Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Даяндээрхийн таван бөө говьд очиж Ноён хутагттай эрдэм чадлаа сорьжээУншсан64,681

Хол гүйдэлтэй нэг догшин чөтгөр байж. Тэр хоорондоо хэдэн өртөө зайтай Далай хөтөл, Зээгийн хөтөл, Уу хөтөл, Эмээлтийн хөтлийг дамжин гүйж амьтан хүнийг айлгаж сандаргана.

Говийн ноён хутагтын тухай үлгэр домог мэт ярианууд маш олон байдаг билээ. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны "Ноён хутагт Д.Равжаагийн домгууд" бүтээлээс уншигчдадаа хүргэж байна. 

Өмнөх нь: Догшин хутагт мунагийг номхотгосон нь

Говийн 4-р ноён хутагт Манжийн хааны цаазаар эрсэдсэн түүх


Домогт газар шинжээч

Аливаа сод билигтэн өөрөө түүхнээ мөнхөрч үлдэхдээ өөрийн хамтран зүтгэгчдийг бас дархалж орхидог. Тэр ёсоор Д.Данзанравжаа олон хань нөхдийнхөө үйлс бүтээлийг нэр алдартай нь ард олны дунд түгээн мандуулжээ. Уран билигт ухаант эмэгтэй Дадишура, ард олны зүдүүрт амьдралыг өөрийн аргаар хөнгөлөхийг зорьсон "сайн эр" гэгдэх Хилэнхормой, газар шинжээч "эрүү" хэмээх Доёд нар Хутагтын амьдрал уран бүтээлтэй олон талаар холбоотой байжээ. Олон талын нүсэр ажил эрхэлж, ард олонтой байнга холбоотой байсан тэр хүний дэргэдийн хүмүүс олон янзын авьяас билэг, хүсэл сонирхолтой тун сонин улс байжээ. Олон сүм дуган байгуулах үйлсэд биеэ зориулсан Данзанравжаад газар усаа сайн мэддэг хүн хамгаас чухал байж. Тийм эрдмийг сайн эзэмшсэн Доёд гэгч хүн байжээ. Чухам тийм ухааныг хэзээ яаж эзэмшин мэдсэн нь тодорхойгүй боловч ард олны дунд тархсан яриагаар бол тэр газрын байршил бүтэц, хөрс шорооны талаар цэгц мэдлэгтэй хүн байж. Харин түүнээ уран цэцэн үгээр толгой холбон хэлдэг байжээ. Иймээс сүжигтэн олны дунд нэр цуунд гарч заримдаа өөрийн эзэмшсэн мэдлэг ухаанаараа их найрагчаас давж байжээ.

Одоогийн Сайншанд хотоос зүүн урагш арав гаруй километрт харагдах Хаалган уулын Таван тулгатад Данзанравжаа Чойлон хийдээ байгуулж гол сүмээ бариулсны хойно Доёдоос ямар газарт оноон босгов? гэхэд

"Ай ламбугай минь, Та таалахдаа бол зэндэмний үзүүрт босголоо гэж байгаа байх. Миний үзэхэд зэсэмийн үзүүрт босгожээ. Нэн удахгүй л болов уу?" гэсэн гэдэг. Үнэхээр түүхий тоосгоор алд илүү зузаан өрсөн хана нь цуурч өөр газарт шилжүүлсэн гэдэг. Одоогийн Хөвсгөл сумын нутагт байсан Сувираагийн хийдийн газрын шинж байдлыг тодорхойлж "Босоод явбал замтай, боогоод үхвэл модтой юм байна, хошуурч цуврах хайлаас нь хуйхуй цэргийн шинжтэй юм аа" гэжээ. Одоо үлдэгдэл балгас нь нэлээд тоймтой харагдах энэ хийд Данзанравжаа Доёд нараас нь хожим 1870-аад оны үед дээ рэмдүүлэн устжээ. Аливаагийн гаднах төрх байдал, донж галбир, илрэх хэлбэрийг нэвт ажиглан түүнийг байж болох цаг хугацаа, үйл хөдлөл харилцан үйлчлэлд оруулан төсөөлж бясалгах аргаар задлан шинжилж үнэлэлт дүгнэлт өгдөг сургууль ухаан буддын шашинт орнуудад гүнзгий хөгжсөн гэнэ. Ийм арга билигт Данзанравжаа, Ишданзанваанжил болон бусад мэргэд гаргуун суралцсан байсан гэж өвгөчүүл хуучлах юм. Доёд тэдний нэгэн байжээ. Тэр Хамар хөөврийн чулууг сүм дуганд хэрэглэхийг хатуу хориглож, Зүүнбаян хөрсөн доороо их эрдэнэтэй, одоогийн Сайншанд байгаа газрыг хожмоо олон хөлийн газар болно. Энэ болгоныг хойч үедээ үлдээхийн тулд нууцлан хайрлаж байх учиртай гэж захидаг байсан тухай өвгөд хөгшид ярьдаг.

