Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Дамдин аварга: "Одоо сайн хүнээр начин болж чадвал зүгээрсэн дээ"Уншсан82,757

Түүний гайхамшигтай хурц дайчин олон сайхан барилдаанууд монгол бөхийн түүхнээ мөнхрөн үлдсэнийг дурдахад таатай санагддаг.

 
"Баяраар ирээд, буцсан Баяраа гарьд"

 

Хөвсгөлийн ард түмэн монгол бөхийн түүхэнд нэг сумын нэг голоос гурван аварга, арслан, гарьд, заан, начинг төрүүлсэн гавьяатай.

Тэдний нэг бол улсын гарьд Д.Баяраа агсан юм. Гарлаа, давлаа гэдэг үг Д.Дамдин аваргад хамаатай байсангүй, түүний удмыг дагаж бөх болж төрсөн Д.Баяраад ч бас хамааралтай байлаа. Эрэмгий, дайчин барилдаантай хүчит гарьд Д.Баярааг "Миний Хөвсгөл" эргэн дурслаа.

Уул, уc гурван юманд баярладаг гэдэг. Их яруу найрагч төрөхөөр нэг, энгүй хүчит бөх төрөхөөр хоёр, эрэмгий хурдан хүлэг төрөхөөр гурав баярладаг аж. Үзэсгэлэнгийн бүрдэл болсон Хөвсгөл нутаг эртнээс хүчит бөхөөрөө алдартай. Тэр дундаа Цагаан-Үүр сумын нутаг Уйлган голоос алдарт Улсын хурц арслан Бадамсэрээжид, улсын начин Бат-Эрдэнэ, Ванчинхорлоо зэрэг улс аймаг, цэргийн цолтой олон арван хүчтэнүүд төрөн гарчээ.

Дээрх хүчтэнүүдийн тоонд зүй ёсоор багтах нэгэн бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Дарийн Дамдины хүү Баяраа гарьд юм. 1957 оны долдугаар сарын 12-нд Дамдин аварга улсынхаа их баяр наадмаар хоёр дахь удаагаа түрүүлэн төрийн далбаагаа тойрч явах тэр үед хожмын олон хүчтэнүүдийг нураасан сайн бөх болох Баяраа хүү нь хорвоод мэндэлжээ.

Жаргалтай залуу хосуудад давхар баяр болж ирсэн хүүдээ их аварга уг нь Баярмэнд гэж нэр хайрласан боловч хожим нь Баяраа гэдгээрээ монгол бөхийн түүхэнд мөнхөрчээ. Баярааг ой хүрэх үгүйтэй байхад нь аав, ээж хоёр нь шарын болон бөөгийн шашны их тахилгат Даян дээрх, олон хүчтэнийг төрөн гаргасан уул, ус, ургамал ногоо нь жигдэрсэн үзэсгэлэнт сайхан Уйлган голд амьдарч байсан ээж Дарьдаа хүргэж өгчээ.

Энэ тухай Баяраа агсан: Эмээ маань амьдралын хүнд хэцүүд нухлагдаж өндийсөн болохоор аавыг морин дээр дүүрч гадна гарч эр, гэрт орж эм болж өсгөсөн гэдэг. Тэгээд аав маань ах бид хоёрыг эмээд хань болгосон хэрэг. Ах бид хоёр нялх болохиороо тус болно гэхээсээ дараа болох нь олонтаа.

Хадлан, мод түлээгээ эмээ ганцаараа бэлдэнэ. Одоо бодож байхад дор нь яаж дарагдчихаагүй юм бол гэмээр нэг их түлээ үүрээд л уулнаас бууж ирдэгсэн. Намайг хайрлахдаа хайрладаг ч ер нь л хатуу гараар хүмүүжүүлсэн. Жаахан буруу хэрэг л хийх юм бол түлээний модтой л уулзна шүү дээ.

