Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Ромын эзэнт гүрний түүхчид Хүн нарын тухайУншсан31,177

Аммианус Марселинусын бичсэн “Зүүн Ромын эзэнт гүрэн” түүхийн судрын Хүннүгийн тухай хэсгийг англиас нь ишлэн орчуулж уншигч танаа толилуулж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар


 

Европт хүрч очсон Хүн нарын тухай европын түүхчдийн бичсэн тэмдэглэл хэд хэд бий. Тэдгээрийн дотор түүхийн эцэг хэмээгддэг алдарт Геродот, түүний араас Аммианус Марселинус, Прискус, Олимпиодорус, Иорданиус нарын тэмдэглэл, бичлэг Хүн нарын тухай маш үнэ цэнэтэй мэдээллийг өнөөгийн бидэнд хүргэж ирсэн юм. Энэ удаа би их түүхч Аммианус Марселинусын бичсэн Хүн нарын тухай тэмдэглэлийг уншигч танаа хүргэж байна. Аммианус Марселинус бол Ромын сүүлчийн их түүхч байсан юм. Тэрбээр нийтийн тооллын 330 онд буюу Константин хааны засаглалын сүүлч үед тухайн цагтаа Ромын эзэнт гүрний дөрвөн их хотын нэг байсан “Дорнын эрдэнэ” гэгдсэн Сирийн нийслэл Антиох хотод мэндэлжээ. Цэргийн албан хаагч байсан тэрбээр нас өндөр болж чөлөөнд гарсан хойноо түүх туурвих болж, үндсэндээ Тацитусын түүхийг нийтийн тооллын 96 оноос хойш үргэлжлүүлэн өөрийн цаг үеийг хүртэл туурвин бичжээ. Харамсалтай нь түүний туурвисан гучин нэгэн дэвтэр том бүтээлийн эхний арван гурван дэвтэр нь үрэгдэж, үлдсэн хэсэг нь нт 354-378 оны хоорондох Ромын эзэнт гүрний хаан Константин, Жулиан, Жовиан, Валентиниан ба Валенс нарын хаанчлал засаглалын хорин таван жилийн түүхэн үйл явдлыг уламжлан хүргэж ирсэн байна.

Энэ үе бол Ромын эзэнт гүрний сүүлч үе, бас Хүн нар Европод цөмрөн орж очсон эхний цаг үе юм. Тийм учраас Марселинус зөвхөн Ромын эзэнт гүрнийг төдийгүй бүхий л Европыг донсолгож эхэлсэн догшин Хүн нарын тухай анхны мэдээллүүд, европчуудын ойлголт сэтгэгдлийг энэ номдоо цомхон боловч нэлээд тодорхой бичиглэн оруулсан байдаг. Энд Аммианус Марселинусын бичсэн “Зүүн Ромын эзэнт гүрэн” түүхийн судрын Хүннүгийн тухай хэсгийг англиас нь ишлэн орчуулж уншигч танаа толилуулж байна.

 

Аммианус Марселинус “Хожуу Ромын эзэнт гүрэн” Хүн нарын тухай

 

Эртний сударч түүхчид зөвхөн хорсол заналтайгаар өгүүлэн бичсэн байдаг Хүн нар бол Азовын тэнгисийн чанад, Мөсөн далайн зүгээс хүрч ирсэн агаад хэтийдсэн их зэрлэг харгисаараа цуутай болой. Тэд шинэ төрсөн хүүхдийнхээ хацрыг мэсээр зүсч зэмдэглэх агаад тэр нь өсч том болоход нь айхтар сорви болон тогтоод улмаар тэднийг сахал үсгүй тайган хүн шиг үзэшгүй муухай дүр төрхтэй болгох авай.

