөхчүүдэд үндэсний бөхийн алдар цол олгосон байна. Үүнд: Архангай аймгийн харъяат Жалбуугийн Чойжилсүрэнд «Улсын арслан», Төв аймгийн харъяат Жигжидийн Мөнх-бат, Өлзий-Сайханы Эрдэнэ-Очир, Архангай аймгийн харъяат Түзэлийн Зундуй, Өмнөговь аймгийн харъяат Гомбо-Аюушийн Дэмүүл нарт «Улсын заан», Баянхонгор аймгийн харъяат Чулууны Баасанхүү, Увс аймгийн харъяат Миеэгийн Цэрэндорж нарт «Улсын начин» цол тус тус олгожээ. («Үндэсний бөх 55 жилд» сэтгүүлээс)

Ж.Мөнхбат аварга цааш өгүүлсэн нь, Спартакиадаар улсын арслан цол хүртсэнсэн бол тэр жилийн наадамд би үзүүр түрүүнд үлдэх байсан юм. Учир юунд вэ гэвэл, тэр үед ихэнх бөхчүүд өндөр цолтой ч бүгд харьж явсан үе л дээ. Сайн бөхүүд нь улсын заанаас хэтрээгүй байв.

Спартакиадын дараа дөрөв хоноод Ардын хувьсгалын 40 жилийн ой болсон юм. Дээр үеийн алдар цолтой ахмад мундаг бөхчүүд наадамд бүгдээрээ ирлээ дээ. Хуучны ловгорууд даанч сайхан, Тэр 40 жилийн ойн наадам шиг наадам өнөө үе хүртэл болсонгүй. Ахмад бөхчүүдийн барилдаан тусдаа болсон юм. Буур Жамъян аварга, урт гарт Лхагва арслан, аат Лувсанжамц арслан, заан Самдан, цагдаа Содном, Дэлээгийн Содном, Арвайхээрийн Банди арслан, Өлзийсайхан арслан, Балсан (Дорнодын), Булганы бухан хүү Моломжамц заан, Завханы Баярхүү заан, Ховдын Ванчинхүү (Важий), хадагт хар Рэнцэндорж гээд л бүгдийг нэрлээд баршгүй сайхан бөхчүүд ирлээ. Ахмадуудын барилдаанд Завхан аймгийн харьяат Маамын урт гарт хэмээх Лхагва арслан түрүүлсэн.

Одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Малига хэмээх алдарт Бат-Очир арслан. 1963 онд 72 насандаа Төв аймгийн наадам дээр улсын арслан Ж.Мөнхбатыг гурвын даваанд амлаж аваад барилдах гэж өрж буй нь.

ТОДРУУЛГА: Ахмад бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн Маамын Лхагва арслан энэ үед 54 настай, үзүүрлэсэн Цэрэн заан 61 орчим настай байжээ. Мөн Дэлгэрхааны «малига» бүргэд хэмээх Бат-Очир арслан 62-той, Архангайн «Эрээн хавиргат» хэ- мээх Төрбат арслан 57-той, Завханы «нахиу» хэмээх Санжсүрэн арслан 53-тай, «Арвайхээрийн» хэмээх Банди арслан 53-тай, Дорнодын «хумбанхар» хэмээх Балсан арслан 58-тай, Завханы «хулгар» хэмээх Дэндэв заан 58-тай, Төв аймгийн Дэлгэрхааны «Ягаан» хэмзэх Самдан заан 62-той байсны дотор хамгийн өндөр настай нь 1895 онд төрсөн, Завхан аймгийн «хөндлөн» хэмээх Сундуйжав заан, хамгийн залуу нь 1911 онд төрсөн, Булган аймгийн «буханхүү» хэмээх Моломжамц заан байжээ. («Монгол бөх» сэтгүүл. 1989 оны №4)

1969 он, Төв аймгийн Баянбараат сумын харьяат улсын арслан Л.Сосорбарам, Архангай аймгийн харьяат улсын заан У.Адьяа нарын хамт

Сосорбарам арслан өгүүлсэн нь: 1963 онд би улсын баяр наадмын бэлтгэлд гараад гэртээ ирсэн байлаа. Гэтэл наадмын өглөө Ж.Мөнхбат манайд ороод ирлээ. Би өмнөх барилдаануудад нэлээд сайн барилдсан юм. Би хувьдаа наадамд дээгүүр үлдчих бодолтой байсан. Мөнхбатаас би “Бяр, хүч их үү? Бэлтгэл сайн ханаа биз дээ” гэж асуувал, “Энэ жил би нэг бол түрүүлнэ, эсвэл түрүүлэх хүнд унана” гэж хэллээ. Наадамд бид хоёр долоо давж, дөрөвт үлдэж тунаад барилдахаар өрлөө. Гэтэл Ж.Мөнхбат миний өмнө ирээд гуяа алгадаад байх юм. Би, “Энэ нөхөр намайг айлгаж байна. Би хаяна даа” гэж хатуу бодлоо. Энэ барилдаанд би унасан юм. Тэгсэн чинь харин Ж.Мөнхбат надаас айгаад гуя нь чичрээд байхаар нь мэдэгдүүлэхгүйн тулд гуяа алгадсан юм гэж хожим нь ярьж байсан.

