Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жирийн ажилчнаас тэрбумтан болсон Хятадын хамгийн баян эмэгтэйУншсан17,632

Хятад улсын эдийн засаг дэлхийд ямархуу даацтай, томд ордог билээ. Ийм улсад эмэгтэй бизнесчдийг тэргүүлнэ гэдэг бас л том авьяас, хөдөлмөр.

 

Дөнгөж 15-хан насандаа гэр бүлийнхэндээ тус нэмэр болохоор ажил хийж эхэлсэн Жоу Цюньфэй хэмээх эмэгтэй өдгөө улсынхаа хамгийн баян эмэгтэй болжээ. Хятад улсын эдийн засаг дэлхийд ямархуу даацтай, томд ордог билээ. Ийм улсад эмэгтэй бизнесчдийг тэргүүлнэ гэдэг бас л том авьяас, хөдөлмөр. Өдгөө тэрээр Samsung, LG, Apple-ийн дэлхийд алдартай бүтээгдэхүүнүүдийн деталь хэсгүүдийг үйлдвэрлэдэг “Lens Technology”компанийн тэргүүн бөгөөд 9,7  тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн юм.

Хэцүү бэрхийг туулсан хүүхэд нас

Жоу Цюньфэйг self-made буюу өөрийнхөө хүчээр тэрбумтан болох сонгодог замыг туулсан хүн гэж нэрлэж болно. 15 насандаа мужийнхаа нэгэн шилний үйлдвэрт ажиллаж эхэлсэн тэрбээр өдгөө 47 настай, Apple, Samsung-ийн гол эд ангийг нийлүүлдэг компанийн эзэн болжээ.

Жоу Цюньфэй 1970 онд Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Хунань мужийн Сянсян хошуунд төржээ. Цюньфэйгийн гэр бүл тун тарчиг амьдралтай байлаа. 1960-аад онд эцэг нь золгүй явдлаар сохорсон аж. Харин ээж нь охиноо таван настай байхад нас нөгчжээ. Ингээд охин багаасаа гэрийнхэндээ тусалж, гэр бүлийнхээ хүнс, гол орлого болох торой, нугаснуудаа тэжээж эхэлжээ. Охинд гэрийн даалгавраа хийх цаг гардаггүй байсан ч тэр хөдөлмөрч шаргуу зангийнхаа ачаар хамгийн авьяаслаг сурагчдын тоонд ордог байв.

Жоу хэдийгээр сурлага сайтай байсан ч 15 насандаа сургуулиа хаяж, ажил хайхаар явжээ. Тэрбээр багаасаа хувцасны загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байсан ч гэр бүлийнхэндээ туслахын тулд ажил хийж мөнгө олохоос өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эдийн засгийн онцгой бүс гэгддэг Гуандун мужийн Шинжан хотыг зорьсон байна. 1980-аад онд хятад залуучууд хөдөө тосгодоосоо ийшээ бөөн бөөнөөрөө ирж, үйлдвэрт ажилд ордог байжээ.

Жоу ажил, сургуулиа зэрэг амжуулах зорилгоор Шинжааны их сургуультай ойрхон байрладаг үйлдвэрт зориуд ажилд оржээ. Тэрбээр нягтлан бодох бүртгэл, программ хангамж, гаалийн бүрдүүлэлт зэрэг хэд хэдэн ангид зэрэг сурч, ачааны автомашин жолоодох курсыг ч төгссөн байна. Харин түүний хожим нь харамссан цорын ганц зүйл бол англи хэл сураагүй явдал байв.

11 бүдэрсний эцэст хөл дээрээ боссон нь

Жоу бугуйн цагны шил үйлдвэрлэдэг жижигхэн үйлдвэрт дамжлагын ажил хийдэг байв. Гэвч цагт нэг ам.доллараас ч бага цалин авна. Гэтэл ажлын нөхцөл нь үнэхээр хүнд. Заримдаа ямар ч ээлжгүйгээр хоногийн 16 цаг ажиллах хэрэг гарна.

Шинэхэн хэлтсийн дарга

Жоу энэ хүнд ажлыг гурван сарын турш хийсний эцэст гарахаар шийдэж, удирдлагадаа боломж олгосонд талархсанаа илэрхийлж, бас ч үгүй энэ ажил нэг хэвийн уйтгартай санагдсан тухай захидал бичээд үлдээжээ. Үүнээс гадна охин үйлдвэрийн ажлын олон дамжлагуудыг яаж сайжруулах тухай өөрийнхөө санааг ч энд бичжээ. Охины захидал үйлдвэрийн удирдлагын анхаарлыг татаж, түүнийг ажлаас нь халах нь битгий хэл шинэ хэлтсийн дарга болгон дэвшүүлжээ. Үйлдвэр нь ч хөдөлмөрийн бүтээмж өндөр болж, ашиг орлого нь сайжирчээ. Ажлынхаа хажуугаар Жоу оройн цагаар хичээлдээ үргэлжлүүлэн сурсаар байв.