Тэд тагдгар бүдүүн биетэй, бахим чанга гар хөлтэй, бүдүүн хүзүүтэй агаад эв хавгүй бөгтөр биетэй тул хоёр хөлт араатан шиг, эс бөгөөс модны хожуул тайрдсаар сийлж хийсэн, гүүрийн хашлага дээрх албин чөтгөрийн дүр баримал мэт харагдах авай. Харахад тэд хүн боловч үзлийн муухай, амьдрал аж төрөл нь даанч зэрлэг бүдүүлэг бөгөөд гал хөс хэрэглэдэггүй, амтат хоол хүнс гэж үгүй, зэрлэг өвс ургамлын үндсээр хооллон, ямар нэгэн амьтны хагас болгосон мах идэх агаад түүнийгээ гуя болоод мориныхоо нуруун завсар хавчуулан бүлээсгэж иддэг ажгуу.

Байшин сууц гэж үгүй, аливаа байшин барилгаас бишүүрхэн дөлөх нь булш бунх, оршуулгын газраас хол байхыг хүсдэг бидний цээртэй адил. Гэвч бургас шургааг холбон босгосон урц овоохой тэдэнд цөөн боловч бий. Отог овгоороо нийлэн уул талаар хэрэн нүүдэллэж аж төрөх агаад даарч хөрөх, өлсөж цангахад төрөлхөөсөө дасч хэвшсэн байдаг. Хүний газар явахад нь ятган итгүүлж байж сая нэг байшин барилгад оруулах боловч аанай л болохгүй газар ороод ирчихсэн юм шиг хачин жигтэй аашилна.

Тэд ёрог бөсөөр хийсэн, эсвэл тарваганы арьс зүйж оёсон хувцас өмсөх бөгөөд гэрийн ба гаднын хувцас гэж ялгах нь үгүй. Тэр бохир заваан хувцсаа хүзүүндээ нэг л угласан бол дахин тайлж солилгүй удтал өмссөөр үжирч, салбарч унатал нь түүнтэйгээ явна. Толгойдоо үстэй дугуй малгай, үсэрхэг хөлдөө хонь, ямааны арьсан гутал өмсөнө. Ямарч хэлбэр галбиргүй гутлаа гутлын хэвлүүр ашиглаж хийх нь үгүй тул тэр нь тэднийг явган явахад их л амаргүй байдаг биз ээ. Тийм ч учраас тэд явган байлдаанд муу тул тэсвэр хатуужилтай ч үзэмжгүй муухай мориноосоо салдаггүй болой.

Тэд морь унахдаа заримдаа эмэгтэй хүн шиг хажуулдан мордож өдөр тутмын ажил үйлээ амжуулж харагдах ба арилжаа наймаа хийх, идэж уухдаа, өдөр ч шөнө ч морин дээрээ байх агаад тэр ч байтугай тэр заваан амьтныхаа богинохон нуруун дээр бөгтрөн хэвтээд гүн нойрсож чаддаг бөлгөө. Бас ямар нэгэн хэрэг явдлыг хэлэлцэх болоход аанай л морьтойгоо цуглан хуралддаг болой. Тэдэнд ван ноён гэж байхгүй, гэвч өмнө нь ямар нэгэн саад бэрхшээл тулгарвал ахлагч зонхилогчдынхоо түргэн шуурхай тушаал шийдвэрээр явмуй.

Заримдаа дайснаа өдөөн хоргоож ганц нэгээрээ дайран довтлохын дээр бөөнөөрөө сүрэглэн дайтахдаа хачин янзын уриа уухай хашгиран дайрдаг. Хөнгөн зэвсэглэсэн байх тул түргэн шалмаг хөдлөн тарж бутран давхилдаж, харгис хэрцгий аллага хядлага үйлдэх агаад хэн ч олж хараагүй байхад нэн шаламгайгаар дайсныхаа цайз бэхлэлт, хот тосгоныг дайран эзэлж тонон дээрэмдэж чаддаг. Бусад цэрэг дайчдаас нэн аюултай аймшигтай нь юун гэхүл, тэд жирийн сумны зэвийн оронд хурц ясан зэвийг гичирт нь эвлэгхэнээр нааж хийсэн нум сумаар маш холоос харвацгаадаг юм. Тэд дайсантайгаа нүүр тулгаран ойроос амь биеэ үл хайрлан тулалдах ба дайсан нь илд сэлмээр эсэргүүцэн тэмцэлдвэл олс дээсээр томж хийсэн цалам, бугуйл шидэн барьж авдаг болой.

