Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хатанбаатар Магсаржавын бодит түүхУншсан77,449

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь 1878 оны 4 дүгээр сарын 10-нд Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Өвөр цагаан бургас хэмээх газар тайж Сандагдоржийн ууган хүү болон мэндэлжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь 1878 оны 4 дүгээр сарын 10-нд Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Өвөр цагаан бургас хэмээх газар тайж Сандагдоржийн ууган хүү болон мэндэлжээ. Магсаржавын өвөг дээдэс голдуу цэргийн гавъяаны гүн цолтой хүмүүс байсан бөгөөд Дорж мээрэн гэж хүн Галдангийн эсрэг дайнд оролцсон байдгаас Магсаржав нь 7 дахь үеийн хүн байжээ.

11 насандаа Сайн ноён хан аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25 нас хүртлээ шавилан суусан байна. 1905 оны 7 сард язгууртны зэрэг залгасан ба, Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилжээ. Ийнхүү Магсаржав 27 настайдаа анх удаа төр улсын хэрэгт гар бие оролцохоор алс газар зорив. 1911 онд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж 1912 онд ховдын хязгаарт онц их чуулганаар Монгол улсдаа нэгдэх шийдвэр гаргасны дараа Ховдын халх жасааны эрхлэгч Магсаржав манжийн амбаныг Ховдоос гарах шаардлагыг анх хүргүүлсэн байна.

 

Гэвч Ховдын амбан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан учир Богд хааны зарлигаар тэр үед Гадаад яамны дэд сайд байсан Дамдинсүрэн, Магсаржав нар 100 орчим цэрэгтэй Ховдыг чөлөөхөөр гарч зам зуураа цэрэг элсүүлэн 500 орчим цэрэгтэй Ховдод очсон байна. Ховдыг чөлөөлөх төрийн сайд нь Жалханз Хутагт байв.

Улмаар Дөрвөд далай ханы ахмад хүү Түмэндэлгэржав дөрвөд, баяд нийлсэн 700-гаад цэргээ авч ирсэн, мөн Урианхайн Гомбодорж 300 цэрэгтэй, Урианхайн Ши бэйсийн 17 сумын 300 цэрэг нэмэн иржээ. Энэ үед Ховдын хязгаарт Жа лам Дамбийжанцан нэр хүндтэй байсан учир Хүрээнээс ирсэн сайд, жанжин нар Жа ламын тусламж нөлөөг авч түүний нэр хүнд, сүр хүчээр баруун Монгол, урианхайг хөдөлгөж цэрэг татан цуглуулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна. Тэр цагаас эхлэн дайчилсан цэргүүд ирж нийлсээр Монгол цэрэг 3000 орчим болж Ховд хотыг бүрэн бүслэн авах үед 5000 цэрэг хүрсэн байна.

Ховдыг чөлөөлөх үйл хэргийг соц нийгмийн үед Хатанбаатарт бүх гавьяаг тохох нь их байсан, гэвч уг байлдааны ажиллагааг Манлайбаатар Дамдинсүрэн ерөнхийд нь удирдаж байсан байна. Харин төрийн сайдын хувьд улс төрийн шийдвэрийг Жалханз хутаг гаргаж байж. Ховдын хязгаарын ноёдоос улс төрийн шийдвэр гаргахад Дөрвөд далай хан Түмэндэлгэржав гол үүрэгтэй байсан бол цэрэг элсүүлэх болон байлдааны ажиллагаанд Дамбийжанцан гол үүрэгтэй байв. Тэгэхээр Ховдыг чөлөөлөх ажиллагаа ганц Хатанбаатарынх гэдэг бол буруу юм. Гэхдээ Магсаржав Ховд хотыг Манжийн амбан, хятад цэргээс чөлөөлөх тулалдаанд цэрэг дайчдаа амжилттай удирдан зохион байгуулж ялалт байгуулсан тул Богд хааны зарлигаар Хатанбаатар цол, үе улиран бэйсийн зэргээр шагнагдаж үүнээс хойш Монгол улсад Хатанбаатар гэж алдаршсан байна.