Жоу 1993 онд 22 настайдаа өөрийн гэсэн амьдралын замаа сонгох цаг болсон гэдгийг ойлгожээ. Ингээд хувийн компаниа нээсэн байна. Үеэл ах эгч нартайгаа хамтран цуглуулсан 3000 ам.доллараар шил үйлдвэрлэх цех байгуулжээ. Үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь бүгд тэгээс эхэлсэн гэхэд болно. Жоу зогсолтгүй суралцсаар технологийн нарийн процессуудыг судалсаар байлаа.

Энэ явдлаас хойш тэрбээр 11 компани байгуулсан боловч олонх нь дампуурсан байна. Бүсгүй ажилчдынхаа цалинг тавихын тулд хоёр ч удаа байшингаа зарсан гэдэг. Эцэст нь амжилт түүнийг дагаж, Жоу Хятадын цахилгаан барааны аварга гэгддэг “TCL Corporation”-тай гар утасны дэлгэц үйлдвэрлэх ашигтай гэрээ байгуулж чаджээ.

Жоу 2003 онд “Lens Technology” компаниа байгуулж, тун удалгүй энэ чиглэлийн үйлдвэрлэлийн гол тоглогч болж чадсан байна. Компани нээгдсэний дараахан “Motorola”-гаас хувь заяаг нь өөрчлөх дуудлага иржээ. Ингээд тус компани “Razr V3”шинэ төхөөрөмжийнх нь шилэн дэлгэцийг үйлдвэрлэх санал тавьжээ.

Тухайн үед гар утасны дэлгэц ихэвчлэн хуванцраар хийгддэг байсан юм. Харин “Motorola”-д ан цав үүсэх нь бага, аливаад тэсвэртэй шилэн дэлгэц хэрэгтэй байв. Чжоу ч саналыг хүлээн авчээ. Туршилт ч амжилттай болж, удалгүй Samsung, Nokia, HTC зэрэг гар утас үйлдвэрлэгч бусад компаниудаас захиалга олж ирсэн байна.

“Lens Technology” компани 2015 оны гуравдугаар сард IPO хийхээс өмнө Жоугийн талаар хүмүүс бараг мэддэггүй байлаа. Тэрбээр зурагтаар гарч, ярилцлага ч бараг өгдөггүй байв. Хувийн амьдралынх нь тухайд анхны нөхрөөсөө зургаан жил хамт амьдарсны эцэст салсан гэдэг. Жоу гаднаа маш тайван харагддаг ч маш их тэвчээртэй, шаргуу нэгэн юм. Хувцаслалтын тухайд Christian Dior-ын хослол өмсөх дуртай. Бизнесээрээ амьсгалж, амьдардаг бизнес хатагтай нарын нэг гэгддэг тэрбээр Чанша дахь төв байрнаасаа холгүйхэн нэгэн жижигхэн байранд амьдардаг. Тэрбээр өдөр, шөнийн аль ч цагт үйлдвэр дээрээ очиж, үйлдвэрлэлийн явцыг хянаж шалгадаг аж. Нөхөр Жэн Жунлонтойгоо хамт “Lens Technology”-ийн захирлуудын зөвлөлд багтаж, компанийнхаа 99 хувийг эзэмшдэг байна. Хүү, охин хоёртой.

Өнөөдөр түүний үүсгэн байгуулсан “Lens Technology” компани цар хүрээгээрээ ч өргөжжээ. Тус компани нийт 9.7 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд Хятад даяараа 10 охин компанитай, 60 мянга гаруй ажилтантай аж.

Жоу ийм том амжилтад хүрсэн гол нууцаа хараагүй эцэгтэйгээ холбон тайлбарладаг. Аав нь гэртээ ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд бүх зүйл нэг сантиметрийн ч зөрүүгүйгээр байрандаа байх ёстой. Үүнээс болж охин багаасаа л жижиг сажиг зүйлд анхааралтай, гярхай болж хүмүүжжээ. Энэ зангийнхаа ачаар тэрбээр үйлдвэрлэлээ улам хөгжүүлж чадсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]