Тэднээс нэг нь ч газар хагалан тариа тарьдаггүй, анжис ч барьж үзээгүй буй заа. Тэд тогтсон нутаг орон гэж байхгүй, гэр сууц ч үгүй, хууль ёс ч үгүй, ерөөсөө суурин амьдрал гэж байхгүй. Харин дүрвэгсэд адил гэр тэрэгтэйгээ байнга нүүдэллэн аж төрөх бөлгөө. Гэр тэргэндээ эхнэрүүд нь бүдүүн бараг бөс даавуу нэхэж сүлжин, хувцас хийж, тэндээ бас эр нөхөртэйгөө унтан ойртож, үр хүүхэд төрүүлэн өсгөж бойжуулдаг ажгуу. Хаанаас ирсэн тухай нь хэрэв асуух аваас хэн ч нь хариулж эс мэднэ. Учир нь тэд хаа нэг газар эхийн хэвэлд олдож, өөр нэг газарт төрж, бүр өөр нутагт өсч бойждогоос тэр ээ.

Тэд найдваргүй хүмүүс агаад өчүүхэн жижиг зүйл амлах юм уу, цуу үг дуулгахад л үгнээсээ эргэж буцах тул тэдэнд чин сэтгэлээсээ итгэж үл болно. Ухаан сэтгэхүйгүй адгуус амьтад шиг гагцхүү өөрсдийнхөө галзуу хар хүчнийхээ зөнгөөр л явах болой. Ер нь зөв, бурууг үл ялгадаг, үг яриа нь итгэмгүй сэжигтэй, бүдэг бүрхэг агаад шашин шүтлэг, сүсэг бишрэл гэж үгүй болой. Алтанд их шуналтай, ямар ч юм болоогүй байхад өвөр хоорондоо өдөрт хэдэн ч удаа маргаж хэрэлдэхэд хэн нь ч тэднийг үл эвлэрүүлэх авай. Энэхүү зэрлэг угсаатан бусдыг уулгалан дайрч тонон дээрэмдэх харгис хэрцгий зангаар явсаар, хөрш зэргэлдээх нутаг орноо булаан эзэлсээр, онцын төвөг бэрхшээлгүйгээр Аланчуудын нутагт хүрч ирсэн болой…

Европт хүрч очсон Хүн нарын тухай европын түүхчдийн бичсэн энэ мэт тэмдэглэл хэд хэд бийг дээр дурдсан. Тэр бүхнийг үзэхэд Хүн нарын дүр төрх, аж  төрөх ёс заншил, амьдрал ахуйн олон талууд Азийн Хүн нарынхтай яг адил, эсвэл их төстэй байсан нь мэдэгддэг. Төв Азийн цээжнээс хүннүчүүд алс өрнө зүгт Их нүүдлийн замд хөдөлсөн нтө 91 он, нт 155 оноос хойш 330-40-өөд оны хооронд Европын захад гэнэт үзэгдсэн “дорно зүгийн хачин этгээд ард түмнүүдийг” хүртэлх 200 жилийн хугацаанд хүннүчүүд зам зуураа тааралдсан олон арван ард түмэнтэй холилдон нийлж, тодорхой хэмжээгээр уусан ижилссэн нь маргаангүй. Гэхдээ тэр Их нүүдлийн гол цөм /масс/, хөдөлгөгч хүч, эрчимт хүч /энерги/ /пассионарность/ хадгалагдан уламжлагдсаар төдий хүрсэн нь маргашгүй зүйл юм.

