Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Чамд жижиг цагаан нь дээр үү, өндөр хар нь дээр үү"Уншсан46,880

Дөрөвт Дамдин аварга, Баянмөнх, Түвшин гарч ирэв. Дорнодын Түвшин тэр үед цэргийн албан хаагч, хорьхон настай, бяр ихтэйн дээр хөлдөө их хурдтай бөх байв. Түүнийг гэнэт ингэж цоорч гарна гэж хэн ч бодоогүй билээ

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий "Хаях би яараагүй байхад" номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.


Эхлэл, нэгдүгээр хэсэг: Ж.Мөнхбат аварга: "За Цэрэн минь энэ жилийн наадам чинийх шүү"

Хоёрдугаар хэсэг: "Төв аймгийн гурван чононы амнаас гарлаа, одоо л начин болно оо"

Гуравдугаар хэсэг: Гурван хөгшин борог өвс сайн байцгаана уу гэж хэлээд...

С.Т: 1962 онд наадмын өмнөхөн Дамдин аварга та хоёр цахилгаан Мөнхөөд (Говь-Алтай) өвдөг шороодсон тал байна уу?

Ж.М: Тийм болох нь болчихсоон. 1964 оны 6 дугаар сарын 23-ны өдөр юмдаг. Эхлээд морин тойруулгад, дараа нь Цэнгэлдэх хүрээлэнд барилдах ёстой байв. Гурвын даваанд Дамдин аварга цахилгаан Мөнхөөг амлаж аваад дэгээдүүлээд унаатхав. Дөрвийн даваанд би Мөнхөөг амлачихаад өрж байсан чинь надад, «Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг» гэв. Би, «Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу» гэтэл «Аа тийм үү» гээд над руу дайрав. Би ойчлоо доо. Босоод ирсэн чинь нүүрнээс гал бутраад явчихав. Зарим улс Мөнхбат буугаад өгчихлөө л гэж байна. Сэтгэлд сайхан санагдаж байвч би үнэн ойчсон гэж хэлэх гэхээр ичээд болдоггүй...

Цэнгэлдэх хүрээлэнгийн барилдаан ч эхэллээ. Өнөө цахилгаан Мөнхөө маань хоёр давж харагдана. Гурвын даваанд Дамдин гуай Мөнхөөг амлаж аваад маш чанга хаячихлаа шүү. Дамдин аваргаас, "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ?" гэвэл "Би түрүүн үнэн унасан шүү. Одоо л сайн хаяхгүй бол олон юм яриад явчихна энэ хүмүүс, ха ха ха" гэдэг байгаа. Би ч үнэн ойчсон. Яг л ийм явдал болсон доо. Цахилгаан Мөнхөө чинь хэрэндээ аатай байсан юм шүү. Өтөлсөн хойноо цагаан сарын барилдааны нэгийн даваанд Б.Орхонсэлэнгийг унагаад түүнээс хойш Орхонсэлэнгэ барилдахаа бүр больсон шүү дээ.

 Цэнгэлдэхийн энэ барилдааны шөвгийн дөрөвт Дамдин, Бээжин, Пүрвээ бид дөрөв үлдээд би Бээжинтэй тунав. Бээжин гуайд би газар тэнгэр хоёр ижилхэн цэнхэр харагдтал тонгоруулж тун ч чанга унаж билээ. Бээжин түрүүлж Пүрвээ заан үзүүрлэсэн юм.

С.Т: Энэ жил Та улсад 2 дахь удаагаа түрүүлсэн мөртлөө АВАРГА цол хүртээгүй. Аатай, амтай байснаас л болсон хэрэг үү?          