Эдгээр домог ярианд хожмын хүмүүс нэмэр чимэг зүүж их бага хэмжээгээр хувиргасан нь мэдээж боловч зарим эд соёлын зүйлд үлдэж хоцорсон баримт байна.

Домог хуучийг хадгалан дамжуулж ирсэн нутгийнхны ярианаас үзэхэд Доёд ёрлох бэлгэдэхийн аль алиныг чаддаг хүн байжээ. Тэр үед говь нутагт дацан хийд байгуулахад Жанжаа хутагт зэргийн нэртэй зартай дээдсээс зөвшөөрөл авч, хятад газрын шинжээчдээр тухайн газар нутгийг оноон товлуулдагт Доёд дургүйцэж элдвээр эсэргүүцэн ёрлосон муу үгийг хэлж, тэр нь ард олны таашаал авч өнөөдрийг хүртэл яригдсаар иржээ. Эх нутагтай хамаатай хэрэгт өөр газар орны иргэд оролцоход тун дургүйцдэг байсныг батлах нэг яриа бий. Өнөөгийн Улаанбадрах сумын нутагт байгаа уулын нэрийг өнгөрсөн зууны дундуур шашны зан үйлийн дагуу сольж Луустыг Тахиат (одоо Тахиат) гэдэг болгож өөрчилжээ. Үүнд ихэд ундууцан "тавин лангийн луусыг таван цэнгийн тахиагаар сольдог нь сайны шинж биш" гэж байжээ. Бас гурван цулгуй хоосон гэсэн нэртэй газрыг баян гэж өөрчлөн нэрлэхийг эсэргүүцэж байж.

Доёд одоогийн Өргөн, Хөвсгөл сумын нутгаар цөөн бүрий малаа адгуулж, тэр үед эрчимтэй өрнөж байсан шашин номын ажилд идэвхтэй оролцож явжээ. Өөрийн цаг үеийн бодлогын нааштай сайныг дэмжин тусалж, саар бурууг мохоон тавлаж түүндээ олон түмнээс дэмжлэг олж буурь суурьтай ханддаг байж. Говь мэргэн вангийн нэг хатан адайр аашаараа олны дунд "шулам авай ижий" гэх нэрийг олсонд тэр эмэгтэйг мэргэн ухаанаар ялан дийлж бага ч атугай ухаан суулгаж байсан гэх мэтийн олон яриа бий. Манай ард түмний дунд сайн бөх, морь, газар нутгийн тухай янз бүрийн домог элбэг ч газар шинжээчийн тухай ийм барин тавим яриа тэр бүр байдаггүй билээ. Иймд Дорноговь аймгийн нутгаас үүнийг гүнзгийрүүлэн судалмаар санагддаг юм.

 

Гурван амаа

Хамрын хийдийнхэн Амаа бурхан тахидаг байж. Энэ бол луус унасан эм хүний дүртэй бурхан юм. Тэр мэргэн вангийн хошуунд эгч дүү гурван Амаа байсан гэдэг. Эдгээр нь Алагийн сүмийн Ламрингийн, Далантүрүүний Амаа нар юм. Энэ бурхад жил бүрийн сар шинийн битүүний шөнө Дунд тойром хэмээх газар уулздаг гэх. Энэ үеэр их ёслол тахилга болдог байж.