Би чинь аав ээжийнхээ өвөр дээр дэгж дэрвэж үзэлгүй өссөн хүн хэмээн дурссан удаатай. Ийм болохоор тэр эмээгийн хайртай хүү байх нь аргагүй юм. Баярааг сургуульд ороогүй байхад Дарь эмээ нь өвөл нь хот орж өвөлжөөд, хавар нь ач хүүгээ дагуулаад Уйлганаа зорьдог байж. Эмээ, ач хоёр ийм л нэг тавилангаар учирсан хоёр байсан аж.

Баяраа заан "Алдар"-т байхдаа чөлөөт бөхөөр дагнан хичээллэж олон жилийн турш жингээ хасч байсан нь чөлөөт бөхөд амжилт гаргахад нь сайнаар нөлөөлж байсан хэдий ч үндэсний бөхөд илүү өндөр амжилт үзүүлэх боломжийг нь алдагдуулсан юм. Тэр чөлөөт бөхөөр 1981, 1982, 1983 оны улсын аварга, 1979 оны гуравдугаар байрын шагналт, 1983 оны дэлхийн аваргын шагналт зургадугаар байрыг эзэлж байснаас гадна Олон улсын тэмцээнээс хэд хэдэн алт, олон тооны мөнгө, хүрэл медаль хүртэж Олон улсын хэмжээний мастер болсон сайн тамирчин хүн байлаа.

Баяраа 1986-1991 оны хооронд хэнийг ч өвдөглүүлчихдэг хатуу боорцог болж хувирсан юм. Энэ нь түүний жингээ нэмсэнтэй холбоотой байсан байх. Тэр үед одоогийн их аварга Б.Бат-Эрдэнийн зүрхэнд шар ус хуруулдаг ганц бөх байсан гэхэд нэг их буруудахгүй санагдана. Б.Бат-Эрдэнэ аварга ид өсч гарч ирж байсан болохоор дайчин шуурхай, дайрч барилддаг Баярааг их л хичээж байж хаядаг байсан, заримдаа унадаг байв.

1988 онд Баяраа 2-3 жил зүтгэсэн заан цолондоо гуйж биш гуядаж хүрсэн. Тэрээр энэ наадмын гуравт аймгийн арслан "дэгээ" хэмээх Л.Баярааг, дөрөвт арал бяр гаргууд сайн Б.Жавхлантөгс начинг, тавд өөрийн эцэг Дамдин аваргыг, зургаад улсын аварга О.Балжимнямтай тунаж долоод улсын арслан М.Мөнгөнд амлагдан барилдаж тус тус давж улсын заан цол хүртсэн юм. Энэ нь Дамдин аваргын алгассан ганц цол байсан юм. Энэ мэтчилэн гарьд Баяраагийн олон сайхан уран барилдааныг дурсаж болох авч тэр бүхнийг тоочих цаг хугацаа хомс учир гарьдын одтой нэгэн барилдааныг өгүүлсү.

1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон "Монголын Нууц Товчоо"-ны 750 жилийн ойн даншиг наадамд маш амжилттай барилдаж газар газраас цугларсан 768 хүчтэнээс найм давж, шөвгийн гурван бөхөд шалгаран үлдсэн нь үнэн чанартаа улсын арслан цолны болзол хангасан мэт амжилт байсан ч харамсалтай нь энэ эрэмгий бөхөд тэр цолыг нь өгөөгүй юм.

 Тэр наадмын гуравт "Хөдөлмөр" нийгэмлэгийн Бэгзжавыг, дөрөвт улсын начин Ц.Энхжаргалыг, тавд улсын начин Р.Цоггэрэлийг, зургаад улсын начин Н.Мөнхжаргалыг долоод дархан аварга Д.Цэрэнтогтохыг, наймд улсын арслан М.Мөнгөнийг давж байсан үнэнхүү бахдам сайхан барилдаан нь одоо ч нүднээ харагдах мэт.

