Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Энэ хүний гарт үхсэнээс эзнээсээ амь гуйя"Уншсан118,718

Ховдын наадам болж Буян-Өлзийтэй барилдуулахаар Манж хаан Хятадаас бөх авчруулж. Тэр бөх их л даалгавартай байсан юм байх.

Ноён цорос овгийн Чүлтэмийн Батхүү: Өөлдийн домогт бөх Ш.Буян-Өлзийн тухай авга Н.Агваандорж 1995 онд надад доорхи зүйлүүдийг ярьж өгсөн юм. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ардууд их л олон домог мэт зүйлийг ярьдаг юм билээ.

”Долоон чоно"

 

Буян-Өлзийн эцэг Шагдар үр хүүхэдгүй байж. Нэгэн удаа нутгийн нэгэн ламаас эхнэр бид хоёрт үр хүүхэд хайрлаач гэж гуйж. Лам ээ болохгүй байхаа гэж гэнэ. Шагдар гуйж ядаад морио гэрээс нь уячихаад нарийн дээс аваад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхчихжээ. /Тэр үед ламын гэрээс морь уях цээртэй байв/ Лам гэрээсээ гарч ирээд хэний морь вэ? Юу болов гээд бөөн юм болов. Шавь нар нь тэр хүн танай гэрээс морио уячихаад сүмийн хөтөл рүү нуруугаа үүрээд алхаж явна гээд зааж. Энэ даруй лам, хүн явуулж авчруулаад За Шагдар минь “дарж л чадах юм бол 7 чоно ав” гээд явуулчихжээ. Төдий удалгүй тэр айл 7 хүүхэдтэй болжээ.

Энэ хүүхдүүд нь ер хувцас хунар өмсөхгүй, өвлийн 3 сараас бусад өдөр нүцгэн шалдан гэр орондоо ч тогтдоггүй айл амьтнаар явж байж өсөж торниж том болцгоож. Нутгийнхан эдний 7 хүүхдийг “Долоон чоно” гэдэг байв. Эдний дотроос нэг л хүүхэд их бадируун, сэргэлэн байрын хүүхэд байв. Эцэг нь энэ л хэн хүнд дийлдэхгүй юм шиг байна гээд лам болгож сахил хүртээжээ. Энэ нь Буян-Өлзий байв. Буян-Өлзий том биетэй, хир баргийн морь даадаггүй Алтайн цаанаас адуу мал хөөж ирж ядуучуудад тарааж өгдөг. Эхнэр хүүхэдгүй, /ламын сахил хүртсэн учир эхнэр аваагүй/ асар бяртай бөх хүн болсон гэдэг.

Олзны бага нь дээр

Нэгэн залуу лам /нэр нь Чүлтэм/ Буян-Өлзийг Алтайгаас адуу хөөхдөө намайг хамт дагуулж яваач гэж олон өдөр гуйж. Гуйгаад байхаар нь Буян-Өлзий “чи явдал дааж чадах юмуу” гэж нөгөө залуу “чадна чаднаа л” гэж. За тэгвэл “сайн морио унаад төдийд хүрээд ир” гээд явуулчихаж. Залуу бөөн баяр хөөр болж товлосон өдөр нь жаал жуул идэх уух юм бэлдэж аваад сайн морио унаад яваад очиж. Тэгсэн Буян-Өлзий нас бие гүйцсэн эр хонь төхөөрчихсөн махыг нь чанаад сууж байна гэнэ. Залуу за энэ хүн хоол хүнсээ бэлдэж байгаа юм байна гэж бодож суув. Гэтэл Буян-Өлзий чанаж буй махаа гаргаад идэж гарч, залууг “махнаасаа ид” гэж залуу ганц нэг мөч идэж, харин Буян-Өлзий ганзагалаа хэрэггүй, моринд халтай нэг мөсөн идэж авсан нь дээр гээд махаа гэдэс дотортой нь бүгдийг идчихээд яваад өгчээ.

