Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Таласын шийдвэрлэх тулаанУншсан30,922

Тулааны үр дүн 5 дахь өдөртөө тодорхой болж, цаашид хэрхэн шийдэхээр хятад жанжид яаралтай зөвлөлджээ.

Төв Азийн түүхэнд гүнзгий нөлөөлж өөрчлөлт оруулсан Таласын тулааны тухай онирхолтой өгүүллийг С.Алдарын бичсэнээр цувралаар оруулж байна. Эхний хэсгийг энд дарж уншина уу.

751 оны 7-р сард Таласт тулалдсан хүчний харилцааг түүхэн сурвалжууд хол зөрүүтэй, адилгүй бичиж үлдээсэн байдаг. Ихэвчлэн Араб-Түвдийн 50 мянган цэрэг, Тан улс-Харлугийн 30 мянган цэрэг оролцсон гэх боловч судлаачдаас хоёр тал хүч тэнцүү байсан гэх үзэл илүү түлхүү бодит байх. Тан-Харлугийн цэргүүдийг солонгос гаралтай Гао Сяньжи жанжин Ли Сие, Дуан Жиуши туслах жанжидтайгаа удирдсан. Тэрээр өмнөх аян дайнуудаа амжилттай явуулсан туршлагатай жанжин байв. Тангийн цэргийн 2/3 нь хятад цэргүүд байсан.

Арабын талаас Абу Муслим жанжин ерөнхийд нь удирдсан. Тэрээр алив шашны асуудалд уян хатан хандах, арабад эзлэгдсэн олон шашин, үндэстний асуудлыг аядуу аргаар шийдвэрлэх аргыг мэдэрсэн, яриа хэлэлцээрийг ашигтайгаар шийдэх чадвартай гэдгээр түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Жанжин Абу Муслим Таласын тулааны дараахан исламын хатуу зарчмыг баримтлагчдад алагдсан ажээ. Тэрбээр хэлэлцэх ур чадвараараа Тан улсын эсрэг Түвд, Харлугийг нууц яриа хэлцлээр өөртөө ашигтайгаар урвуулж чадсан юм. Ингээд Абу Муслим жанжин Йемен туслах жанжин Зияда ибн Салихагаар тэргүүлэн морьт цэргүүдийг явуулснаар, замдаа хотуудаар хүч сэлбэсээр Таласын бүсэд хүрэхэд цэргийн тоо 50 мян давсан байна.

751 оны 7-р сарын 27-ны өдөр талууд хатгалдан ширүүн тулаан эхлэж, тулаан 4 өдөр үргэлжлэн, санаачлагыг авсан тал тодорсонгүй. 5 дах өдөртөө Тан улсын холбоотон Харлугууд гэнэт Гао Сяньжигийн цэргийн жагсаалын хажуунаас довтлож эхэлсэн байна. Гэнэдүүлсэн Тан улсын цэргүүд байршлаа хадгалж чадалгүй, сандарч ухарцгаажээ. Арабууд Харлугийн дайралтыг уулга тавин дэмжиж, ухарч ургасан Тан улсын цэргүүд рүү дайралтаа эрчимжүүлсэн.

Тулааны үр дүн 5 дахь өдөртөө тодорхой болж, цаашид хэрхэн шийдэхээр хятад жанжид яаралтай зөвлөлджээ. Жанжин Ли Сие цэргүүдээ хурдан төв рүүгээ буцахыг санал болгоход Дуан Жиуши жанжин нь эсэргүүцэн, “Дайсанд ухрах нь эр зоригийн хэрэг биш, цэргүүдээ орхиж, өөрийгөө аврах нь сайн үйл хэрэг хэрхэвч биш” гэж буруушаасан байна. Харин Ли Сие жанжин Гао Сяньжид тулааныг орхиж яаралтай ухрахыг зөвлөж, шөнөөр их жанжин Гао Сяньжиг нууцаар яаралтай буцаав.

Шөнөөр эмх замбараагүй ухрах үед холбоотон Ферган хотын сандарсан 100 цэргүүд Гао Сяньжийн явах замд саад учруулжээ. Арабын мөшгилтөөс их сандарч бачимдсан Гао Сяньжи жанжин замд садаа болсон Ферган цэргүүдийг даруй цаазлахыг тушааж явсан байна. Түүний тушаалаар цэргүүдийг дор бүрнээ яаравчлан цаазлажээ.

