Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжавын домгуудУншсан9,072

Ойрдын хаан Галдан бошгот манжуудтай байлдаж ялагдчихаад буцаж явжээ. Халхын ноёд урван тэрсэлсний гайгаар ялагдсан юм санжээ.

Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Өнгөрсөн үеийн тухай уран сэтгэмжийн үндсэн дээр бат итгэлтэйгээр тааварлан түүнийгээ илэрхийлсэн хэд хэдэн домгийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Ингэхдээ бид Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны Монголын ард түмэнд үлдээсэн өв их эрдэнээс уншигчдадаа хүргэж байна.

 

БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ДОМОГ

Энэ газар Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай бригадын нутаг юм. Урьд цагт энэ нутагт нэгэн бяртай хүү ээжтэйгээ цуг амьдарч байв. Тэр үед манжийн хааных их наадам хийх болж олон газрын бөхчүүдэд зарлан түрүүлсэн бөхөд их шан амлажээ. Үүнийг нутгийн нэг бөх сонсож наадамд явахдаа нөгөө хүүг дагуулж явжээ. Хүү наадамд очоод барилдсаар үзүүрт үлджээ. Гэтэл манжийн хааных нөгөө хүүг бууж өг, манай бөх түрүүлэх ёстой гэж шаардаж гэнэ. Хүү тэгэхэд нь хол газраас зорьж ирсэн ядуу хүн бууж өгөхгүй гэжээ. Ингэж барилдаад манжийн бөхийг хаячхаж гэнэ. Манжийнхан манай бөх унаагүй гэж барилдуулаад дахин хаячихжээ. Мөн барилдуулсан, 3 дахь удаагаа хаячихжээ. Ингээд хааны зарлиг зөрчив гэж хүүг барьж аваад мөглөнд хорьжээ. Харин азаар манаач өвгөн нь сайн санаатай хүн таарч. Чи бол үнэхээр сайхан хүн, сайн бөх юм. Би бол үхлээ хүлээсэн хөгшин хүн юун их наслах вэ? Иймд чамайг суллаж явуулаад өөрөө яахыгаа үзье. Харин чамайг мөрдөх нь зайлшгүй учраас сэрэмжтэй яваарай гэв. Хүү нутагтаа ирээд амьтнаас нуугдан эхтэйгээ уулзаж нэгэн их хөвчид орогнох болов. Тэнд гурван жил амьдарч байгаа нэгэн их том биетэй хүнтэй тааралдан танилцав. Эхний удаа нэр усаа мэдэлцээд л өнгөрөв. Хоёр дахь удаагаа тааралдаад чи манайд оч. Харин морио орхиод миний араар сундалж нүдээ ань гэв. Ингээд хэлснийг нь дагаад явж байтал хад түр тархийн хэсэг яваад зогсоход нүдээ харав. Тэгэхэд уулын хооронд хэдэн цагаан гэр байв. Очтол бөх бололтой хэдэн залуус үлгэр домог, бөхийн тухай ярилцаж суув. Ингээд айраг уун, хууч хөөрч байгаад оруулж ирсний адил нүдийг аниулан гаргаж өгөв. Мөн таван жилийн дараа дахин тааралдан гэртээ түрүүчийн адил авч ирээд хоёр сайхан морь өгч.

Би чиний адил их зовлон үзсэн хүн. Миний нэрийг бөх Шар гэдэг. Чи намайг эрээд ч олохгүй. Иймд надтай уулзлаа гэж хүмүүст ярьж л яваарай гэжээ. Үүнээс хойш тэр газрыг Бөх шарын нуруу гэж нэрлэдэг байснаас Бөхөн шарын нуруу гэж ярьдаг болжээ.

 

БОДИЙН ГОЛ

Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт Бодь нэртэй хөмөг Бодийн гол нэртэй гол бий.

