Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын дотоод дахь дөрвөн их гүрний нэгэн. Чингис хаан хүү Цагадайдаа өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекстаны дорно бие, Киргизстан, Тажикистан бүхэлдээ, Шиньжааны өрнө хэсэг багтаж байв.

Агуу хүчирхэг Цагадай ханУншсан73,084

1254 онд Мөнх хаанд очиж бараалхасан Францын вангийн элч Рубрук Алтан ордны улс, Цагадайн улсын нутгаар явж өнгөрөхдөө эл хоёр улсын нутгийн заагийг Талас болон Чу голын дундуур гэж заасан байна.

Цагадай хан (1183 оны орчим–1241 эсвэл 1242) нь Чингис хааны хоёр дахь хүү бөгөөд Цагадайн улсыг байгуулагч хэмээн үздэг. Тэрээр эцгийнхээ өөд болсноос хойш Төв Азийг насан эцэс болтлоо захирсан. Тэрээр Чингис хааны зарлигаар Их засагт хяналт тавьж, хан эцгийнхээ санаачилсан хууль цаазыг эзэнт гүрэн даяар даган мөрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байлаа.

Цагадай 1227 онд эзэмшил нутагтаа очсоныхоо дараа өөрийн ордуудыг байгуулжээ. Цагадайн зуны орд нь Алмалиг хотын хаяанд Или голын хөндийд Куяш (Нар) нэрт газар байжээ. Өвлийн орд нь Или голын эрэгт Мераурик-Ила нэрт газар байжээ. Зуны орд Куяшийн ойролцоо Кутлуг (Жаргалан) нэртэй хот Цагадай байгуулжээ. Чан Чунь бумбын тэмдэглэлээс үзэхэд Цагадайн орд нь Или голын урд талд байсан бөгөөд тэнд түүний өв залгамжлагчдын өргөө бас байжээ. Жувейни тэр орд өргөөг Улуг Иф буюу Улуг Их гэж нэрлэсэн байна. [Жувайни т.II:241].

Цагадайн улсын гол хот нь Алмалиг байжээ гэж академич В.В.Бартольд тодорхойлсон юм. Рашид-ад-диний тэмдэглэснээр эцэг Чингисийн таслан өгсөн улсаа Цагадай захирч “Бишбалигт өөрийн улсын хан ширээнд бүрэн эрхтэй байлаа” гэжээ. [Рашид-ад Дин т, II:96 Чингис хааны гэрээслэл ёсоор 1228 онд Өгэдэйг их хаанаар өргөмжлөх Их хуралдайг Алтан ургийнхны хамгийн ахмадын хувьд Цагадай удирдан явуулжээ. “Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түмтийн ноёд, мянганы ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө аралд хурж, Өгөдэйг их хаан өргөмжлөв.

Өгөдэйг хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгөдэйд хүлээлгэн өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгөдэй хаанд өгөв” гэж “Монголын нууц товчоонд” өгүүлжээ. [МНТ 1990: 242].

Хаан суудалд залах ёслолын үед Өгөдэйн баруун гараас Цагадай түшиж, зүүн гараас Толуй түшиж, ар талаас Отчигин түшиж их хааны суудалд залсан байна. Ах дүү нарынхаа дотроос Цагадай ахтайгаа Өгөдэй санаа бодол нийлдэг байсан учир илүү дотно байжээ. Хаан болоод тэрбээр ах Цагадайгаа дотно зөвлөгчөө болгож, төрийн чухал асуудлаар зөвшилцдөг байжээ. Сурвалжаас үзэхэд тэр хоёр ам зөрж эв түнжин хагарч байсан удаа үгүй ажээ. Тийм ч учраас Өгөдэй хааны авч хэрэгжүүлсэн төрийн брдлогод Цагадайн оруулсан хувь нэмэр зохих байр эзэлнэ. “Монголын нууц товчоонд” өгүүлснээр Өгэдэй хаан өргөмжлөгдсөний дараа Цагадай ахтайгаа зөвлөөд Багдадын Халифт улсад Чормаган, Оготор, Мөнхөт нарыг, Орост Бат, Сүбэдэй нарын цэргийг тус тус томилон илгээжээ.