1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. Алтайн хязгаар чиглэлд Хатанбаатар Магсаржавын цэрэг хятадын цэргийг тосож байлдсан ба 1913 оны 12-р сард Монголын талыг Шар сүмд байсан Оросын консул М.Н.Кузьминский, Хятадын талыг Торгуудын ван Балт нар төлөөлөн байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. Алтайн хязгаар нь 1907 онд Ховдоос салгаж байгуулагдсан ч Ар Монгол гэсэн бүс нутагт хамрагдаж байсан тул Монгол улсад бүрэн нэгдэх боломжтой байсан ба уг нутгийг чөлөөлөх цэргийг Хатанбаатар удирдаж байсан ч Шар сүмд Хятадууд их хэмжээний цэрэг хуралдуулан давшсан тул хориглон хамгаалалт хийж байсан байдаг нь одоо түүхэнд ихээхэн бүрхэг үлдсэн. Хятад цэрэгтэй Хатанбаатарын цэрэг зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн гэдэг ч том хэмжээний байлдааны ажиллагаа болоогүй бололтой. Энэ үед Таван замын байлдааны ажиллагаа ӨвөрМонголд тун их амжилт олж байсан нь ӨвөрМонгол ноёд болон ард олон нь Халхын цэргийг маш их дэмжиж байсанд гол учир байсан бол Алтайн хязгаарын захирагч Балт ван уг мужийг болон Ховдыг Хятадад нэгтгэхээр санаархаж Хятадын цэргийг ихээр хуралдуулсан. Мөн ойрд иргэдийг уг бүс нутгаас холдуулан Шинжааны нутгийн гүн рүү нүүлгэсэн нь Хатанбаатар амжилт олоогүйн гол шалтгаан болов уу.

Хэдийгээр Хятад цэрэг хүн хүч зэвсгээр илт давуу ч шууд довтолж зүрхлэхгүй байсан нь Хатанбаатарын цэрэгт бүрмөсөн ялагдвал Алтайн хязгаарыг бүтнээр нь алдана гэж айж байснаас үүдэлтэй, энэ үеэс Балт ван Дамбийжанцантай элчээр байнга харьцаж байсан бөгөөд цаашдын Дамбийжанцангийн төв засагт захирагдахгүй болсон нь эндээс эхтэй ч байж болно. Балт ван “Ховдын хязгаарын ойрад, дөрвөдүүд халхтай нэгдэж болохгүй. Халхууд хуурна шүү. Бидэнтэй холбоотой бай. Миний үгэнд эс орвол бид цэргийн хүчээр дайрна”, “Та нар Халхад дагаар орж, биднээс урвах юм бол цэрэг зэвсгийн хүчээр хатуу цээрлэл үзүүлнэ” гэх утгатай захиаг баруун хязгаарын ноёдод хүргүүлж байсан хүн юм. Ингээд 1915 онд Гурван улсын хэлэлцээрээр байлдааны ажиллагаа нэгэнт төгссөн тул тэр хүрээнд татагджээ. Үүний дараагаар 1916 онд Хятадын эсрэг босоод ялагдаж зүүн хязгаарт орж ирсэн байсан Бавуужавын хэрэг явдалд Монголын Засгийн Газар Хатанбаатар С.Магсаржавыг Бавуужавтай нүүр тулан уулзаж ятган ухуулж, түүнийг дээрэм хулгайгаа зогсоож зэвсгээ хураалган Ар Монголын аль хүссэн газраа чөлөөтэй нутаглан суухыг мэдэгд хэмээн илгээжээ. С.Магсаржав Нийслэл Хүрээнээс шууд явж, Сэцэн хан аймгийн Үйзэн гүний хошуу (одоогийн Дорнод аймгийн Матад) хүрч Бавуужавт “хязгаарт түвшингүй болгон түйвээж болохгүй, зэр зэвсгээ хураалгаж, нам гүм шударга түвшин явах хэрэгтэй. Улсын сангаас цалин хэрэглэлийг чинь олгоё” хэмээн хэлүүлсэнд Бавуужав түүний үгийн хариу болгож “Бид нэгэнт Монголд жигшигдэн хөөгдсөн учир цэргийн зэр зэвсгийг хураалгаж чадахгүй, цалин мөнгө ч авахгүй, харин энэхүү зэвсгээрээ Монголоос чадах чинээгээр хоол олж иднэ. Монголтой эрэгчин эмэгчнээ үхтэл үзнэ. Хэрэв Монголд дийлдвээс бид гомдох явдалгүй, дийлж болбаас хэзээ ч Монголоос амиа тэжээнэ хэмээгээд Халхын нутгаас Хөлөнбуйрын зүг ухран гарсан байна. Дараа нь Бавуужав манжуурт тулалдаанд алагдсаны дараа түүний үлдэгдэл цэрэг 1917 онд зүүн хязгаарт дахин халдаж энгийн номхон иргэдэд халдаж эхэлсэн тул Богдын засгаас дахин Хатанбаатар Магсаржавыг захирсан цэргийн хамт илгээж Хатанбаатар Халх голд ирж, Бавуужавын үлдэгдэл цэрэгтэй дайтан устгажээ. Эндээс Бавуужавтай бол Хатанбаатар дайтаагүй харин түүний үлдэгдэл цэргүүд дээрмийн бүлэг болсныг дарсан гэж ойлгож болно.