Киргизийн Талас гол, тулааны таамаг зураглал

Гао Сяньжиг явуулж, Ли Сие, Дуан Жиуши жанжид үлдэж хоцрон, үргэн тарж зугатсан бүх цэргээ ял шийтгэл өгөхгүй хэмээн цуглуулан Тэнгэр уулын цаад дах Анжи (Аксу) руу 700 гаруй км хол огцом татаж ухраасан байна. Анжи хотод буцаж, Гао Сяньжид болсон бүх байдлаа илтгэсэн. Гао Сяньжи Дуан Жиуши жанжныхаа баатарлаг үлгэр жишээг үнэлэн Анжи хот мужийн (өнөөгийн Шинжааны баруун хэсэг) цэргийн захирагчаар тавьж, уг нутагт бүх хэргийг шүүн таслах эрх мэдлийг олгон шагнаж нийслэл Чань-ан руу буцжээ.

Энэхүү Тан улсын баруун зүгийн довтолгоог Арабууд таслан, ялалтаар өндөрлүүлсэн билээ. Дайны талбарт Тан улсын 8 мян гаруй цэрэг алагдаж, 20 мян гаруй цэрэг олзлогдон, 2 мян цэрэг ухарч амжсан байв. Олзлогдсон 20 мянган хятад цэргүүдийг Самарканд, Багдад, Дамаск хотын боолын захад худалдаж тараажээ. Тулаанд ялсан араб жанжин цааш давшиж ялалтаа бататган, мөшгиж үргэлжлүүлэх боломжгүй байв. Учир нь өмнө Арабад шинэ угсааны халиф нь төрийн эргэлт хийж, хуучин угсааны халифаас улсаа бүрэн хурааж авахаар (Согдын ойр) Хорасан дах гол хүчээ төв рүү шилжүүлсэн байв.

Мөн шашны хавчлагаас болж, эзлэгдсэн Согдад орон нутгийг хамарсан бослогууд байнга гаргах болсон нь Арабын дайралтыг сааруулах нэг шалтгаан болсон. Тэдний эсэргүүцэл, тэмцлийн тухай түүхэн судруудад товчхон бичигдснээр тодорхой бус зүйлүүд их бий. Гэвч Согдууд 651 оноос 751 он хүртэл 100 шахам жил буюу Сасанидын персүүдээс илүү эсэргүүцэл үзүүлж чадсан байдаг.

ТУЛААНЫ ҮР ДАГАВАР

Талас дах Арабуудын ялалт СОГД-ын улс, шашнаа сэргээн мандуулах 100-аад жилийн тэмцэлд эцсийн цэг тавьсан үйл явдал болов. Ингээд 720 оноос эхлэсэн Исламын хавчлага, шахалтаас болж Манихей, Будда, Нестрион шүтлэгтээ үнэнч Согдуудын дүрвэлт, шилжилт үргэлжлэн эрчимжсэн. Мөн Согд нэрээр дүрвэсэн Персүүд түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Түргешүүд 729 онд Самарканд хотод дайтахдаа олон Согдуудыг Арабын зөвшөөрснөөр хотоос нүүлгэсэн. Уг хотын тулаанд Персийн сүүлчийн хаан угсааны язгууртнууд Түргешийн талд тулалдсан талаар арабууд бичиж үлдээжээ. Тулаанаас хойш, Түргеш-Арабын дайн шувтарч, ТҮРГЕШ түүхийн тавцангаас бүрэн буусан. Суларсан Түргешийн нутагт ХАРЛУГ-ууд эзэн сууж түүхээ бүтээж эхэлцгээв. Арабын талд урвасан Харлугууд Тан улсын хараанаас бүрэн бие дааж, хожим 150 жилийн дараа исламжсан. Их Монголын үед Чингис хаанд сайн дураараа дагаар орсон байна.

ТҮВД-үүд Тан улсад алдсан бүс нутагтаа нөлөөллөө эргүүлж тогтоосон. Хожим энэ нутгаа Арабуудад алдсан байдаг. Тан улсын эсрэг Арабтай байгуулсан Түвдийн улс төрийн холбоо, амжилтын хэтийн үр дагавар нь Төв Ази дах Буддын шашныг уналтанд оруулсан байв.

Тан улсын 20 мянган олзлогчдоос цаасны технологийг мэдэх 2 хятад цэрэг санамсаргүй олзлогджээ. Түүнээс цаас боловсруулах аргын нууцыг мэдснээр Арабууд цаасыг боловсруулж эхэлсэн байдаг. Олж авсан аргаа Их Монголын үе хүртэл 600 жил Европуудаас нууцалсан юм. Арабууд цаасыг боловсруулж ашигласнаар түүнд эзлэгдсэн улс угсаатнууд соёлын өв бүтээлээ цаасанд бичиж үлдээх болов.

