Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Зүчийн улс байгуулагдсан он цагийн тухайдУншсан13,526

Иймээс Зүчийн улсын байгуулагдсан цаг хугацааг 1206 оноос эхлэн тооцох юм бол 1206-1502 он хүртэл буюу Орос дахь Зүчийн улсын оршин тогтносон хугацаа 296 жил буюу бараг 300 гаруй жил болж байгаа нь Монголын үндэсний үзэлд ч хэрэгтэй билээ.

Т.Сүхбаатар - БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), ахмад

ЗҮЧИЙН УЛС БАЙГУУЛАГДСАН ОН ЦАГИЙН ТУХАЙД

Евразийн өргөн уудам тал нутагт төвхнөсөн “Зүчийн улс”-ын байгуулагдсан цаг хугацааг Оросын болоод бусад улсын ихэнх судлаачид 1242-1243 оноор авч үздэг. Гэвч зарим судлаачид Зүчи өөрийн улсыг бий болгох үндсийг 1224 оноос тавьсан, эсвэл Бат ханыг төр барьсан 1227 оноос, Бэрх ханыг төр барьсан цагаас эхлэн үзэх ёстой гэх мэтээр санал зөрөлдөх нь цөөн бус байдаг.

 

Гэтэл Оросуудын болоод өрнөдийн мөн Евразийн судлаачдын баримталж буй 1242-1243 оны үед Зүчийн улс нь аль хэдийнээ байгуулагдсан байсан бөгөөд Монголчууд Кибчагийг[1] дайлж, өрнө зүг мордсон дайны хөлд Орос орон өртөж, улмаар тэрхүү их аян дайн дууссаны дараа Оросын ялагдан дийлдсэн олон ноёдын (ванлиг) улсууд Зүчийн улсын түшмэг болж алба барих болсон цаг үеэс эхлэн тооцож буй нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл тийм улс байдгийг мэдэрч эхэлсэн үеэсээ тооцож байгаа хэрэг юм.

Бат хааны эхлүүлсэн Кибчагийн аян дайнтай холбоотойгоор түүний улсын байгуулагдсан цаг хугацааг авч үзэх нь ч бий. Тухайлбал 1241 оны эцсээр (арванхоёрдугаар сард) Монголын эзэнт гүрний их хаан Өгэдэй тэнгэрт хальснаар Батын аян дайн төгсгөл болсон юм. Европоос их цэргээ аван буцан явсан Бат 1242 оны намар өөрийн эзэмшил Кибчагийн талд ирснээр түүний улс байгуулагдсан гэж үздэг. Гэтэл энэ бол зөвхөн цэргийн стратегийн шилжилт хөдөлгөөн манёвр байсан юм.

Оросын түүхч М.Г.Сафаргалиев Зүчийн улсын эх үүсвэр нь Зүчийн өөрийнх нь байлдан дагуулсан “ойн ард түмнүүд”-ийн суудаг газар нутгийг Чингис хаан ууган хүүдээ захируулахаар хуваарилж өгсөн 1208 оны хавьд тавигдсан[2] гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эцгийн голомтоос өрх тусгаарлан өөрийн голомтыг бий болгодог Монгол ёс заншлыг бодолцсон хэрэг.

Судалгааны олон материал, эх сурвалжуудыг харьцуулан үзээд  ч Батыг Алтан ордны улс эсвэл Зүчийн улсыг үндэслэн байгуулагч гэж үзэх нь ер учир дутагдалтай, харин улсыг төвшитгөн засагч, залгамжлагч гэж үзэх нь үнэнд нийцнэ. Чухамхүү Батын үед л Зүчийн улс нь улс гэдэг дүр төрхөө олж авсан. Ер нь “Улс” гэдэг нь тодорхой газар нутагтай төрт нэгдэл юм. Зүчи анхлан эцгийн үед л өөрийн гэсэн тодорхой газар нутагтай болсон байсан. Тиймээс тэр л анх өөрийн улсыг байгуулсан.

Судлаачид Зүчийн улс байгуулагдсан, түүнчлэн энэ улсад Батын төр барьж эхэлсэн хэд хэдэн оныг санал болгодог. Хамгийн эртний үе нь 1236 он бөгөөд Бат Ижил мөрний Булгарчуудыг байлдан дагуулсантай холбоотой[3] гэж үзжээ. Мөн 1240 он буюу Киев хотыг эзлэн авсны дараа байгуулагдсан, эсвэл өрнийн дайнаас буцаж ирсэн 1242[4], 1243, онуудыг санал болгодог. Зүчи өөрт ногдсон газар нутаг дээрээ 1242 оноос хамаагүй өмнө нь улс гэрээ байгуулчихсан байсныг санаатай, санаандгүй ямар нэг хэлбэрээр үл тооцсон гэсэн үг. Гэхдээ нийтлэг олонх нь өнөөг хүртэл “Алтан ордны улс”-ыг 1242-1243 онд байгуулагдсан гэж баримт нотолгоо муутай ч гэсэн итгэсэн хэвээр өнөөг хүрчээ.

Монголын түүхийн сурвалж, судалгааны хуучны болоод шинэ цагийн бүхий л бүтээлд 1242-1243 он гэсэн тоог өргөнөөр хэрэглэсээр л байна. Ямар ч баримт нотолгоо муутай нэг нэгнээсээ хуулсан л байдаг. Тэр ч байтугай Зүчийн улс, Алтан ордны улс гэж хоёр улс байсан, Зүчийн улсын байгуулагдсан цаг хугацааг өөрөөр, Алтан ордны улсын байгуулагдсан цаг хугацааг бас нэг өөрөөр бичих зэргээр төөрөлдөх болжээ. Алтан ордны улс гэдэг нэр хэзээ хойно XV зуунд гарч ирсэн нэршил.

