Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголчууд Сүн улсыг байлдан эзэлсэн нь-1Уншсан24,259

Сүн улс нь Монголчуудын хувьд хүчирхэг дайсан байсан юм. 300 жил орчим оршин тогтносон Сүн улс Монгол улсаас давуу тал олон байсан юм.

Сүн улсын тухай....

Сүн улс нь Монголчуудын хувьд хүчирхэг дайсан байсан юм. 300 жил орчим оршин тогтносон Сүн улс Монгол улсаас давуу тал олон байсан юм. Сүн улсыг өмнө зүгт хүчирхэг байхад нь умард хэсэгт Хидан буюу Ляо улс хүчирхэгжсэн байв. Энэ үед Сүн улсын хамгийн гол дайсан нь Хиданчууд байжээ. Хидан улс сулран доройтож, зүрчидүүд бослого гаргахад Сүн улс зүрчидүүдэд тусалж байв. Улмаар Алтан улсыг байгуулахад Сүн улсын зүгээс огт саад хийгээгүй. Харин ч дэмжиж байжээ. Гэтэл “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг үлгэрээр Хиданчуудыгаа эрхшээсэн Зүрчидүүд өмнө зүг хөдөлж, Сүн улсыг цохижээ. 1126 онд Сүн нар өмнө зүг шахагдаж, өөрсдийгөө “南宋”буюу “Өмнөд Сүн” хэмээх болсон байна. Өмнөд Сүн улсад 2 том дайсан байсан. Хамгийн аюултай нь Зүрчидийн Алтан улс байв. Харин заналхийлэх байдлараа Зүрчидүүдийн дараа орж байсан улс бол “西夏” буюу бидний нэрлэж заншсанаар Тангуд байв.

Энэ үед тал нутагт Монголчууд хүчирхэгжсэнээр Төв Азийн хүчний харьцанд өөрчлөлт гарчээ. Монголчууд Алтан улсад довтлоход Сүн улс тусалж, Алтан улсын өмнөд хил хязгаарыг түйвээх, Монголчуудад зам зээлэх маягаар Алтан улсын эсрэг бодлого явуулж байв. Тэгээд ч Алтан улсыг дайлсан дайны олзоос Сүн улс хүртэж байсан юм. Алтан улсыг мөхөөсний дараа Сүн улс Монголчуудтай харилцаа муудаж эхэлсэн. Учир нь дайны олзноос Сүн улс ихийг нэхсэн нь Монголчуудын дургүйг хүргэсэн байна.

 

Өмнөд Сүн улс тухайн үедээ 76 сая хүн амтай, 100 орчим хот сууринтай, Хөх мөрнөөр төвлөрсөн, хотуудаа усан болон хуурай замаар холбосон, худалдаа хөгжсөн улс байв. Үе үе Хөх Мөрөн үерлэж хүн ардад гай тарина.

Харин Монголын хувьд гэвэл 1 сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай, усан замын тээвэр гэж байхгүй байв. Өмнөд Сүн улсын эдийн засаг, улстөрийн хувьд хүчирхэг байсан юм. Өмнөд Сүн улс нь хил залгах Тангуд, Далигийн хаант улс буюу одоогийн Юньнань, Монголын эзэнт гүрэн, Зүрчидийн Алтан улсыг бодвол эдийн засгийн хувьд илүү байсан бололтой. Энэ цаг үед Сүн улс Хятадын соёлыг хадгалж чадсан цорын ганц улс байсан юм хэмээх Хятадын түүхчид үздэг нь үнэний ортой. Өмнөд Сүн улсын нийслэл нь өдгөөгийн Ханжоу “杭州” хот бөгөөд тухайн үедээ Линань “临安” хэмээн нэрлэдэг байжээ.

Будааг их хэмжээгээр нь тарьдаг, Хөх мөрний хөвөөнөөс урагшаа жилд 2-3 удаа ургац авдаг байсан. Энэ бүх онцлог нь эдийн засгийн хувьд давуу талыг авчирч байсан. Хөршүүдтэйгээ хийх худалдаанд Сүн улс илт давуу байсныг Хятад, Японы түүхчид бичдэг. Нүүрс түлэх, төмөр хайлуулах, цаас хийх, дарь ашиглах, зоос цутгадаг байсан. Эдийн засгийн ийм их хүчирхэг потенциалтай Сүн улсын эсрэг тулсан дайснууд нь ихэнхдээ дайнаа дуусгаж чадалгүй сульддаг байв. Харин Сүн улсыг эзлэх зоримог, амбицтай санаа Монголчуудад төрсөн юм. Гэхдээ Монголчууд зөвхөн цэргийн сүр хүч байгаад Сүн улсыг дийлэхгүй гэдгээ сайн мэдэж байсан. Тиймээс өөр арга тактикуудыг хослуулсан юм.

