Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хадаа аваргын өврийн дэвтэрт бичигдсэн харамслын үгсУншсан50,942

Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хүртэж бөх гэгдэх болсон юм.

Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгүй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд тууний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагуй дээ.

1986 оны 07 сарын 23-ны өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бүр зүрх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хөөрөөд хот, хөдөөгүй 13 хоног архи ууж согтуурч хөөрч явлаа. Энэ нь нэг үгээр хэлбэл хөөрөөд буух газраа ололгуй засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн өмнө ард түмнийхээ өгсөн БНМАУ-ын аварга гэсэн хүндтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, үхмээр санагдаж байлаа. Гэвч төрүүлсэн ижий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгуй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрлээ. Өөрийн бодож, ухаарч буй зүйлээ илэн далангуй, эрээ цээргуй бичиж сууна. Хэрэв би хүн шиг амьдраад явсансан бол энд суухгуй байж. Гэтэл яасан гэж бодно оо!

Урд өмнө шоронд ороход хөөрхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачихаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй, биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг...! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь үүрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.

Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хүртэж бөх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу хэлсэн гэж бодно.

-Халхад хүүхэн мундсан биш очиж очиж Увсаас хүүхэн авахдаа яадаг юм бэ? гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, үр хүүхдээсээ зугатаж архины мөр хөөсөн. Ингээд л олон түмнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогүй, армийн ногоон погон зүүчихээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрөө өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү Ууганбаяраа өнчрүүлж, дараа нь Нямжав, Даваажав, охиноо нийт таван хүүхдээ өнчрүүлж хаясан хүн яаж ч өөдтэй явахав дээ!!! Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! Үгүй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм. Би л буруутай. . . !!!??? Намайг өөдтэй өнгөтэй бөх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгуй хүчтэй бөх болох хүн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд

-Ээ дээ, цаадхаа өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг эм сүвтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал үзсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! Өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол өдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!

Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгүй өдий хүрлээ. Болдог л юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггүй хүнтэй гадуур зөндөө л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөө л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хүртэл май уучих гээд өгөхөд нь би уудаггуй билээ. Энэ маань зөвхөн түр зуурынх уу, аль эсвэл архинаас бүр гарчихаад байгаа хэрэг үү? Би уухгүй гарсан шүү, гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөө хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр үед нь уухгүй хэмээн яваад өгөхөд ёстой гайхна буй за! Энэ бол мөрөөдөл биш, би яг ингэж чадна. Би уухгүй, уух нь битгий хэл амсах ч үгүй!. . .

...Алдсан алдаагаа бодохгүй байя гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эрүүл саруул ухаантай, архи дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагүй явахдаа зорилготой байдаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийнэ гэсэн өөрийн төлөвлөсөн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагүй худлаа хэлэх, авсан бай шагнал, өмсөж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангүй ээ. Хэрэв дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хүн алахаас буцахгуй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бүтээх байсан юм даа, хөөрхий! Энэ бичиж буй зүйлээ өөрийнхөө амьдрал дээр нотлож өгөх нь миний гол зорилт, үүрэг юм даа!

1989 оны 3-р сар.

Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд

Улсын аварга Хадбаатар: Аваргын тэмдэглэл, ярилцлага, дурсамж, захидал, сурвалжлага, шүлэг, гэрэл зургууд номоос

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 7 сар 31. 18:09
Хорсол занал

Уух дуртай залуучуудад энийг сайтар уншуулах хэрэгтэй. Архи бол хэрэггүй эд. Хийдгээ хийчихээд, бие тэнхээ муудаж, чадал доройтсон өтөл насандаа л уувал юу юм гэхээс. Согтуу хүн зодоон цохион, хүчин, аллага юу л бол юу хийнэ, үгүй юмаа гэхэд авсан жаахан цалингаа цацаад хохирно. Архи бол идээний дээж биш зүгээр нэг муу дрожжийн шээс! Нээрээ шүү дрожжь буюу бидний хэлж заншснаар хөрөнгөний хөгц, мөөгөнцөр нь аливаа органик материалд байх нүүрс ус, сахарыг задлаж энергээн авсны дараа үлдэгдэл болж гардаг бодис. Оросуудын иддэг буудайд ч хятадуудын иддэг цагаан будаанд монголчуудын уудаг сүүнд ч тэр сахар байдаг юм. Тэрийг хэрэглэж задлагч, нүдэнд харагдахгуй бичил биетний шээсийг уунаа гэдэг бол мансууруулах бодис хэрэглэж байгаагийн нэг хэлбэр. Дөнгөж их сургууль төгсөөд ажлын гараан дээр гарсан хүүхдүүдийг том болсон юм чинь татчих гэж ятган архи уулгадаг, найран наадам дээр эр хүн байж татчихаач гэж ятгадаг товчдоо бусдыг архиар шахдаг хүмүүсийг хараал идээсэй. Муусайн ад чөтгөр албин тийрэнгүүд!

2022, 7 сар 31. 18:17
Хорсол занал

Хэрэг төвөгт холбогдоогүй ч амьдралаа сүйрүүлээд гуйлгачин, өвгөнтчин болсон, эсвэл элэгний хатууралд орсон маш их хүмүүс байгаа. Сайн сайхан, чадалтай, албан тушаалтай яваа цагт нь найр наадам дээр шахаж байсан эсвэл хэргээ бүтээлгэх гээд архи сарвайж байсан новшнууд харин нөгөө архинд оруулсан хүн нь гудамжны архичин, эсвэл элгээ солиулахгуй бол үхэх болсон өвчтөн болход нь танихгуй царайлаад өнгөрдөг. Тийм хүмүүсээс чи цагтаа энэ хүнийг архиар шахаж байсан биздээ гэж асуувал зөвхөн би шахаа юу гэж бултаж нэг үзнэ, нөгөө хэсэг нь өгсөн тэгэхдээ ямар архичин болгох гэж байнга өгөө юу гэх нь бий, зарим нэг нь бол нийгэм угаасаа ийм энийг давж бүдэрсэн хохь нь гэх нь ч бий. Эднийг хархаар ой гутмаар. Би лав хэзээ ч хүнийг архиар шахагуй.

2021, 2 сар 7. 23:37
ЗочинБарбаатар

Аваргын алдсан яах вэ хойчийн үедээ үлдээсэн сургамж агуу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]