Энэ тухай сурвалж бичигт тэмдэглэхдээ: Өгөдэй хаан өгүүлрүүн: “Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: “Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй” гэж байсан юм. [МНТ 1990: 242-243]

Ахмад хөвүүдийг алс холын аян дайнд явуулах нь Чингисээс хойш тогтсон төрийн нэгэн уламжлал юм. Цагтаа Чингис хаан ахмад хүү Зүчидээ цэрэг өгч ойн иргэдийг эзлүүлэхээр явуулж байсан. Мөн эзлэгдсэн улс орнуудын хамгийн алс холын нутгийг түүнд хувь улс болгон өгсөн. Баруун зүгийн аян дайнд ахмад хөвүүдийг явуулсан гол зорилго нь цэргээ сүртэй олон харагдуулах гэхээс илүү уламжлалаа дагасан хэрэг буйзаа. “Монголын нууц товчоонд” дурьдсан өөр нэг жишээ бий. “Бас Өгөдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь “Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? Гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё” гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч “Юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!” гэжээ. [МНТ 1990: 243]

Энэ мэдээнээс дараах дүгнэлтэд хүрч болох юм. Нэгд, Их Монгол улсын эзэн хаан атал ах Цагадайтай “зөвлөж” санаа бодлоо илэрхийлэх явдал нь нэг талаас ах хүнийг дээдлэн хүндэлсэн хэрэг, нөгөө талаас Өгэдэйг хаанд өргөмлөх саналыг анх дэвшүүлсэн хүний хувьд Цагадай их нэр нөлөөтэй байсан тул “Өгэдэйн үеэс эзэмшил нутгаа бие даасан улс мэт захирч байсныг” нотолж байгаа билээ. [Хаадын сан 2000: 73]

Тэр үед ах Цагадай зөвшөөрч бас өөрийн улсаас цэрэг гарган илгээсний дагуу Өгэдэй хаан 1231 онд Хятадын Алтан хааныг эзлэхээр мордож зорилгоо биелүүлсэн. Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотод Их хуралдай хуралдуулжээ. Их хуралдайгаар Чингисийн гэрээсийг биелүүлж Алтан улсыг байлдан эзэлсэн дүн болон Өрнө зүгт хийх дайны ажиллагааг нарийвчлан хэлэлцжээ. Цагадай улсаа өөрөө захирч байсан тул хүү Байдарыг ач хүү Бүрийн хамт Өрнө зүзгийн байлдаанд томилжээ. Өгөдэй хааны ууган хүү Гүюг, Толуйн ахмад хүү Мөнх нар тус тусын харьяат цэргээ захирч явжээ. Харин Зүчийн удмаас түүний ууган хүү Ордаас гадна хоёр дүү Шибан болон Тангуд нар нь аян дайнд мөн оролцжээ. Нийт найман хан хөвүүд Европын дайнд явсан бөгөөд түүх бичлэгт энэ аян дайныг “ахмад хөвгүүдийн баруун тийших дайлалт” гэдэг ажээ. [МҮТТ 1988:95].

Найман хан хөвгүүдийн дөрөв нь Зүчийн хөвгүүд байсан нь санамсаргүй бус санагдана. Үүний цаана цэрэг дайны шаардлагаас гадна ямар нэгэн давхар санаа агуулагдаагүй гэх газаргүй. 1236 оны хавар Гүюгийн захирсан голын улсын цэрэг, Мөнхийн захирсан Монгол газрын цэрэг, Байдарын захирсан баруун орны цэрэг, Батын захирсан өрнө дахины цэрэг тус тусын газар орноосоо хөдөлж Булгар улсын хил хязгаар дээр цугларсан байлаа. Бүх цэргийн тоо нь 120 мянга байсан бөгөөд үүний дотор Монгол цэрэг 50 мянга, Монгол ноёдын захирсан түрэг цэрэг 70 мянга байсан тухай эх сурвалжийн мэдээ бий.