Хоёр гурван хоног явж замдаа нэг ч удаа хооллож ундалсангүй гэнэ. Нөгөө залуу ядарч нойрмоглон мориноосоо ч унаж. Буян-Өлзий “ийм байж юун дэмий дагаж явсан юм” гэж зэмлэж явж. Явсаар нэгэн уулын оройд ирж “за сайн цадаж авна” гээд тэр, чулуун дороос “тийм юм бий гаргаад ир” гээд туламтай ус, чанасан мах, тогоо цагаан тос зэргийг гаргаж хоол цай хийж иджээ. Өдөр нь ийш тийш адуу малаа нүдлэж аваад шөнө үүрээр /адуу үүрээр унтдаг гэнэ/ хөөнө шүү гэж залууд хэлж.

Ингээд нэг хоног бие болон унаа морьдоо амраагаад үүрээр адуугаа хөөж мөн л 2-3 хоног явж нутагтаа иржээ. Буян-Өлзий залууд хэлэхдээ “хэрэндээ тохирсон адуу хөөнө шүү” гэж хэлж явсан гэнэ. Нутагтаа ирээд нөгөө залуудаа “олзны бага нь амттай байдаг юм” гээд 1 гүү 1 морь өгч өөрөө юу ч авалгүй үлдсэнийг нь хүмүүст тараагаад өгчихжээ. Нөгөө залуу “ингэж ядарч явж байж иймхэн юм авах ч гэждээ” гэж гомдонгуй байсан гэнэ. Буян-Өлзий нөгөө залуугаа “дахин явах уу” гэж асуухад “ёстой үгүй” гэж. Энэ явдлаас хойш нөгөө залуугийнх адуу маллаж олон сайхан адуутай болж гэнэ. Олзны бага нь амттай гэдэг энэ байжээ.

 Хасаг сайн эрийг морьтой нь чирсэн нь

Алтайн цаанаас адуугаа хөөгөөд явж байтал “мончуурга” /сайн эрс чадамгай эзэмшсэн байдаг тул тун хэцүү мод/ барьсан хасгийн сайн эр хойноос нь хөөгөөд ирж явна гэнэ. Хасаг эрийн мончуургаар сугандаа нэг цохиулаад хавчаад авч. Мань эр мончуургаа сугалж авч чадахгүй байна гэнэ. Тэгэхээр нь хавчсан чигээр нь морьтой нь чирээд давхичихаж. Хасаг эрийн хойноос ирсэн бусад хасгууд нь энэ Өөлдийн Буян-Өлзий байна гээд буцаад явчихсан гэдэг.

 Xовдын наадамд

Ховдын наадамд хасагаас Нурхаан хэмээх лут сайн бөх Өөлдийн Буян-Өлзийтэй барилдахаар ирж гэнэ. Буян-Өлзий хасгийн бөх хоёр ч түрүү үзүүр булаалдахаар үлдэж, тэд маш удаан барилдаж түр тавилцаж. Буян-Өлзий хэсэг харж зогссоноо “би буруу барилдаж байгаа юм байна зодогтой нь биш биетэй нь барилдах юм байна" гэдгээ анзаарч. Учир нь мань хасаг бөх үхрийн ширээр хийсэн зодог шуудагтайг анзаарч дахин барилцаж авахдаа 2 хуруугаа эгэм мөрний мах руу шигдтэл оруулж сэнжигдэж барьж аваад хаясан гэдэг.

Ингэснээр Зоригт хан “за Буян-Өлзий минь би чамайг адуу мал хөөлөө гэж шийтгэхээ больё чамайг дархаллаа, харин хүний амь бүү бүрэлгэ" гэсэн гэдэг. Үүнээс хойш Буян-Өлзий хүний амь биед хүрэхээ больсон гэнэ. Харин нэгэн удаа адуу хөөж ирээд түүнийгээ жасын хүрээнд өгсөн гэдэг.