 Миний нутгийн ийм л нэг эгэлгүй хүчтэн монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж явсан билээ. Баяраа гарьд нэг хэсэг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан. Нэртэй бөхөөрөө даргаа болгосон Цагааннуурчуудын сэтгэл өндөр байсан гэдэг. Бөх хүний гүндүүгүй хээгүй зангаар бэлтгэлийн хувцас, табчиктайгаа онгоцоор нисээд хотод барилдаанд оролцчихоод буцдаг байсан гэж нутгийн хүмүүс хуучилдагсан.

 Монгол улсын алдарт уяач Д.Хишигбатын алдарт хонгор морь улсад түрүүлэхэд Баяраа их үүрэг гүйцэтгэсэн гэж Цэцэрлэг сумынхан өнөө болтол дурсдаг. Ер нь тэр Хөвсгөлдөө их элэг сэтгэлтэй байв. Арга ч үгүй биз. Алдарт Даян дээрх, хатан Уйлган голоо магтахгүй юм бол бөх Нийслэлийн 33-р дунд сургуулийн долдугаар ангийг төгссөн Баяраа хүү Цагаан-Үүр сумандаа модны үйлдвэрт ачигчийн ажил хийхээр хөдөөдөө бүрмөсөн очжээ.

 Энэ нь түүний бие бялдрын хөгжилд нөлөөлсөн байж таарна. Мэдээж юм ачна гэдэг гарын бяд суухаас гадна ууц нуруунд хүч оруулж, хөлийн тэнцвэрийг сайжруулдаг билээ. Тэгээд ч тэр багадаа аавынхаа өсөж хүмүүжсэн гэрт хоол ундыг нь идэж, ажлыг нь хийж, Уйлганд шумбаж, уул хаданд мацаж, уралдаж, барилдаж, адуу малтай ноцолдож өссөн болохоор алив хар ажилд торохгүй байсан байж таарна.

 Баяраа ер нь багын хэрсүү, иртэй шөрмөстэй ёстой л эцгийн шийрийг хатаах хүүхэд болон өссөн гэж Уйлганыхан хуучилж байсныг сэтгүүлч миний бие сонсож байсан удаатай. Ачигч Баяраа 19 настайдаа 1976 онд эр цэргийн албаа хаасан боловч "Алдар" нийгэмлэгт тамирчнаар улиран цэргийн албан хаагч болсон байна.

 Тэрбээр цэргийн гурван жилд цэргийн начин, заан арслан цолтонгуудыг жил дараалан хүртэж өдөр хоног өнгөрөх бүр бяр хүч нь ихэсч 1979 онд халагдах жилээ түрүүлж цэргийн арслан болсноор барахгүй улсынхаа их баяр наадмаар тав давж улсын начин болсон юм. Ер нь Баяраа 20 настайдаа улсынхаа их баяр наадамд зодоглож эхэлсэн түүхтэй.

 Түүний гайхамшигтай хурц дайчин олон сайхан барилдаанууд монгол бөхийн түүхнээ мөнхрөн үлдсэнийг дурдахад таатай санагддаг. Нэг хэсэг заан Баяраагүй барилдаан уйтгартай санагдаж байсныг би мэдэх юм байна. Их аваргын хүүтэй олон арван хүчтэнүүд гар зөрүүлж байсны нэг нь Бээжин аваргатай хийсэн барилдаан болов уу гэж би боддог юм.

 Бөхийн дэвжээний захын зүлгэн дээр Д.Дамдин аваргатай зэрэгцээд сууж байсан Ч.Бээжин аварга түүнд "Хүү чинь дөрөв давчихлаа. Сайн хүнийг хаялаа даа" гэхэд нь Дамдин аварга "Одоо сайн хүнээр начин болж чадвал зүгээрсэн дээ" гэснээс өөр зүйл хэлээгүй гэдэг. Тэгэхэд Ч.Бээжин аварга цаанаа сууж байсан Ш.Батсуурь аваргад хандан "Аваргын хүү өнгөлөг харагдана, үзээд алдвал барахгүй байгаа даа. Та юу гэж бодож байна" гэхэд хашир аварга "Бууж л өгч болохгүй шүү" гэжээ.