Баруун зүгт дайлаар мордсон бүх хан хөвүүдийг ахлан захирсан Бат, Өгөдэй хаанд илгээсэн нэгэн нууц захидалдаа Бүри, Гүюг хоёртой муудалцах болсон шалтгааныг тайлбарлан өчив. Энэхүү мэдээ ёсоор баруун зүгт хийсэн аян дайн амжилттай явагдаж “алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би (Бат) бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри, Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн боловч, Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!” гэжээ. [МНТ 1990: 246].

Энэ тухай Монголын нууц товчоонд "Явахдаа Бүрийн хэлсэн нь, Бат бид адил байтал, яагаад тэр тэргүүлэн уух билээ, тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгэчих юм сан!” гэжээ. [МНТ 1990: 246]. Үүнээс үзэхэд Бүри, Гүюг хоёр өөрсдийгөө Батаас хавьгүй дээгүүрт тавьж байсан нь илэрхий байна. Бүри бол Цагадайн ач хүү, Гүюг бол Өгөдэй хааны ууган хүү, Бат бол Зүчийн хоёр дугаар хүү билээ. Насны хувьд гэвэл 1238 оны байдлаар Гүюг 32, Мөнх 30, Бат 29 настай байжээ. Насаар ах Бүри, Гүюг хоёр Бат тэднийг зохих ёсоор хүндэлж үзсэнгүй гэж найрыг орхин явсан бололтой. Гэтэл Бат өөрийгээ бүх цэргийн ерөнхий удирдагч гэсэн утгаар Гүюг, Бүри нараас түрүүлж сархад хүртэж ах нарын өмнө ёс алдсан гэлтэй. Харин Гүюг хурим найрын үед ахчлах ёсоо дагах нь зүйтэй бөгөөд үүнд цэргийн албан тушаал огт хамаагүй гэж бичиж болох юм. Өгөдэй энэ мэдээг сонсоод ихэд хилэгнэж “Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюгийг Бат мэдтүгэй Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй” гэжээ. [МНТ 1990: 247-248].

Ач хүү Бүрийгээ Цагадай хэрхэн шийтгэсэн тухай мэдээ олдоогүй байна. Уламжлал, хууль ёсыг хатуу дагадаг Цагадай ёс алдсан ач хүүгээ сургамжлан донгодсон нь лавтай юм. Харин Бат тухайн үед Гүюгийг санасандаа хүртэл шийтгэж чадаагүй учир үүнээс хойш түүнд муу санаж Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх ёслолд оролцоогүй төдийгүй их хааны орыг Өгэдэй удмаас булаан авч Толуйн удамд шилжүүлэн өгөх бодлогыг тууштай хэрэгжүүлжээ. Өгэдэй хаан Цагадайн дэмжлэг туслалцаатай бас нэг томоохон шинэчлэлт хийв. Өгөдэй хаан “Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дурьдатгасан нь зөв зүйтэй санагдах боловч Цагадай ах мэдтүгэй” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч “Тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ.

Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь ”Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас өгүүлсэн нь:”Бүгдийг хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” гэж илгээжээ. Ийнхүү Цагадайн шууд оролцоогоор Их Монгол гүрний хэмжээнд хан хөвүүдийн улсуудыг нийслэл Хархорумтай холбосон төрийн хэргийг шуурхай түргэн залгуулах өртөөг байгуулжээ. Мөн Цагадайтай нарийн зөвшилцсөний үндсэн дээр их гүрний хэмжээнд хийгдсэн томоохон шинэчлэлтийн нэг болох татварын шинэчлэлтийг Өгэдэй хаан хийжээ. “Монголын нууц товчоонд” өгүүлсэн ёсоор:”Цагадай ахтай зөвлөлдөөд ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нижгээд шүдлэн иргэ, зуун хониноос нижгээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов” гэжээ. [МНТ 1990: 252-253].