 Чингис хаан 1206 онд ихэнх Монгол Улс аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсан хэдий ч Монгол үндэстний өөр нэгэн салбар болох “Ойн иргэд” тусгаар үлдээд байсан билээ. Тиймээс их хаантан тэдгээр иргэнийг төвшитгөхөөр 1207 онд ууган хөвүүн Зүчийг дайлаар илгээсэн юм. Харин Зүчи тийш одоод ямар нэг дайн байлдаан хийлгүйгээр Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Тубас (Туба) -ыг оруулаад, түмэн Хиргис, Шибир, Кэшдим, Байид, Тухас, Тэнлэг, Төгэлэс, Таш, Бажигидаас инагш (нааш) ойн иргэнийг дагаар оруулан ирсэн тул Чингис хаан түүнийг ихэд сайшаан “Хөвүүдийн минү ах, чи гэрээс сая гарч, мөр сайт, одсон газраа эр, агтыг үл шарган, үл зовоон, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи. Иргэнийг чамд өгсү” хэмээн зарлиг болов[5] гэж Монголын Нууц товчоонд өгүүлжээ.

Түүний өмнө 1206 онд Чингис хаан зарлиг болж эх, хөвүүд, дүү нартаа улс иргэнийг хувааж өгөх үедээ “Хөвүүдийн минь ах Зүчи биз” хэмээгээд есөн мянган иргэн өгч... [6], Зүчид мөн “Хунан, Мөнхэгүр, Хэтэ гурвыг түшив”гэсэн буй.[7]

Тэгэхээр Зүчийн улсыг анх байгуулагдах үед түүнд хувь болгон өгсөн иргэнээс гадна түүнд түшин хавсаргасан гурван ноён гурвуул өөр өөрсдийн харьяат иргэнтэйгээ хамаарагдаж байсан нь тодорхой. Тэр тусмаа Хунан, Хэтэ нар мянганы ноёд тул наанадаж мянга, мянган цэрэг гаргах хэмжээний өрх айлтай, Мөнхэгүр ч бас том ноён байсан тул цөөн бус цэрэг, ардтай байсан нь ойлгомжтой.

Тэр бүгдийг оруулан тооцвоос Зүчи наанадаж 1 түм орчим цэрэгтэй байсан болж таарах бөгөөд 1207 онд дагаар оруулсан ойн иргэдийг оролцуулвал бүр илүү тоо гарна. Рашид ад-Дины “Шашдирын чуулган”-д “Зүчи Хорезмыг (Сартуулыг) ялсны дараа өөрийн аураг байсан Иртышийг зүглэж орддоо ирсэн ажгуу”...[8] “Түүнийг (Зүчийг) болоод Чингис хааныг тэнгэрт хальсны дараагаар Өгэдэй хаан ширээнд залрахдаа Зүчи хан, түүний үр садад эзэлсэн газар орныг нь эзэмшүүлэхээр өмнө гаргасан Чингис хааны зарлиг дагаж, тэдгээр хан хөвүүд ч дэм дэмэндээ уг айлдлыг гүйцэлдүүлсэн бөлгөө”[9] гэсэн байна.

Эдгээр баримтаас харахад Зүчи анх 1206 онд өөрийн хувь есөн мянган иргэнээс гадна харьяат ноёдын албат болох багагүй тооны хүн ам бүхий эзэмшил газар нутагтай болж, дараа жил нь ойн иргэдийг амжилттай дайлснаар дээр дурдсанчлан Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Тубас (Туба), түмэн Хиргис, Шибир, Кэшдим, Байид, Тухас, Тэнлэг, Төгэлэс, Таш, Бажигидаас инагш ойн иргэнийг эрхшээх болсноор өөрийн гэсэн улсыг байгуулж, түүнийг нь Өгэдэй хаан Их Монгол Улсын хан ширээнд суумагцаа баталгаажуулсан ба улсын төв нь Иртыш орчим байсан байна. Сартуултай хийсэн долоон жилийн дайнд Монголчууд ялсны үр дүнд Зүчийн улсын хил хязгаар улам ихээр өргөжин тэлж Кибчакийн тал (Дешт-и-Кибчаг), Иртыш мөрнөөс Карпатын уул хүртэлх газар нутаг түүнд хамаарах болжээ.

Улмаар 1227 онд Зүчи ханыг нас барахад хоёр дахь хүү Бат нь түүний орыг залган улсынхаа хан ширээнд өргөмжлөгджээ. Зүчийн эзэмшил улс түүнээс хойш Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс хэлбэрээр оршин тогтнож байсан бөгөөд харин Мөнх-Төмөр ханы үе буюу 1270-аад оны эхнээс харьцангуй бие даасан тусгаар бодлого баримтлахыг эрмэлзэх болж, эзэнт улсдаа хэлбэрийн төдий хамаарах хандлага хүчээ авах эхлэл тавигджээ гэж үзэж болохоор байна.

Иймээс Зүчийн улсын байгуулагдсан цаг хугацааг 1206 оноос эхлэн тооцох юм бол 1206-1502 он хүртэл буюу Орос дахь Зүчийн улсын оршин тогтносон хугацаа 296 жил буюу бараг 300 гаруй жил болж байгаа нь Монголын үндэсний үзэлд ч хэрэгтэй билээ. Цаашид ч 1206 он гэсэн тоог баримтлан сурвалж судалгааны бүтээлдээ ашиглах нь зүйтэй биз ээ. Жижиг улс эх түүхээрээ их гүрнүүдийн эсрэг ингэж л тэмцэх ёстой.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 12. 17:14
Зочин

Баярлалаа сайхан нийтлэл болсон байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]