Амаа бурхан тахидгаас тэр үү хамрын хийдийнхэн эмэгтэйчүүдийг тэгтлээ хажиглаж гадуурхдаггүй байж. Иймээс хүрээ, хорооныхон холилдон аж төрдөг байлаа. Бусад хийдийн хүрээнд лам хуврагууд, энгийн харчуул бүсгүйчүүл ялгаран суудаг журамтай аж. Өөрсдийн ийм ёс журмыг сахиулах гэж Хамрын хийдийнхнийг шахна. Жавзандамба дарнатын гэгээнд хүртэл гомдол гаргажээ. Хамрын хийд ёс жаяг сахихгүй байна. Бусдыг уруу татаж байна. Шашны өндөр дээд суртахуунд үл нийцэх байдал гаргав гэх мэтээр яриа гарчээ. Хутагт энэ болгоныг эс тоож байв. "Махан биед төрсөн болгон хүйстэй. Хүйс хүйсээ дагадаг нь орчлонгийн жам. Бурхад боловч хүйстэй бус уу? Ертөнцийг наана мэдэх нь дэмий юманд ёс дэг гэнэ. Цаана мэдэх нь түүний хуулийг дагадаг" хэмээн айлдаж байв. Харин хутагтын шавь нар ямар боловч нийтийн журмыг дагая гэсээр байгаад хорооныхныг хүрээнээс зааглаж нүүлгэжээ. Хол нүүгээгүй ч хашаа байшин зөөх гэж олон хоногийн явдал болжээ. Гэвч явдал үүгээр дууссангүй. Жигтэй хачин ханиад томуу дэлгэрчээ. Өтгөс нялхас нэрвэгдсэн байна. Лам нарын сэтгэл тогтворгүй болж, бясалгал нь хөнгөн нимгэн болжээ. Холдож нүүсэн хорооныхон урвагар гутруу болцгоож. Ерөөс нэг л урагшгүй байж гэнэ. Энэ юунаас болов хэмээн хутагтаас асуувал "Тэгэлгүй яах вэ дээ. Амаагаа бид гомдоожээ. Тэр амар тайван байхаа больж, хороо руу гүйдэг болов" гэжээ. Хутагт бас хол ойрыг зорьж яваад хийддээ дөхөж ирээд "Амаа намайг угтаж байна. Тэр баярлаж байгаа нь" гэж байж. 1990 онд X.Алтангэрэл тэргүүтэй нутгийн хэсэг хүн Хамрын хийдийг сэргээхдээ юуны түрүүн гол шүтээн Амаа бурхныг залжээ.

 

Жа сэржим

Хөвсгөлийн Даяндээрхээс таван бөө Хамрын хийдэд ирсэн юм гэдэг. Тэд тавдугаар ноён гэгээнтэнтэй эр чадлаа үзэлцэх гэсэн юм байж. Тэд бөөлж гарсан байна. Бороо оруулж аянга ниргүүлж, салхи тавиулжээ. Нэг удган бүр ч адтай байсан гэдэг. Хутагт тэдэнтэй нэг их шөргөөцөлдсөнгүй гэнэ. Зүгээр л нэг харж байна. Тэд бөөлж бөөлж эцэж ядарсан юм уу, эрдэм чадал нь шавхагдсан юм уу зогсоцгоожээ. Хутагт юу ч болоогүй мэт байж. Ингээд бөө нар бууж өгснөө хүлээгээд буцах болжээ. Тэд явахдаа "Танай Хутагтад шарын талын хүч чадал шингэсэн төдийгүй харын тэнгэрт даатгагдсан хүн байна” гэжээ.

Нөгөө тавын толгойлогч Жамбал бөө гэгч нутагтаа буцалгүй хутагтад шавь орон үлджээ. Тэр нөг чихдөө танай хийдийг миний сүнс тал тоосгогүй болтол үнэнч сахина гэж андгайлсан юм гэдэг. Одоо ч гэсэн Жамбал бөөгийн ногоон дов гэж хийдийн суурин дээр байдаг аж. Түүнд "Жа сэржим" гэгчийг өргөдөг заншилтай байж. Ингэхдээ нэг цөгц ус, нэг жижиг цагаан балин буюу шалсайгаар өргөл хийдэг байжээ.