Ойрдын хаан Галдан бошгот манжуудтай байлдаж ялагдчихаад буцаж явжээ. Халхын ноёд урван тэрсэлсний гайгаар ялагдсан юм санжээ. Тэгээд Галдан Бошгот манжийн түрэмгийлэгчдээс илүүгээр халх Монгол овогтонд өширчээ. Замдаа дайралдсан бүхнийг хүйс тэмтрэн улаан зам татуулж явсаар их говийг туулжээ. Их ч аяншин ядарч сэтгэл нь галхирчээ. Гантай цөлд хүн бүхний тэргүүн, хөлөг морьдын толгой гудгар явтал гэнэт өмнөөс нь сэрүүн салхи сэвшиж, хөхөөн дуу сонсогдож нүдний нь үзүүрт айл гэр, адуу мал алаглан найр хуримын түрлэг сонор дэлсжээ. Галдан бошгот нэгэн зуур халхын ноёд л урваснаас бус хүн ард нь урваагүй шүү дээ. Тэгвэл би гэмгүй олныг юунд хүйс тэмтрэв хэмээн харамсан бодлогоширсноо баатар дайчдадаа зарлиг буулган "Амин шарх олсон араатан мэт цусан өшил зангирсан миний сэтгэлд энэ газар ус нигүүлсэнгүй бодь сэтгэл төрүүллээ. Эндээс эхлэн хүн амьтны байтугай, Монгол газрын гүрвэл хорхойн амийг ч бүү хөнөө" гэж зарлиг болж хонон өнжин саатах зуур дайчид нь овоо босгож уул газрыг Бодь гэж нэрлэснээр уг газар Бодь нэртэй болж урсгал усыг нь Бодь гол гэдэг болсон хэмээнэ.

 

БАЙДРАГИЙН ГОЛ

Халх өөлдийн дайны үед ажээ. Одоогийн Байдрагийн голын сав нутагт их дайн болж олон хүний амь үрэгдэж голын ус улаанаар урсаж байж гэнэ. Нутгийнхан энэ бузрыг арилгахаар тохирон цусны улаан өнгийг цагаан идээний өнгө л дарж арилгана гэж хэлэлцэж гэнэ. Нэг хүн «Гол руу сүү хийе» гэсэнд нөгөө нь «Сүү гашлаад шар болгочихно. Шар өнгө тусгүй, цагаан л болговол зүгээр сэн. Гашилдаггүйгээр нь тараг хийе» гэсэнд бүгд зөвшөөрчээ. Ингээд айл бүр таргаа хураан хэлэлцсэн өдөр болмогц голын усанд таргаа хийсэнд гол цагаанаар урсжээ. Иймд Баян тарагийн гол гэж нэрлэжээ. Энэ нь хожим аман ярианд Байдрагийн гол гэж сунжирч хэлэгдэх болж гэнэ. Тэгээд энэ голын цутгадаг нуурын ус өвөл нь хөлдөхдөө цав цагаан өнгөтэй байдаг тул түүнд нь Цагаан нуур гэсэн нэр өгчээ. Энэ газар Баянхонгор аймгийн нутагт бий. Монгол овогтон өөр хоорондоо учир шалтгаангүйгээр алалдан тэмцэлдэхийг жигшсэн ийм домог маш олон билээ.

 

ЗҮҮН, БАРУУН ТУРУУН ГОЛ

Энэ хоёр гол Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумдын нутгийг дамжин урсах ажээ. Амарсанаа баатар манжийн цэргээс зугтан Орос улсаас тусламж гуйхаар явахдаа хол аяны замд аянширсан морио нэгэн голоос услахад дэлтэй цэнхэр морины нь зүүн хөлийн туурай мултран унав. Иймд тэр голыг Зүүн туруун гол гэж нэрлэв. Мөн цааш давхиж яваад нэгэн гол тааралдахад нь морио услахад морины нь баруун хөлийн нь туурай мултран унав. Мөн тэр голыг Баруун туруун хэмээн нэрлэжээ. Хол газар давхиж халсан морины туурай хүйтэн ус чийгт хүрмэгц мултран унадаг юм санжээ.

 

ХУЛ АЗАРГЫН УУЛ

Нэгэн тулалдаанд Чингүнжав манжийн цэрэгт гурван давхар бүслэгдээд байхдаа жанжны тугаа дайсанд алдахгүй гэж бөх сайнаар бүрчиглэн цэргийнхээ бүрээний хамт ороо хул азарганыхаа сүүлнээс бэхлэн уяад тавьчихжээ. Азарга нь түүнийг нь чирсээр бүслэлтээс гарч хотгойдын баруун хойд захын нутагт буй Дэдинлхүмбэ гэдэг ууланд хүрч ирснийг нутгийн нэг хүн олоод таньж тугийг салгаж авчээ. Тэр цагаас энэ уулын хуучин нэрийг дэргэд нь буй багахан ууланд өгч их нурууг Хул азаргын нуруу гэж нэрлэсэн байна. Эл уул Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт бий ажээ.

