Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гурван хөгшин борог өвс сайн байцгаана уу гэж хэлээд...Уншсан74,519

Наадамд Түвдэндорж, Чимэд-Очир, Батсуурь аваргууд оччихсон, хоорондоо юм яриад гурвуулаа тусдаа сууж байна.

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий "Хаях би яараагүй байхад" номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.


Эхлэл, нэгдүгээр хэсэг: Ж.Мөнхбат аварга: "За Цэрэн минь энэ жилийн наадам чинийх шүү"

Хоёрдугаар хэсэг: "Төв аймгийн гурван чононы амнаас гарлаа, одоо л начин болно оо"

Ж.М: Улсынхаа наадамд барилдах миний үе эхлэв. Түвдэндорж, Чимэд-Очир, Дамдин, Батсуурь, Цэвээнравдан аваргууд зодоглов. Наадам ч яахав эхэлдгээрээ эхэлж би гурав давчихлаа.

Дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн харъяат улсын начин Дашзэвэгийг амлаад авсан чинь, «Тэр Бээжин зааныг дандаа унагадаг» ч гэх шиг элдэв юм надад ярив. Тэгэхлээр нь би, «Түрүүлэх гэж байгаа надад ямар хамаатай юм» гэж аархангуй хэлэв. Дашзэвэг бид хоёр өрлөө. Тэр миний хөлд гүйгээд намайг харуйгүй унагахын даваан дээр би түүний тохой руу алгадтал хажуу тийшээгээ харуулдаад ойчив. Дашзэвэг босч хүрч ирээд амаа бариад их гаслав. Тэгэхлээр нь би «Амаа хийтэй баривал алдас болно шүү» гэж хэлээд тахимаа аваад дэвээд явлаа.

Тавын даваа эхлэх боллоо доо. Ахмад цолтой бөхчүүд ам авсаар л байна. Бөхчүүд ам авч байснаа жаахан байзнав. Учир юунд вэ гэвэл, Бор ах (дэрэн бор хэмээх Самданжигмэд арсланг бөхчүүд ингэж авгайлдаг юм. С.Т) Архангайн Найдандорж заан хоёр удаад байсан юм. Тэгтэл Намын хянан шалгах хорооны дарга  Жамъян хүрч ирээд “Үхэх дөхсөн энэ хоёрыг хүлээгээд юундаа ам авахгүй байгаа юм. Амаа авцгаа” гэж мундагдав. Азнаж байсан бөхчүүд ч амлаж эхэллээ. Эрдэнэ-Очир гуай миний урд амлах ёстой байв. Гэтэл Эрдэнэ-Очир гуай, «Миний аавтай адилхан энэ хоёр хөгшний (Самданжигмэд, Найдандорж заан нарыг хэлээд) хэн давсан нь намайг авна» гэхээр нь би, «би амаа авъя» гэв. Тэгтэл намайг Эрдэнэ-Очир авах нь тэр. Би Эрдэнэ-Очирынхоо давуулж гуяддаг мэхийг мэдэх тул арай ч гуядуулалгүй унагаж билээ.

Зургаагийн давааны ам угтуул авч байлаа. Тэмээ өргөдөг Жамъяндорж арслангийн ам авах ээлж боллоо. Тэгтэл тэр Зундуй, Дэмүүл, Цэрэн, Дугарсүрэн бид нарын нэрийг бараг л арваад сонсов. Энэ үед Булганы Бадам заан, Хэнтийн Шаравжамц начинтай барилдсаар байв. Тэгтэл Бадам заан ойчив. Жамъяндорж гуай их инээж, уулга алдан «Шаравжамцыг» гэж хоёр дахин хэлээд алга болж өглөө.

Би амлах болов. Дугарсүрэн гуай надад, «Ах нь10 жилийн өмнө 30 насандаа ирж барилдаад «Улсын начин» болсон юм. Одоо чи миний хүүхэдтэй ялгаа юу байхав. Ахыгаа битгий аваарай. Ах нь чамаас 20 ах шүү дээ» гэв. Дугарсүрэн гуайг амлаж авахгүй бол Зундуй, Цэрэн хоёроос авах болсон юм.