 

Шилийг нь харав

Улс гүрнээ харьд эзлэгдэж бүрэн хараат болох вий гэж Данзанравжаа үргэлж санаа зовнидог байж. Тэр үед "газар шинжээч" нэртэй орос, хятад есөн хэлийн улс хойш урагшаа цувах нь олширчээ. Тэдний учрыг таньсан хутагт, шавь нартаа:

— Эд атга дээр газар лус шинжилнэ хэмээвч ачир дээр Монгол биднийг тандан шиншилж, хожмын өдөр амар олдох олз хэмээн яваа буй гэж сэрэмжлүүлдэг байжээ. Цагаан хааны оросууд хөндлөн гулд тэнэж, булш бунхан төнхөөд болж өгөхгүй болохоор ноён гэгээн нэгэн арга хайжээ. Нутгийн ардаас сурагласаар явж шар Хайл гэгчээс мухар хар бух авсан байна. Түүнийгээ Сайншандын Улаан-Овооны ар шил дээр өрлүүлэн төхөөрч цус сэвсийг холин урсгаж "Хандайн мангдаг" гэгч гүрэм уншжээ. Энэ явдлаас лус сэргэж догшрон шуурга салхи үзүүлж, харийнхан тааваар тэнүүчилж нутаг усыг сэндчих аргагүй болгожээ. Бас хачин этгээд цөвийн юм харийнханд үзэгдэн зарим нь өвчин оёг тусаж түдэлгүй сандран явцгаажээ. Түүний хойно Данзанравжаа:

Эдний шилийг нэг удаадаа харлаа. Хожмын та нар ер яана даа. Орос, хятад гэгч орчлонд багтаж цөхсөн олон. Бас санаа зориг нь барагтайд үл мохно. Монгол бид нэн цөөн. Бас санаа сэргээр ажирмааргүй хэмээн айлджээ.

 

Орчлонгийн учир

Жавзандамба гэгээн Говийн ноён хутагтад илт талгүй байсан гэдэг. Гэгээн болоод түүний ойр дотнынхон хутагтад "Говийн галзуу согтуу" хэмээн нэр хоч өгч тавладаг байжээ. Хутагтыг хүрээнд ирэхийг нэг биш удаа хориглосон байна. Нэг удаа Хүрээг зориход замд нь х о р д у у л а х гэж отуул, угтуул тавьжээ. Хутагт түүнийг урьдаас мэдээд өөр замаар явчихсан байна. Нэгэнт хүрээнд ирсэн хойно Жавзандамба гэгээнтэн хутагтыг арга буюу бараалхуулжээ. Тэгээд "За чи хө цэцэн цэлмэг хүн гэсэн. Орчлонгийн явдлыг юу хэмээн болгоодог вэ? гэжээ. Хутагт огт түгдрэлгүй "Огт гэмгүйг отдог орчлон, Онц сайныг ялгадаггүй орчлон, Атаагаар дүүрсэн орчлон, Авралаар харам орчлон, Хөгжөөж баясгадаг хөөртэй орчлон, Хөсөр хаяж, хөдөө орхидог хөгийн орчлон гэжээ.

Энэ мэтээр сорьж шинжсэний хойно хутагтын эрдэм чадлыг мэджээ. Тэгээд Жавзандамба гэгээнтэн бие амарлиул хэмээн хадаг барьжээ. Хутагт гэгээнтний дэргэд сар орчим саатаж нэгэн бэрх хууч өвчнөөс нь салгасан гэдэг. Хутагт нэгэнтээ буцах болсон учир гэгээнтэн бие амарлиулав хэмээн бяцхан ёслол үйлджээ. Үүн дээр хутагт "Биеийг амарлиулдаг орчлон, Сэтгэлийг амарлиулдаг орчлон, Өвдсөнийг эдгээдэг орчлон, Өнгөрснийг буцаадаггүй орчлон" хэмээн зохион дуулсан гэдэг. Үүнийг сонссон гэгээнтэн хутагтад таагүй хэвээрээ үлджээ.

