Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Дөрвөн үеэрээ Монголд зүтгэсэн орос эмчийн гэр бүлУншсан18,595

Шастин докторыг тухайн үед ард олон “Үхэгсдийг амьдруулагч” эмч хэмээн нэрлэж байжээ.

Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байсан Шастин докторыг тухайн үед ард олон “Үхэгсдийг амьдруулагч” эмч хэмээн нэрлэж байжээ. Шастиныхан манай улсад дөрвөн үеэрээ ирж ажиллаж, Монголжсон эмч нар байлаа.

П.Н.Шастин эмчийн эцэг Шастин Николай Петрович Монгол улсын нийслэл Өргөө хотод 1864 онд Оросын консулын үнэн алдартны сүмийн миссионер байсан бол П.Н.Шастин Монгол улсын Засгийн газрын урилгаар ирж нийт 14 жил ажиллахдаа Цэргийн эмнэлгийн анхны ор дэр, ширээ сандлын тооцооноос эхлэн түвд, Монгол ёсны эмнэлгийн лам нарыг Европ эмнэлэгт сургаж 150 лангийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн байдаг.

Тэрээр цэргийн эмчээр ирж, Эрүүлийг хамгаалах яам байгуулагдахаас өмнө Дотоод яамны Эрүүлийг хамгаалах газарт томилогдсон бөгөөд нэг ёсондоо иргэний эмнэлэгт ажиллах болсон байна. Тэрээр Улаанбаатар хотод орж ирсэн тарваган тахлын дэгдэлттэй тэмцэж одоогийнхоор бол “Онцгой комисс”-ийн долоон гишүүний нэг байлаа.

Мөн П.Н.Шастин Монгол улсад Эмнэлэг ариун цэврийн отрядууд ирүүлэх шаардлагатай байгааг анх хөнджээ. Тэрээр Монгол улсад анагаах ухаан, мал эмнэлгийн шинжлэх ухааны академийн анхны очийг үсэргэж хүн, малын эмч нарын “Эрдмийн эвлэл” хэмээх байгуулагын анхны тэргүүн нь хүртэл байлаа.

Хүү Николай Павлович Шастин 1926 онд Монголд ирээд есөн жил ажиллажээ. Түүний эхнэр Тамара Николаевна Ященко нь Сонгино дахь тахлын лабораторид нян судлаач эмчээр ажиллаж байв. Т.Н.Ященко тус улсын анхны лабораторийг үүсгэн байгуулжээ.

Ач хүү Павел Николаевич Шастин Монголд төрж эцэг, өвөг эцгийнхээ уламжлалыг залгамжлан 1965-1974 он хүртэл зургаан жил Улаанбаатар хотын хүүхдийн больницын мэс заслын тасагт их эмчээр ажилласан байна.

Түүнийг Улсын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнажээ.

Охин Нина Павловна Шастина 1924 онд Өргөө дэх аав дээрээ ирж Монголд нийт 13 жил амьдарсан юм. Тэрээр Оросын Монгол судлалын томоохон эрдэмтэн. Монголын түүхийн талаар 80 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна. Шастина оюутан байх үедээ сонгодог уран зохиол сонирхож шүлэг бичдэг байлаа.

Тэрээр тухай үеийн дэвшилттэй үзэлтэй яруу найраг сонирхогч оюутнуудын “Яруу найрагчид Барки” гэдэг дугуйланд явж байв. Энэхүу дугуйланд В.Преловский,  С.Аликринский, Е.Титов, А.Мейсалман, М.Имрей, А.Шостакович зэрэг хожмын нэрд гарсан хүмүүс цугладаг байж. Н.П.Шастин Мисир (Египет) судлалыг ихэд сонирхож мисир судлалд бүх амьдарлаа зориулна гэж төлөвлөж байв.

Энэ үед Эрхүү хотод Москва, Петербург хотоос нэртэй эрдэмтэд ирж лекц уншдаг байснаас 1918-1921 онд Эрхүүгийн их сургуульд нэртэй мисир судлаач И.Г.Франк-Каменецкий (1880-1937) хичээл заадаг байв. Түүний мисирийн шашны түүхийн талаархи лекц нь Шастинагийн судалгаа, буддын шашин сонирхох, цамын бүжиг, Түвд Монголын шашинг судлахад их түлхэц болж байлаа. Тэрээр Европын олон хэл мэддэг байсан нь амжилт олоход нь дэм болов.

Шастина 1924 онд Монголд ирснээсээ хойш нийт 13 жил амьдарсан юм. Сүүлд Монголд ирсэн дурсамждаа “Монголын нийслэл Өргөөд би нэгдүгээр, сарын нэгэн жаварт үдэш очсон билээ. Тус оронд хувьсгал ялсан боловч, Бүгд найрамдах засгийг хараахан тунхаглаагүй, нийслэлээ Улаанбаатар гэж шинээр нэрлээгүй байсан цаг.