 

ЗАЛХААДАГ МОД

Шадар ван манжийн цэргээс зугтаж явахдаа Өлийн даваан дээр гарч ирэхэд давааны ард битүү хар ой харагдаж гэнэ. Ван ноён даваан дээрээс «Их ой модон миний замаас зайл» гэж зарлиг буулгахад ой мод хоёр тийш ярагдан чөлөө гаргажээ. Харин энэ чөлөөнд нэг удган мод, өөр нэг жирийн мод хоёр л үлдсэн гэдэг. Шадар ван ойн чөлөөгөөр давааны ар руу буухад жирийн мод урдуураа өнгөрсөн Ван ноёнд бөхийн сөгдөж өнгөрүүлэхэд түүний доохон байсан нөгөө удган мод замд нь тээглэжээ. Шадар ван:

 -Энэ ганц мод л миний тушаалыг зөрчив гэж хэлээд дэргэдүүр нь өнгөрөхдөө ган болд сэлмээрээ нэг удаа цавчаад өнгөрсөн ба цэргүүд нь жанжнаа дагаж сэлмээрээ тус бүр нэг удаа цавчсан гэдэг. Үүнээс хойш энэ даваагаар давсан бүхэн заавал өөртөө буй ямар нэг зэвсгээр энэ модыг цохин «Чи юунд эзний зарлигийг зөрчсөн билээ» гэж хэлдэг болсон гэнэм.

 

ЗАСАГ УУЛ

Шадар вангийн хамт манжийн эсрэг боссон нэг засаг ноён Эгийн голд цутгасан Зүүн Харганын голын эхний нэгэн их ууланд нуугдаж байтал дэргэд нь хөх түрүү нисэн иржээ. Тэр ноён түүнийг барьж аваад бөгс рүү нь үс чихээд тавьчихсанд өнөөх нь ниссээр уг уулыг бүсэлсэн дайсны цэргийн зангийн дэргэд ирээд буужээ. Дайсны цэргийн занги «Энэ хөх түрүүний бөгс рүү үс чихсэн хүн та нарын дунд бий юү?» гэхэд цэргүүд нь «Үгүй» гэжээ.

-Тэгвэл энэ ууланд шадар вангийнхны нэг этгээд нуугдаж буй юм байна. Энэ уулыг нэгжтүгэй! гэжээ. Ингээд Засаг ноёныг эндээс олж баривчилсан учир тэр уулыг Засаг уул гэж нэрлэжээ. Энэ газар Хөвсгөл аймагт бий.

 

МУНА, ГУРВАН ТУЛГА

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1˗р бригадын нутаг Дэлгэр мөрний хөвөөнд мунын толгой адил жижиг бөөрөнхий толгой, мунын хугарсан иш хэлбэртэй урт нарийн ухаа толгод байдаг. Урьд Чингүнжав морио аргамжихдаа гадас цохидог муна нь хугарч иш толгой хоёр нь тус тусдаа ухаа толгод болон тогтсон гэнэ. Иймд Муна, Хөдөө муна гэж нэрлэсэн ажээ. Бас тэнд Алтан гадас гэдэг жижиг уул бий. Урьд Чингүнжав энэ уулаар гадас хийн морио аргамждаг байсан тул тэр уулыг Алтан гадас гэх болсон гэлцэнэ.

Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Шаврын голын зүүн тал, Тэсийн голын баруун талд Гурван тулга нэртэй гурван уул бий бөгөөд үнэхээр ч тулганы гурван хөлтэй төстэй. Хотгойдын ван Чингүнжав аян дайнд явж байхдаа энэ гурван уулан дээр тогоогоо тавьж хоол цайгаа болгодог байжээ. Ингээд үүнээс хойш Гурван тулга гэж нэрлэжээ.

 

БҮСТ НУУР, АЛТАН ТЭВШ

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт буй нэг үзэсгэлэн төгөлдөр нуурыг Бүст нуур гэдэг байна. Энэ нуурын дунд уул бий.

Урьд шадар ван Чингүнжав Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэнэ. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айсан ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн давхиж нуурын дундах уул руу айсуй харагджээ. Иймд шадар ван:

-Айсан зовсон бүхний амь авран орогнуулдаг ачтай, тустай нуур юм аа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав алтан тэвшээ дунд ууланд нь булж, нуурын мөсийг цоолж товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэнэ. Тэр цагаас уг нуурыг Бүст, дундах уулыг нь Алтан тэвш гэж нэрлэх болжээ. Мөн

Хоноглосонхон газар нь

Ховдын цагаан түнгээ

Ховлоод мордсон цэрэг нь

Хоёр живаа цэрэг

Бүгсэнхэн газар нь

Бүстийн дунд уул

Бүслээд мордсон цэрэг нь

Хоёр живаа цэрэг

Хүчлэнхэн зорьсон газар нь

Хүрмэн тагнын цаахна

Хүрээлэн мордсон цэрэг нь

Хоёр живаа цэрэг

Гурван живаа цэргээ дагуулсан ч болоосой

Гургалдай зээрдээ унасан ч болоосой гэж энэ тухай дуу гарсан гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]