 

Үрийн гуйлт

Зовлонд учрагсад хутагтаас өршөөл энэрэл хүсэж ирнэ. Хүмүүний зовлон гэгч юу болохыг эс андах хутагт арга чаргаа шавхана. Заримдаа тусалъя энэрье хэмээвч цаг хожимдсон байна. Даруй гэтэлгэвэл зохих даамай зовлон юунд байна вэ? хэмээн тунгааж болгоосны эцэст хутагт бурхан тэнгэрээс гуйх гурван гуйлт зохиожээ. Тэдгээр нь хур борооны гуйлт, хүч чадлын гуйлт, үр хүүхдийн гуйлт юм. Гуйлт болгон нарийн ая дан үг хэллэгтэй. Хутагт нөгөө хоёр гуйлтын үг, аяыг төлөөгүй амар зохиосон атал үрийнхийг зохиох гэж ихэд зүдэрсэн гэдэг. Заримдаа өөртөө итгэл алдран би үүний аяыг зохиож чадахгүй бололтой гэж байж. Хоног сар өнгөрсөөр байж. Өвөл өнгөрч хавар болж.

Хутагт нэг баяныд хоножээ. Тэднийх ихэд дайлж цайлсан байна. Шөнө орой болтол найрлаж шуугиж байгаад унтацгааж. Гэтэл хутагт нэгэн гаслантай дуунаас болоод сэрчихэж. Хотонд малын амьсгаалж тургиж, яраглахыг нэвтлэх алсаас бүдэгхэн сонсогдох тэр гэнгэнээн түүний зүрхийг базлах шиг болно. Зовуурьтай таталдсан эхэр таталтаар эхэлсэн тэр дуун аажим өгсөж сунжирсан уйтай аялгуу болсноо түдэлгүй цахиртсан гаслаан болон төгсөнө. Хэсэгхэн хугацаа өнгөрөөд л энэ ганьхраа давтагдана, давтагдах бүрдээ гажуудалд энэлгээт шинж нь нэмэгдэнэ. Хутагт тэсэж ядаад өндийн сууж босжээ. Саяхан найрласаар амар унтсан айлынхан жаргалтай дугжирсаар... Хутагт хувцаслан гарч ойролцоох толгой дээр сууж нөгөөх чимээнд хайлан мэлмэрсээр үүр цайлгажээ. Үүр гүйцэд цайсан хойно зовуурьт дуун сая намджээ. Гэвч хутагт түүнийг чихэндээ бүрэн шингээж авчээ. Удалгүй тэр бэлтрэгээсээ салсан өлөгчин чонын гунигт улианаас ая эгшиг үүсгэн авч үрийн гуйлтынхаа аяыг зохиожээ. Үг ба ая нь хоорондоо найрч шингэсэн уялган хайлган энэ дууллыг сонссон хүн заавал нулимс унагадаг байж. Үүнийг уншуулсан эм хүнд үрийн заяа ирдэг байсан гэнэ. Энэ домгийн өөр нэг ийм хувилбар ч бий.

Хутагт нэг удаа дэргэдийн ая зохиогчдоо хандан "Чи үр гуйх мөрөөдлийн" тухай аялгуу эгшиг зохиож ир гэж айлджээ. Ая зохиогч нь тун чадварлаг нэгэн байсан тул удалгүй ая зохиогоод Равжаад сонордуулсан боловч болоогүй байна гэсээр олон дахин буцаажээ. Нөгөө хүн нь сүүлдээ халширч, ийм олон удаа буцаж байсангүй, миний хувьд гэгээнтний хажууд суух хугацаа үүгээр дуусаж гэж гуниглан шөнө орой болсон хойно хөдөө тийш явжээ. Ингээд нэгэн жалга өнгөрч явтал гэнэт ойрхон чонын улих сонсогдож энэ чонын улих нь хачин их уйтгартай байжээ. Нөгөө хүн хөдлөхөөс ч айж суусаар чонын гаслан улихыг чагнасаар өглөө болгов. Гэгээ орохын үеэр чоно ч улихаа больж мань хүн жалга өгсөн чоно ульсан газарт хүрч очвол нэг гөрөөчин чонын бэлтрэг суйлаад явчихсан байж гэнэ. Олон бэлтрэгээ алдсан эх чоно нь энд ирж шөнөжин гашуудан уйлсан нь тэр байжээ.