Өгэдэй хааны нэрээр түүхэн мөнхөрсөн эдгээр шинэчлэлтийн цаана Цагадайн шууд оролцоо яах аргагүй байгаа билээ. Цагадай төр ёсыг хэрхэн дээдэлж байсан тухай сонирхолтой үйл явдлын тухай Рашид-ад-Дин өгүүлсэн байна. Өгэдэй хаан болсныхоо дараа Цагадайтай хамт морь унаад явж байхад Цагадай бооцоо тавьж уралдах санал тавьжээ. Уралдахад Цагадайн морь Өгэдэйн мориноос толгой түрүүлэн давхижээ. Шөнө нь Цагадай өдрийн болсон үйл явдлаа эрэгцүүлэн бодоод хаантай мөрий тавьж түрүүлэх нь бүдүүлэг бөгөөд ёс бус зүйл төдийгүй алсдаа хор уршиг тарьж мэднэ гэж үзээд өглөө эртлэн босч ноёдоо цуглуулан болсон үйл явдлын тухай өгүүлэв. Тэгээд хаанд очиж зохих шийтгэлээ хүлээх ёстой гээд хааны ордон руу чиглэв. Цагадай олон ноёдоо дагуулан ордонд өглөө эрт гэнэт хүрэлцэн ирсэн учир Өгэдэй хэдийгээр түүнд бүрэн итгэж байсан ч хүн илгээж юу болсныг асуулгажээ. Цагадай:”Бид төрөл төрөгсөд нь хурилдай дээр Өгэдэйг өргөмжилж түүнд захирагдаж, зарлигийг нь дагаж байхаар тангараг тавьсан билээ. Бид ямарч тохиолдолд түүнийг эсэргүүцэхгүй, түүнтэй маргах учиргүй. Өчигдөр би түүнтэй мөрий тавиад унасан морио уралдуулсан юм. Бид хаантайгаа мөрий бооцоо тавьж уралдах ёстой гэж үү? Ийм учраас би гэмтэн мөн. Би ингээд өөрийнхээ гэмийг мэдээд шийтгүүлбэл таарна гэж ирлээ. Намайг албал алтугай, ташуурдвал ташуурдтугай, хаантан өөрөө шүүгч” гэжээ. [Рашид-ад-Дин т.II: 95-96].

Өгэдэй хаан Цагадайн тэрхүү үгийг сонсоод өмнө нь сэжиглэж сэрэмжилсэндээ ичиж, түүнийг улам хайрлан “Энэ чинь юу гэсэн үг вэ? Тэр чинь миний том ах. Тийм жижиг юмны төлөө санаа зовоод хэрэггүй” гэжээ. Цагадай эхлээд Өгөдэйн зарлигийг хүлээн авсангүй. Гэвч хаан түүний амийг өршөөсөн тул хойшид үнэнч зүтгэхээ илэрхийлж есөн морио өргөн барьсан байна. “Цагадайн амийг хаан өршөөлөө. Цагадай гэмээ өршөөснийг тохиолдуулан “тикшимиши” (хааны өмнө есөн удаа сөгдөн мөргөх) хийж буйг бүгдээрээ сонсон мэдэгтүн” гэж зарлан сонсгожээ. Энэ үеэс Өгэдэй, Цагадайн хоёрын харилцаа улам бэхэжсэн байна. Бусад ах дүү нар нь ч тэднийг улам илүү хүндэтгэх болсон ажээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].“Энэ бол Цагадай ёс журмыг илүү сахиж баримталдаг хүний шинжийг илэрхийлж байна. Нөгөө талаар Цагадай эцгийнхээ байгуулсан улсыг бат бэх байлгахсан гэсэндээ Өгэдэйн нэр сүрийг өргөх гэсэн зориудын бодлого байсан гэхэд үгүйсгэх аргагүй юм”. [Хаадын сан 2000 а: 78].Цагадай, Өгэдэй хоёрын харилцаа их дотно байсны өөр нэг жишээ бол Өгэдэй өөрийн хүү Гүюгийг түүний дэргэд “кезик”-ийн албанд томилжээ. [Рашид-ад-дин т.II:96].