Ж.М: 1964 он шүү дээ. Дөрөвт Дамдин, Цэрэн, Бээжин бид дөрөв үлдсэн. Дамдин аварга Бээжинг аваад унаад өгчихлөө. Үзүүр түрүүнд Бээжин бид 2 үлдлээ. Учир юунд вэ гэвэл, 6 дугаар сарын 23-ны цэнгэлдэхийн барилдаанд намайг Бээжинд амархан унасан болохоор Бээжинг түрүүлэг гэж бодсон байх. Нөгөөтэйгүүр гэвэл бид 2 хоёулаа арслан цолтой байсан. Бээжин надад ухаан алдатлаа ойчоод босдоггүй ээ. Би аварга цол авах ёстой байв. Дээрээс захиргаадаад надад цол өгсөнгүй. Дамдин аварга наадмын маргааш надтай тааралдаад, «Мөнхбат аа, би Бээжинг унагаад чамтай үлдсэн бол арай ч ингэж ойчихгүй дээ» гэхлээр нь «Та Бээжинд унасан юм чинь, та харин үхэх байсан» гэсэнд Даньдгай юу ч дуугарсангүй. Тэгээд Даньдгай, «Ирэх жил ирнэ дээ, би юу ч дуугарахгүй, эрийг чинь харъя...» гэсэн. Тэр жил Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймагт очиж барилдлаа. Тэгсэн чинь «БНМАУ-ын хоёр удаагийн арслан Мөнхбат ам угтуулаа аваарай» гээд зарлаж байж билээ.

ШИГТГЭЭ: 1967 онд гэсэн шиг санагдах юм. Мөнхбат гуайг амаа авах гээд нэр сонсоод зогсож байтал Дээд шүүхийн Лувсаншарав дарга ирээд "Мөнхбат аа, чи бушуухан амаа ав" гэж зандрангуй хэлсэнд "Намайг үзэх гэж найман мянган хүн ирсэн болохоос чамайг үзэх гэж чавганц ч ирээгүй. Дахиад нэрээ унш" гэж байсан юм гэнэ лээ. (Цэргийн начин А. Тэгшээгийн ярианаас)

С.Т: -Та улсад гурав түрүүлж байж АВАРГА цол хүртсэн. Энэ цол авсан тухайгаа яриач.

Ж. М: Дараа жил нь 1965 оны наадмын бэлтгэлд Эрдэнэ-Очир, Адъяа заан, Сэрээтэр бид дөрөв хамтдаа гарлаа. Биднээс гуравхан км-ийн зайтай. Чүлтэмсүрэн (Хужаа) арслан морь уяад байж байлаа. Би Хужаа арслангийнд очиж барилдааны талаар их юм яриулна даа. Надад их сонин юм ярина аа. Хүний хөлийг аваад элдэж байгаа бөхийн өрөөсөн нүдийг таглавал зогтусдаг юм, тэгэхлээр нь дагуулж хаяна даа гэж их хэлдэг байв. Энэ ч үнэн юм билээ.

Эрдэнэ-Очир ах голдуу Богд уулын зүүн тал руу хараад ойчно. Төв аймгийн Баянзүрхийнх юм чинь. Сосорбарам маань Богд уулын баруун шилэн дээгүур хараад ойчно. Төв аймгийн Баянбараатынх болоод тэр. Бид тэднийг нутаг руугаа хараад ойчдог гэж шоглон ярьдаг байв.

Наадмын барилдааны үзүүр түрүүнд би Баянмөнхтэй үлдээд хөлөө алдаж баруун тийш хөөгдөв өө. «Мөнхбат баруун тийш Эрдэнэсант сум руугаа хараад ойчлоо гэж хэлнэ дээ» хэмээн би бодлоо. Одоо яадаг билээ гээд сандарч явтал Хужаа арслангийн үг шурхийн «нүдийг нь таглах» гэдэг санаанд гэнэт оров. Би Баянмөнхийн нүдийг нэг гараараа таглаатахтал тэрээр зогтусав. Би ч ачиж орхив. Ачтал нэг юм тасхийтэл дуугарлаа. Миний дунд чөмөг хугарчихлаа гэж бодов. Би унагаснаа мэдээгүй. Тэгтэл цээжин дор нэг зөөлхөн юм байна аа. Энэ Баянмөнх өө. Баярласан гэж жигтэйхэн. Тэр тасхийсэн чимээ нь Баянмөнхийн хөлийн өсгий шалбааг дээр цохиход тэгж дуугарсан юм билээ.