ТАЙЛБАР: Энэ үед Сосорбарам, Эрдэнэ-Очир нар үнэхээр бяртай, хучтэй байсан бөгөөд Сосорбарам гуай энэ онд гойд байсан юм гэнэ лээ. Барилдаан болгонд болж л өгвөл түрүүлчихдэг, Мөнхбат гуай унавал Сосорбарамд л унадаг байсан боловч наадамд түрүүлэх хүсэл нь оволзоод тэсч ядахдаа наадмын өглөө Сооёо арслангийнд ирээд “Нэг бол би түрүүлнэ, нэг бол түрүүлэх хүнд унана” гэдгийн цаад учир ийм бололтой. Мөнхбат гуай «Сооёо л түрүүлчихгүй бол би түрүүлнэ» гэж өөртөө бат итгэж байсан байна. (С.Т)

Даян аварга Сэрээтэрийн Цэрэн, Л.Хишигсүрэн начин, дүүгүүр хэмээн орон даяар алдаршсан ясны сайн бөх Дандарын Гомбосүрэн начин нар. 1970-аад он

Сосорбарам арслан цааш өгүүлсэн нь: 1964 онд Булган аймгийн дүүгүүр Гомбосүрэн ХААДС-д суралцаж байлаа. Энэ оны наадмын бэлтгэлд аварга Батсуурь, арслан Чойжилсүрэн, заан Адъяа, дүүгүүр Гомбосүрэн (наадмаар цол авсан) бид нар бэлтгэлд хамт гарлаа. Гомбосүрэн түргэн ууртай, хор шартай хүн. Тэгэхээр нь би “Ууртай бөх цол авдаггүй юм шүү” гэхэд Гомбосүрэн шазуур зууж “Төв аймгийн гурван чононы амнаас гарлаа, (1961 онд Гомбосүрэнг дөрөв давахад нь би, 1962 онд тавын даваанд Эрдэнэ-Очир, 1963 онд мөн даваанд Мөнхбат амлан авч өвдөг шороодуулсан юм) одоо л начин болно оо гэлээ. Наадам ч боллоо. Гомбосүрэнг тав давж начин цол хүртэхэд нь зургаагийн даваанд Мөнхбат амлачихлаа. Гэгэл Гомбосүрэн “Мөнхбат юундаа намайг дандаа амладаг юм. Ноднин бас амласан. Би Мөнхбатыг зодно” гэдэг юм байна. Гомбосүрэн Мөнхбаттай барилдахаар очихдоо хоёр гараа байдгаар нь зангидчихсан, “зодно” гэхээр нь Мөнхбат хоёр хөлийг нь хамаад давхар гүйчихжээ. Гомбосүрэн тахимаа өгөхдөө “Миний найз сайн барилдаад түрүүлээрэй” гэж инээмсэглэн хэлэхэд нь миний нар гарах шиг болсон хэмээн Мөнхбат ярьдаг юм.

Гомбосүрэн гуай хожим өгүүлэхдээ “Мөнхбат дандаа хүний хор шар хөдөлгөж, уур хүргээд зодмоор санагддаг юм. Зодъё гэхээр энэ сайхан амьтны хаана нь зодохов. Хайр хүрээд байдаг юм” гэдэг сэн.

Мөнхбат аатай байсан. Би нэг жишээ хэлье. Заримдаа түүнийг эзгүй байхад хөдөөнөөс сайн залуучууд ирээд заалны барилдаанд 2-3 давчихна. Бөхчүүд тэр залуу бөхийн тухай Мөнхбатад ярина. Дараа нь барилдаан болоход Мөнхбат тэднээс 2 давсны нь дэргэд очоод “Чамайг магтаад байсан, тэр аймгийн тэр гэдэг чинь чи юм уу?” гэж хэлж уурыг нь хүргэж байгаад амлаад авчихна. Зарим нь уурлаж хамаагүй дайрч байгаад унана, зарим нь айж бэргэсээр байгаад хэвтээд өгнө. Энэ бол Мөнхбатын барилдах арга юм.

ТАЙЛБАР ТОДРУУЛГА: Би Мөөеө аваргаас Та улсад түрүүлсэн, ахмад бөхчүүдэд «Та л улсад түрүүлсэн болохоор би мөн ч олон удаа түрүүлнэ дээ» гэдэг байсан гэлүү хэмээвээс “Үнээн үнэн” гэж толгойгоо илснээ, юу ч гэмээр юм бэ дээ. Одоо бодоход ичмээр ч юм шиг. Би нэг өөр юм яръя гэв.

- Би хэсэг байхгүй байж байгаад ирлээ. Энэ 1972 он юм уу даа. Манай ахмад бөхчүүд надад хэлж байнаа. Буянт гэж аюултай залуу байна гэв. Дэвж байгаа нь яг Мөнхбат гэнээ. Би барилдлаа. Буянт барилдаж харагдана. Дэвж байгаа нь ч хачин байна. Тэр хоёр даваадахлаа. Энэ нохойг амлаж авдаг хэрэг ээ гэж бодлоо. Би солгой талтай, Буянт баруун юм байна. Би ч дор нь хаялаа. Би хүрч ирээд «Та нарын лут лут гээд байдаг чинь хаа байна, хариугүй хүүхэд байна шүү дээ. Ийм амьтныг хүч хүрэхгүй байхдаа яадаг юм» гээд нөгөө бөхчүүдээ баалав. Буянтыг би хоёр удаа амласан. Илүү амлаагүй. Буянт Цагаан сараар нэг сайн барилдсан. 1976 оны улсын аваргаар сайн үзсэн дээ.

Нэмэхбаярыг Цагаан сараар дөрөвт үлдэхэд нь нэг авлаа. Үлдэцтэй лувгар байсан л даа. Нэлээд хэдэн сайчуулыг орхисон, Нэмэх бид хоёр барилдахаар өрлөө. Би, «Чи нэг их оролдоод байхгүй шүү» гэсэн чинь харин «Аан» гэдэг байгаа.

Үргэлжлэл нь: Гурван хөгшин борог өвс сайн байцгаана уу гэж хэлээд...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]