“Монголын нууц товчоонд” бичсэнээр Өгэдэй хаан эцгийн сууринд сууснаас хойш олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон нэгдүгээр буруу болов гэж гэмшсэн байдаг. “Судрын чуулганд” өгүүлснээр өдөр ирэх тусам Өгөдэй хааны бор дарс уух нь ихсэж бие лагшин нь улам доройтож байжээ. Хаан дүүдээ тодорхой хэмжээнээс илүү архи уулгахгүй гэсэндээ Цагадай нэг ноёндоо үүрэг өгч Өгэдэйн дэргэд суулгадаг болжээ. Цагадайн тогтоож өгсөн хундаганы тоог хэтрүүлэхгүй гэж Өгөдэй архи дарсыг хундгаар бус аягаар уудаг болов. Яваандаа тогтоосон хундаганы тоог үлэмж олшруулжээ. Цагадайн томилсон ноён эхлээд хаанд архийг хязгаартай өгч байснаа сүүлдээ өөрийнхөө нэрийн өмнөөс архи өгдөг, ямар ч тохиолдолд эвлэрэнгүй ханддаг итгэлт нөхөр нь болжээ. Тэр ноён Өгэдэй хааны архи уухыг хязгаарлана гэж очоод ямар ч тус нэмэр болж чадаагүй байна. [Рашид-ад-Дин т.II: 42]. В.В.Бартольдын бичснээр:”Цагадай нь хууль сахиулагчийн хувьд Өгэдэй хааныг архинд хэтэрхий дурласны төлөө хариуцлага хүлээлгэж байлаа. Өгөдэй хаан ахынхаа ногдуулсан хариуцлагад илээр эсэргүүцээгүй ч зальжинаар аргалан гарч чадсан юм” гэжээ. [Бартольд 1963 a:539].

Өгэдэй хаанчлалынхаа 13 дахь жилдээ буюу 1241 онд таалал төгсөв. Төрийн уламжлал ёсоор их хааныг таалал төгсөхөд дараагийн хааныг сонготол түр хугацаагаар хааны бэлэвсэн хатан төрийн хэргийг хамааран гүйцэтгэдэг ажээ. Өгэдэй хааныг өөд болоход ахмад таван хөвүүдийн эх Туракина (Дөргэнэ) Өгэдэй, Цагадайн талын эрх мэдэл бүхий ноёдын нэлээд хэсгийг бэлэг шангаар өөртөө татан төрийн хэргийг түр хамаарах болов. Туракина хатан бол арга ухаан, авьяас чадвар, заль мэх хосолсон мэргэд аймгийн эмэгтэй аж. Гэтэл тун удалгүй Цагадай 1242 онд талаал төгсөв. 1246 оны зун Хархорумаас холгүй орших Шар ордонд их хааныг өргөмжлөх ёслолд оролцохоор эзэнт гүрний бүх өнцөг булангаас төлөөлөгчид хуран цугларчээ. Үүнд: Өгөдэй болон Толуйн бүх хөвгүүд, Сорхугтани хатан, Тэмүгэ-Отчигин болон Эльчидай ноёд хөвгүүдтэйгээ, Цагадайн үр ач нараас Хархүлэг, Есөнмөнх, Бүри, Байдар, Есөнбөх болон бусад ач зээ нар, Зүчийн үр ач нараас Орд, Шибан, Бэрх, Бэрхчар, Тангут, Тугтөмөр, захирагч Аргун, Масудбек болон бусад ноёд, Гүржийн хаад Давид Нарин болон Давид Улу болон Оросын их ван Ярослав нар хүрэлцэн ирж их хааныг өргөмжлөх ёслолд оролцжээ. Есөнмөнх, Урт хоёр Гүюгийн зүүн, баруун гараас түшиж их хааны сууринд суулгажээ. Гүюг хаан Өгөдэйгээс хойш тараасан хааны тамгатай цаас, гэрэгэ пайз зэргийг хураан авч, Монголын төрд хохирол учруулсан Абд ар-Рахман, Фатима нарыг цаазалжээ. Түүнчлэн төрийн эргэлт гаргахыг оролдсон хэмээн авга ах Тэмүгэ-Отчигинийг цаазалжээ. Цагадайн улсын төр барьж байсан Хархүлэгийг “Хүү нь амьд байхад ач нь яахин өв залгамжлах билээ” хэмээн Гүюг хаан төрийн эрхийг нь булаан авч өөрийн дотно Есөнмөнхөд шилжүүлэн өгчээ. Хятадын захирагчаар Махмуд Ялавачийг, Мавераннахрын захирагчаар түүний хүү Масуд-бек Ялавачийг, Ойрхи Дорнодын захирагчаар өөрийн итгэлэй ноён Эльчидэйг тус тус томилсон боловч хаант төрийн байдал төдий л тэгширсэнгүй.