Тэгээд би жаал бодлоо. Бодож, бодож зааланд бид гурав дандаа тунадаг. Дугарсүрэн гуай зааланд барилддаггүй юм чинь гэж бодоод «Дугарсүрэнг авъя» гэв. Дугарсүрэн гуай «Аа тийм бий» гэж шүдээ зууж хэлээд гутлынхаа түрийг алгадаад босов. Би спартакиадаар Дугарсүрэн гуайг унагасан байсан л даа. Тавын даваанд Дугарсүрэн том Санжааг унагасан юм. Бид барилдахаар гарлаа. Дугарсүрэн гуай надаас зугтаад байв. Нэлээд удлаа. Тэгээд над руу дайрахад нь дэгээдэх мэх хийх талаараа шуудагдаж барьж аваад, «Ингээд зугатааж бай» гэж хэлээд дэгээдэх гэсэн чинь үлдсэн хөл рүү минь дайрчихаад явчихлаа. Ингээд ойчив оо. Дугарсүрэн гуай тахимаа авчихаад тарвага даллаж байгаа хүн аятай дэвээд алга болж өглөө. Дугарсүрэн гуай уг нь баруун талаараа мэх хийдэг юм...

Дараа нь манай Цэрэн 7-д Дугарсүрэнг, 8-д Бээжинг, 9-д Дандигааг (Дамдин аварга) даван түрүүлээд улсын аварга болох нь тэр ээ. Бөхийн наадмын од орно оо гэдэг...

Эхний эгнээнд зүүн талд суугаа нь Ж.Цэвээнравдан аварга, удаах нь дархан аварга Б.Түвдэндорж гуай, Н.Жамъян аварга, Ш.Батсуурь аварга, Ц.Чимэд-Очир аварга, арыын эгнээнд зүнээс дархан аварга Х.Баянмөнх, даян аварга С.Цэрэн, дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Д.Дамдин нарын Монголын үндэсний бөхийн домог болсон сайхан аваргууд сууж байна.

С.Т: Та ид залуу байхдаа том цолтой ахмад бөхчүүдийг нэлээд голдог тал байсан уу?

Ж. М: Тийм явдал ч байсан байх. Би нэг хөгтэй юм яръя. Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын дараа 8 дугаар сард Төмөр замчдын баяр Сонгинын буланд боллоо. Наадамд Түвдэндорж, Чимэд-Очир, Батсуурь аваргууд оччихсон, хоорондоо юм яриад гурвуулаа тусдаа сууж байна. Би тэдэн дээр очоод, “Гурван хөгшин борог (борог гэж хуучин хагд өвс юм. Үүнтэй зүйрлэж буй хэрэг. С.Т) сайн байцгаана уу, би өсч байгаа ногоо доо” гэчихлээ.

  ...Хоёрын даваа дуусч гурвын даваа эхлэх боллоо. Чимэд-Очир аварга намайг авчихдаг юм байна. Барилдлаа. Би давлаа. Дөрвийн даваанд Түвдэн аварга намайг амлав. Би унагав. Тавын даваанд Батсуурь аварга намайг амлачихлаа. Би, «Суурь аваргыг хаячихвал ч хэлэх үгтэй дээ» гэж бодлоо. Гэтэл аварга ганцхан харваад дайрчихлаа. Миний хоёр хөл гозойгоод сээрээрээ газарт хүчтэй ойчдог байгаа даа. Энэ нь «гурван хөгшин борог» гэж хэлснээс л болсон доо хэмээн одоо хүртэл бодогдож явдаг юм.

Би Суурь аваргатай дөрвөн удаа барилдахдаа 2 удаа ойчиж, 2 удаа унагасан. Би аваргатай гадаа барилдахдаа ойчиж, зааланд л 2 удаа хаясан. Суурь аварга том хүн мөртөө мөн ч хурдтай дайрна шүү.