Ингээд гурав дахь удаагаа түрүүлэв. Бай шагналаа авахаар индэр өөд гарч очоод нам, засгийн удирдагч нартай гар барилаа. Би Цэдэнбал дарга, Самбуу гуай хоёрт хандаж, «Та нар хаад ноёдууд шүү дээ. Өгдөггүй аварга цолоо одоо өгчих, өгөхгүй бол сумын наадамд барилдаж түрүүлээд даага авахад минь битгий очиж булааж аваарай» гэтэл Самбуу гуай наадмыг хааж үг хэлэхээр босов. Би Самбуу гуай руу эргэж хараад «Аваргаа одоо өг» гэж шаардлаа. Засуул Лүгдэв гуай, Гончиг гуай хоёр «Битгий тэг. Хэрэггүй хүү минь, Мөнхбат минь, урагшаа хар» гэж учирлан гуйж байсансан.

С.Т: Дамдин аварга та хоёр яггүй нэг амьтай юм шиг санагддаг. Та Дамдин аваргатай барилдаж байсан тухайгаа яриач. Их сонин юм зөндөө байгаа даа.

Ж.М: -1950-иад оны сүүлчээр би Төв аймгийн Лүн сумын 7 жилийн сургуулийг дүүргээд Улаанбаатар хотод ирлээ. Нэг өдөр явж байсан чинь Дамдин аварга (хальсан цув өмсчихсөн) нэг хүнтэй Д.Сүхбаатарын талбай дээгүүр баруун тийш явж байв. Хүн бүгд л аваргыг харж байна. Би хойноос нь дагаад жаал явлаа. Зүрхэлж уулзаж чадах биш хэсэг дагаж байгаад буцлаа. Мөн ч сайхан бөх харагдаж байнаа.

1959, 1960 онд Дамдин аварга үндэсний бөхийн ердийн барилдаанд барилддаггүй байсан. Циркийн тоглолт гээд завгүй болоод тэр байх л даа. 1961 он гараад л би Дамдин ахтайгаа танилцсан. МБАТ-ий анхдугаар спартакиад болох, дараа нь улсын наадам гээд их ажил өрнөж байсан санагдана. Даньдгай (Дамдин аваргыг Мөөеө тэгж нэрлэдэг. С.Т) бид хоёр тэр үед «Соёл» нийгэмлэгт харъяалагддаг байв. «Соёл» нийгэмлэгийн бөхийн спартакиад соёлын мөсөн тулгуурын талбайд боллоо. Энэ талбай чинь нэгдүгээр 120 мянгатын орон сууцны байрны энд байсан юм. Тэр үед ганц ч байшин барилга байгаагүй, эзгүй газар байлаа. Нэг хүн спартакиадын 2 төрөлд орж болохгүй гэсэн заавартай байв. Бөхийн барилдаанд би Даньдгайг унагаж түрүүлэв. Хожим нь бодоход Даньдгай хүндийн өргөлтийн тэмцээнд орж «спортын мастер» болох бодолтой байсан учраас надад ойчсон бололтой юм билээ.

Анхдугаар спартакиадад намайг барилдаж байхад Даньдгай над дээр байнга ирж хэнтэй хэрхэн барилдахыг зааж өгнө. Шувтаргын барилдаанд би Т.Зундуйтай барилдахаар гарах гэж байтал Түвдэндорж аварга Даньдгай хоёр ирээд, «Спартакиадын аварга болоход чамд чимх юм үлдлээ. Зундуйтай, сайн барилд. Баруун гараараа зүүн мөрнөөс нь барьж аваад дугтраад байгаарай. Унатал нь шүү. Цаадах чинь ойчихгүй хүн шүү гэж хоёул захив. Би ч захьсан барьцанд нь хүрч аваад дугтраад л байлаа, дугтраад л байлаа. Тэгсэн чинь ойчиж байнаа. Би дэвчихээд тахимаа авах гэсэн чинь Зундуй, "Байз хө, дотор эвгүй болоод байна гээд алгаа тосоод кахх" гэсэн чинь амнаас нь нөж гарч билээ.

1960 оны хавар шиг санагдах юм. Спортын төв ордон, «Хөдөлмөр» нийгэмлэгийн спортын танхимд Дамдин аварга нэг нэг удаа хэсэг бөхчүүдтэй барилдсан юм. Энэ бол тойргийн барилдаан биш байв. Спортын төв ордонд Бээжин, Цэрэн, Санжаа (том) нарын 17 бөх Дамдин аваргатай цуварч барилдаад бүгд 30-аад минутын дотор унасан юм даг. Харин Ц.Санжаа заан, С.Цэрэн хоёр «жаахан» удсан шиг санагдаж байна.