Тулаанаас хойш ТАН улс, АРАБ цааш тэлэх санаархлаасаа татгалзаж, дипломат харилцаагаа хөгжүүлсэн байна. 747 оны Согдын ойр бослогод ялсан Аббасидын угсааныхан өмнөх угсааны Халифуудаас өөр харилцаагаар ислам бус, араб бус угсаатнуудтай харилцаж захирцгаав. Тэд шашны зарим хатуу жихадист үг мөр, зарчмаа эргэн харж өөрчлөх болсон. Мөн Аббасидынх өмнөх бүхий л халифуудын гадагшаа дайн хийх ЖИХАДИСТ бодлоос анх удаа татгалзан, тайван цагийн амьдралд шилжицгээв. Энэ үеийн ололт, амжилт нь хожмын шашны харанхуйд идэгдсэн хөрш Европод их нөлөө үзүүлсэн гэж судлаачид үзэж, дэлхийн түүхэнд “Исламын Алтан үе” гэж нэрлэх тохиолдол бий.

Дайн, тулаанд ялагдснаар хаандаа эргэлзэж, Тан улсыг донсолгосон Ань-Лушаны том бослого гарав. Согд гаралтай Ань-Лушан гэгч Тан улсад нөлөөтэй жанжин бослогыг удирдсан. Босогчид эхэндээ Тан улсыг 2 хувааж, зүүн хэсгийг 8 жил эзэгнэж захирчээ. Тан улсад бослогыг дарахад Аббасидийн Арабууд 4000 цэрэг илгээж, тэд нутаг буцалгүй үлдсэн байна.

ТУЛААН МОНГОЛ НУТАГ ДАХЬ УЙГУРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ

Ань Лушааны бослогод Тан улс хөрш улсуудаас цэргийн бүх талын тусламж хүссэн байдаг. Уйгурууд бослогыг дарахад цэргээр тусласнаар Хөх Түрэг мөхснөөс хойш (744-763 хооронд) анх удаа Тан улсын хараат байдлаас бүрэн чөлөөлөгдөж, бие даасан бүрэн байдлаа олж авсан.

***Хот үүсэв*

Уйгурын Орд Балик хотын туурь

(Хар балгас) Архангай аймаг

Уйгурын мэдэл дэх торгоны замын хотууд Арабаас дүрвэсэн Согд, Персүүдээр дүүрэх болов. Иймд хуучны цэргийн хуаран, ордны зориулалттай газруудаа Уйгурууд Бэй-балиг, Бай-Балиг, Орд-Балиг, Бор Бажин гээд шинээр хот болгон өөрчлөн, Согдуудыг олноор нь нүүлгэн суурьшуулсан. Үүнээс Орд-Балиг, Бай-Балиг, Бор Бажин (Тува) гээд хотыг Монгол нутагт анхлан байгуулж, хотжилтын суурийг тавин хөгжүүлжээ. Хотжилт, нүүлгэн шилжилтээр Уйгурын (Монгол нутаг) хүн амын тоо эрс нэмэгдсэн. Шинэ хотод Манихей, Будда шашны барилга байгууламжууд баригдаж, хамгаалалтын хана хэргэм, цайз бүхий хотууд хөгжсөн байдаг.

Уйгурууд Таласын тулааны жилд (751 он) Орд-Балиг (Хар балгас) хотоо байгуулсан. Дараахан Уйгурын Моянчур хаан 757 онд Арабаас дүрвэсэн Согдыг Тавгачтай хамт Сэлэнгэ мөрний хөвөөнд дахин Байбалик шинэ хот байгуулах зарлиг болгож, Булган дахь Сэлэнгийн чулуунд “Согд Тавгачийг Сэлэнгэд Байбалиг барихийг зарлиглав” (“Soγdaq Tabγacqa Seleŋede Baybaliq yapiti bertim”) гэж руни бичгээр сийлэн бичиж үлдээсэн байна.

**Монгол нутагт шинэ шашин дэлгэрэв***

Төв Азид Манихей, Буддизм, Несторианы хөгжил уналтанд орж, исламын шашинд хавчигдсан Согдууд нутгаасаа олноороо Уйгур (Монгол), Тан улсын зүг шилжин дүрвэх нь идэвхжсэн. Эднээс Манихейн шашныхан голлон Буддист, Несториан лам, санваартнууд хамт Монгол дах Уйгурын хаант улсад дагалдан ирэх болов. Дүрвэсэн Согдын нөлөөнд, 762 онд Уйгурын Идигянь хаан Тэнгэр шүтлэгийг халан, Манихей шашныг төрийн шашин болгосон. Шинэ шашин дэлгэрэлтийг зарим түүхч, судлаачид Монгол дах “Буддагийн шашны эхэн дэлгэрэлтийн үе” гэж ангилсан бий. Энэ үеэс эхлэн Монголын газар усны нэрсийг шашны номны санскрыт үгээр нэрлэж, уул тахих, гал тайх, цагаан өнгийг билэгшийх, эмэгтэй, эх хүнийг хүндэтгэх гэх ёсон дэлгэрч, өнөөгийн Монголчуудын хэрэглэдэг Бурхан, Богд мэт эрхэм хүндэтгэлийн үгсүүд хэл ярианд нэвтэрч өргөн дэлгэрсэн ажээ.