 

Чөтгөр тонилгосон нь

Эрт үед буг, чөтгөр ширүүн байсан гэдэг. Зарим нь бүр дэндүү. Хутагт тэр болгон буг чөтгөртэй хөөцөлдөх завгүй байж. Харин шавь нартаа чөтгөрийг хэрхэн тонилгодог аргыг заах далимдаа шидтэй юм үзүүлдэг байжээ.

Хол гүйдэлтэй нэг догшин чөтгөр байж. Тэр хоорондоо хэдэн өртөө зайтай Далай хөтөл, Зээгийн хөтөл, Уу хөтөл, Эмээлтийн хөтлийг дамжин гүйж амьтан хүнийг айлгаж сандаргана. Түүнд өртсөн хүмүүс Хамрын хийд дээр ирж гүрэм ном уншуулж арга засал хийлгэнэ. Чөтгөр улам хүч орж хүн амьтан айж болгоомжлох нь ихэсжээ. Алс холхон гарч адуу тэмээндээ явах хүн ч цөөрсөн байна. Хутагт энэ болгоныг мэдсээр авч тэгье ингэе гэдэггүй байж. Чөтгөр бүр цагаандаа гарч гэгээтэй, гэрэлт шар нартай байхад хүзүүгүй цагаан тэмээ унасан байдлаар гүйлгэж явах болжээ. Тэмээний нь дуу алс холоос гув гув гээд сонсогддог байна. Зуны нэг өдөр хутагт шавь нараасаа овоо дээр гэснийгээ шилж дагуулаад Уу хөтөл өөд гарчээ. Хэдүүлээ цай чанаж ууцгааж. Халуун өдрийн гал утаагүй сүүмэлзэж халуун дээр халуун нэмж нозооруулна. Шавь нар чухам ямар хэргээр нааш гарснаа үл мэдэх тул оньсого мэт битүү хатуу ааштай багшийнхаа яахыг харзнан нозоорцгоож байж.

Гэтэл тэр алсаас унаа тэмээний гун гун, гув гув гэх дуу сонсогдож эхэлжээ. Дуу наашилсаар гэнэ. Түдэлгүй ойролцоо ухаагийн цаанаас зэгзгэр цагаан тэмээтэй хүн гараад ирж. Сайтар ажиглавал тэмээ нь хүзүү толгойгүй юм шиг гэнэ. Байдал нэг л биш болоод ирж, шавь нарын зарим илэрхий айж балмагдаж харагдана гэнэ. Зарим нь мэддэгийгээ уншиж нүдээ тас анин сууцгааж. Энэ байдлыг ажиглан хутагт инээвхийлэн сууна гэнэ. Тэмээт дөхөн дөхсөөр холхон айлын дайтай хүрээд иржээ. Шавь нар ч сандрахын туйлд хүрч. Арай л үсрэн зугтсангүй. Яг энэ үед хутагт аажуухан босоод тэмээтийн өөдөөс алхжээ. Хэн ч түүнтэй хамт явахыг зүрхэлсэнгүй. Харин чухам юу болохыг нүд цавчилгүй ширтэцгээж байв гэнэ. Хутагт явсаар очоод юм ярилцах байдалтай зогсож харагдав гэнэ. Тэгснээ ардаа барьж явсан дамраа гэнэт гаргаж цохиж "пад" хэмээн дуу хадаажээ. Тэгүүт цагаан тэмээт оргүй болон хэдхэн жижиг цагаан юм хутагтын хөл дор унажээ. Шавь нар гайхаж бишрэн дуу алдацгаасан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]