Монголд очно гэдэг урт төвөгтэй аян байсан бөгөөд Эрхүүгээс бид эхлээд Дээд Үд (Улаан-Үд) хүртэл галт тэргээр, дараа нь нййслэл хүрээнээс ирүүлсэн машинаар дамжиж сар шахуу явж хүрсэн юм. Энэ бол үнэхээр урт аян байлаа.

Эрхүүгээс Улаанбаатар ортол хагас сар явна гэдгийг одоо бодоход гайхмаар боловч тэр цагтаа гайхмаар зүйл биш байв. Надтай уулзсан анхны Монгол хүн бол машиндаа хачин их хайртай, Дорж гэдэг жолооч билээ. Залуурынхаа ард суугаад мотороо асаамагц тэнүүн сайхан царайд нь туяа татаад ирдэгсэн.

Замд явахад түүнд бэрхшээл их дайралдана. Дугуй нь хий эргэж гулсаад гинжлэхээс өөр аргагүй болно. Шөнө нь мотор хөлдөнө. Цасан шамарганд замаа алдана. Дорж хийж яваа ажилдаа их бахархаж, машинаа сайн арчилдаг хүн байсан. Замдаа элдвийг туулсаар бид Өргөөд хүрч билээ.

Феодалын үеийн шинж төрхийг их хадгалсан энэ хотын байдлыг харахад Монголд хувьсгал ялж ард түмний амьдралд эргэлт гарчээ гэж бараг мэдэгдэх юмгүй байлаа. Мөн цааш нь “Засгийн газрын байшингийн ойролцоо байсан гурван цонхтой жижиг цагаан байшинд хувьсгалт Монголын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн байдаг байв.

Энэ бол Монголын эрдэм шинжилгээний газрын эх суурь нь байгаад эцэстээ Шинжлэх ухааны академи болж өөрчлөгдсөн юм. Энэ жижиг байшинд би анх Монгол хүмүүстэй дотно танилцаж улмаар Монгол хэл, Монголын утга зохиол, түүний түүх болон түүх дурсгалын зүйлсийг судлах болсон юм.

Шинжлэх ухааны энэ байгууллагыг зохион байгуулж түүний чухамхүү амь сүнс нь болж байсан хүн гэвэл Монгол орныг судлахад хүч чадлаа зориулсан, Монголч эрдэмтэн, Монголын судар бичгийн нэвтэрхий мэдлэгтэн Цэвээн Жамсранов байлаа. Тэр Судар Бичгийн Хүрээлэнгийн орлогч даргаар ажиллаж, жинхэнэ даргаар нь Монголын эрдэмтэн Жамъян гүн ажиллаж байв.

Жамъян гүн бол намхандуу нуруутай, хойш нь тавьсан буурал гэзэгтэй, номч хүний ухаалаг харцтай, ялдамхнаар инээмсэглэдэг хүн. Ном их уншиж, Монголын тухай их боловсрол олж, Монгол судар бичгийг сайн мэддэг болсны дээр ном судар цуглуулж хямгадах талаар тун их чармайна.

«Алтан товч»-ийн ховор бичмэл эхийг мөн Жамъян гүн олсон бөгөөд түүнд «Монголын нууц товчоо» гэж алдаршсан XIII зууны үеийн судар бичгийн ихээхэн хэсэг нь Монголоор бичээстэй байсан юм. Энэ зузаан судрыг Жамъян гүн өөрөө хуулбарлан бичиж дорно дахиныг судлагч, Францын алдарт эрдэмтэн Поль Пелльод явуулж байсан’’ гэжээ.

Өргөө дэх П.Н.Шастин эмчийн гэр бол Оросын нэрт аялагчид, Монголын боловсролтой сэхээтнүүдийн орж гардаг олны мэддэг айл байлаа. Тэрээр багаасаа Оросод төдийгүй дэлхий дахинд алдаршсан Козлов, Рерих, Цэвээн, Ринчин, Содном, Тубянский, Кондратьев, Павлов, Симуков зэрэг эрдэмтэд хүрээний элит хутагт хувилгаад, төр засгийн түшмэдүүдийн орж гардаг айл байв.

Шастина 1937-1942 онд Ленинград хотод амьдарч ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн болон Угсаатны зүйн хүрээлэнгийн номын сангуудад ажиллаж Монгол судпалын судалгааны ажлаа үргэлжлүүлж байлаа. 1942-1945 онд Эрхүү хотын их сургуульд багшилж «Москвагийн хаант улсаас Баруун Монголын Алтан хаантай харилцсан нь» сэдвээр 1950 онд эрдмийн зэрэг хамгаалжээ.

Уг судалгаагаа Оросын төв архивын Орос-Монголын харилцааны хөмрөг, Эрхүү, Якут, Монголын архивийн эх сурвалжуудыг уншиж бичсэн байдаг. 1945-1978 он хүртэл ЗХУ-ын Шинжлэх ухааны дорно дахины хүрээлэнгийн ажиллажээ.