Аливаа үндэстэн ястан бусдад автан уусах үйл явцад цаг хугацаа голлох хүчин зүйл болдог. Энэ 200 жилийн хугацаанд хүннүчүүд Төв Азийн цээжнээс алс өрнө зүгт Европын гүнд хүртэл замнахдаа зам зуурын олон арван үндэстэн ястантай холилдон нийлж, заримыгаа үлдээн, бас бусдаас өөртөө нэгтгэн авч цус сэлбэн явсаар өгүүлэн буй үед өгүүлэн буй газарт хүрч очиход иймэрхүү дүр төрхтэй, тиймэрхүү аж амьдралтай хүмүүс болсон байжээ. Харин үүнийг бичсэн түүхч бээр тэднийг сайн мэдэхгүй, ёс заншил, аж төрөх ёсны өвөрмөц онцлогийг нь гүйцэд таньж мэдээгүйгээс нүдээр үзэж өөрт төрсөн анхны сэтгэгдэл, үзэл бодол, бусдаас сонссон зүйлээ тэр хэвээр нь тэмдэглэн буулгасан нь илэрхий юм. Тэд бургас сүлжин хийсэн гэртэй, бас гэр тэрэгтэй, гутал хувцас нь бидэнд ойлгомжтой, байлдах урлаг, арга тактик нь танил, моринд гарамгай, эрэлхэг дайчин, этгээд зан араншинтай болох нь эндээс харагдаж байна. Бас “алтанд онцгой дуртай” гэсэн нь Хүннүгийн алтан гар урлал бол бүр өмнөх үеийн скифчүүдээс өвлөн уламжлагдсан, өнөө ч шагшин биширдэг өндөр хөгжсөн гайхамшигт урлаг байсныг нь давхар нотолж байна.

Монголчууд 13 дугаар зууны үед Хятад орныг 100 жил ноёрхсон. Хойд Хятадад цөмрөн орсон 1215 оноос эзэнт гүрний сүүлчийн их хаан Тогоонтөмөр Бээжин-Дайду-г орхин гарсан 1368 он хүртэл тоолвол 150 гаруй жил, 1271-ээс 1368 оныг хүртэл тоолвол 97 жил болдог. Энэ хугацаанд Монголчууд Хятадын соёл иргэншлийн нөлөөнд ихэд автсан боловч харин хүн ам зүйн хувьд бага холилдсон буюу бараг уусаагүй. Тэгвэл 1644-1911 оны хооронд Зүүн хойд Азиас хүчирхэн мандаж нийт Хятад орныг ноёлон захирсан манж үндэстэн бараг байхгүй болтлоо уусан байдаг. Энэ хугацаа бол 270 жил. Агуу их хүчирхэг гэгдэж асан манж үндэстэн ийм цаг хугацааны дараа юу ч үлдэлгүй уусч үгүй болсон байдаг.

1620-иод оноос өрнө зүгт нүүдэллэж Каспийн тэнгис, Ижил мөрний хөндийд хүрч суурьшсан баруун Монголчууд болох ойрадууд 400 жил улирч одсоны хойно өнөө хэр нь бараг Монголоороо хэвээрээ байна биш үү гэж хэлж болохоор. Тэд нүүж одохдоо Хятадыг хураан ноёлсон манж нараас олон байгаагүй. Бас түүхийн урт хугацааны нугачаан дунд геноцид хэмээх үй олноор нь хүйс тэмтрэх аймшигт харгислалд нэг бус удаа өртөж байсан. Ингээд бодоход халимагууд өнөөдөр бусдад уусч алга болоогүй, хэл, бичгээ ихээр гээж орхисон ч энэ бол харьцангуй саяхны цаг үед холбогддог гэдгийг өтгөс хөгшид нь сайхан баруун Монгол аялгаар хүүрнэж суудаг нь харуулдаг билээ. Тэгэхлээр бусад үндэстэнд автан уусах явдал янз бүр, тэр тусмаа хэр зэрэг хурдан, эсвэл удаан уусах нь бас онцгой хувь заяатай холбоотой түүхэн зүй тогтол байдаг бололтой. Европод хүрч очсон хүннүчүүдийн хувьд ч энэ талаас нь авч үзэж болох байна.