Гүюг хаан Бат хаантай уулзахаар явж байх замдаа гэнэт нас баржээ. Ёс заншлын дагуу Гүюгийн бэлбэсэн хатан Огул Каймиш төрийн хэргийг хамааран явуулах болсон боловч ур ухаанаараа ч, байр сууриараа ч Туракина хатантай зэрэгцүүлэшгүй сул байжээ. Огул Каймиш Өгэдэй өөрөө гэрээслэн захиж байсан Ширэмүнийг сонгуулах бодолтой байжээ. Мөн Өгөдэйн эзэмшил газар дээр өөрийн улсаа байгуулах ажлыг эрчимтэй хийжээ. Тэр нь Цагадайн эзэмшил улстай зэргэлдээ оршиж байсны хувьд түүний дэмжлэгийг авчээ. [Саундерс 1992: 112].Зүчи,Толуйн удмынхан их хаанд Мөнхийг дэвшүүлэхээр тохирч Их хуралдайг Дундад Азид Иссык-куль нуураас хойш Алагтаг хэмээх нутагт хийхээр зарлажээ. Гэтэл Өгэдэй, Цагадайн удмынхан тэрхүү хуралд оролцохоос татгалзжээ. Хархорумд 1251 онд Их хуралдайг хуралдуулжээ. Их хуралдайд Алтан Ордны улсаас Бэрх болон Сартаг, Цагадайн улсаас Хархүлэг, Толуйн бүх хөвгүүд: Мөнх, Хүлэг, Хубилай, Аригбөх болон Хоргасун ноён, Зүчи-Хасарын хөвгүүд, Элжигдэй ноён зэрэг оролцжээ. Их хуралдайд гол төлөв Зүчийн болон Толуй удмынхан цугларч Мөнхийг их хаанд өргөмжилжээ. Өгэдэйн удмынхан Мөнх хаанаас хатуу шийтгэл хүлээсэн боловч Өгөдэйн хүү Хадаан, ач хүү Хайду нар Мөнх хаанд мөргөж өршөөл гуйсан тул Имилийн хөндий дэх эзэмшил нутагтаа очиж суужээ. Цагадайн ач хүү Бүрийг Европын аян дайны үед тэрсэлдэж байсны өшөө хорыг авахуулхаар Батад тушаажээ. Мөнх хааны зарлигаар Цагадайн улсын эзэнээр Цагадайн ач хүү Хархүлэгийг тохоон суулгав. Гэвч Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ, зарлигийг Мөнх хаанаас гардаж, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчимд таалал төгсчээ. Хархүлэгийн бэлэвсэн хатан Эргэнэ (Ургуна) Мөнх хааны олгосон гэрэгэ зарлигийг ашиглан авч очоод Есөнмөнхийг баривчлан Бат уруу явуулж цаазлуулж, өөрөө хаан ширээг залгамжилжээ.Эргэнэ хатан Цагадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй. Мөнхийг хаан ширээнд суулгахад чухал үүрэг гүйцэтгэсэн Бат хаан Монголын эзэнт гүрний хэмжээнд үлэмж байр суурьтай болжээ.