С.Т: — Та Дугарсүрэн гуайд унасныхаа дараа жил бас л доохно уначихсан гэв үү дээ.

Ж.М: —Тийм ээ. Наадамд турүүлэх л ганцхан хүслэн надад байсан юм чинь. Зааланд ч, гадаа ч бараг л бүгдийг нь хусчихна. Улсынхаа наадамд нэг сайн барилдъя гэсэн чинь санаснаар болдоггүй, хяслантай, даанч найгүй шүү. Тэр үед намайг унагахын хүслэн бараг л бүх бөхөд байсан байх. Тэгтэл нөгөө зааланд ч гадаа ч дийлддэггүй мундаг ловгор бөх нь (аварга өөрийгөө хэлж байна) түмэн ардынхаа өмнө Өмнөговь аймгийн арслан Манлайжавыг ардаа гаргаад ойчдог юм байна.

ШИГТГЭЭ ТОДРУУЛГА: 1962 оны улсын наадамд Мөнхбат гуай гурав давчихаад сууж байж л дээ. Гэтэл Өмнөговь аймгийн арслан Манлайжав мөн даваанд учраагаа хүчтэй нь аргагүй унагачихаад дээр гэгч нь өргөөд босгочихож гэнэ. Гэтэл тэр хоёрын барилдааныг харж суусан Мөнхбат гуай Сэрээтэрт (улсын начин) хандан, “Пөөх надаас бяртай хүн байдаг юм аа. Би үүнийг авлаа” гэж амлаж барилдаад өвдөг шороодсон юм гэнэ лээ. Мөн ч аатай байсан хэрэг шүү (Цэргийн начин А.Тэгшээгийн ярианаас).

Ж. М: Би өөр нэг зүйл яръя. Намар нь (1962 оны) хотын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо. Мундагчууд бүгд л зодоглов. Би ч барилдлаа. Тэгтэл Завхан аймгийн харъяат улсын заан Дорлиг гуай над руу хүрч ирээд, «Миний дүү сайн барилд. Чамаас өөр түрүүлэх хүн байхгүй» гэж хэлээд гутлынхаа түрийний боолтыг надад өгөв. Би их баярласан сан. Дараа нь Дорлиг гуай, «Би олон хүүхэдтэй хүн л дээ. Гэтэл бөх болох хүүхэд алга юм шиг байна. Чамтай уулзаж яваарай гэж би хүүхдүүддээ захина» гэсэн сэн. Энэ нь надаас үе залгамжлах бөх төрнө гэсэн бэлгэдэл юм билээ л дээ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах барилдаанд би Сосорбарам гуайд унаж хоёрдугаар, У.Пүрвээ гуравдугаар байрт орсон юм.

С.Т: 1963 оны Цагаан сараар «Хөдөө аж ахуйн нэгдэлчдийн өдөрт» зориулсан үндэсний бөхийн барилдааныг анх удаа орон даяар радиогоор нэвтрүүлсэн юм гэнэ лээ. Тэгэхэд би 9 нас хүрч байсан. Манайх хөдөө мал маллаж байв. Радио сонссон хүмүүс Төв аймгийн Мөнхбат гэдэг залуу түрүүллээ гэж ярьж байсан шиг санагддаг юм.

