Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүчит заан Р.Давааням буюу “Хүүе, Амагийн аав байна шүү дээ”Уншсан22,243

1986 оны наадамд Р.Давааням мөн л тавын даваанд гарч барилдан ямархуу чансаатай начин гэдгээ харуулсан төдийгүй начны давааны тунаанд шинэхэн начин Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй тунаж барилдаад өвдөг шороодож байв.

Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням 1956 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төржээ. Тэрээр бага залуугаасаа үндэсний бөхөөр тууштай хичээллэж, өндөр амжилт гаргасан юм. Уран, дайчин барилдаантай, шүлэг, найраглал бичдэг авьяаслаг заанаа монголчууд одоо ч дурсан, хайрласаар явна.

Р.Давааням 1973, 1975 оны өсвөр үеийнхний үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд (17, 19 настайдаа) ирээдүйд Монгол бөхийн дэвжээг эзэгнэх учиртай нэгэн үеийн бөхчүүдтэйгээ барилдан түрүүлж байв. Тоолбол нас, төөлбөл нуруу чацуу залуусын барилдаанаас 26 давсан амжилтаараа Говь-Алтайн Р.Давааням түрүүлж, аваргын алтан медалиар мялаалган БНМАУ-ын “Тулгат” цолтон болсон түүхтэй.

1980 онд Р.Давааням наадамчин олноо уран хурц, шаламгай барилдаанаараа баясгаж улсын начин цолны болзол хангасан юм. 1980 онд Ардын хувьсгалын 59 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд манай аварга, арслан, заан тэргүүтэй хүчит бөхчүүд хэрхэн уран мэхийг уралдуулан барилдсаныг та бүхэндээ сонирхуулвал.

Тавын даваанд зүүн, баруун жигүүрийг дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар манлайлан дэвж, тэр үед улсын аварга цолтой байсан дархан аварга Д.Цэрэнтогтох, мөн улсын арслан Ж.Чойжилсүрэн, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир нарын аварга, арслангууд цол, чимгээ дуудуулан барилджээ. Энэ даваанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат улсын начин Дүгэрийн Цэрэндаш аймгийн арслан Р.Даваанямыг амлаж барилдаад өвдөг шороодсон байна. Дархан аварга Ж.Мөнхбат 39 настай дөч шүргэсэн, 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхиж түрүүлснээс хойш таван жил түрүүлээгүй ч энэ хугацаанд хоёр удаа үзүүрлэж, хоёр удаа шөвгийн дөрөвт үлдэж тогтмол дээгүүр барилдаж, амжилтаа хадгалсан хэвээр, ер нь ч сүүлд түрүүлэхдээ долоон жилийн завсарлагатайгаар түрүүлсэн тул Мөөеө аваргыг дэмжигчдийн найдвар буураагүй байсан цаг.  

Харин дархан аварга Х.Баянмөнх 36 настай (яг л өнөө жилийн Ч.Санжаадамба аварга шиг), өнгөрсөн жилийнх нь наадамд (1979 оны) улсын арслан Д.Хадбаатарыг орхиж долоо дахь удаагаа түрүүлчихсэн, энэ жил ч түрүүлэх нь гарцаагүй хэмээн наадамчин олон үзэж байхад улсын аварга (дархан аварга) Д.Цэрэнтогтох ид залуу 29 настай, сүүлийн жилүүдэд хүч түрэн гарч ирж байсан, 1977 оны наадамд долоо давж заан, 1978 оны наадамд ес даван түрүүлж улсын арслан, 1979 оны Монголын Бүх Ард Түмний VI спартакиадад түрүүлж улсын аварга цол авч, харин тэр жилийнхээ улсын наадамд долоо давж, шөвгийн дөрөвт Х.Баянмөнх дархан аваргад өвдөг шороодсон, ер нь л сүүлийн хэдэн жил тасралтгүй өндөр амжилт үзүүлж наадамчин олны хайр хүндэтгэлийг хүлээж эхэлсэн ба энэ жил ч баараагүй түрүүлж даян аварга цол авна хэмээн бөхөд хайртай түмэн олон нь дотроо найдан хүлээж байв.