***Уйгур(жин) бичиг*

Уйгурын Пор бажин хотын туурь (Бор Байшин) Тува Тере холь хошуу

Уйгурын хаан дүрвэж суурьшсан Согдуудын бичиг үсгийг төрийн бичиг болгож, Хөх Түрэгийн үеэс залгамжлан авсан Руни бичгийг халсан байна. Согд бичиг нь нүүдэлчдийн дунд Уйгур, Уйгуржин бичиг хэмээн дэлгэрч, хожим Чингис хаан Их Монголын төрийн бичиг болгон залгамжлан авсан байдаг.

Одоогоос 100 жилийн өмнө Финляндын эрдэмтэн Густав Рамстедт судалгааны ажлаар 1898, 1912 онд Монгол нутгаар явж, 1913 онд судалгааныхаа бүтээлээ туурвисан. Уг бүтээлээ 1922 онд Монголчуудад зориулж “ Uyiγur ulus-un teuke” (Уйгур улсын түүх) гэж товч эмхтгэн, Нийслэл хүрээнд Монгол бичгээр хэвлүүлсэн байдаг.

Уг эмхтгэлдээ,

“Баян Балгас (Байбалик)-д СОГД, Тавгач хоёр наймаа хийж суурилав. СОГД ЮУН ОМОГ УЛС БУЙ хэмээн асууваас, Или Тарвагатайн чанад газраас (ТҮРГЕШ нутаг) ирсэн улс байв. Энд Согд хэмээвээс Уйгурын нутагт ирж, наймаанаас гадна хоёр шинэ ном ШАШИН залан дэлгэрүүлэн ирвэй. Нэгэн шашин ном нь Энэтхэгийн ... Шагамуни БУРХАН багшийн зарлиг ном, нэг нь наран шингэх зүгээс (Перс, Согд нутаг) дэлгэрсэн МАНИ хэмээдэг шашин болой. ...Манийн шашин одоо хаа ч үлдсэнгүй боловч МОНГОЛЫН УУЛ ТАХИХ, ГАЛ ТАЙХ ёсон, тэр шашнаас гарсан болоход буй. ...Тэр Бугучур (Моюнчур) хааны цагаас аван Согд багш нар Уйгурын хааны орон нутагт заларч, сүм барьж, шашин ном юугаан дэлгэрүүлж суурьшив. Түүнээс гадна тэд бас УЙГУР залууст СОГД БИЧГЭЭР бичихийг сургавай. Уйгур хүмүүс нь Согд бичиг үсгийг сураад, хөшөө чулуунд сийлж бичдэг хуучин бичгээ (ТҮРЭГИЙН РУНИ) орхиод, шашны ном судрыг СОГД БИЧГЭЭР УЙГУР ХЭЛЭНД орчуулвай. ” гэж бичжээ. (Түүхийн Хүрээлэнгийн архивын хөрвүүлгээс)

20-р зуунд Таласын тулааны түүхэн ач холбогдлыг олон түүхчид болон улс төрийн нэр бүхий зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн бичиж байснаас, Энэтхэгийн ерөнхий сайд асан Ж.Неругийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номын орчуулгаас Монголчууд анх эх хэлээрээ дэлгэрэнгүй танилцсан байдаг юм.

С.Алдар

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 25. 11:09
Зочин

" ...сан+байдаг " гэсэн өгүүлбэрийн буруу найруулгийг ямар их ашиглаа вэ

2018, 11 сар 16. 23:58
Зочин

Yu bichsen yum be. Mongoliin tuuhiig haash ni guivuulaad bn a.

2020, 8 сар 21. 13:29
Зочин

yun mongoliin tuuh ve, 500 ond Tan uls arabuudtai baildsan tuhai bgazde.

2017, 10 сар 27. 23:08
Зочин

УНШИХАД МАШ ЭНГИЙН, СОНИРХОЛТОЙ, АЖЛЫН ДАРАА СТРЁСС ТАЙЛАХ ЮМ. МАШ ОЮУНЛАГ УЛСУУД ЦУГЛАСАН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЁ

2017, 1 сар 17. 20:37
Зочин

ямар их алдаатай бичдэг нөхөр вэ? түүх судалдаг байж болно, гэхдээ их түүхийг ингэж гуйвуулж, өөрийнхөөрөө бичих эрх Алдарт байхгүй шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]