Ж.М: Тийм ээ. 63 онд анх удаа «Нэгдэлчдийн сайн өдөр» нэртэй Цагаан сарын барилдааныг орон даяар нэвтрүүлсэн. Тэр барилдаанд залуу бөх Баянмөнх анх тодорсон. Надтай нэлээд удсан. Ер нь айхтар нь мэдэгдсэн юм шүү. Би Бээжин арслантай үлдэж түрүүлсэн юм. Барилдаан дууссаны дараа хөгшнөө (авгайгаа) дагуулсан их өндөр нуруутай, нүдэндээ шил зүүсэн монхор цагаан шар хүн намайг дуудав. Хөгшин нь гэзгээ суртай хамт сүлжиж ар нуруу руугаа унжуулсан харагдана. Засуулч Ш.Лүгдэв гуай бид хоёр нөгөөх өндөр хүн дээр яваад очвол тэр хөгшиндөө хандан “Миний өнөө Шагайхүүгийн (миний аав Жигжидийг хэлж байна) бөх болно гэдэг хүү чинь энэ шүү дээ” гэв. Би тэр өндөр хүнийг огт танихгүй юм байна. Гэтэл нөгөө өндөр монхор цагаан хүний авгай чинь миний хиртэй хөлсийг гараараа шударч долоогоод, “Яг чиний идэр залуугийнх шиг мөн ч сайхан байна даа” гээд намайг илдэг юм байна. Тэр хоёр ч холдоод явлаа. Би дотроо «Хүний хиртэй хар хөлсийг долоодог ямар хачин хүн бэ?» гэж бодоод Лүгдэв гуайгаас, “Эхнэр ээ дагуулсан монхор хамартай өндөр цагаан тэр хүнийг хэн гэдэг юм бэ?” гэвэл, “Тэр хүн үү, Шагж, Банзар гэдэг хоёр арслангийн нэг. Босоо Банзар нь шүү дээ” гэж хэлэв. Ингэж л Би Банзар арсланг анх удаа харж, «ямар том хүн бэ?» гэж бодож билээ.

«Надтай адилхан бяртай чадалтай бөх байхгүй» гэж тааралдсан болгондоо л яриад байлаа даа. Нэг өдөр Батсуурь аварга бидэн дээр очсон юм. «За чиний бяр их үү?» гэж надаас асуулаа. Би ч яахав «Ихээ их» гэж хэлээд 1961 оны спартакиадаар Гүрбадам заантай барилдаж байгаад дугтартал идээлсэн шүд нь суга үсэрсэн, Зундуйг дугтартал ам хамраас нь нөж сад тавьсан. Одоо бүгдийнх нь дүүрээг дэлбэртэл унагана даа гэчихлээ. Тэгтэл Суурь аварга, «Чи намайг яахав?» гэв. Энэ үгэнд би мэгдээд даанч хариу дуугарч чадаагүй юм даа.

С.Т: -Та Богд уулын өвөрт ч, ард ч түрүүлнэ гэж хэлж байсан удаа бий юу, аварга аа?

Ж.М: Тэгж хэлж байсан удаа бий л дээ. Би наадмын бэлтгэлээс эхэлье. Бөхчүүд тэгсхийгээд бэлтгэлдээ гарах боллоо. Улсын заан өмсдөг Дамдиндорж, Гүрбадам, аймгийн арслан Дүгрээ (Говь-Алтай) бид хэд Баянзүрхээд сахал Жамбалдорж гэдэг адуучин айлын ойролцоо наадмын бэлтгэлд хамт гарсан юм. Би үүрээр эрт босно. Тэгэхэд миний биенээс гэгээ цацраад байгаа юм шиг байсан сан. Улсын наадам дуусангуут Төв аймгийн 40 жилийн ой залгаад болох байлаа. Би ид аархуу байлаа л даа. «Богд хаан уул гэж нэг том уул байдаг. Надад айх ганц бөх бий. Тэр бол Сосорбарам юм» гэсэн хачин бодол надаас ер салахаа болив. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл энэ том уулын ар өвөр хоёрт түрүүлчихээд гохийгээд ганцаараа үлдэхийгээ хэлж байгаа юм л даа. Нэг өдөр бэлтгэл хийж байсан чинь Сайван гэдэг хүн ирлээ. Увс аймгийн Сагил сумынх гэнэ. Энэ хүн Дээд шүүхийн дарга байсан Р.Гүнсэнгийн авгайн эцэг байж л дээ. Тэр хүн биднийг харж байгаад надад, “За хө чи гэдсэндээ сорвигүй хүн юм байна. Хэрвээ гэдсэндээ сорвитой хүнтэй таарвал аюултай даа. Харин тэрнийгээ мулталж өгөөд цааш явбал хаалт байхгүй” гэдэг юм байна.