1254 онд Мөнх хаанд очиж бараалхсан Францын вангийн элч Рубрук Алтан ордны улс, Цагадайн улсын нутгаар явж өнгөрөхдөө эл хоёр улсын нутгийн заагийг Талас болон Чу голын дундуур гэж заасан байна. Энэ нь Цагадайн улсын нэлээд газар нутаг Батын захиргаанд орсоныг харуулж байна. Бартольдын үзэж буйгаар Цагадайн улсын захиргаанд Өгэдэй хааны үед орсон Мавераннахр Батын харьяанд шилжжээ.[Бартольд 1963 a: 566].Түүнчлэн Дорнод Туркестан, Кульжийн хязгаар, Долоон гол цөм Мөнх хааны мэдэлд орсон байлаа. Өөрөөр хэлбэл, Өгэдэй, Цагадай нарын эзэмшил нутгийн үлэмж хэсгийг Бат, Мөнх хоёр хуваан авчээ. Зарим судлаачдын үзэж буйгаар 1251 онд Баруун Зүүн гар, Кашгар Цагадайн улсын бүрэлдэхүүнд орж харин Уйгур их хаадаас хараат хэвээр үлдсэн байна. [Кутлуков 1984:103].

Өгэдэй, Цагадайн удмын насанд хүрсэн төлөөлгчид энэ үед бараг цөм өөрөө алагдсан буюу цөлөгдсөн байсан учир Мөнх хаан, Бат хоёр эзэнт гүрний газар нутгийн шинэ хуваарийг төвөггүй хийж чаджээ. Цагадайн удмын балчир хүүхдүүдийг хааны ордонд хүмүүжүүлж байсан учир тэд Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт ирж суух болсон ажээ. Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байсан бөгөөд 1254 онд их хааны зарлигаар Персийг дайлаар явж байсан Хүлэгийг хүлээн авч байжээ. 1258 онд Хүлэг Багдадыг эзлэн авч Персид Монголын ноёрхолыг тогтоосноор Эл хаадын улс байгуулагджээ. Эргэнэ хатан Цагадайн улсын төрийг 1260 он хүртэл барьж, Аригбөх хааны томилсон Алгуйд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 9. 18:44
Доогий

Иссык-куль нуур нь одоогийн Киргызстанд байдаг нуур бөгөөд энэ нь Монголчуудын нэрлэсэн Ишиг-хөл нуур юм. Хүний нутагт бгаа ч гэсэн бид өөрсдийнхөө нэрлэснээр дуудах нь зөв байх

2020, 11 сар 15. 1:04
Зочин

Chinges haan er ni bol Tsagaadaid hovguudiinhee dotroos iluu ih naiddag, Ogeedei ch ene ahaaraa baharhdag, evtei, 2uulaa niilj ajillaj chaddag baisnaas ongorohdoo ulsiinhaa hamgiin chuhal gol hesgiig tedend omchluulen Zuchi Tolui 2t zah hyazgaariin nutguud onogdoj. Ter 2 tuhain uyedee niilj ulsiig zahiran Zuchi Toluin udmiinhnaas hamaagui iluu ih ajil hiisen ni haragddag. Bat Toluinhantai niilj toriig huuli busaar avsnaas uidsen heruul yavan yavsnaar ih ulsiig duusgasan.

2020, 3 сар 7. 23:28
Зочин

Түүх бол уран зохиол биш.. 1251 онд Хархорумд бус Хөдөө аралд Мөнхийг хаан өргөмжилсөн тухай бүх сурвалжид бичжээ.