Н.П.Шастина дараа нь Москвагийн их сургуульд Монголын түүхийн хичээлийг олон жил заасан ба 1958 онд XVII зууны үеийн баруун Монгол Оросын хаант улсын элчин харилцааны түүхэн баримтуудад тулгуурласан «XVII зууны үеийн Орос-Монголын харилцаа» ном 1958 онд хэвлэгджээ.

Н.П.Шастина нь Монголын түүх бичлэгийн томоохон дурсгалууд Тухайлбал: “Шар тууж” 1957 он, 1973 онд Лувсанданзангийн “Алтан товч” зэргийг орчуулж өрнө зүгийн судлаачдад танилцуулсан томоохон судлаач бөгөөд Е.М.Даревская, хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира зэрэг томоохон эрдэмтдийн багш байжээ.

Н.П.Шастина нь судар бичгийн хүрээлэнд орос номын сангийн эрхлэгч хийхийн хамт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагийн үйл ажиллагаанд оролцдог байсан байна. Тэрээр “Бүсгүйчүүдийн санал" сэтгүүлийн 1925 оны хоёрдугаарт “Бүсгүйчүүд юуны учир эрчүүдээс дорой болсон тухай” хэмээх өгүүллэг нийтлүүлсэн байдаг.

Анагаах ухааны доктор Лувсанбалдангийн Энхбаатар

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 2. 18:25
линк байгаа шүү

1930 оны хүрээний тухай сурвалж дээр: Шастин эмч Бөмбгөр ногооны зураач
померенцев хоёр л айлаар ороод л юуунаас ч хамаагүй цайлаад л буу халаад л явдаг байсан гэдэг. болсон явдал нь хүүхдүүд нь хижиг тусаад л томчууд нь ахуй халдвараар сифилис халдварлаад л засаг захиргаа нь буудна баривчлана гээд л үе шүү дээ_ аль аль нь нийгмийн хариуцлагын үүднээс байсан байдаг ямарч цэрэг тагнуулын даалгваргүй

2019, 2 сар 28. 12:43
Зочин

Манайхан Оросын тухай янз бүрээр ярьж бичдэг, бидний харилцаа огт дардан шулуун байгаагүй. Гэхдээ монголчуудад хэдэн үеээрээ халуун дотноор хандаж амьдралынхаа хэсгийг зориулсан өөр ийм гэр бүл ер нь байдаг болов уу? Энэ гэр бүлийн түүхийг тухай дунд сургуулийн сурах бичигт оруулж, хөшөөг нь босгож, музей байгуулахад болохгүй юмгүй . Энэ нь монголчууд бидэнд хэдэн үеээрээ элэгсэг хандаж ихэнх амьдралаа зориулсан гэр бүлд бидний барих хүн чанарын илрэл юм, өөр ямар ч үзэл суртал энд байхгүй.

2021, 12 сар 15. 12:06
Зочин

Хөшөө би шүү. 3 дугаар эмнэлгийн үүдэнд байгаа.

2021, 9 сар 26. 18:37
Лхагваа

Маш сонирхолтой сайхан зүйлс уншлаа орос хүмүүсийг дотноор дурсан санаж явдаг хүндээ би.

2018, 1 сар 19. 18:41
Зочин

Орос гэхэээр л шүлсээээ үсчүүлдэг хужааа нар яасан бэ?

2020, 4 сар 2. 13:42
Зочин

chamaig ingej bichuuleh gej etseg ehiig chini turuulsun hundee talarhaj amidar ,tuuhee medehgui bol duugai bai chinii unuudriig chamd ugsun oros ah nar ,harin chinii bolon ur huuhdiin chini ireeduig odooniihon zarj bna

2018, 1 сар 18. 12:02
Зочин

3 эмнэдэг маш сайн эмч удирдлагатай гэж боддог. Олон хүнд тус болсон доо. Сүүлийн жилүүдэд маш өөр болсонв Дарга нар нь сайн хүмүүс байдаг байхаав

2018, 7 сар 17. 12:51
Санжаасүрэн Оюунтунгалаг

3-р эмнэлэгийн удирдлага,эмч нарт баярлалаа. Сайн сайханы гэгээ холдоо тусгалтай хойчдоо буянтай ыайдаг юм

2018, 1 сар 17. 23:34
Зочин

Ene ger buld mongolchuudiin omnoos mash ih bayarllaa gej helie.Ur udam ni baidag bol neg uriad mongolchuud talarhal ilerhiilmeer yum daa

2018, 1 сар 18. 11:01
Зочин

МОНГОЛЧУУД БИД ОРОСЫН ТУСЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ.АЛДАА БАЙСАН Ч ТУС НЬ ИЛҮҮ ИХ БАЙСАН.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]