Дэмүүл арслантай

Сосорбарамын гэдсэнд сорви байхгүйдээ гэж бодлоо. Гэтэл зургаагийн даваанд, Дэмүүлтэй туналаа. Өгөр хог чинь харин гэдсэндээ мухар олгойны сорвитой байдаг байгаа. Увсын хүн үнэхээр сайн мэдсэн байгаа юм шүү.

Би 4-т үлдээд Сосорбарамтай туналаа. Барилдахаар өртөл гуяны хөх мах чичрээд, шээс хүрээд л зогсох гэхээр нэг л болж өгдөггүй ээ. Миний айж байгаа нь Сооёод мэдэгдчих гээд болдоггүй шүү. Айж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд гуяа алгадаад л тойроод байлаа. Тэгтэл Намын хянан шалгахын (бөхийн холбооны дарга) Жамъян, Дээд шүүхийн (бөхийн холбооны орлогч дарга) Лувсаншарав нар намайг бушуу барилд гэж шаардав. Би, «Цаана чинь хоёр хүн барилдаад байна. Бид хоёр та нарын араас гараа юу! Олон юм ихээхэн яриад байвал дээгүүр чинь цус гартал дэвсэнэ шүү» гэлээ. Харин түүнээс хойш бид хоёрыг бушуу барилд гэж ирээгүй юм.

Энэ үед Чойжилсурэн арслан Мижиддоржтой, би Сосорбарамтай ноцолдоод байсан хэрэг л дээ. Тэгтэл Хужаа хэмээх Чүлтэмсүрэн гуай “Сосорбарамын дайрахад хөл нь цөмөрч орж ирнэ. Тэгэхэд өсгий рүү нь цохь, ойчно” гэж зөвлөв. Нээрэн ч Сосорбарамын дайрахад хөл нь цөмөрч орж ирлээ, цохилоо. Сооёо ч тэнцвэрээ алдаад ухраад л байсан. Би дайрч чадалгүй хараад л байсан. Сооёо ухарч ухарч бөгсөөрөө суучихдаг юм байна. Нөгөө талд Мижиддорж заан давлаа. Тэр Бээжин арслан, Жамц арслан, Чойжилсүрэн арслан нартай удаан барилдсан юм. Би уул нь Мижиддорж гуайн аргыг овоо мэднэ л дээ.

Үзүүр түрүүний бөхчүүд гарах гэж байтал өнөөх Жамъян дарга чинь ирээд, «Чи түргэн барилдаарай!» гэв. Хариуд нь би, «Дэмий юм битгий ярь! Ум... бадь гэхийн зуургүй бидний ажил дуусна. Цаашаа байгаарай» гэж хэлээд аягүй харлаа.

Би баруун талаас гарч очоод өртөл Мижиддорж гуай баруун ташаагаа өгөөд, баруун гараа өргөөд, «Миний дүү түргэн яваад ир, бушуухан» гэдэг байгаа. Хөлийг нь авах гэтэл өшиглөх гэж байгаа адуу шиг нүд нь хялайчихаад зэвүүн байна аа. Гэтэл далбааны ханцуйны нь боолт сул харагдана. Ханцуйны нь дээрээс дараад бариад автал нөгөөх барьцыг алдуулах гэж их дугтарч байна. Би тавихгүй атгаад л байв. Нэг дугтрахад нь зориуд барьцаа тавиад мэх хийдэггүй солгой хөлийг нь авахлаар тэр хүний хийх мэх нь дуусаад би «Улсын арслан» болох нь тэр ээ.

   Энэ жил би Богд хаан уулын ар өвөр хоёрт түрүүллээ. Наадмын дараа спартакиад болсон тэр барилдаанд Сосорбарам ганц ч уналгүй түрүүлж АРСЛАН цол хүртсэн. Сосорбарамд унаснаараа Баянмөнх заан болсон юм даг.

Үргэлжлэл нь: "Чамд жижиг цагаан нь дээр үү, өндөр хар нь дээр үү"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]