Даньдгай 1961 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрчдийн жагсаал, цэргийн парадад жагсаж явж байгаад бэртчихдэг юм байна. Тэр үед чинь циркийнхэн ч, урлагийнхан ч яг л ноймороо үзүүлж явдаг байсан байх. Дамдин аварга эмнэлэгт хэвтжээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын эхний өдөр аварга ингээд барилдсангүй. Наадмын 2 дахь өдөр буюу 12-ны өдөр Даньдгай барилдлаа. Хөл нь доголон байна. Мөн ч тэвчээртэй хүн шүү (Нэг хөлий нь өсгий гэмтчихээд өлмий дээрээ гишгэж барилдсан гэдэг. С.Т)    

Би Даньдгайд, «Би ямар ч байсан үзүүр түрүүнд хүрнэ» гэсэнд «Миний дүү сайн барилдана шүү» гэв. Бяр ч гэж жигтэйхэн, түрүүлчих юм л бодогдоод байлаа. Тэгсэн чинь зургаагийн даваанд Дорнодын жороо хар Дугарсүрэнд нурчихдаг байгаа. Сүүлийн дөрөвт Дамдин, Бээжин, Жамъяндорж, Цэрэн нар үлдлээ. Би Даньдгайгийн дээлийн заханд чулуу хийгээд атгачихсан сууж байв. Даньдгайд би, "Та Бээжинг ав (Дамдин аварга Бээжинг дор нь унагадаг байсан юм). Жамъяндорж гуай, Цэрэн хоёр мэх муутай улс, ноцолдсоор байгаад хамаг чадлаа дуусгана. Аль хаясны нь та дор нь унагана. Таны хөл гэмтэлтэй, хөлөө бод" гэв. Тэгтэл улсын начин Ванчин гуай нарын Хөвсгөлийн бөхчүүд Даньдгай дээр ирээд, "Хөвсгөлийн хоёр бөх үлдэх хэрэгтэй" гэж баахан ятгав. Дамдин аварга Жамъяндорж гуайг амлаж аваад их тарчилж байж давав. Хөлөө ч их хөндлөө. Харин нөгөө үзүүр түрүүнд үлдэх ёстой Хөвсгөлийн Бээжин нь Цэрэнд дорхноо суйлуулаад ойчсон дог. Цэрэн Даньдгайг давж түрүүлээд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор УЛСЫН АВАРГА цол хүртэв ээ.

С.Т: «Нэг сайн бөх унахад нэлээд бөхийн даваа хөнгөрдөг. 1940 онд Түвдэндорж дор унасан явдал бол Дамчааг үзүүрлэх, намайг түрүүлэх замыг нээж өгсөн юм» гэж Ш. Ванчинхүү арслан ярьж байсан юм гэнэ лээ.

Ж.М: Том цолтой бөх давах нь олонтаа. Бас их том цолтой бөх унахад доод талын бөхчүүдийн даваа хөнгөрдөг тал бий. Тунах байсан сайн бөх тунаанаас мултрах тохиолдол ч гарна. Нэг үгээр хэлбэл бөхчүүдийн ам авалт дээшээ огшиж байна гэсэн үг л дээ.

1962 оны улсын баяраар би түрүүлэх байв. Гэтэл 4-ийн даваанд Өмнөговийн Манлайжавт ойччихдог юм байна. Дөрөвт Ж. Чойжилсүрэн, Д. Жамц, Ч.Адъяа, У. Пүрэв нар үлдсэн юм. Энэ дөрвөөс ганцхан Чойжилсүрэн л улсын арслан цолтой, бусад гурав нь начин цолтой байсан. Энэ бол ховорхон тохиолдол. Гэхдээ Адъяа, Пүрэв хоёр үнэхээр сайн барилдаж, тэр үеийн бараг бүх л аваргуүдыг унагасан л даа. Адъяа гэхэд 5-д Бээжин арсланг, 6-д Дамдин аваргыг, 7-д Эрдэнэ-Очир зааныг, Пүрэв гэхэд 5-д Цэрэн аваргыг, 6-д тэмээ өргөдөг Жамъяндорж арсланг, 7-д Батсуурь аваргыг хаясан. Жамц түрүүлж арслан цол хүртсэн бөгөөд түрүүлэх бөхийн од гэдэг өөр юм л даа.         