 

Ингээд тавын даваанд гурав дээр босч ам авсан Ч.Бээжин аварга өөрийн бодол өөртөө зөв гэгчээр өнгөлөг харагдаад байсан Д.Баярааг амлажээ. Барилдахаар гарахад нь Дамдин аварга хүүдээ "Яарч болохгүй, гүйж орвол даруулна. Тогтоож, ид ирийг нь дараад өрсөж мэх хийгээрэй" гэж захьжээ. Ингээд хоёр бөх нэлээн удаан ноцолдоход Ч.Бээжин аварга нэлээн ядарч байгаа бололтой харагджээ. Яг тэрхэн үед барьц түр тавилцахад Дамдин аварга хүүгээсээ "Миний хүү ядарч байна уу?" гэж асуухад "Гайгүй ээ. Харин аваргын хөл гуйваад эцэх янзтай. Одоо л дайраад орчихвол дийлмээр санагдана" гэж эцэгтээ хэлжээ. Тэгэхэд аав нь "За тэгвэл элэг бүсээр нь дамжин орохыг бод, тонгорвол ард нь үлдээрэй" гэж захижээ.

 Ингээд Баяраа ч аавынхаа зөвлөсөн, өөрийнхөө бодсоноор дайраад Бээжин аваргын баруун хөлд нь ороод түрэхэд нэлээд ядарсан аварга яггүй сандарч, сандарснаасаа болоод ганц гишгэгдэл алдан хожуу тонгороод ойчсон аж. Ийнхүү их аварга хурдтай залуу хүүд тахимаа өгчихөөд амарч суухдаа "Баярааг харахад туранхай хирнээ гартаа чамаас илүү бяртай юм гээч. Хоёр гарыг нь нугалж дийлэхгүй байсаар бүр эцэж орхилоо. Ядраагүй үед ордогоороо орвол дагуулж тонгорч болохгүй, хавирч цохьё гэж төлөвлөөд хүлээсэн, тун тэвчээртэй юм гээч. Та ч миний мэхийг гээлгүй судалсан шигээ хүүдээ мөн л гээлгүй хэлж өгч дээ" гэж Дамдин аваргад ярьж суусан гэдэг. Аралтай, бяртай аавынхаа нутгийн аваргыг хаяж начин болсон Баярааг дараа дараагийн мөн ч олон барилдаан хүлээж байсан байж таарна.

Баяраа заан бол жигдхэн сайхан эр хар махтай, бие булчингийн хөгжил сайтай дунд зэргийн нуруутай, хонгодож дайрах үндсэн гол мэхтэй, ямар ч хүнд бярдуулдаггүй, мэхэнд их үлдэцтэй, маш дайчин, чин сэтгэлээсээ хүч, мэх гаргаж сайхан барилддаг чадварлаг бөх юм. Нэг ёсондоо маш барилдаанч бөх билээ. Баяраа заан бөх болсон тухайгаа "Цагаан-Үүр суманд өссөн маань л бөх болоход нөлөөлсөн дөө.

Намайг бага байхад манай нутгийнхан Монхоодой гэдэг байлаа. Энэ хүү ч бөх болно доо гэдэг байж билээ. Ер нь бөх олонтой нутгийн, бөхөд дуртай хөгшчүүл л намайг дэмжиж бөх болгосон доо" гэж дурссан байдаг.

Харамсалтай нь энэ хүчит гарьд аавынхаа хөшөөны шав тавих ёслолд оролцож ч чадалгүй, Хөвсгөл аймгийнхаа бөхийн ордонд шавь бэлтгэнэ гэсэн хүсэл нь биелсэнгүй, намар болох хөдөлмөрийн алдраа тэмдэглүүлж ч амжилгүй баяраар ирээд баяраар буцсан даа.

Ум суваадий шиддаам!

Д.Хулганаа

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 9. 22:50
Зочин

bayar

2020, 3 сар 9. 22:50
Зочин

ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]