Үүний дараа 1918 онд хил нэвтрэн одоогийн Тува болон Хөвсгөлийн чиглэлээр орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагааг амжилттай удирдсан байна. Гэтэл 1919 оны намар Хятадын генерал Сю Шүй жан Монголын автономитыг унагасан ба 1920 оны есдүгээр сард Хатанбаатар Магсаржав болон Манлайбаатар Дамдинсүрэн нарыг Хятадын эсрэг хуйвалдаанд оролцсон, Улаан Орос Улсаас тусламж гуйх гэсэн хэмээн сэжиглэж баривчилжээ. Ер нь Автономит засаг унасаны дараа олон нийтийн урсгал хөдөлгөөн бүрэлдэж байхад Хатанбаатар Магсаржав нууц бүлгэмийн тухай мэдэж байсан бөгөөд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхыг дэмжигч дээд зиндааныхны тоонд багтаж байв. Гэхдээ энэ бол шалтаг байж болох, харин жинхэнэ шалтгаан нь Хятадын эсрэг удаа дараагийн тулалдаанд цэргээ амжилттай удирдаж байсан Монгол цэргийн гол алдартнуудаас хятадууд эмээсэнээс эхтэй, бас тодорхой хэмжээнд өс хонзон ч байсан байх талтай гэж харагддаг. 1921 оны II сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад Хатанбаатар баривчлагдсан бусад хүмүүсийн хамт шоронгоос суллагдаж, цэргийн яамны сайдаар томилогджээ. Гэвч Хатанбаатар Барон Унгерны улс үндэстний эсрэг мөн чанарыг ойлгож байсны улмаас зөрчилдөж улмаар Богдын зарлигаар Халхын баруун хоёр аймгийн цэргийн жанжнаар томилогдож түүнтэй хамт Жалханз хутагт явсан байна. Барон Унгерний зорилго бол Ховд, Улиастайд цэргийн түшиц газар бий болгохоор Вандановыг илгээсэн байсан.