  1966 он. 45 жилийн ойн баяраар их бороо орж үер боллоо. Наадам хэд хоног хойшлов. Төв цэнгэлдэхэд барилдахаа болиод «Алдар» нийгэмлэгийн цэнгэлдэхэд үргэлжлүүлэв. Дараа нь Спортын төв ордонд барилдаж дуусгасан юм.

Дөрөвт Дамдин аварга, Баянмөнх, Түвшин (Дорнодын Түвшин тэр үед цэргийн албан хаагч, хорьхон настай, бяр ихтэйн дээр хөлдөө их хурдтай бөх байв. Түүнийг гэнэт ингэж цоорч гарна гэж хэн ч бодоогүй билээ) бид нар үлдлээ. Тэгсэн чинь Дамдин аварга, Бээжин гуай, Ванчин начин гурав над дээр ирээд "Өндөр харыг барах уу?" гэв. Баянмөнхийг хэлж байгаа нь тэр. Тэгэхэд Баянмөнх дэлий нь засаад сойчихсон морь шиг даанч сайхан, бүх юм нь таарсан мундаг байсан даа. Би тэдэнд "За яахав, би нэг гээд хоёр гэхэд л унагана даа" гээд тавьчихлаа. Гэтэл тэд намайг сорьсон юм билээ. Ванчин гуай Дамдин аваргаас "Чамд жижиг цагаан нь дээр үү, өндөр хар нь дээр үү" гэж асуусанд Даньдгай "Жижиг нь ч хэцүү дээ" гэсэн юм гэдэг. Тэдний аль нэг нь миний үгийг Баянмөнхөд хэлсэн болов уу гэж бодогддог. Дамдин аварга Түвшинг авч Баянмөнх бид хоёр туналаа. Бид хоёр өрөөд зогслоо. Баянаа хөдлөхгүй байна. Би зүгээр очоод барьж аваад тонгорсон. Баянаа эсэргүүцэл үзүүлээгүй. Миний үгийг сонсоод шооконд орсон ч юм болов уу, эсхүл... гэсэн юм бодогддог. Үүнийг тааж хэлэхэд бэрх л дээ. Эсхүл Мөнхбат намайг тийм хурдан унагана гэж хэлдэг юу л бол доо хэмээн гайхаад ойчсон байж магадгүй юм. Хожим бодоход Дамдин аварга Баянмөнхөөр намайг унагуулаад өөрөө түүнийг хаячих санаатай байсан байх. Энэ бол бас л оньсого.

Дамдин аварга бид хоёр үзүүр түрүүнд үлдлээ. Аварга миний хоёр гарын шууны дээд талаас ханцуйдаж бариад авчихлаа. Тавьдаггүй шүү. Би муу арга хэрэглэж хивсний зах руу дугтраад үзэгчид рүү орж байж арай чүү юм ханцуйгаа тавиулаад дотогш ортол хоёр гар атгаж болохоо байгаад бадайрчихсан байв. Би үүнийгээ нууж мэдэгдүүлэхгүйн тулд нэлээд удаж байж аваргыг өвдөг шороодууллаа. Хэрвээ гадаа байсан бол ойчоод ажил дуусах байсан. Ямар цэнгэлдэхээс гартал дугтарч зугатах биш.

ТОДРУУЛГА ТАЙЛБАР: Мөөеө аварга нэг удаа энэ наадмын тухай ийн ярьсан юм. Үер болоод наадам хэдэн хоногоор хойшиллоо. Бүр сүүлдээ Спортын төв ордонд барилдах юм боллоо, Бөхчүүд ам аваад хэзээ барилдахыгаа хүлээж байлаа. Би Сүхбаатар аймгийн Бат-Өлзийг амлаж авчихаад дагуулаад хамт яваад байв. Би өөрт нь «чамайг амалсан» гэж хэлээгүй л дээ. Тэгтэл дуудаж байнаа. Бид хоёрыг яваад очтол бөхчүүд амаа аваад дуусчихсан намайг хүлээж байна. Их удсан юм байх. Бөх тэхгүй, дарга цэрэггүй л ууртай байгаа бололтой. Би Бат-Өлзийдөө, «Бөхчүүд бүгд амаа аваад дуусчихжээ. Хоёулаа барилдчих уу» гэвэл «Тэгье» гэж байнаа.