Европын Хүн нар, манж үндэстэн хоёрын хувь заяа бараг ижил цаг хугацааг туулжээ. Манж нарын хувь заяатай адилгаж авч үзвэл Хүн нар бараг бусдад уусч үгүй болсон баймаар. Гэтэл тэгсэнгүй. Дээр дурдсанчлан Хүн нарын гол цөм нь замдаа тааралдсан бүхнийг хаман авч, өөртөө нэгтгэн авч явсаар Европын гүнд хүрч очсон хэрэг. Тийм болохоор бусадтай хүчтэй холилдож, уусч, бас уусгаж, тэр хэрээр уугал шинж чанараа хадгалахын сацуу бас алдаж гээсээр, нэг үгээр хэлэхэд ижилсэл, ондоошлын хуулинд адилхан автаж хувьсал өөрчлөлтийг туулсан нь мэдээж. Олон хүн Азийн ба Европын Хүн нарыг хоёр өөр угсаатан байсан, нэр нь л адилхан болохоос өөр адилтгах юм байхгүй гэдэг. Харин сүүлийн үед энэ хүёр их угсаатныг нэг угшил гаралтай болох тухай бас олон хүн батлан нотолдог болж байна.

Тэдгээрийн дотор Унгарын эрдэмтэд. Бүр тухайлан нэр цохвоос Унгарын Монголч эрдэмтэн, Хүннү судлаач доктор Борбала Обрушански. Түүний сүүлийн үеийн бүтээлүүдэд энэ чиглэлд хийсэн нөр их судалгааных нь ололт амжилтууд улам бүр энэ тухай нотлон өгүүлсээр байна. Унгар хэлний үгийн санд 400 гаруй Монгол үг байдаг гэж урьд нь үздэг байсан бол энэ тоо улам нэмэгдсээр мянга хол давжээ. Тэдгээрийн дотор тооны нэр үгс, өнгө зүсний нэр үгс, хүний эд эрхтэн зэрэг хэл шинжлэлийн үүднээс аливаа хэлний үгийн сангийн эртний, бас тогтвортой үгс гэж тооцдог үг хэллэгүүд таарч байгаа нь анхаарал татна. Зарим хүн Унгарт байгаа Монгол элементүүд бол 13 дугаар зууны үеийн Бат хааны түрэмгийллийн үр дагавар мөн, тэр үед Унгарт үлдсэн Монголчуудын нөлөөллийн зүйлс гэж үздэг нь үнэнд тэр бүр нийцэхгүй байгаа юм. Унгар дахь Монгол элементүүд 13 дугаар зуунаас хамаагүй өмнийн юм болох нь тодорхой байдаг.

Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, Монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч Монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн Монголчууд бол өнөөгийн Монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос... гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ.

Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь Монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай.

Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч шууд утгаар нь авч үзвэл Монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна.  

Дараа удаад би Азийн Хүн нарын тухай тэр үеийн түүсч сударчдын бичсэн тэмдэглэлийг уншигч танаа толилуулсу. Энэ хоёр тэмдэглэлийг харьцуулан үзэхэд энэ бүхний тухай оргүй зүйл нуршаагүйг минь Та ойлгох буй заа.  

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 13. 11:50
Зочин

Нүүдэллэж дайлж яваа хүмүүсийн төрхийг ингэж харахаас өөр яахав. Айдас айдас бол ямарч сайхныг муухайгаар харлуулж болно. Анх европ хүнийг харахад нүдэнд дасаагүй монхор том хамартай адилхан төрхтэй хүмүүс байдаг. Азийнхнийг хараагүй хүнд жижиг хамартай адилхан царайтай хүмүүс гэж хэлж байхыг ч би мэдэж байна. Айдсанд уллаад өнгөн харсан зүйлээр л бичсэн тэмдэглэл байна. Гэхдээ Хүн нарынхаа төрх, соёл, ахуйг ойлгоход үнэтэй тэмдэглэл байна. Алтны үнэ цэнийг ч ухаараагүй үедээ бичсэн түүхч байна

2018, 12 сар 29. 2:17
Зочин

Хүмүүсийг яаж ч муухайгаар дүрсэлж хэлж болно.Гэхдээ амьтаныг муухайгаар дүрслэх нь үнэнд нийцэхгүй юм шүү. Монгол морь бол яаж ч харсан адуу.Европ ,араб.,монгол адуу бол нэг л төрөл.Монгол адуу гээд тийм үзэшгүй муухай байсан гэж бодохгүй байна.харин 1960 өөд оноос хойш монгол адууны сэрвээний өндөр элт намссан.Үүнийг манай уяачид анхаармаар.