Харин Хатанбаатар баруун зүгийн хоёр аймгийг төвхнүүлэх нэрийдлээр дээр дурдсан аймгуудын цэргийн командлагч болсон ба дараа нь Улиастайд бослого гарган тэнд байсан Вандановын цэрэг болон Вандановыг устгажээ. Хатанбаатарын Улиастайн бослого нь Монголын баруун хэсэгт бэхжих гэсэн Барон Унгерний төлөвлөгөөг нураасан. Улиастайн бослого цагаантны баруун зүгт байсан Казанцев, Кайгородов, Бакич нарын отрядуудыг Барон Унгерний гол хүчнээс тасалж Монгол ардын журамт цэрэг ялах гол нөхцөлийг хангажээ.

Хатанбаатар Улиастай дахь бослогын дараа Ховд Улаангомын чиглэлд амжилттай байлдсан нь Ардын засгийн газрын байдлыг үлэмж сайжруулж өгсөн байна. Хэрэв Хатанбаатар Улиастайд бослого гаргаагүй бол, баруун хязгаарт амжилттай байлдааны ажиллагаа явуулаагүй бол Барон Унгерн баруун Монголд цагаан Оросын 3-4 мянган хүнтэй шилмэл отрядтой болж Монголын эрх ашигт ихээхэн уршиг тарьж болох нөхцөл байдал үүсэх байлаа. Улиастайд бослого гаргаж баруун Монголыг чөлөөлсөн явдал бол Хатанбаатарын улсын өмнө байгуулсан гавьяа бөгөөд тэр ийнхүү хоёр удаа баруун хязгаарыг чөлөөлсөн юм байна. 1922 онд Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авсан ба Сүхбаатарыг нас барахын өмнөхөн Хатанбаатар Монгол улсын Цэргийн яамны сайд болж, насан эцэстлээ Цэргийн яамны сайдын албан тушаал хашиж Монгол улсын байнгын Армийн суурийг тавьжээ. Мөн 1924 онд төв хорооны гишүүнээр сонгогдсон ба 1924 онд Ардын Засгийн газраас Ардын баатар хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төвд Дуулгат бунхныг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна. Нутгийн ард түмэн Магсаржавыг шулуун шударга зантай, ажилсаг хичээнгүй, эрэмгий зоригтой, морины ба бөхийн цолыг сайхан дууддаг, дуунд авъяастай байсан хэмээн ярилцдаг байжээ. Тэрбээр 1927 оны 9 дүгээр сарын 3-нд нас баржээ.