Сүн улсыг оршин байх үед Исламын ертөнц өөр хоорондоо хагаралдаж, загалмайтны дайн дэгдэж, төв Азид Монголчууд Зүрчид, Тангуд, хорезмтай ид үзэлцэж байсан. Европ бол угаасаа сураггүй байсан. Сүн улсын хөгжлийг Энэтхэг, Африк, Японтой харьцуулахын ч аргагүй хэмээн Английн түүхч Жон Ман өөрийн бүтээлдээ дурьджээ.

Хойд нутгийн нүүдэлчдэд шахагдсан Сүн улс далай тэнгисийн худалдаанд анхаарлаа хандуулах болжээ. Хөх мөрөн болон бусад гол мөрнийг оруулаад нийтдээ 50000 км урт усан замыг Сүн улс хянаж байсан гэдэг. Түүгээр нь худалдааны хөлөг онгоцууд байнга хөвнө. Далайд гардаг хөлөг онгоцууд нь хэр баргийн салхинд тэсвэртэй аж. Одоогийн Гуанжоу нь тухайн үедээ хамгийн том худалдааны боомт хот байжээ. Арабууд Гуанжоуг Зайтин буюу “Чидун жимсний мод” гэдэг байжээ. 1000 хүний багтаамжтай томоохон хөлөг онгоцууд хөвөх тохиолдол байсан бөгөөд энэ хэмжээний онгоцыг Европууд 19-р зуунд л хийсэн юм. Европууд луужин хэрэглэхээс 200 жилийн өмнө Хятадууд луужинг ашиглаж байсан байн. Сүн улсын худалдааны хамгийн том түншүүд нь Япон болон Энэтхэг байжээ. Сүн улсын шаазан эдлэлүүд Япон, Ява арал, Энэтхэг, Арабд экспортлогддог байв. Төрийн байгуулагад ажилладаг хүмүүс нь цалин сайн авдаг байсан учраас хахууль бага байсан гэдэг. Нэгэн судлаачийн тооцоогоор Сүн улсад ойролцоогоор 65 сая хүрэл зоос байнгын эргэлтэнд ордог байжээ.

Сүн улсын үед цаасан мөнгийн гүйлгээнд оруулах анхны оролдлого хийсэн боловч инфляци болсон учраас эргээд зоосон мөнгөндөө шилжжээ. Хүмүүс ихэвчлэн Хубилай хааны Юань гүрний үед цаасан мөнгө анх эргэлтэнд орсон гэж үздэг. Юань гүрний үед цаасан мөнгө эргэлтэнд орсон нь үнэн. Гэхдээ үүнээс өмнө Сүн улсад цаасан мөнгийг эргэлтэнд оруулах оролдлого хийгдэж байсан юм. Хубилай хаан чухамхүү Сүн улсын өмнөх бүтэлгүй оролдлогыг харин ч бүтэлтэй, амжилттай хэрэгжүүлж, мөнгөний илүүдэл, инфляци болголгүй цаасан мөнгийг ашиглаж, хэрэглээнд нэвтрүүлсэн гавьяатай хүн юм. Сүн улс цаасан мөнгө хэвлэсэн нь гайхаад байх юм байхгүй. Угаасаа түүхий эд нь болох цаас нь тэдэнд байсан. Цай Лунь гэх ордны тайган МЭ-ний 5-р зуунд анх цаасыг гарган авч улмаар Араб, Ази, Европт тарсан юм.

Өмнөд Сүн улсын нийслэл Ханжоу нь 1,5 сая хүн амтай, тухайн үеийн хамгийн их хүн амтай хотуудын нэг байсан боловуу. Нийслэл Ханжоугийн хүн ам л гэхэд бараг Монголчуудаас олон байжээ. Чухамхүү ийм их хүн амтай, хүчирхэг улсыг эзлэх санаа Монголчуудад яаж төрвөө? Сүн улсын эдийн засаг, хүн амаас гадна байгалийн хувьд Монголчуудад асар таагүй байв. Халуун, чийглэг уур амьсгалтай, борооны улирал урт, гол мөрөн, намаг ихтэй.

Монголчууд болон Сүнгийн харилцаа илт муудах үед Монголын эзэнт гүрний мэдэлд аль хэдийнээ Тангуд, Алтан улс орсон байв. Энэ нь Сүн улсын хойд болон баруун талын гарцыг мухарласан явдал болсон. Мөнх хаан Сүн улсыг эзлэхийн тулд баруун болон баруун-өмнөд хэсэгт орших Түвд, Дали буюу одоогийн Юньнанийг эзлэх шаардлагатай гэж үзэж байжээ. Энэ нь ч стратегийн хувьд зөв алхам байсныг хожмын үйл явдлууд харуулна.

Өмнөд Сүн болон Монголын харилцаа яагаад муудав?

Сүн болон Монголчуудын харилцаа ямар байсан бэ? Яагаад хурцдав? Монголчууд Өмнөд Сүн улсыг дайлах шалтгаан нь юу байсан бэ? Зүгээр нэг цэргийн амбицтай эзэнт гүрний бодлого байвуу? Эсвэл үнэхээр шалтгаан байсан уу гэсэн асуултууд гарч ирнэ. Монголчууд Алтан улстай үзэлцэж байхдаа Өмнөд Сүн улстай сайн харилцаатай байжээ. Сүн улс Алтан улстай дайсагнадаг байсан учраас Моголчуудад олон талаар тусалж байв. Гэхдээ Сүн болон Монголын маргаан чухамхүү юунаас эхэлсэн бэ?