2019, 8 сар 5. 16:37
Ган

бидэнд эзлэгдээд ямар учиртай хүмүүс вэ учрыг нь олохоос айгаад ойртож чадахгүй холоос дүгнэсэн бичилт байна. хөдөөний хүн агаар муутай битүү байранд байж чаддаггүй Үүн тэй л адил Өмхий жоом бясаа үүрлэсэн байранд ХҮн нар яаж байхав дээ Ер нь өс хонзонгоор муугаар харж бичсэн байна. Хүн бус адгуус шиг хүмүүсийг байлдаад дийлээгүй байж тэднийг ухаантай гэх үү

2018, 9 сар 10. 15:55
Зочин

Хүүхдээ төрүүлчихээд, өсгөх боломжгүйгээс гудманд хаях явдал элбэг байдаг. Өсгөх боломжгүй гэдэг нь зөвхөн санхүүгийн бус нийгмийн, гэр бүлийн дарамт, шахалттай холбогдож болно. Түүнчлэн 1 сая гэдэг бол арай л дэгс тоо байх. Тэр тал дээрээ хүрвэл төр засгаас тодорхой шийдэлд хүрч орхигдмол хүүхдүүдийг янз бүрээр асрах, өсгөх арга хэмжээ авах хэрэгтэй. Эцэг, эхийнх нь нэр хүндэд халдахгүй ч гэдэг юм уу ямар нэг байдлаар зохицуулалт хэрэгтэй л байх

2018, 8 сар 22. 10:05
АХ

Сайхан нийтлэл байна. Баярлалаа. Энэ сайтад бас талархаж байна. Гэхдээ энэ сайт аас нийтлэлийг нь хуулбарлаж болохгүй байгаа юм. Тэгээд бид яаж ашиглах ёстой юм бэ?

2018, 5 сар 31. 8:13
Tuuh sonirhogch

Turkuudiin talaar bicheech! Odoo interneteer heden myngaaraa uleej bainashd! Hunnu bol tsaashaa yoroosoo turkuuudiin uvug bolson tednii bichij baigaagaar ! Mongol empire bol turkuudiin bolson tedniihaar! Tsereg amry 90% NI turkuud baisan gej shaaj baishdee! Zarim ni bol bur odoogiin mongolchuud bol manj nariin uldegdel! 13 zuunii mongolchuud biden shig arab tsaraita bsan odogin huja tsaraita mongolchud uur humuus ntr geh muslim turkuud ih baija! Haramsaltain ted uursdiih ni tureg uvuguud asia tsaraitai humuus bsiniig uguisgedeg!tegsenee mongol.empire hun empire bugd tedniih gej shaadag teneg lalaruud

2019, 1 сар 14. 8:50
ЗочинГанаа

Маш сонирхолтой ,одоогийн залуучуудад их уншуулж
баймаар сайхан нийтлэл байна.Энд сэтгэгдэл ээ бичсэн хүн бас зөв юм бичсэн байна.Я.Ганбаатар докторт баярлалаа.Цаашид сонирхолтой, үр хүүхэд,хойч үеийнхэнд маань хэрэгтэй олон сайхан нийтлэлээ үргэлжлүүлэн бичээрэй.Таны эрдмийн ажилд өндөр
амжилт хүсэн eрөөe!

2018, 11 сар 1. 16:08
Зочин

Атилла хааныг хүртэл түрк төрхтэй хүн байсан гэж ярих юм билээ Түркүүд бол яавч өөдтэй түүхтэй байгаагүй дандаа эзлэгдэж дээрэмдүүлж тонуулж явсан ичгэвтэр түүхээ хаа холын монголын түүхтэй холбож бурах нь бас л инээдтэй л юм л даа

2018, 5 сар 31. 2:11
bat

HUNNU UED ZES HAILUULDAG BAISAN

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]