С. Т: -Та нэг л учиртай Бат-Өлзийг дагуулж явж дээ.

Ж. М: Тэгэлгүй яахав. Хэрвээ би ганцаараа хоцорчихвол нөгөө бөхийг давуулж орхино шүү дээ. Тийм учраас хоёр бөх алга байхад арай ч үгүй байх гэж бодсон нь л тэр л дээ.

С. Т: Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм гэж Та хэнд хэзээ хэлсэн юм бэ? гэсэнд, тэрбээр инээж толгойгоо илснээ, Яг энд л дээ. Намайг хоцроод ирэхэд Даньдгай их уурласан юм. Би арай ч ийм үг хэлээгүй байх. Гэхдээ л шазруун үг хэлсэн л дээ. Хожим нь чиний асуусан үг дэлгэрчихсэн байна лээ. Шагж арслан Даньдгайтай их төстэй барилддаг байсан юм гэнэ лээ. Гараад л дайрчихдаг. Хэн ч тогтоодоггүй байж. Даньдгай ч хоёр шуундаа мөн ч лувгар даа. Би Даньдгайг унагаах аргыг нэг мэдсэн юм.

С. Т: -Яаж?

Ж.М: -Тангад багш хэллээ. Дамдин өрөнгүүт шууд дайрна. Дайруулбал тогтохгүй ээ. Тиймээс дайрахдаа зэрэг нь засуулынхаа ард орчих. Тэгэхээр буцна. Элэг бүстээд ав гэлээ. Энэ ч үнэн юм билээ.

ТОДРУУЛГА: Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын заан аранзал хэмээх Ц.Гомбодорж Дамдин аваргын тухай өгүүлсэн нь: Би 1959 оны зун улсын баяр наадамд анх удаа ирж барилдав. 1, 2, 3-ын даваануудад учраа бөхчүүдээ давчихлаа. Ямар одоогийнх шиг барилдах бөхчүүдийнхээ зүс царай, нэр усыг мэдэх биш. Түүнтэй оноолт таарч гэхэд л барилдахаар гардаг байсан. Дөрвийн даваанд «Хоршоолол» нийгэмлэгийн Чойжилсүрэнг, тавын даваанд «тэмээ өргөдөг» гэж алдаршсан Булган аймгийн Жамъяндоржийг унагаад зургаагийн даваанд барилдах гэж байтал Бээжин, «хулгар» хэмээх Дамдиндорж хоёр ирээд, «Чамайг циркийн Дамдин амлаж авлаа, тун хэцүү шүү. Өрсөж л барьж авах хэрэгтэй. Ингэхгүй бол Дамдин барьц өгнө гэж байхгүй» гэж хэллээ. Дамдинтай барилдахаар гарлаа. Өрлөө. Нэг л мэдэхэд уначихсан байв,

   Хойтон жил нь би дахин ирж улсын наадамд барилдлаа. Ер нь овоо барилдсан юм болов уу даа, Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг л болсон, нэг мэдэхэд газарт хэвтэж байсан. Дамдин бусад бөхчүүдээс хол тасархай байв. Өрөнгүүт дайраад явчихна. Бөхчүүд түүний энэ мэхэнд барагтай л бол тогтохгүй шүү дээ. Тэр үед Архангайгаас нэлээд хэдэн бөх улсад барилддаг байсан. Ганцхан Адъяа л нэг удаа Дамдинг наадамд унагасан даа. Дамдингийн нэг онцлог бол «гарлаа, өрлөө, давлаа» гэдэгт л байгаа юм. Бид чинь хэрэндээ мэхтэй бол мэхтэй, хүчтэй бол хүчтэй бөхчүүд шүү дээ. Ямар нүдийг нь боогоод хөлийг нь тушчихсан амьтад биш. Гэтэл ганц дайрахад нь тогтоно гэж байхгүй. Манай Мижиддорж түүнийг унагана л гээд шүд зуугаад байдаг сан. Даанч чадаагүй дээ.

Үргэлжлэл: "Моломжамц дарга яагаад таныг үнсдэг билээ..."

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]