Хатанбаатар бол ард түмний бүх давхаргын дунд ихэд алдаршсан хүн. С.Магсаржавын тухай ард олон “Дайсны сум даадаггүй, ямар ч дайсан халдаж чаддаггүй, дайнаас ирээд бүсээ тайлахад өврөөс нь сум сархийн унадаг”, “Хас чулуу мэт зүрхт, хатуу хурц зоригт Хатанбаатар” хэмээн биширдэг байжээ. Хатанбаатар цэргийн сэтгэл зүйтэй маш их ажиллаж чаддаг мэргэн цэцэн үгтэй, олныг дагуулсан үйлдэл ч их хийдэг байсан байгаа юм. Тухайлбал: “1912 оны Ховдыг чөлөөлөх дайнд Хатанбаатар С.Магсаржав, Жалханз хутагт нар “Мянгадын хөх хөтөл” гэдэг газар очоод бүх цэргүүддээ адис өгсөн гэдэг. Тэр бүү хэл Хатанбаатар өөрөө Чойжин бууж цэргээ хурцалдаг, зангиа өгдөг байсан байна. Хатанбаатарыг хятад цэргийн зүрхийг сугалж туг тахиад цусыг Монгол цэргүүддээ хүчээр балгуулдаг байсан гэсэн яриа ч байдаг юм билээ. Харин тэр өөрөө өөрийнхөө тухай “Намайг баатар хүн гэдэг. Би үнэндээ баатар хүн биш, зоригтой хүн. Миний мэт хатуу зоригийг барьж чадваас ямар ч хүн баатар болж чадна. Иймд аливаа хүнд зориг хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг байна . Хатанбаатар эх оронч бөгөөд их ухаантай хүн байжээ . Зарим хүн Хатанбаатарын Жа ламд бичсэн захиаг уншаад түүнийг Жа ламын шавь байсан гэжээ, гэтэл Хатанбаатар 1905 оноос Ховдын хязгаарт ажиллаж хүн ардын сэтгэлийг татахад Жа ламын дэм байгааг олж харсан улс төрийн ухаан гаргасан л хэрэг юм. Тэр үед битгий хэл өнөөдрийн 21-р зуунд сая “Наран хутагт“ гэж нөхөр баруун аймгуудаар цэрэг цагдааг жагсааж байсан даа. Тэгэхээр Жа лам шиг дүвчин олны сэтгэлийг тухайн үедээ дагуулсан хүнийг өөрийн талд байлгах гэсэн санаа Магсаржавт төрсөн хэрэг. Тухайн үед Балт ван Жа ламтай харьцсан харилцаа, Хатанбаатартай харьцаж байсан харилцаанаас түүнийг гуйвшгүй Монголын төлөө нь илт мэдэгдэж байгаа юм. Бас Баяр гүн, Хатанбаатар хоёрыг харьцуулан харвал, ялгаа асар их байгаа юм шүү, Хатанбаатар Жа лам битгий хэл Богдын үгээр явдаг ч хүн биш байсан нь түүний олон үйлдлүүдээр нотлогддог доо. Баяр гүн хаан, шашиндаа үнэнч албат, түүнд хааны зөв буруу хамаагүй Богд мэдэж байгаа гээд өөрийн толгойгүй л зүтгэж харин Хатанбаатар Монгол улсын ашиг сонирхолд үнэнч өөрийн бодолтой хүн байжээ. Уг нь Баяр гүний оронд Хатанбаатар байж болохоор шүү.

20-р зууны түүхэнд төрсөн Монгол улсын цэргийн нэрт жанжин, Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ардын Хатанбаатар Магсаржав 1912-1922 оны хооронд 11 жилийн 5 жилийг дайны галд өнгөрүүлэхдээ улсынхаа баруун, зүүн, хойно, өмнө хязгаарт 7000 км орчим газрыг туулж 30 гаруй тулаанд орж нэг ч ялагдаагүй гэж түүхэнд үлджээ.

Б.Өлзийсайхан

"Дөчин түмэн Монгол дөрвөн түмэн ойрд  Монголын түүх" фэйсбүүк бүлгэм

 https://www.facebook.com/groups/1443170802587365/

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 22. 16:24
Зочин

Цагааны офицерийн арьсыг нь амьдаар нь хуулж байсан хүн дээ.

2021, 12 сар 22. 7:39
Зочин

Зарц эмэгтэйгээсээ өргөж авсан гэдэг биш үү

2020, 8 сар 8. 10:03
Зочин

Барон Унгерн хэрвээ хүчээ авсан бол хожмын дэлхийн том дайнуудын дараа Монгол хятадын мэдэлд үлдэх байжээ. Тэгэхээр Бароныг хүчгүйдүүлж дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн Хатанбаатар монголын тусгаар тогтнолд үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн байна.

2021, 12 сар 22. 20:24
Зочин

Ардын Хатанбаатар С. Магсаржавын 2 ихэр хүүгийн нэгийнх нь зээ нар УБ хотод байдаг, ялангуяа том зээ хүү нь Баатар вантай зүс царайгаар төстэй, төрөлхийн биеийн хөгжилтэй бага наснаасаа гар тулааны урлагаар хичээллэдэг байсан гар тулаанд ялагдаж байгаагүй, шудрага сэтгэлтэй 60 гаран насны ухаалаг өвгөн бийдээ...

2020, 3 сар 4. 4:16
Зочин

baatad

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]