Өмнөд Сүн улсад Юлмэс тэргүүтэй 70 орчим Монгол элч нар очиход тэднийг барьж аваад Пэй цайзад хорьжээ. Их хааны элчийг алах, доромжлох нь Монголчуудыг өдөөн, догшруулдаг байна. Элчийг барьж хорих нь Мөнх хаанд дайн хийх хангалттай шалтгаан байсан юм. гэхдээ энэ хэрэг Мөнх хааны үед бус харин Өгөөдэй хааны үед болжээ. Мөнх хаан Сүн улсыг дайлахаар болсон нь гэнэтийн тохиолдол биш. Дур зоргоороо явуулсан дайны бодлого ч биш. 12-р зууны үед Хиданчуудыг мөхөөхийн тулд Зүрчидүүдэд тусалж байсан Сүн нар дараа нь Зүрчидүүддээ шахагдаж, өмнө зүгт Хөх мөрний хөвөөнөө төвлөрөн, өөрсдийн боломжоо хүлээж байв.

Монголчуудын хүчирхэгжилт нь Төв Ази дахь хүчний тэнцвэрт өөрчлөлт оруулж эхлэв. Энэ үеэс эхлэн Алтан улс анчны дүрээр бус харин амиа аргацаах амьтны хэмжээнд очив. Сүн улс энэ завшааныг ашиглан Алтан улсад өгдөг албаа өгөхгүй гэжээ. 1217 онд Сүн улс цэрэг хөдөлгөн Алтан улсад өгсөн зүйлсээ авах гэж оролджээ. Гэхдээ Сүн улсын цэрэг Алтан улсын цэргийг ялж чадахгүй байв. Харин ч эсрэгээрээ Алтан улсын цэрэг Сүн улсын нутагт цөмөрч орж байлаа. Энэ байдлаас үндэслэн Сүн улсын зүгээс элч илгээж Монголтой хил залгах болсноор далимдуулан харилцан халдахгүй байх тохиролцоонд хүрчээ. Энэ үед Монголчууд Дундад Азид дайн хийж байсан. Дараа нь Алтан улсыг дайлах дайныг Өгөөдэй хаан биечлэн удирдсанаар Алтан улсын мөхөл өдөр хоногоор хэмжигдэх болов. Өгөөдэй хаан Алтан улсын эсрэг дайн хийж байх үед Сычуаны нутаг нь Сүнгийн мэдэлд байв. Тиймээс Алтан улсын баруун тийш зугтах замыг Сүнгийн цэргүүд хааж чаджээ.

Гэвч Монгол болон Сүн улсын сайн харилцаа удсангүй. 1231 онд Өгөөдэй хааны элч Жавхан Сүн улсад одож тэднээс зам зээлэхийг хүссэн боловч татгалзсан хариу авсанаар барахгүй Жавхан Монгол нутагтаа ч ирсэнгүй. Учир нь хөдөө талд түүнийг хороосон байжээ. Мөн Монгол цэрэгт хоол хүнс нийлүүлэхийг хүссэн элчид бас татгалзсан хариу өгөөд буцаажээ. Гэсэн ч Монгол цэрэг урагшилсаар л байлаа. Алтан улсыг унагасны дараа яаж шийдвэрлэх нь асуудал болж үлдэв. Гэтэл Алтан улсын нутаг дэвсгэрийг Монголчууд ганцаараа эзэгнэх байдал Сүн улсын эрх баригчдад харагдаж эхлэв. Монголчуудын тусламжтайгаар буцааж авна гэж бодож байсан хязгаар нутгуудаа Сүн улс Монголчуудад алдав. Сүнгийн зүгээс үүнийг олзны тэгш бус хуваарилалт хэмээн үзжээ. Ингээд Сүн улс эзэлсэн газар нутгаа хуваалцах, хүүчин Сүн улсын нутгийг Сүн улсад өгөхийг Монголчуудаас шаардав. Энэ бол Монголчуудын хувьд байж боломгүй зүйл билээ. Ингээд энэ асуудлыг хэлэлцэхээр Юлмэс тэргүүтэй элч явсан нь Сүн нарт олзлогдож Пэй цайзад хоригджээ. Асуудал бүрэн утгаараа хүндрэв. Өгөөдэй хаан өөрийн биеэр дайлах талаар ч бодож байсан гэдэг. Гэвч тэрээр 1241 онд нас барж, төрийн хэргийг түүний хатан Турхан 5 жил мэдэн захирч байх үед Сүн нар амсхийж авсан байна. Мөнх хаан ширээнд сууж Монголын задралыг зогсоосноор Сүн улсад анхаарлаа хандуулах болжээ.

Судлаач Б.Батмөнх

Үргэлжлэл нь: Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь-2: Мөнх хааны довтолгоо

Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь-3: Хубилайн довтолгоо

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]