Ийм л өрсөлдөөнтэй, сайхан наадмын начны даваанд найман бөх улсын начин цол хүртсэний дотор ирээдүйн улсын арслан Б.Ганбаатар цэргийн арслан цолтой, мөн ирээдүйн улсын заан Ө.Тулгаа, Р.Давааням нар аймгийн арслан цолтой багтаж байв. Дашрамд дурдахад тавын даваанд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат цэргийн арслан (ирээдүйн улсын заан) Ж.Ганболд, Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн арслан Ө.Тулгаа нарыг хэн ч амлалгүй тунаж байлаа.

Зургаагийн даваанд дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, улсын аварга (дархан аварга) Д.Цэрэнтогтох, улсын заан (улсын арслан) М.Мөнгөн, улсын заан Д.Долгорсүрэн, улсын заан Д.Мягмар нар ам авахад хэн ч амлалгүй тунаж үлдсэн дөрвөн бөхчүүдээс улсын начин Ё.Ишгэн шинэхэн начны болзол хангасан Р.Даваанямыг, Хөвсгөлийн Цагаан-үүр сумын харьяат улсын начин Д.Лхагва-Очир мөн л улсын начны болзол хангаад байсан (ирээдүйн улсын заан) аймгийн арслан Ө.Тулгааг амлан барилдацгаажээ.

Тунасан начин, аймгийн арслангуудын үзэгч олныг өндөлзүүлсэн барилдаанаас аймгийн арслан Р.Давааням, аймгийн арслан Ө.Тулгаа нар учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан төрийнхөө наадамд анх удаагаа зургаа давцгаасан байна.

Долоогийн даваанд шинэ заан төрсөнгүй, дархан аварга Ж.Мөнхбат улсын заан Д.Мягмараар, дархан аварга Х.Баянмөнх аймгийн арслан Р.Даваанямаар, улсын аварга (дархан аварга) Д.Цэрэнтогтох улсын заан Д.Долгорсүрэнгээр тус тус долоо давж, улсын заан (улсын арслан) М.Мөнгөн аймгийн арслан Ө.Тулгаа нар тунаж барилдан наадамчин олноо шуугиулан барилдсаар ид үедээ явсан улсын заан шинэхэн начныг өвдөг шороодуулан шөвгийн дөрөвт үлдсэн байна.

Ингээд наймын даваанд дархан аварга Ж.Мөнхбат заан М.Мөнгөнийг амлаж барилдан өвдөг шороодуулсан бол дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга (дархан аварга) Д.Цэрэнтогтохд өвдөг шороодож, үзүүр түрүүний барилдаанд  булаалдан, аварга (дархан аварга) Д.Цэрэнтогтох давснаар улсын даян аварга цолтон болсон юм.

Улсын начин Р.Давааням 1983 оны наадамд начин цолоо бататган тав давав. Давахдаа бүр хэнд ч амлуулсангүй, нэг онд начин болсон Б.Ганбаатартай тунаж барилдаад давжээ. Зургаагийн даваанд З.Дүвчин начинд (улсын заан) өвдөг шороодож байв.

1984 онд тавын даваанд З.Дэлгэрдалайг, зургаагийн даваанд улсын начин О.Бахытаар тус тус даваа авч долоогийн даваанд дархан аварга Д.Цэрэнтогтохт амлуулан унаж байжээ.

Аварга Д.Хадбаатар, арслан Б.Ганбаатар нар

1985 оны наадамд тавын даваанд мөнөөх л нэг оны начин (ирээдүйн улсын арслан) Б.Ганбаатартай хүчийг үзэн барилдаж өвдөг шороодож байв. Аварга, арслангууд ч янзтай, хүч түрж гарсан заан, начингуудын өрсөлдөөн ч гэж ид гайхалтай, дороос нь гарч ирж байгаа улсын начин, аймгийн арслангуудын шинэ үе ч бүр ярилтгүй байв. Зөвхөн нэг жишээ дурдахад л 1985 оны наадмын начны даваанд хэн ч амлалгүй тунасан дөрвөн бөхийн хоёр нь дээр дурдсан улсын начин Р.Давааням, улсын начин Б.Ганбаатар нар байсан бол нөгөө хоёр бөх нь улсын начин Одвоогийн Балжинням, цэргийн арслан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар байв. Начны давааны тунаанд ирээдүйн аварга, арслан, заанууд хүч шавхан барилдаж байсан хэрэг. Энэ дөрвөн залуу бөхөөс давсан хоёр нь болох улсын начин Б.Ганбаатар, цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ нарыг зургаагийн даваанд дахин хэн ч амлаж зүрхэлсэнгүй, тунаж барилдаад Б.Ганбаатар нь давж байлаа. Энэ он жилүүд бол Р.Давааням начны төрийн наадамдаа алгасалгүй шөвгөрч, начин цолоо батлан нэгэн цаг үеийн хүчтэнүүдтэйгээ хүчийг үзэн өрсөлдөж заан цолны төлөө зүтгэж явсан үе аж.