Хоёр хунз цай

Ховдын наадам болж Буян-Өлзийтэй барилдуулахаар Манж хаан Хятадаас бөх авчруулж. Тэр бөх их л даалгавартай байсан юм байх. Үзүүр түрүүнд ч мань хоёр үлдэж Буян-Өлзий засуул дээрээ дэлээд /дэвээд/ гараад ирж. Гэтэл нөгөө бөх 2 гартаа нэг нэг хунз цай /39-ын хунз/ бариад дэлээд гарч байна гэнэ.

Үүнийг харсан Буян-Өлзий энэ намайг сүрдүүлж байна гэж бодоод 2 засуулынхаа дээлийн захаас бариад дэвчихэж. Гэтэл нөгөө Хятад бөх энэ ямар хүчтэй хүн бэ би уурыг нь хүргэчих шиг боллоо. "Энэ хүний гарт үхсэнээс эзнээсээ амь гуйя аа" гээд барилдаагүй гэдэг. Гэтэл нөгөө 2 хунз нь хоосон байсан гэнэ лээ

Хоёр хүчтэн бие биеэ таньсан нь

Увсын Галзуу тэмээ нэртэй асар их бяртай хүн байсан гэдэг. /Увс аймгийн Өмнөговь сум Шар цахиагийнх/ Буян-Өлзий, Галзуу тэмээ хоёр бие биеэ үзээгүй сургаар л мэддэг байж. Энэ хоёр хүчтэн Хөх хөтөл дээр тааралджээ. Бие биеэ ч тааварлаж, мэнд усаа мэдэлцээд Монгол эрийн ёсоор тамхилцгааж.

"Галзуу тэмээ" нэг тэмээ хөтөлж явсан юм санж. Тэмээ нь бурантгаа гишгэчихсэн байна гэнэ. Бурантгаа татаад авчихын оронд босоод тэмээнийхээ цээжийг өргөөд бурантгаа авч байна гэнэ. Үүнийг харж суусан Буян-Өлзий «за энэ Шар Цахиагийн Галзуу тэмээ мөн байна» гэж таньж.

Буян-Өлзий сууж байгаад яргай тэнзэн ташуураа бяц базаж байна гэнэ. Галзуу тэмээ «Энэ Өөлдийн Буян-Өлзий мөн байна» гэж таньсан ба хүчит эрчүүд нэр усаа мэдэлцэж, нутаг усаа ярьцгаагаад салж явсан гэдэг.

Ноён цорос овгийн Чүлтэмийн Батхүү

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 28. 21:36
mglhuu

biyiin hucheer negiig, uhaanii hucheer myangiig diilne gedeg.
21r zuund mongolchuud biyiin har huchiig shuten bishreheesee neg alham boltugai uragshilmaar bn

2020, 11 сар 30. 8:56
Erka

Tiim shuu

2020, 9 сар 20. 13:46
Зочин Уншигч

Сайхан хууч байна Энэ Агваандорж гэдэг хун Ховд аймгийн архивт ажиллаж байсан Эрдэнэбурэнгийн уугуул АД мен болов уу? Унэн сонины сурвалжлагч Дамдинжав гэдэг хунд нилээд олон зуйл бичиж егеед хэд хэдэн жил болсон авч чимээгуй болчихлоо Сэтгуулч гэдэг сэтгуулд Дамбий жаагийн тухай нийтлэгдсэн юм миний ярьсан зуйлтэй их адил юм хэмээн 1987 оны10 сард ярьж байж билээ.