2019, 4 сар 19. 14:08
Бм

Монгол улсыг нэг удирдлагатай байлгах естой бсан. Гэтэл нэг эцгийн 4 хүүхэд бараг ижил эрхтэй хаад болж евразийг 4 хувааж авсанаар цаашид задрал хурцадсан. Эдний ач нарын үед нэгнийгээ үзэн ядах болж улмаар тухайн ард түмэндээ уусан алга болсон түүхтэй.

2017, 11 сар 11. 21:54
ambrosia

tsagaadaig chingis haan helehdee tsagaadai bol hamgiin mundag baatar. tsagaadaig dairahad daisnuud bugd zevsgee hayad zugtdag. ene hun bish baina burhan chotgor 2iin 1 n baina gedeg. zarimdaa minii huu yu chotgor uu gej gaihdag. hiij baigaa uildel n nudendee itgemeergui gesen genelee

2017, 11 сар 2. 15:43
Зочин

Manjiin darlal shariin shashin 2t orson tsagaas ehleed l hamag yum buruugaaraa ergej ard tumen hamag yumaa martaj martuulj zuudelj munginaj samuurch darluulsaar iim bolson bh.

2017, 10 сар 11. 19:07
Зочин

Chi yag orosiin suuliin ueiin Mongoliig uguisgedeg het heneetei tuuhch nertei trolluudtai adil yum bicheed bna. Ingej baihaar tuuhiin sudruudaa sain unsh. Barimtuud hangalttai baigaa. Ene bugdiig sanaanaasaa zohiono gej yu baihav dee.

2017, 3 сар 8. 12:37
Зочин

Толуй хааны удам Монголын эзэнт гүрнийг самарч хаясан нь ямар ч түүхийн баримтаас ил харагдах юм даа.

2019, 4 сар 20. 14:00
Зочин

Толуй гэж хаан мэдэхгүйн бна

2019, 6 сар 18. 14:26
Зочин

Чингис хааны нас барсаны дараа Өгөдэй хааныг хаан ор суутал 2 жил хааны хэрэгийг гүйцэлдүүлж байсан гэдэг

2019, 5 сар 24. 12:16
Зочин

Tur haan bsiim shuu

2017, 11 сар 2. 15:50
Зочин

Unen!
Tolui aaviinhaa zahiasiig sain bieluuldeg haant tordoo unench hereg bolohod amia ch hairlaagui negen baisan bolovch huuhduud ni zovhon oorsdiinhoo huviin erh ashgaa bodon ovog etseg bolon ooriinhoo etsgiin zovj huraasan toroor garaa ugaasan huvia hicheegchid baisan.

2017, 3 сар 13. 15:16
Зочин

Sorhogton beh iin nairuulga l bh da

2016, 11 сар 21. 16:37
Зочин

Аригбөх Монголын хаан

2022, 6 сар 6. 21:10
Зочинbattogtokh

tiim shu

2020, 6 сар 3. 15:36
Зочин

Бэрх хаан гэж хэн билээ

2020, 10 сар 16. 12:18
Ойрад

Бат Хааны дүү

2016, 11 сар 19. 13:24
Зочин

bdfbfdbdf

2016, 11 сар 19. 13:21
Зочин

awetyery

2016, 11 сар 29. 8:49
Зочин

Батыг 29,Гюүгийг 32 настай гэж буруу бичжээ.

2016, 11 сар 29. 8:50
Зочин

Мөнх ч Батаас хамаагүй дүү ш дээ

2022, 1 сар 21. 1:19
Зочин

Yag tiim shuu

2017, 3 сар 8. 10:12
gueg

yamar barimt bn eh surwalj gueg hamgin ahmad bsan ni unen

2022, 1 сар 21. 1:21
Зочин

Hamgiin Tom Han huu nar bol Ord , Bat nar baisan

2022, 6 сар 9. 18:48
Доогий

Орд, Бат 2 Зүчийн 2 өөр хатнаас төрсөн хөвгүүд, 2 сарын зөрүүтэй төрсөн гэж уншиж байсыг байна Орд нь ах нь байсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]