1986 оны наадамд Р.Давааням мөн л тавын даваанд гарч барилдан ямархуу чансаатай начин гэдгээ харуулсан төдийгүй начны давааны тунаанд шинэхэн начин Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй тунаж барилдаад өвдөг шороодож байв. Р.Давааням, Б.Бат-Эрдэнэ хоёр үй зайгүй найзууд, Хүч нийгэмлэгийн бөхчүүд байлаа.

1987 онд Монголын бүх ард түмний VIII спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд 33 хүчтэн ухаан, бяраа уралдуулан сориход Р.Давааням 30 давсан амжилтаар улсын заан цолтон болсон юм. Улсын наадамд долоо даваад заан болчихдог бол бүх ард түмний спартакиадын шигшээ барилдаанд гуч давж заан болсон нь содон амжилт байв. Олон жил тасралтгүй начин цолоо бататгаж төрийн наадамдаа шөвгөрсөөр, нэг биш дөрвөн зааны дайтай амжилтаар Монгол Улсын заан цолтны эгнээнд ийнхүү багтжээ.

Монголын бүх ард түмний VIII спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд эхний гурван байр эзэлсэн бөхчүүд. Нэгдүгээр байрт Б.Ганбаатар, хоёрдугаар байрт Р.Давааням, гуравт Д.Цэрэнтогтох нар

Ингээд улсын заан Р.Давааням 1987, 1988 онд тус бүр тав давж шөвгөрөөд, 1989 оны наадамд долоогийн даваанд үлдэж барилдаж байв. Тэрбээр тавын даваанд залуу бөх (улсын заан) Р.Гансүх, зургаагийн даваанд цэргийн арслан (улсын заан) Ч.Бямбадорж нарыг өвдөг шороодуулан зааны даваанд дархан аварга Д.Цэрэнтогтохт өвдөг шорооджээ.  

Р.Давааням агсан найз нөхөддөө “Бэлтгэл дасгалаас өөр юм хийхгүй, цалинтай хоёр жил боллоо. Харин юм бодох завтай байлаа. Улсын аварга болоод алтан медаль зүүчихлээ. Спортын мастер цолтны эгнээнд багтаад авав. Олон улсын тэмцээнд бас хэд барилдаад үзлээ. Ингээд шигшээ багийн тамирчны нэрээр бэлэн хоол, зохих цалинтайгаар бэлтгэл дасгал таслахгүй хэдэн жил аж төрөх хувилбар байж л байлаа. Бодоод байхад дэлхийд зартай бөх болох минь хол бололтой. Ер нь улсдаа хөдөлмөрлөе. Хөдөлмөрөөрөө гэдсээ, гэр бүлээ тэжээе гэж шийдлээ” хэмээгээд цагдаагийн байгууллагад алба хааж, дэслэгчээс хурандаа цолд хүртлээ хөдөлмөрлөсөн юм.

Р.Давааням биеийн тамиртайгаасаа дутахгүй оюуны бядтай бөх явсныг АУДуС-ийг 1976 онд, МУИС-ийг 1982 онд, Цагдаагийн академийг 1996 онд, ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академийг 2004 онд төгссөн зэргээс нь харагдана. Төрмөл, таримал олон авьяасных нь нэг нь шүлэг бичих. Тэрбээр улсын даян аварга С.Цэрэн, аварга Д.Хадбаатар, улсын заан Ё.Ишгэн нарын гэгээн дурсгалд зориулан шүлэг бичиж олны хүртээл болгож байв.

Мөн Монгол Улсад Үндэсний бөхийн холбоо үүсгэх санааг хамгийн анх сэдэж явсан ба түүний энэ санаачилгыг ажил хэрэг болгосон хүн нь МҮБХ-ны тэргүүн төрсөн ах Р.Нямдорж.