2019, 1 сар 30. 19:37
ДОМОГ

ШИЛИЙН САЙН ЭРСЫН ТУХАЙ ДОМОГ ЯРИАНЫ ГОЛ САНАА, АГУУЛГА НЬ ТЭР ЦАГЫН МАНЖИЙН ХУУЛЬ, ЦААЗАНД АРД ТҮМЭН ДАРЛАГДАЖ, ГАДНЫ ДАРЛАГЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН МОНГОЛЫН НОЁЛОГЧ НАР БОЛОН ТЭДЭНТЭЙ ХАМТАРЧ АРД ОЛНЫГ ШУЛАГЧ БАЯЧУУДЫН БҮЛГИЙН ЭСРЭГ ТЭМЦСЭН ЭГЭЛ АРД, ТЭМЦЭГЧ НАРЫН ТҮҮХ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ГЭЖ БОДДОГ. ТЭД ХӨРӨНГӨ БАЯЛАГЫГ ТЭГШИТГЭН ХУВИАРЛАХАД ОРОЛЦДОГ, ОЛОН ТҮМЭНД ТАРААДАГ ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ ХӨРӨНГӨЖИХ СЭДЭЛГҮЙ ГЭЖ Л МАГТАН ДУУЛДАГ БИЗДЭЭ. ОДООНЫ МАЛЫН ХУЛГАЙЧ НАРЫН СЭДЭЛ НЬ ШУНАХАЙ АМИА ХИЧЭЭСЭН БАЙДАГ... ОЛОН ТҮМЭНИЙ МӨРӨӨДӨЛ РҮҮ ӨӨРИЙН БАРААН БОДЛОО БҮҮ ШУРГУУЛ.

2018, 10 сар 8. 15:15
Зочин

Saihan l huuch baina. Odoogiin manius chigchii huruund ni ch hurehgui l dee.

2020, 11 сар 30. 3:43
Өөлд

Энэ хүн надаас дээш 4 үе байх. одоо ч энэ хүний садан төрлийн өвгөчүүд 80 насыг хүртсэн ч 180 90 см сайхан өвгөчүүд байдаг

2018, 10 сар 7. 15:31
Зочин

Хуучны сайн эрс буюу одоогоор малын хулгайч, бас бөхчүүдийн тухай нэг иймэрхүү тэнэмэл домог газар сайгүй л байдаг. Тэр домгийг тухайн нутгийн хүмүүс арай дөмөг гэсэн хүндээ халдааж домог болгон ам дамжуулан хүүрнэж, сэтгэлээ баясгаж, бусдад гайхуулж ярьдаг юм билээ. Манай нутагт ч ийм домог бий. Ийм тэнэмэл домгийг "Тунгалаг тамир" -ын Төмөрийг амилуулахад хэрэглэсэн.

2020, 11 сар 30. 3:49
Өөлд

Энэ домог бишээ. надаас дээшхи 4 үеийн л түүх. тэр 7 чононы нэгнийх нь үр удам нь би юм. миний өвөө 80 насалсан 180 90тэй ханагар сайхан өвгөн одоо ч амьд сэрүүн байна. энэ 7 чононы үр удамууд нь сайхан сайхан залуучууд байдаг. бүгд 2 метр дөхсөн сайхан залуучууд байдаг

2020, 8 сар 25. 20:22
Зочин

Тийм шүү. Энэ бол огт сонсогдож бгаагүй домог бна

2019, 11 сар 27. 17:08
Зочин

Эртний сайн эрсийг одоогийн малын хулгайчтай бүү харьцуул. Тэнгэр газар шиг хоёр өөр юм шүү

2019, 10 сар 16. 17:05
Зочин

тэнэмэл нь ч тэнэмэл л байх. Чи ганц өдөр хоол ундгүй морин дээр шогшиж үзсэн үү. Үхээнц дорой амиа яая гэсэн амьтан байхаа чи. Монголчууд зүлдээ даахтайгаа хүүхэд гэж хэлдэг чи ч даахгүй гар байх

2019, 5 сар 31. 21:03
Gerlee

Udlaa ch arai bishee ho
Momgol hun ugaasaa k byarai buh hun buuur ch ikh byartai

2018, 10 сар 26. 12:12
Зочин

Iimerhuu mongolchuudiin uuriig hurgesen urd zugiin yavuulga hiideg ymnuudiig huuj yavuulbal taarna

2018, 10 сар 6. 16:37
Зочин

Шаана биз

2020, 11 сар 30. 3:45
Өөлд

тэр долоон чононы нэгнийх нь үр удам нь би байна. миний өвөө 80 настай ч 180см өндөр ханагар цээжтэй хөгшин одоо ч байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]