Р.Давааням заан уран хурц барилдаантайгаас гадна хий багатай хашир барилдаан үзүүлдэг байсныг дархан аварга Ж.Мөнхбатын хэлж байсан үгнээс мэдэгдэх. Дархан аварга “Бөх хүн аатай зоримог байх нь дээр. Хэт хаширлах сайнгүй. Р.Давааням заан ухаантай нь дэндээд хэт хаширлаад байгалаас заяасан боломжиндоо хүрээгүй. Ийм бяртай, чацтай бөх зоримогхон золгоод татаж авчраад мэхээ гүйцээвэл хэнийг ч залж орхино. Сайхан бөхдөө” хэмээн хуучилсан удаа бий.

Р.Давааням зааны тухай бичихэд түүний гурван хүү болон авга дүүгийнх нь тухай өгүүлэхгүй байхын аргагүй. Р.Давааням заан гурван хүүгээ бөх болгоно гээд сууцныхаа нэг өрөөнд эсгий дэвсчихээд тэднийгээ ноцолдуулж, эрхлүүлж явсан нь талаар болсонгүй хэмээн найз нөхөд нь дурсамждаа бичсэн байдаг. Ууган хүү нь аймгийн цолтон, дунд хүү нь улсын начин цолтон болсон бол отгон хүү Д.Бямбадорж нь Ама буюу Харумафүжи нэрээр арлын Японд алдар нэрээ дуурсган, монгол түмний бахархал болж сүмо бөхийн Ёкозүна цолтой бөх болсон юм.

Р.Давааням зааны гэргий Ц.Мягмарсүрэн нэгэн дурсамжийг хэвлэлд хуучилжээ. “Өвгөн минь нэг өдөр бөөн баяр болсоор гэртээ ирсэн нь санаанаас ер гардаггүй юм. Юу болсныг лавласан чинь, өнөө өглөө явж байтал нэг согтуу хүн машины араас холддоггүй ээ. Аминаасаа уйдсан нөхөр вэ гээд очтол намайг гайхаад хараад байна шүү. Би ч дотроо, намайг таньж гэсэн шүү юм бодож байтал “Хүүе, Амагийн аав байна шүү дээ” гэдэг юм даа. Өмнө нь Давааням зааны хүү гэдгээр нь илүү мэддэг байсан бол одоо Бямбаа минь олны хайртай тамирчин, бидний бахархал болжээ гээд инээмсэглэсэн” гэжээ.

Харин авга дүү Р.Нямдоржийн Н.Ганбаатар нь төрийн наадамд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цолтны эгнээнд багтсан бөх гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ.

Р.Давааням заан 2006 оны 12 дугаар сард авто ослоор өөд болж, бөхөд хайртай монголчуудынхаа өрийг өвтгөж байв. 2007 оны нэгдүгээр сарын хацү башёгийн эхний өдөр Харумафүжи учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн харууслын нулимс байсан биз ээ.

Гэргий Ц.Мягмарсүрэн “Одоо ч энэ талаар ярихад хүнд байдаг. Яагаад ч юм бэ, амьд сэрүүн, бидэн дээр хүрээд ирэх юм шиг санагддаг юм. Аавынхаа нэрийг сэвтээлгүй, үргэлжлэл нь болж яваа хүүхдүүдээ харахаар сэтгэл тэнийдэг. Үнэнийг хэлэхэд тухайн үед сэтгэлээр их унаж, шоконд орсноос болоод зарим зүйлийг мартчихсан. Санахыг хэчнээн хичээсэн ч тусыг эс олдог. Одоо хүртэл ханийнхаа тухай, үндэсний бөхийн тухай ярихаар надад хэцүү байдаг юм. Манай гэр бүлд хамгийн их түшиг, тулгуур болдог хүн бол Дагваа (Асашёорюү Д.Дагвадорж). Жаргал, зовлонтой бүхий л үед хамт байдаг, хамгийн түрүүнд тусладаг дүүдээ баярлаж явдаг. Цэнгэлдэх рүү дөхөхөөр л өвгөний минь барилдаж явсан үе бодогдоод, сэтгэл тавгүйрхдэг юм. Хань минь улсын наадамд Д.Лхагвадорж, Р.Ганбаатар гарьдтай хамт зодоглож байсан. Өвгөнөө, хүүтэйгээ хамт төрийн наадамд хүч сорихыг харснаас илүү жаргал гэж юу байх вэ” хэмээн хэвлэлд дурсан өгүүлж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]